Skip to content

Гарчиг руу орох

«Итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?»

«Итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?»

«Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?» (МАТ. 24:45).

1, 2. Есүс өнөөдөр бидэнд хэнээр хоол өгүүлж байгаа вэ? Энэ талаар мэддэг байх нь яагаад чухал бэ?

 «АХ НАР АА, яг хэрэгтэй үед минь та нар надад зориулаад хэчнээн олон өгүүлэл нийтэлснийг тоолоод ч барахгүй нь». Нэгэн Гэрч эмэгтэй манай байгууллагын төвд ажилладаг ах нарт захидал бичихдээ талархсан сэтгэлээ ийн илэрхийлжээ. Танд ч бас тэгж санагддаг уу? Тийм ээ гэж олон хүн хариулах байх. Энэ нь гайхах зүйл биш юм.

2 Бид сүнслэг хоолыг цаг цагт нь хүртдэг. Энэ бол хурлын Тэргүүн Есүс амласнаа биелүүлж биднийг тэжээж байгаагийн баталгаа юм. Христ хэнээр хоол өгүүлдэг вэ? Тэрбээр залран байх үеийнхээ шинж тэмдгийг хэлэхдээ «зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр» «итгэмжит ухаалаг боолыг» томилохоо амласан байдаг * (Матай 24:45–47-г уншина уу). Төгсгөлийн цаг үед амьдарч буй жинхэнэ дагалдагчдадаа энэ боолоор хоол өгүүлж байна. Сүнслэгээр эрүүл, Бурхантай ойр дотно байх эсэх маань итгэмжит боолтой шууд холбоотой. Тиймээс итгэмжит боолыг мэддэг байх нь туйлын чухал (Мат. 4:4; Иох. 17:3).

3. Итгэмжит боолын тухай ёгт үлгэрийг өмнө нь манай ном хэвлэлд юу гэж тайлбарладаг байсан бэ?

3 Тэгвэл Есүсийн ярьсан итгэмжит боолын тухай ёгт үлгэрийг хэрхэн ойлгох нь зүйтэй вэ? Манай ном хэвлэлд урьд нь дараах байдлаар тайлбарладаг байв. Үүнд: Есүс МЭ 33 оны Пентекостын өдөр итгэмжит боолыг томилж зарц нараа хариуцуулсан; боол гэдгээр дэлхий дээр амьдарч байгаа тослогдсон христиануудыг бүгдийг нь, харин зарц нар гэдгээр тослогдсон христиан тус бүрийг хэлдэг; Есүс «хамаг эзэмшил хөрөнгө» буюу Хаанчлалтай холбоотой, дэлхий дэх бүх зүйлийг итгэмжит боолд 1919 онд хариуцуулсан. Гэхдээ нарийвчлан судалж, залбирч, эргэцүүлэн бодсоны дүнд энэ ойлголтыг засаж залруулах шаардлагатай нь тодорхой болж байна (Сур. 4:18). Есүсийн ярьсан итгэмжит, ухаалаг боолын тухай ёгт үлгэрийг дэлгэрэнгүй ярилцъя. Тэнгэр, газрын аль нэгэнд амьдрах найдвартай хоёр бүлэг хүнд энэ үлгэр ямар ач холбогдолтойг авч үзье.

ЕСҮСИЙН ХЭЛСЭН ЗӨГНӨЛ ХЭЗЭЭ БИЕЛЭХ ВЭ?

4-6. Итгэмжит боолын тухай зөгнөл 1914 оноос хойш биелж эхэлсэн гэхийн учир юу вэ?

4 Итгэмжит, ухаалаг боолын тухай сургаалт зүйрлэлд гардаг үйл явдал МЭ 33 оны Пентекостын өдөр бус, харин төгсгөлийн цаг үед болохыг хам сэдвээс нь мэдэж болно. Яагаад ийм дүгнэлтэд хүрснийг авч үзье.

5 Есүс өөрийнхөө «заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байхыг» зөгнөхдөө итгэмжит боолын тухай сургаалт зүйрлэл хэлсэн билээ (Мат. 24:3). Зөгнөлийн эхний хэсэг Матай 24:4–22-т байдаг бөгөөд хоёр удаа биелэх учиртай. Эхний удаа МЭ 33–70 онд биелсэн. Хоёр дахь удаагаа буюу өнөө үед биелэхдээ илүү өргөн хүрээг хамрах аж. Тэгвэл итгэмжит боолын талаар Есүсийн хэлсэн үг бас хоёр удаа хэрэгжих үү? Үгүй.

6 Матай 24:29-өөс эхэлж уншвал бидний амьдарч буй цаг үед болох үйл явдлыг Есүс голчлон зөгнөсөн нь харагддаг (Матай 24:30, 42, 44-ийг уншина уу). Тэрбээр: «Газрын бүх овог ... Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр ... ирэхийг харна» хэмээн агуу их гай гамшгийн үед юу болохыг хэлжээ. Дараа нь, «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй»; «Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» хэмээн эцсийн өдрүүдэд амьдрах хүмүүст сэрэмжлүүлэг өгчээ. * Есүс эцсийн өдрүүдэд болох үйл явдлын талаар ярьж байхдаа итгэмжит боолын тухай сургаалт зүйрлэлийг хэлсэн байдаг. Тийм учраас, тэнд гардаг үйл явдал эцсийн өдрүүд эхэлсэн 1914 оноос хойш болно гэж дүгнэхээр байна. Энэ нь ч зөв юм. Яагаад?

7. Ургац хураах цаг эхэлмэгц ямар чухал асуулт гарч ирсэн бэ? Яагаад?

7 «Итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?» гэсэн асуултын тухай бодоод үзье. Нэгдүгээр зууны христиануудад энэ асуултын хариу тодорхой байсан. Элч нар гайхамшиг үйлддэг, тэр байтугай тийм чадварыг хүмүүст дамжуулдаг байсан нь Бурхан тусалдгийн баталгаа гэдгийг өмнөх өгүүллээр ярилцсан билээ (Үйлс 5:12). Тиймээс христиануудад сүнслэг хоолыг хэнээр өгүүлдэг вэ гэж асуух хэрэг тэр үед гардаггүй байв. Гэхдээ 1914 онд бүх юм өөрчлөгджээ. Тэр онд ургац хураах цаг эхэлсэн. Зэрлэг өвсийг буудайнаас ялгаж тусгаарлах цаг ч болсон (Мат. 13:36–43). Ургац хураах цаг эхэлмэгц нэг чухал асуулт гарч ирсэн. «Өөрсдийгөө Христийн жинхэнэ дагалдагч гэж хэлдэг өчнөөн олон хүний хэнийг нь жинхэнэ, хэнийг нь хуурамч гэж үзэх вэ?». Итгэмжит боолын тухай сургаалт зүйрлэлд хариу нь бий. Есүсийн бусад дагалдагчийг сүнслэг хоолоор элбэг дэлбэг хангаж байсан хүмүүс л жинхэнэ христиан байх байлаа.

ИТГЭМЖИТ, УХААЛАГ БООЛ ГЭЖ ХЭН БЭ?

8. Итгэмжит боолыг тослогдсон христианууд л бүрдүүлдэг гэж үзэх нь яагаад зүйд нийцэх вэ?

8 Итгэмжит боол дэлхий дээр байгаа тослогдсон христиануудаас л бүрдэх учиртай. Тэднийг «хаант тахилч нар» гэдэг. Тэд өөрсдийг нь «харанхуйгаас ... гайхамшигт гэрэл уруу дуудсан [Нэгний] давуу чанаруудыг ... тунхаглах» даалгавар авсан (1 Петр 2:9). Тэгэхлээр ах дүүстээ үнэнийг заах нь «хаант тахилч нарын» үүрэг байх нь ээ (Мал. 2:7; Илч. 12:17).

9. Тослогдсон бүх христианыг итгэмжит боол гэх үү? Тайлбарлана уу.

9 Тэгвэл дэлхий дээр байгаа бүх тослогдогсдыг итгэмжит боол гэх үү? Үгүй. Үнэндээ дэлхий даяар буй итгэл нэгтнүүдээ сүнслэг хоолоор хангах ажлыг тослогдсон христианууд бүгдээрээ хийдэг юм биш ээ. Тослогдогсдын дунд туслах үйлчлэгч, ахлагч эрчүүд бий. Тэд айлаар дэлгэрүүлж, хурлынхаа гишүүдэд зааж, байгууллагын төвөөс ирсэн удирдамж зааврыг үнэнчээр баримталдаг. Гэхдээ сүнслэг хоолоор хангах ажилд гар бие оролцдоггүй. Тослогдогсдын дунд эмэгтэйчүүд ч бий. Тэд хурлын гишүүдийг удирдах тухай огт боддоггүй (1 Кор. 11:3; 14:34).

10. Хэнийг итгэмжит, ухаалаг боол гэх вэ?

10 Тэгвэл хэнийг итгэмжит, ухаалаг боол гэдэг вэ? Есүс олон хүнд цөөн хэдхэн хүнээр хоол өгүүлснийг саная. Тэгэхлээр, цөөхөн хэдэн тослогдсон эрчүүдээс бүрддэг бүлэг хүнийг «боол» гэдэг байх нь ээ. Тэд Христийг залран байх хугацаанд сүнслэг хоол хийх ажилд гар бие оролцдог. Боолын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүс эцсийн өдрүүд эхэлснээс хойш өнөөг хүртэл байгууллагынхаа төвд хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл тэр боолын үүргийг гүйцэтгэж ирсэн. Есүс ёгт үлгэртээ «боол» гэдэг үгийг ганц тоон дээр хэлснийг анхааръя. Энэ нь бүлэг хүн нэг хүн шиг ажилладаг гэсэн үг. Тийм учраас, Удирдах Зөвлөлийн гишүүд хамтарч шийдвэр гаргадаг.

ЗАРЦ НАР ГЭЖ ХЭН БЭ?

11, 12. а) Итгэмжит, ухаалаг боолд хариуцуулах хоёр зүйл нь юу вэ? б) Есүс зарц нараа итгэмжит боолд хэзээ хариуцуулсан бэ? Итгэмжит боолыг хэрхэн сонгосон бэ?

11 Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд гардаг итгэмжит, ухаалаг боолд хоёр зүйл хариуцуулсныг тэмдэглүүштэй. Эхнийх нь зарц нар, хоёр дахь нь эзний хамаг эзэмшил хөрөнгө байв. Уг сургаалт зүйрлэл эцсийн өдрүүдэд хамаатай учраас дээрх хоёр зүйлийг Есүс 1914 онд хаан ширээнд заларснаасаа хойш боолдоо хариуцуулах аж.

12 Есүс зарц нараа итгэмжит боолд хэзээ хариуцуулсан бэ? Энэ асуултад хариулахын тулд ургац хурааж эхэлсэн 1914 онд юу болсныг саная. Тэр үед өөрсдийгөө христиан гэдэг бүлгүүд олон байсныг түрүүн ярилцсан. Есүс алийг нь сонгож, итгэмжит боол болгон томилсон бэ? Тэрбээр Эцэгтэйгээ 1914 онд ирж, сүнслэг сүмийг шалгаж эхлээд 1919 оны эхээр дуусгасан * (Мал. 3:1). Еховад зүрх сэтгэлээ зориулсан, Үгийг нь эрхэмлэдэг цөөхөн хэдэн Библи Судлаачийг шалгалтын явцад олж мэдээд сайшаажээ. Гэхдээ л тэднийг бас цэвэрлэсэн нь мэдээж. Библи Судлаачид ч даруу байж, дуртайяа цэвэрлүүлсэн (Мал. 3:2–4). Үнэхээр жинхэнэ христианууд байв. Есүс тэдний дундаас тохирох эрчүүдийг итгэмжит, ухаалаг боол болгохоор 1919 онд сонгон авч зарц нараа хариуцуулсан.

13. Зарц нар гэж хэн бэ? Яагаад?

13 Зарц нар гэж хэн бэ? Товчхон хэлбэл, сүнслэг хоол хүртдэг хүмүүс юм. Эцсийн өдрүүдийн эхэн үед зарц нар бүгдээрээ тослогдсон христианууд байсан. Хожим нь зарц нарын тоонд өөр хонинууд орох болсон. Харин одоо Христээр удирдуулдаг «нэг хонин сүргийн» дийлэнх хувийг өөр хонинууд эзэлдэг (Иох. 10:16, ШГ). Энэ хоёр бүлгийн аль аль нь итгэмжит боолын цагт нь өгдөг сүнслэг хоолноос хүртдэг. Тэгвэл итгэмжит, ухаалаг боолыг бүрдүүлдэг Удирдах Зөвлөлийн гишүүд зарц нарын тоонд ордог уу? Тэд ч бас Есүсийн жинхэнэ дагалдагчид тул сүнслэг хоол хүртэх учиртай. Үүнийгээ ухамсарладаг даруу зантай тэдгээр эрчүүд хувь хүнийхээ хувьд зарц нар гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Тослогдогсод ч, өөр хонинууд ч «зарц нар» юм. Бид бүхэнд цагт нь өгдөг сүнслэг хоол хэрэгтэй

14. а) Итгэмжит боолд ямар үүрэг оноосон бэ? Үүнд юу ордог вэ? б) Есүс итгэмжит, ухаалаг боолд юу гэж анхааруулсан бэ? («Хэрэв тэр боол...» гэсэн хавсралт үзнэ үү).

14 Есүс итгэмжит, ухаалаг боолд хүндтэй үүрэг оноосон. Библи бичигдэж байх үед итгэл найдвар хүлээсэн боол буюу нярав хүн эзнийхээ гэр орныг хариуцдаг байжээ (Лук 12:42). Үүнтэй адилаар, итгэмжит ухаалаг боол Бурхны «гэр орныг» буюу байгууллагынх нь дэлхий дэх хэсгийг хариуцдаг. Үүнд: мөнгө төгрөг, эд хөрөнгө, дэлгэрүүлэх болон чуулгантай холбоотой бүх ажил орно. Бас дэлгэрүүлэх, бие даан судлах, цуглаанаар үзэхэд зориулсан, Библид үндэслэсэн ном хэвлэл бэлтгэж гаргах ажил ордог. Итгэмжит боолын өгдөг сүнслэг хоол зарц нарт зайлшгүй хэрэгтэй.

ЭЗЭН ХАМАГ ЭЗЭМШИЛ ХӨРӨНГӨӨ ХЭЗЭЭ ДААТГАХ ВЭ?

15, 16. Есүс итгэмжит боолд хамаг эзэмшил хөрөнгөө хэзээ даатгах вэ?

15 Есүс боолдоо хоёр дахь зүйл буюу «хамаг эзэмшил хөрөнгөө» хэзээ даатгах вэ? Тэрбээр: «Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» хэмээн айлджээ (Мат. 24:46, 47). Есүс ирээд, боолыг «тийн биелүүлж байхад», өөрөөр хэлбэл, сүнслэг хоол ундыг үнэнчээр өгч байгааг харвал хоёр дахь зүйлийг даатгана гэснийг анхааръя. Тиймээс хоёр зүйлийг нэг зэрэг даатгахгүй ажээ. Нэгийг нь хариуцуулаад тодорхой хугацаа өнгөрсний дараа нөгөөг нь хариуцуулах юм. Хамаг эзэмшил хөрөнгөө хэзээ хариуцуулахыг нь мэдье гэвэл Есүс хэзээ ирж, юу даатгахыг мэдэх хэрэгтэй.

16 Есүс хэзээ ирэх вэ? Дээрх үгийг хэлэхээсээ өмнө юу ярьсныг нь саная. Тэрбээр «ирнэ» гэсэн. «Ирэх» гэдгээр энэ тогтолцооны төгсгөлд шүүх ажиллагаа явуулахаар ирэхээ хэлсэн хэрэг юм * (Мат. 24:30, 42, 44). Тэгэхлээр итгэмжит боолын тухай сургаалт зүйрлэлд дурдсан «ирэх» гэдэг нь агуу их гай гамшгийн үед болох үйл явдлыг хэлж байна.

17. Есүсийн эзэмшил хөрөнгөнд юу багтдаг вэ?

17 Есүсийн «хамаг эзэмшил хөрөнгө» гэж юу вэ? «Хамаг» гэж хэлснийг үзвэл эзэмшил нь зөвхөн дэлхийд байгаа зүйлсээр хязгаарлагддаггүй байх нь ээ. Есүсийн эзэмшил тэнгэрт ч байгаа болохоор эрх мэдэл нь асар их юм. Тиймээс «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн» хэмээн айлдсан байдаг (Мат. 28:18; Еф. 1:20–23). Есүсийг 1914 онд хаан ширээнд заларснаас хойш «эзэмшил хөрөнгөнд» нь Тэнгэрийн Хаанчлал багтах болжээ. Энэхүү хөрөнгөө тослогдсон дагалдагчдынхаа хамт эзэмшинэ (Илч. 11:15).

18. Есүс хамаг эзэмшил хөрөнгөө яагаад дуртайяа даатгах вэ?

18 Сая ярьсан зүйлээ дүгнэе. Есүс шүүх ажиллагаа явуулахаар агуу их гай гамшгийн үед ирээд үнэнчээр үйлчилдэг боолыг харна. Тэгээд зарц нарт нь сүнслэг хоолыг цагт нь өгч ирсэн тэр боолд баярлаж хоёр дахь зүйл буюу хамаг эзэмшил хөрөнгөө даатгана. Итгэмжит боолыг бүрдүүлдэг хүмүүс тэнгэрт очиж шагналаа авах буюу Христтэй хамт захирах эрх мэдэлтэй болно. Энэ нь эзэмшил хөрөнгийг хариуцаж байгаа хэрэг юм.

19. Итгэмжит боолыг бүрдүүлдэг тослогдогсод тэнгэрт очоод бусдаасаа илүү шагнал авах уу? Тайлбарлана уу.

19 Итгэмжит боолын авах тэнгэрийн шагнал тослогдсон бусад христианыхаас илүү юү? Үгүй. Цөөн хэдэн хүнд өгнө гэж амласан шагналыг бусдад нь хүртээх тохиолдол байдаг. Жишээ нь, Есүс амиа алдахынхаа өмнөх шөнө 11 үнэнч элчдээ юу гэж хэлснийг авч үзье (Лук 22:28–30-ийг уншина уу). Тэднийг үнэнч байвал шагнана гэсэн. Тэд Есүстэй хамт хаан ширээнд сууж, захирах ажээ. Гэхдээ энэ шагналыг зөвхөн тэр 11 элчид биш, тослогдсон 144 000 хүнд бүгдэд нь өгнө. Тэд бүгдээрээ хаан ширээнд өөртэй нь хамт сууж, хамт захирахыг Есүс олон жилийн дараа онцлон тэмдэглэсэн (Илч. 1:1; 3:21). Матай 24:47-д бас дээрхтэй төстэй амлалт байдаг. Есүс итгэмжит боолыг бүрдүүлдэг цөөн хэдэн тослогдсон эрчүүдэд хамаг эзэмшил хөрөнгөө даатгахаа амласан. Цөөхөн хүнд амласан ч үнэндээ бол, тослогдсон 144 000 хүн бүгдээрээ Есүсийн хөрөнгийг хамтран эзэмшинэ (Илч. 20:4, 6).

Тослогдсон 144 000 хүн бүгдээрээ Есүсийн хөрөнгийг хамтран эзэмшинэ (19-р догол мөрийг үзнэ үү)

20. Есүс итгэмжит боолыг томилсны учир юу вэ? Та яахаар шийдсэн бэ?

20 Есүс нэгдүгээр зууны үед цөөн хэдэн хүнийг томилж олон хүнд хоол өгүүлсэн. Эцсийн энэ өдрүүдэд бас итгэмжит боолын бүрэлдэхүүнд багтдаг цөөн хэдэн хүнийг томилж, тослогдогсод болон өөр хонинуудаас бүрдсэн жинхэнэ дагалдагчдадаа сүнслэг хоолыг цаг тухайд нь өгч байна. Тиймээс бүгдээрээ итгэмжит, ухаалаг боолыг үнэнчээр дэмжиж, тэдэнд талархаж явцгаая (Евр. 13:7, 17).

 

^ Догол мөр 2: Өмнө нь Есүс үүнтэй төстэй сургаалт зүйрлэл хэлэхдээ «боолыг» «нярав» гэжээ (Лук 12:42–44).

^ Догол мөр 6: Матай 24:42, 44-т Христийг «ирнэ» (грекээр «эрхомаи») гэж бичсэн бол, Матай 24:3-т «заларч ирнэ» (грекээр «парусиа») гэж бичсэн байдаг. Есүс үл үзэгдэх байдлаар залраад ирчихсэн («парусиа») байгаа. Харин ирээдүйд ёс бусыг устгахаар «ирнэ» («эрхомаи»).

^ Догол мөр 12: Энэ дугаарын 10–12-р хуудсанд нийтлэгдсэн «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэсэн өгүүллийн 5–8-р догол мөрийг үзнэ үү.

^ Догол мөр 16: Энэ дугаарын 7, 8-р хуудсанд нийтлэгдсэн «Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? ... Бидэнд хэлээч» гэсэн өгүүллийн 14–18-р догол мөрийг үзнэ үү.