Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

Хурал дахь тэргүүллийн зарчмыг ойлгох нь

Хурал дахь тэргүүллийн зарчмыг ойлгох нь

«Христ бол хурлын тэргүүн, биеийн аврагч билээ» (ЭФ. 5:23).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ *

1. Еховагийн гэр бүлд эв нэгдэл ноёлдгийн нэг шалтгаан юу вэ?

БИД Еховагийн гэр бүлд багтдагтаа баярладаг. Энэ гэр бүл маань амар тайван, эв нэгдэлтэй байдгийн учир юу вэ? Нэг шалтгаан нь, Еховагийн бий болгосон тэргүүллийн зарчимд хүндэтгэлтэй хандахыг хүн бүр хамаг чадлаараа хичээдэгтэй холбоотой. Ер нь тэргүүллийн зарчмыг хэдийчинээ сайн ойлгоно, төдийчинээ эв нэгдэлтэй байна.

2. Энэ өгүүллээр ямар асуултуудыг ярилцах вэ?

2 Тэргүүллийн зарчмыг хуралд хэрхэн баримталдгийг энэ өгүүллээр үзнэ. Мөн дараах асуултуудын хариуг мэдэж авна. Гэрч эмэгтэйчүүд ямар үүрэгтэй вэ? Гэрч эрэгтэй болгон Гэрч эмэгтэйчүүдийн тэргүүн мөн үү? Итгэл нэгтнүүдээ удирдах үүрэгтэй ахлагчид эхнэр хүүхдээ захирах үүрэгтэй өрхийн тэргүүнүүдтэй адилхан эрх мэдэлтэй юү? Эхлээд, Гэрч эмэгтэйчүүдэд хэрхэн хандах ёстойг ярилцъя.

ГЭРЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХЭРХЭН ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?

3. Бид яавал итгэл нэгт эмэгтэйчүүдээ улам их хайрлаж хүндлэх вэ?

3 Гэр бүлдээ санаа тавьж, сайн мэдээ дэлгэрүүлж, хурлыг дэмжихийн тулд нөр их хөдөлмөрлөдөг итгэл нэгт эмэгтэйчүүд маань бидэндээ эрхэм билээ. Ехова Есүс хоёр тэдэнд хэрхэн ханддагийг судалбал тэднийгээ улам их хайрлаж, хүндэлнэ. Түүнчлэн элч Паул эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байсныг бодож үзэх нь ач тустай.

4. Ехова эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил эрхэмд үздэгийг Библи хэрхэн баталдаг вэ?

4 Ехова эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил эрхэм гэж үздэг. Жишээлбэл I зуунд эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд нь агуу хүчээ өгч, гайхамшиг үйлдэх чадвар хайрласныг Библид бичжээ. Тийм учраас тэд орон орны хэлээр ярьсан түүхтэй (Үйлс 2:1–4, 15–18). Ехова эрчүүдийг ч, эмэгтэйчүүдийг ч агуу хүчээрээ тосолж Христтэй хамт захирах ирээдүйтэй болгосон (Гал. 3:26–29). Дэлхий дээр мөнх амьдрах шагналыг аль алинд нь өгнө (Илч. 7:9, 10, 13–15). Сайн мэдээ дэлгэрүүлэх, заах ажлыг Ехова хэн хэнд нь өгсөн (Мат. 28:19, 20). «Үйлс» номд Христийн дагалдагч Прискила гэдэг эмэгтэйн тухай бичсэн байдаг. Тэрбээр нөхөр Акултайгаа хамт Апол гэдэг боловсролтой эрд тусалж үнэнийг илүү зөв ойлгуулжээ (Үйлс 18:24–26).

5. Лук 10:38, 39, 42-ыг харвал, Есүс эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан бэ?

5 Есүс эмэгтэйчүүдийг хүндэлдэг байсан. Тэрбээр фарисайчуудын ёсыг дагаагүй. Фарисайчууд эмэгтэйчүүдийг дорд үздэг ба олон нийтийн газар тэдэнтэй харьцдаггүй байжээ. Судрын тухай хэзээ ч ярихгүй. Харин Есүс эрчүүдтэй төдийгүй эмэгтэйчүүдтэй Библийн гүн утгатай үнэний талаар ярилцдаг байсан * (Лук 10:38, 39, 42-ыг уншина). Бас дэлгэрүүлэх аялалд хамт явахыг эмэгтэйчүүдэд зөвшөөрчээ (Лук 8:1–3). Мөн амилсан тухай мэдээг нь элч нарт дуулгах завшааныг эмэгтэй шавь нартаа олгосон (Ёох. 20:16–18).

6. Элч Паул эмэгтэйчүүдийг хэрхэн хүндэлдэг байсан бэ?

6 Элч Паул Тимотод эмэгтэйчүүдийг хүндэлж байхыг онцгойлон сануулсан. Тэрбээр «настай эмэгтэйчүүдийг эх шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж» байхыг захижээ (1 Тим. 5:1, 2). Паул Тимотод Христийн төлөвшсөн дагалдагч болоход нь маш их тусалсан хүн. Гэхдээ Тимотод «ариун судруудыг» анх заасан хүмүүс бол ээж эмээ хоёр нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг байв (2 Тим. 1:5; 3:14, 15). Паул ромчуудад бичсэн захидалдаа эмэгтэйчүүдийг нэр цохон дурдаж мэндчилсэн байдаг. Ямар ажил хийснийг нь тоочоод зогсохгүй, ажил үйлсийнх нь төлөө талархлаа илэрхийлжээ (Ром 16:1–4, 6, 12; Флп. 4:3).

7. Одоо ямар асуултуудыг ярилцах вэ?

7 Өмнөх догол мөрүүдээс харвал, Гэрч эмэгтэйчүүд эрчүүдээс дорд гэсэн санаа Библид огт байхгүй нь тодорхой байна. Хайр халамжтай, өгөөмөр сэтгэлтэй бүсгүйчүүд маань үнэ цэнтэй. Хурлын амар тайван, эв нэгдлийг батжуулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт нь ахлагчид эргэлздэггүй. Одоо дараах асуултын хариуг мэдэж авцгаая. Заримдаа Ехова эмэгтэйчүүдээс толгойдоо юм өмсөхийг шаарддагийн учир юу вэ? Зөвхөн эрчүүдийг ахлагч, туслах үйлчлэгчээр томилдог юм бол Гэрч эрэгтэй болгон эмэгтэйчүүдийн тэргүүн болж таарах уу?

ГЭРЧ ЭРЭГТЭЙ БОЛГОН ГЭРЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭРГҮҮН ҮҮ?

8. Эфэс 5:23-ыг харвал, Гэрч эрэгтэй болгон эмэгтэйчүүдийн тэргүүн мөн үү? Тайлбарлана уу.

8 Товчхон хэлэхэд, үгүй! Хурлын бүх эмэгтэйчүүдийн тэргүүн нь Христ болохоос бус, Гэрч эрэгтэй биш юм (Эфэс 5:23-ыг уншина). Гэр бүлд бол, нөхөр хүн эхнэрээ захирдаг. Баптисм хүртсэн хүү нь ээжийнхээ тэргүүн биш (Эф. 6:1, 2). Хуралд бол, ахлагчид итгэл нэгтнүүдээ захирах тодорхой хэмжээний эрх мэдэлтэй (1 Тес. 5:12; Евр. 13:17). Ганц бие бүсгүйчүүд эцэг эхтэйгээ амьдрахаа больсон байлаа ч тэднийгээ болон ахлагчдыг хэзээ ямагт хүндэлдэг. Гэхдээ тэд эрчүүдийн адил, цорын ганц тэргүүнтэй. Тэр нь Есүс юм.

Ганц бие хүмүүс эцэг эхтэйгээ амьдрахаа больсон тохиолдолд тэдний тэргүүн нь Есүс юм (8-р догол мөрийг үзээрэй)

9. Гэрч эмэгтэйчүүд ямар үед толгойдоо юм өмсөх шаардлагатай вэ?

9 Гэхдээ Ехова эрчүүдэд удирдах үүрэг оноосон нь үнэн. Тийм учраас тэд хурлын сургалт, шүтлэгтэй холбоотой ажлыг удирддаг. Ехова ийм эрх мэдлийг эмэгтэйчүүдэд өгөөгүй (1 Тим. 2:12). Үүний учир юу вэ? Есүсийг яагаад эрэгтэй хүний тэргүүнээр томиллоо? Хурлыг эмх журамтай байлгахын тулд. Тэгвэл яг л ийм шалтгаанаар эрчүүдэд эрх мэдэл олгожээ. Харин Гэрч эмэгтэй Гэрч эрэгтэйн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх болбол яах вэ? Толгойдоо юм өмс гэж Ехова шаарддаг * (1 Кор. 11:4–7). Энэ нь эмэгтэйчүүдийг дорд үзсэнийх бус, харин тэргүүллийн зарчимд хүндэтгэлтэй хандаасай гэснийх юм. Үүнийг санангаа дараах асуултыг ярилцъя. Өрхийн тэргүүнүүд болон ахлагчид хэр зэрэг эрх мэдэлтэй вэ?

ӨРХИЙН ТЭРГҮҮНҮҮД БОЛОН АХЛАГЧДЫН ҮҮРЭГ

10. Хурлын ахлагч яагаад дүрэм журам гаргах хандлагатай болж болзошгүй вэ?

10 Ахлагчид Христийг ч хайрладаг, Ехова Есүс хоёрын хариуцуулж өгсөн «хоньдыг» ч хайрладаг (Ёох. 21:15–17). Хурлынхандаа санаа тавих ёстой учраас өөрийгөө аав нь юм шиг боддог ахлагч байж болох юм. Өрхийн тэргүүн хүн гэрийнхнээ хамгаалахын тулд дүрэм журам гаргах эрхтэй юм бол ахлагч хүн Бурхны хоньдыг хамгаалахын тулд дүрэм журам гаргаж болно гэж тэрбээр бодож магадгүй. Зарим итгэл нэгтэн нь түүнийг өөгшүүлж өөрсдийнхөө өмнөөс шийдвэр гаргуулах гэдэг. Тэгвэл хурлын ахлагчид болон өрхийн тэргүүнүүдийн эрх мэдэл яг адилхан уу?

Ахлагчид Бурхантай дотно байхад нь хурлынхандаа туслахаас гадна тэднийгээ хайр халамжаар дутаадаггүй. Мөн хурлыг ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгах үүрэгтэй (11, 12-р догол мөрийг үзээрэй)

11. Өрхийн тэргүүнүүд болон ахлагчдын үүрэг юугаараа төстэй вэ?

11 Элч Паул өрхийн тэргүүн болон ахлагчийн үүргийн төстэй талуудыг бичжээ (1 Тим. 3:4, 5). Жишээлбэл гэрийнхэн нь өрхийн тэргүүндээ дуулгавартай байх учиртай (Кол. 3:20). Үүнтэй адил, хурлынхан нь ахлагчдад дуулгавартай байх шаардлагатай. Мөн өрхийн тэргүүнүүд болон ахлагчдын аль аль нь удирдлага дор байгаа хүмүүстээ Еховаг хайрлахыг заахаас гадна сэтгэл санааных нь хэрэгцээг анхаарах үүрэгтэй. Бэрхшээл тулгарсан үед нь туслах ёстой (Яак. 2:15–17). Бурхны хууль тушаал, хэм хэмжээг дагахад нь өрхийн тэргүүнүүд гэрийнхэндээ, ахлагчид хурлынхандаа туслах учиртай. Тэд «Ариун Сударт бичсэнийг л баримтлах» шаардлагатай (1 Кор. 4:6).

Өрхийн тэргүүнүүд гэр бүлийнхнээ захирах эрхийг Еховагаас хүлээж авсан. Хайр халамжтай өрхийн тэргүүн шийдвэр гаргахаасаа өмнө эхнэртэйгээ зөвлөлддөг (13-р догол мөрийг үзээрэй)

12, 13. Ром 7:2-ыг үзвэл, өрхийн тэргүүнүүд болон ахлагчдын үүрэг юугаараа ялгаатай вэ?

12 Гэхдээ өрхийн тэргүүнүүд болон ахлагчдын гүйцэтгэх үүрэгт ялгаатай талууд бас байдаг. Жишээлбэл Ехова ахлагчдад шүүгчийн үүрэг оноосон. Ноцтой нүгэл үйлдээд гэмшээгүй хүнийг хурлаас хасах эрх тэдэнд бий (1 Кор. 5:11–13).

13 Нөгөөтээгүүр, Ехова ахлагчдад өгөөгүй зарим эрх мэдлийг өрхийн тэргүүнүүдэд оноосон. Өрхийн тэргүүн хүн гэр бүл дотроо хууль дүрэм зохиож, сахиулах эрх мэдэлтэй (Ром 7:2-ыг уншина). Жишээлбэл, хүүхдүүд нь оройн хэдэн цагт гэртээ ирсэн байх ёстойг шийдэх эрхтэй. Хэрэв энэ дүрмийг зөрчсөн бол тэднийг шийтгэх эрх мэдэл эцэг хүнд бий (Эф. 6:1). Хайр халамжтай өрхийн тэргүүн гэрийн дүрэм гаргахаасаа өмнө эхнэртэйгээ зөвлөлдөх нь мэдээжийн хэрэг. Учир нь тэд «нэг бие» юм * (Мат. 19:6).

ХРИСТИЙГ ХУРЛЫН ТЭРГҮҮН ГЭЖ ХҮНДЛЭЭРЭЙ

Есүс Еховад захирагддаг бөгөөд хуралд заавар өгдөг (14-р догол мөрийг үзээрэй)

14. а) Марк 10:45-ыг харвал, Ехова Есүсийг хурлын тэргүүнээр томилсон нь зүйн хэрэг гэхийн учир юу вэ? б) Удирдах Зөвлөл ямар үүрэгтэй вэ? ( «Удирдах Зөвлөлийн үүрэг» гэсэн хавсралтыг үзээрэй).

14 Ехова үйлчлэгч бүрийнхээ, цаашлаад, бүх хүн төрөлхтний амийг Хүүгийнхээ амиар зольж авсан (Марк 10:45-ыг уншина; Үйлс 20:28; 1 Кор. 15:21, 22). Тийм учраас амиа золиос болгон өгсөн Есүсийг хурлын тэргүүнээр томилсон нь зүйн хэрэг юм. Есүс бидний тэргүүн учраас хувь хүн бүр, гэр бүлүүд, дэлхий дахины хурал юу хийх ёстойг зааж зааварлан, гаргасан хууль дүрмээ сахиулах эрх мэдэлтэй (Гал. 6:2). Гэхдээ Есүс хууль дүрэм гаргахаас илүү зүйлийг хийдэг. Тэрбээр дагалдагч бүрээ хайрлаж, тэдэндээ санаа тавьдаг (Эф. 5:29).

15, 16. Марли Бенжамин нарын хэлсэн үгээс та юу ойлгосон бэ?

15 Христ хурлын эмэгтэйчүүдэд санаа тавих үүргийг эрчүүдэд оноосон. Эмэгтэйчүүд тэдний зааврыг дагадаг бол Христийг хүндэлж буй хэрэг юм. АНУ-д амьдардаг Марлигийн хэлсэн үгийг олон эмэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр: «Би гэр бүл болон хуралдаа гүйцэтгэдэг үүргээ үнэхээр их эрхэмлэдэг. Тийм болохоор Еховагийн тогтоосон тэргүүллийн зарчимд хүндэтгэлтэй хандаж сурахыг байнга хичээдэг. Гэхдээ нөхөр маань болон хурлын ахлагчид намайг хүндэлж, хийсэн ажлын минь төлөө талархдаг учир тэдэнд захирагдахад амар байдаг» гэжээ.

16 Гэрч эрчүүд итгэл нэгт эмэгтэйчүүдээ хүндэлж, эрхэмлэдэг бол тэргүүллийн зарчмыг ойлгож буйн баталгаа болно. Англид амьдардаг Бенжамин гэдэг залуу: «Би хурлынхаа эмэгтэйчүүдээс их юм сурч авдаг. Тэд цуглаан дээр нэгийг бодуулсан хариулт хэлдэг. Мөн яаж судлах, яаж үр дүнтэй дэлгэрүүлэх талаар сайхан санаа хэлж өгдөг. Би тэднийг маш чухал ажил хийдэг гэж боддог» гэсэн байна.

17. Бид яагаад тэргүүллийн зарчимд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй вэ?

17 Эрчүүд, бүсгүйчүүд, өрхийн тэргүүнүүд, ахлагчид гээд хурлын бүх хүн тэргүүллийн зарчмыг ойлгож, хүндэтгэлтэй ханддаг бол хурал амар тайван байна. Хамгийн гол нь, хайр халамжтай тэнгэрийн Эцэг Ехова маань алдаршина (Дуу. 150:6).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

^ д/м 5 Гэрч эмэгтэйчүүд хуралд ямар үүрэгтэй вэ? Гэрч эрэгтэй болгон Гэрч эмэгтэйчүүдийн тэргүүн үү? Ахлагчид болон өрхийн тэргүүнүүд яг адилхан эрх мэдэлтэй юү? Эдгээр асуултад Бурхны Үг хэрхэн хариулдгийг энэ өгүүллээр авч үзнэ.

^ д/м 5 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 9-р сарын дугаарт нийтлэгдсэн «Итгэл нэгт эмэгтэйчүүддээ урам хайрлаарай» гэсэн өгүүллийн 6-р догол мөрийг үзээрэй.

^ д/м 13 Гэр бүлээрээ аль хуралд үйлчлэхийг хэн нь шийдэх талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 8-р сарын дугаарт нийтлэгдсэн «Еховагийн хурал дахь хүн нэг бүрийг хүндлээрэй» гэсэн өгүүллийн 17–19-р догол мөрөөс үзээрэй.

^ д/м 59 Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 209–212-р хуудаснаас аваарай.

^ д/м 64 Удирдах Зөвлөл ямар үүрэг гүйцэтгэдэг талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7-р сарын 15-ны дугаарын 20–25-р хуудсанд дэлгэрэнгүй бичсэн.