Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Тэд намайг үнэнийг өөрөө ойлгоосой гэж хүсэж байсан»

«Тэд намайг үнэнийг өөрөө ойлгоосой гэж хүсэж байсан»
  • ТӨРСӨН ОН: 1982

  • УЛС: БҮГД НАЙРАМДАХ ДОМИНИКАН УЛС

  • ӨМНӨ НЬ: БАГААСАА МОРМОН ШАШИН ШҮТСЭН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Доминикан улсын Санто Доминго хотод төрсөн юм. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Эцэг эх маань өндөр боловсролтой хүмүүс байв. Хүүхдүүдээ сайн орчинд зөв хүмүүжилтэй хүмүүс болгохыг зорьдог байж. Намайг төрөхөөс дөрвөн жилийн өмнө аав ээж хоёр Мормон миссионер залуустай танилцжээ. Тэдний цэвэр цэмцгэр байдал, эелдэг боловсон занд татагдсан эцэг эх маань нутгийнхнаасаа анх удаа Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны сүмд явдаг болсон юм билээ.

Би багаасаа сүмийн олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог, гэр бүлийн амьдрал, ёс суртахууны асуудлаарх сургаалыг нь хүндэтгэдэг байв. Мормон болсондоо бахархаж, миссионер болох зорилго өвөрлөсөн юм.

Намайг 18-тай байхад их сургуульд сургах гэж манайх АНУ руу нүүлээ. Жил орчмын дараа манайхыг Флоридад байхад Еховагийн Гэрч нагац эгч маань нөхөртэйгөө ирж билээ. Биднийг чуулганд урихад нь би явсан юм. Чуулган дээр бүх хүн хөтөлбөр сонсонгоо Библийн зүйлийг үзэж, тэмдэглэл хөтөлж байгааг нь ажиглаад би ч гэсэн үзэг, цаас гуйж аваад бичиж авч билээ.

Чуулганы дараа тэр хоёр, намайг миссионер болохыг хүсдэг учир Библийн мэдлэгээ гүнзгийрүүлэхэд тусалъя гэлээ. Би тэр үед Мормоны номыг дажгүй сайн мэддэг ч, Библийг гадарлах төдий байсан учир зөвшөөрөв.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Бид Библийн сэдвээр утсаар ярьдаг боллоо. Намайг итгэж үнэмшдэг зүйлээ Библийн сургаалтай тулгаж үзэж байхыг нагац эгч ч, нөхөр нь ч уриалдаг байв. Тэд намайг үнэнийг өөрөө ойлгоосой гэж хүсэж байсан.

Би Мормоны олон сургаалыг хүлээн зөвшөөрдөг ч Библийн сургаалтай хэрхэн уялддагийг нь сайн мэддэггүй байв. Нэг удаа нагац эгчийн явуулсан, Еховагийн Гэрчүүдийн гаргадаг «Сэрцгээ!» сэтгүүлийн 1995 оны 11-р сарын 8-ны дугаараас Мормончуудын итгэл үнэмшлийн талаар уншаад миний мэддэггүй өөр олон сургаал байдгийг мэдээд их гайхаж билээ. «Сэрцгээ!» сэтгүүлд бичсэн нь үнэн эсэхийг магадлах гэж Мормоны албан ёсны вэб сайттай харьцуулж үзээд үнэн зөв бичсэнийг нь ойлгов. Хожим нь Юта мужид байдаг Мормоны музейг үзэхэд сэтгүүлийн тайлбар зөв байсан нь хөдөлгөөнгүй батлагдсан юм.

Уг нь, би Мормоны номыг Библитэй тохирдог гэж бодож байсан ч Библийг анхааралтай уншдаг болсноор хоорондоо зөрчилддөгийг нь анзаарав.

Мормоны сургаал ойлгомжгүй байснаас гадна үндсэрхэх үзлийг дэвэргэдэг нь сэтгэл зовоодог байв. Жишээ нь, Еден цэцэрлэгийг АНУ-ын Миссури мужийн Жаксон гэдэг газарт байсан гэж сургадаг. Бас Мормоны удирдагчид «Бурхны Хаанчлал захирах цагт АНУ-ын далбаа эрх чөлөө, тэгш эрх гэдэг шураг дээр бахархалтай намирна» гэдэг юм.

Яагаад миний төрсөн нутаг юм уу өөр улс байж болоогүй юм бол гэж боддог байв. Нэг удаа миссионер болохоор сурч байсан Мормон залууг утсаар ярихлаар нь энэ сэдвийг хөндлөө. Хэрэв дайн гарвал эх орноо хамгаалах гэж эсрэг талын мормончуудтай дайтах эсэхийг нь асуутал өнөөх залуу дайтна гэж шулуухан хэлж гайхлыг минь төрүүлэв. Би Мормоны сургаалыг урьдынхаасаа нарийн судалдаг болж, Мормоны урсгалын нөлөө бүхий хүмүүстэй ч ярилцаж үзэв. Тэгтэл тэд намайг гэрэл тодрохоос нааш хэний ч мэдэхгүй нууцад хамаатай юм асууж байна гэлээ.

Ийм хариу сонссон миний урам хугарав. Тэгээд өөрийнхөө тухай, ер нь яагаад миссионер болох гээд байгаагаа ул суурьтай бодож үзлээ. Нэг талаас, хүмүүст тусалъя гэсэн сэтгэлдээ хөтлөгдсөнөө, нөгөө талаас, миссионер байхын нэр хүндэд дурласнаа ухаарсан юм. Библийг зах зухаас нь харж байсан ч эрхэмлэн үнэлдэггүйгээ, Бурхны тухай, дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгыг нь мэддэггүйгээ ойлгов.

ОДОО:

Еховагийн Гэрчүүдтэй Библи судалсны ачаар Бурхны нэр, хүн үхээд яадаг, Бурхны зорилгод Есүс ямар үүрэг гүйцэтгэх зэрэг олон юмыг мэддэг болов. Ингэж би энэ хосгүй номтой танилцаж билээ. Бас сурч мэдсэнээ хүмүүстэй хуваалцах дуртай байлаа. Бурхан байдаг гэдэгт итгэдэг байсан ч энэ л үеэс хамгийн дотны найзтайгаа ярилцдаг шиг Бурханд сэтгэлээсээ залбирдаг болсон. Би 2004 оны 7-р сарын 12-нд Еховагийн Гэрч болон баптисм хүртээд зургаан сарын дараагаас бүрэн цагаар үйлчилж эхэлсэн юм.

Нью-Йоркийн Бруклин дахь Еховагийн Гэрчүүдийн Байгууллагын төвд таван жил ажиллаж, дэлхий дахины олон сая хүнд ач тус хүргэдэг Библи, Библид үндэслэсэн хэвлэл гаргах ажилд хувь нэмэр оруулж явсандаа баярладаг. Одоо хүмүүсийг Бурхантай танилцахад нь туслах ажлыг баяр хөөртэй хийж явна.