Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Биеэ дааж амьдрахад бэлэн үү?

Биеэ дааж амьдрахад бэлэн үү?

 Тусдаа гарна гэхээр айх, баярлах зэрэгцдэг. Тэгвэл бие дааж амьдрахад бэлэн эсэхээ яаж мэдэх вэ?

 Шалтгаанаа тодорхойл

 Тусдаа гарах олон шалтгаан байж болох ч зарим нь тийм ч зөв биш байж болох юм. Жишээ нь, Марио гэдэг залуу «Би гэрийн ажил, аав ээжийн гаргасан дүрэм журмаас зугтах гээд тусдаа гармаар байсан» гэжээ.

 Үнэндээ, гэрээсээ нүүж тусдаа амьдрахаар эрх чөлөө улам хумигдаж мэднэ. 18 настай Аня: «Гэрээсээ нүүхээр өөрөө гэр орноо арчилж тордоно, хоолоо хийнэ, бүх зардлаа өөрөө гаргана. Дандаа тусалдаг эцэг эх чинь хажууд чинь байхгүй байна шүү дээ!» гэж хэлжээ.

 Хамгийн гол нь: Тусдаа амьдрахад бэлэн эсэхээ мэдэхийн тулд яагаад нүүх гээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй.

 Бэлэн эсэхээ шалга

 Есүс: «Та нарын нэг цамхаг барихыг хүсжээ. Тэгвэл эхлээд тэрээр суугаад, барьж дуусгах боломжтой эсэхээ мэдэх гэж зардлыг нь тооцоолохгүй гэж үү?» гэсэн байдаг (Лук 14:28). Тэгвэл «зардлаа тооцоолох» буюу тусдаа гарахад бэлэн эсэхээ яаж мэдэх вэ? Дараах асуултуудаар өөрийгөө шалгаарай.

  МӨНГӨӨ ЗӨВ ЗАРЦУУЛДАГ УУ?

 Библид «Мөнгө бол хамгаалалт» гэж байдаг (Номлогчийн үгс 7:12).

  •  Чи мөнгө хадгалж чаддаг уу?

  •  Мөнгөндөө хямгатай байдаг уу?

  •  Хүнээс мөнгө зээлэхгүй байж чаддаг уу?

 Эдгээр асуултын нэгд нь л үгүй гэж хариулж байвал тусдаа амьдрах мөрөөдөл чинь хар дарсан зүүд болох болно.

 «Манай ах 19-тэйдөө гэрээсээ нүүсэн юм. Жилийн дотор хадгаламжаа хоосолж, машинаа алдаж, найдваргүй зээлдэгч болж, гэртээ эргэж ирэхээс өөр аргагүйд хүрсэн»—Даниел

 Одооноос яаж бэлдэх вэ? Сард ямар ямар зардал гардгийг аав ээжээсээ асуугаарай. Юу юуны төлбөр төлөх ёстой, яаж төсөв гаргадаг, яаж мөнгө хадгалдгийг нь асуугаарай.

 Хамгийн гол нь: Эцэг эхтэйгээ амьдарч байхдаа мөнгөө зөв зарцуулж сурах нь амьдрал дээр гараад санхүүгээ авч явах амаргүй давааг давах бэлтгэл болно.

  САХИЛГА БАТТАЙ ЮУ?

 Библид «Хүн бүр ачаагаа үүрнэ» гэж бий (Галат 6:5).

  •  Чи ямар ч ажлыг цаг тухайд нь хийдэг үү?

  •  Гэрийн ажлаа хэлүүлэхгүй хийдэг үү?

  •  Ээж аавынхаа үгэнд ороод гэртээ эрт ирдэг үү?

 Эдгээр асуултын нэгд нь л үгүй гэж хариулж байвал тусдаа гараад сахилга баттай амьдрахад чамд илүү хэцүү байна гэсэн үг.

 «Тусдаа гарахаар, хүссэн хүсээгүй бүх юмаа өөрөө хийдэг. Хэн ч үүнийг хий, түүнийг хий гэж хэлэхгүй учраас санаачилгатай байж өөрөө хийх хэрэгтэй болдог»—Жессика

 Одооноос яаж бэлдэх вэ? Бүтэн сар гэрийн ажлаа бүгдийг нь хийх гэж үзээрэй. Жишээлбэл, гэрээ цэвэрлэж, хувцсаа угааж, хүнсээ цуглуулж, орой бүр хоол хийж, аяга тавгаа угаагаарай. Ингэвэл бие дааж амьдрах ямар байдгийг үзнэ.

 Хамгийн гол нь: Тусдаа амьдрахад заавал сахилга баттай байх хэрэгтэй.

Ямар ч бэлтгэлгүй тусдаа гарах нь шүхрээр бууж сураагүй хэрнээ онгоцноос үсрэхтэй адил

  СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЭР ХЯНАДАГ ВЭ?

 Библид «Уурлан хилэгнэх, хор хүргэх, доромжлон гутаах[аа] ... боль» гэж байдаг (Колосай 3:8).

  •  Чи бусадтай таарамжтай байдаг уу?

  •  Уураа барьдаг уу?

  •  Буулт хийдэг үү?

 Эдгээр асуултын нэгд нь л үгүй гэж хариулж байвал хүнтэй хамт амьдрахад, цаашлаад гэр бүл болоход асуудал тасрахгүй гэсэн үг.

 «Би хүнтэй хамт амьдраад янз бүрийн дутагдалтайгаа анзаарсан. Стресстсэнээсээ болоод янз янзын ааш авир гаргахад минь бусад хүн ойлгох ёстой гэж бодож болохгүй юм байна лээ. Тэгээд би стрессээ зөв аргаар тайлж сурсан»—Хелена

 Одооноос яаж бэлдэх вэ? Гэрийнхэнтэйгээ эвтэй байж сураарай. Одоо цуг амьдардаг хүмүүсийнхээ дутагдлыг тэвчиж, эвтэй байдаг бол хожим хэнтэй ч амьдарсан эв зүйгээ ололцож чадна.

 Хамгийн гол нь: Бие дааж амьдрах гэдэг нь үүрэг хариуцлагаас зугтахын нэр биш. Тийм болохоор сайн бэлдэж байж тусдаа гараарай. Туршлагатай хүнээс «Эргээд бодоход: Та юуг өөрөөр хийх байсан бэ? Юуг мэддэг байсан ч болоосой гэж боддог вэ?» гэж асуугаарай. Ер нь ямар ч чухал шийдвэр гаргахдаа туршлагатай хүнээс эдгээр асуултыг асуух нь сайн.