Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Цагаа хэрхэн зөв ашиглах вэ?

Цагаа хэрхэн зөв ашиглах вэ?

 Яагаад цагаа зөв ашиглах хэрэгтэй вэ?

  •   Цагийг мөнгөтэй зүйрлэж болно. Хэрэв дэмий юманд зарцуулчихвал яг хэрэгтэй үед баларна. Харин зөв зарцуулбал чөлөөт цаг ч үлдэнэ!

     Библийн зарчим: «Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ» (Сургаалт үгс 13:4).

     Хамгийн гол нь: Цагаа сайн зохицуулбал илүү их чөлөөт цаг гарна.

  •   Том болох тусам цагаа зөв төлөвлөх чадвар хэрэгтэй болдог. Ажилтайгаа үлдэх үгүй нь ч үүнээс шалтгаална. Бодоод үз дээ, чи өөрөө компанийн захирал байсан бол байнга хоцорч ирдэг хүнийг ажиллуулах уу?

     Библийн зарчим: «Өчүүхэн юманд үнэнч ханддаг хүн их юманд ч үнэнч ханддаг» (Лук 16:10).

     Хамгийн гол нь: Цагаа яс барьдаг бол үнэнч хүн гэдэг чинь харагдана.

 Гэхдээ цагаа зөв төлөвлөх нь тийм ч амархан биш л дээ. Ямар саад бэрхшээл байдаг юм бол?

 Саад 1: Найз нөхөд

 «Найз маань хамт гадуур явъя гэхээр нь би хэчнээн завгүй байсан ч хамт явчихдаг. “Буцаж ирээд бүх юмаа амжуулж болно шүү дээ” гэж боддог ч үнэндээ бүр хэцүү байдалд ордог»​—Синтиа.

 Саад 2: Анхаарал сарниулах зүйлс

 «Телевиз бол яг л тоос сорогч шиг. Нэвтрүүлэг, киног нэгэнт үзээд эхэлчих л юм бол өөрийгөө татаж авч чадахгүй болно»​—Айви.

 «Хамаг цагаа таблетаа барьж өнгөрөөдөг. Цэнэг нь дуусахад л үзэхээ больж цагаа дэмий үрсэндээ харамсдаг»​—Мари.

 Саад 3: Хойшлуулах

 «Би гэрийн даалгавар болон хийх ёстой бусад зүйлээ үргэлж л хойшлуулдаг. Хамаг цагаа дэмий юманд зарцуулаад хамгийн сүүлд даалгавраа хийнэ. Энэ нь цагаа зөв ашиглах арга биш л дээ»​—Бет.

Сайн төлөвлөвөл чөлөөт цагаа ихэсгэх боломжтой

 Юу хийж болох вэ?

  1.   Хийх ёстой зүйлсээ жагсааж бичээрэй. Жагсаалтад гэрийн ажил, гэрийн даалгавар ч бас орно. Ер нь энэ зүйлсийг хийхдээ долоо хоногт хэдэн цаг зарцуулдгаа тооцож бичээрэй.

     Библийн зарчим: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

  2.   Чөлөө цагаараа хиймээр байгаа зүйлсээ жагсааж бичээрэй. Олон нийтийн сүлжээ ашиглах, телевиз үзэх гэх мэтийг ч оруулаарай. Одоо иймэрхүү зүйлд долоо хоногт хэдэн цаг зарцуулдгаа бичээрэй.

     Библийн зарчим: «Ухаалаг бай. Цагаа зөв ашигла» (Колосай 4:5).

  3.   Төлөвлөгөө гаргаарай. Хоёр жагсаалтаа харьцуулж үзээрэй. Чухал зүйлдээ хангалттай цаг зориулсан байна уу? Чөлөөт цагаа багасгах хэрэгтэй юү?

     Зөвлөгөө: Өдөр тутмын ажлын жагсаалт гаргаарай. Дуусгасан ажлаа дараарай.

     Библийн зарчим: «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» (Сургаалт үгс 21:5).

  4.   Тууштай байгаарай. Заримдаа илүү чухал ажлуудаа дуусгахын тулд найзууддаа үгүй гэж хэлэх хэрэгтэй болдог. Гэхдээ ингэж чадвал үнэндээ чөлөөт цаг чинь нэмэгдэнэ, мөн цагаа баяр хөөртэй өнгөрөөж чаддаг болно.

     Библийн зарчим: «Бүү залхуур, хөдөлмөрч бай» (Ром 12:11).

  5.   Шагналаа авах гэж бүү яар. Тара гэдэг нэг охин «Хийх ёстой зүйлээсээ хоёрыг нь дуусгаад “Одоо 15-хан минут зурагт үзчихээд үлдсэн ажлаа хийе” гэж боддог. Гэхдээ 15 минут нь 30 болно, бүр цаашлаад 1 цаг болно. Нэг л мэдэхэд 2 цаг өнгөрчихсөн байдаг!»

     Яах хэрэгтэй вэ? Зугаа цэнгэлийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг биш, ажлаа бүрэн дуусгасны дараа л авах шагнал гэж бодоорой.

     Библийн зарчим: «Ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» (Номлогчийн үгс 2:24).