Skip to content

Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар яагаад төвийг сахидаг вэ?

Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар яагаад төвийг сахидаг вэ?

 Еховагийн Гэрчүүд шашин шүтлэг, Библид үндэслэсэн итгэл үнэмшлийнхээ үндсэн дээр улс төрийн асуудлаар төвийг сахидаг. Бид төрийн байгууллагуудад ямарваа нэгэн байдлаар нөлөө үзүүлэхийг оролддоггүй, аль нэг нам эвсэл болон бие даан нэр дэвшигчийг дэмжиж санал өгдөггүй бөгөөд өөрсдөө төрийн албан тушаалд нэр дэвшдэггүй. Түүнчлэн, төр засгийг огцруулах ямар ч үйлст оролцдоггүй. Ийм байр суурь баримтлах хүндтэй шалтгаан Библид байдаг гэдэгт бид итгэдэг.

  •   Бид Есүсийн жишээг дагадаг. Тэрээр төрийн өндөр албан тушаал хашихаас татгалзсан (Ёохан 6:15). Тэрээр дагалдагчдадаа «ертөнцийнх биш» байхыг захиж, улс төрийн асуудлаар хэний ч талд орох ёсгүйг тодорхой хэлж өгчээ (Ёохан 17:14, 16; 18:36; Марк 12:13–17).

  •   Бид Бурхны Хаант төрд үнэнч. Есүс: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» гэж хэлсэн (Матай 24:14). Бурхны Хаант төр удахгүй захирах гэж байгааг тунхаглах даалгавар авсан төлөөлөгчид болохынхоо хувьд бид аль ч улс орны, тэр дундаа оршин сууж байгаа улсынхаа улс төрийн үйл хэрэгт оролцолгүй төвийг сахидаг (2 Коринт 5:20; Эфэс 6:20).

  •   Бид төвийг сахидгийнхаа ачаар улс төрийн ямар ч үзэл баримтлалтай хүнд Хаант төрийн тухай сайн мэдээг чөлөөтэй ярьж чаддаг. Дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлуудыг Бурхны Хаант төр шийднэ гэдэгт итгэдгээ үг яриа, үйл хэргээрээ илэрхийлдэг (Дуулал 56:11).

  •   Бидний дунд улс төрийн хагарал, зөрчил байдаггүй учраас бид олон улсын ах дүүстэйгээ эв нэгдэлтэй байдаг (Колосай 3:14; 1 Петр 2:17). Харин улс төрд хутгалддаг бусад шашны гишүүд талцан хуваагдах нь бий (1 Коринт 1:10).

 Төр засгийг хүндлэх. Бид улс төрд оролцдоггүй ч, оршин сууж байгаа улс орныхоо төр засгийг хүндэлдэг. Ингэснээрээ, «Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд» гэсэн Библийн тушаалыг биелүүлдэг (Ром 13:1). Бид хууль сахидаг, татвар төлдөг. Бас ард иргэдийнхээ төлөө засгийн газрын зохиодог арга хэмжээг дэмждэг. Ямар ч үед, ялангуяа шашин шүтэх эрхтэй маань холбоотой чухал шийдвэр гаргахаар болоход улс төрийн эргэлт хийхийг оролддоггүй. Харин «хаад, эрх мэдэлтнүүдийн» төлөө залбир гэж Библид уриалсныг дагадаг (1 Тимот 2:1, 2).

 Үүний зэрэгцээ, улс төрийн асуудалд шийдвэр гаргах бусдын эрхийг хүндэлдэг. Жишээлбэл, сонгуулийн ажлыг үймүүлэх юм уу сонгогчдод саад хийдэггүй.

 Төвийг сахидаг маань шинэ зүйл үү? Үгүй. I зуунд Христийн элчүүд болон бусад дагалдагчид төр засгийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудалд адилхан байр суурь баримталдаг байсан. Христийн дагалдагчдын төвийг сахих байр суурийн тухай нэгэн номонд ингэж бичжээ. «Христийн эртний дагалдагчид төр засгаа хүндлэх үүрэгтэйгээ ухамсарладаг байсан ч улс төрийн үйл хэрэгт оролцож болохгүй гэж үздэг байв» (Beyond Good Intentions). Түүнчлэн, «Соёл иргэншилд хүрэх зам» номонд бичсэнээр Христийн эртний дагалдагчид «улс төртэй холбоотой албан тушаал хашдаггүй байжээ» (On the Road to Civilization).

 Төвийг сахидаг маань үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг үү? Үгүй. Бид энх тайвныг эрхэмлэдэг иргэд учраас төр засаг биднээс болгоомжлох шаардлагагүй. Украин улсын Үндэсний Шинжлэх ухааны Академийн 2001 оны тайланд бидний баримталдаг төвийг сахих байр суурийн тухай ингэж бичжээ. «Еховагийн Гэрчүүд ийм байр суурь баримталдгийг таашаадаггүй хүмүүс өнөөдөр ч байж болох юм. Урьд өмнө нацист, коммунист тоталитар дэглэмийн үед Еховагийн Гэрчүүдийн хавчигдаж байсан гол шалтгаан нь төвийг сахих байр суурь байлаа». Гэхдээ Зөвлөлтийн төр засагт хавчигдаж байхдаа ч Гэрчүүд «хууль дүрмийг сахидаг иргэд байхаа болиогүй. Тэд нэгдлийн аж ахуй, үйлдвэр зэрэгт шударгаар хөдөлмөрлөсөн бөгөөд Зөвлөлтийн төр засагт ямар ч аюул занал учруулаагүй юм». Өнөөдөр ч Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшил, үйл хэрэг нь «аль ч улсын үндэсний аюулгүй байдал болон бүрэн бүтэн байдалд заналхийлдэггүй» гэж уг тайланд дүгнэжээ.