Skip to content

Гарчиг руу орох

Есүс амилсан нь өөр олон хүн амилахын баталгаа!

Есүс амилсан нь өөр олон хүн амилахын баталгаа!

ЕСҮСИЙН амилсан нь эрт дээр үед болсон, өнөөгийн бидэнд хамаагүй явдал биш ээ. Энэ явдлын ач холбогдлыг тайлбарлан элч Паул: «Чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн. Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно» гэж бичжээ (1 Коринт 15:20–22).

Есүс МЭ 33 оны нисан сарын 16-нд буюу иудейчүүд үр тарианыхаа анхны үр жимсээр Иерусалим дахь сүмийн ариун газар Ехова Бурханд тахил өргөдөг өдөр амилсан билээ. Паул Есүсийг анхны үр жимс гэсэн нь өөр хүмүүс бас амилахыг хэлсэн хэрэг ажээ.

Тэрбээр цааш нь «Үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ» гэж бичихдээ Есүс амилсан нь хүмүүст ямар ач холбогдолтойг тайлбарласан. Адамаас удамшсан нүгэл, төгс бус байдлын уршгаар бүх хүн үхдэг. Гэхдээ Есүс төгс амиа золиос болгон өгсний ачаар хүмүүст амилах, улмаар нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх боломж олдсон. Паул үүнийг дүгнэн Ром 6:23-т «Нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн» гэж бичжээ.

Есүс золиос болон үхэж, амилах нь хүмүүст ямар хамаатайг өөрөө ч тайлбарласан. Тэрбээр өөрийнхөө талаар «Хүний Хүү ... өргөгдөх ёстой» хэмээгээд «Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж хэлсэн (Иохан 3:14–16).

Та өвчин зовлон, уй гашуу үзэхгүй, мөнх амьдарна гээд төсөөл дөө! (Илчлэлт 21:3, 4). Биднийг ийм сайхан ирээдүй хүлээж байна! Нэг эрдэмтэн: «Оршуулгын газрыг харахлаар хүний амьдрал ахархан юм даа гэж бодогддог. Харин нас барсан хүн амилж байсан нь үхэл удахгүй үгүй болохыг баталдаг» гэж хэлсэн нь тун оножээ. Тийм ээ, Есүс амилсан нь өөр олон хүн амилахын баталгаа болдог!