Skip to content

Гарчиг руу орох

Юугаар ч дутдаггүй Нэгэнд яагаад өгөх ёстой вэ?

Юугаар ч дутдаггүй Нэгэнд яагаад өгөх ёстой вэ?

«Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя» (Ш.ДЭЭД 29:13).

ДУУ: 1, 48

1, 2. Ехова хэр өгөөмөр вэ?

ЕХОВА өгөөмөр Бурхан билээ. Бидэнд байгаа бүхнийг Ехова өгсөн. Алт, мөнгө Еховагийнх. Дэлхий дээрх байгалийн нөөц баялаг ч Еховагийнх. Тэр бүхэн амьдралыг тэтгэдэг (Дуу. 104:13–15; Хаг. 2:8). Ехова ард түмнийхээ хэрэгцээг хангахдаа заримдаа гайхамшиг үйлддэг байсныг харуулах түүх Библид олон бий.

2 Жишээ нь, израйлчуудыг цөлөөр 40 жил тэнүүчилж явахад Ехова маннагаар тэжээж, усаар ундаалсан (Ег. 16:35). Үүний үрээр «тэд эс гачигдав» (Нех. 9:20, 21). Хожим нь Еховагийн зөнч Елиша нэгэн бэлэвсэн эмэгтэйд туслахын тулд жаахан тосыг арвижуулж гайхамшиг үйлдсэн. Хоёр хүүтэй тэр эмэгтэй тосоо зарж өрнөөсөө салаад, амьдралаа залгуулахад хүрэлцэх мөнгөтэй үлджээ (Х.дэд 4:1–7). Есүс гайхамшиг үйлдэх чадварыг Еховагаас авсан учраас олон мянган хүнд хоол өгч, тэр байтугай мөнгөн зоосыг гайхамшгаар бий болгож байсан (Мат. 15:35–38; 17:27).

3. Энэ өгүүллээр юү үзэх вэ?

3 Ехова дэлхий дээрх бүх бүтээлээ тэтгэж чадах хязгааргүй их нөөцтэй. Тэгсэн атлаа Хаант төрийн үйл хэргийг эд хөрөнгөөрөө дэмжихийг үйлчлэгчдэдээ уриалдаг (Ег. 36:3–7; Сургаалт үгс 3:9-ийг уншина). Үнэтэй гэсэн бүхнээ Еховад буцааж өгөх нь яагаад зохистой вэ? Эртний үнэнч хүмүүс Еховагийн үйл хэргийг хэрхэн дэмждэг байсан бэ? Манай байгууллага хандивын мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авцгаая.

БИД ЯАГААД ЕХОВАД ӨГДӨГ ВЭ?

4. Бид ямар учраас Еховад өгдөг вэ?

4 Бид Еховад хайртай бөгөөд талархдаг учраас түүнд өгдөг. Бидний төлөө хийсэн бүхнийг нь бодохоор сэтгэл хөдөлдөг. Сүм барихад юү хэрэгтэй байгааг Давид хаан тайлбарлахдаа, бидэнд байгаа бүх зүйл Еховагаас ирдгийг хүлээн зөвшөөрчээ. Бас бид Еховагаас авсан юмнаасаа л Еховад өгдөг гэж хэлсэн (Шастирын дээд 29:11–14-ийг уншина).

5. Харамгүй сэтгэлээр эд хөрөнгөө зориулах нь шүтлэгийн маань салшгүй хэсэг гэж хэлж болохын учир юү вэ?

5 Бас бид Еховаг шүтдэг учраас өгдөг. Элч Ёоханы үзсэн үзэгдэлд Еховагийн тэнгэрийн үйлчлэгчид: «Ехова Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн» гэж хэлж байв (Илч. 4:11). Үнэхээр ч Ехова бол магтуулж, хүндлүүлэх ёстой Нэгэн мөн. Тийм учраас бид өөртөө байгаа хамгийн сайн сайхан бүхнээ Еховад өгөхийг хүсдэг. Жилд гурван баяр тэмдэглэ гэсэн Еховагийн тушаалыг Мосе израйл үндэстэнд уламжилжээ. Израйлчууд эдгээр баяраар Еховаг шүтэхдээ «ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй» байв (Д.хууль 16:16). Бид ч бас Еховагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, талархах сэтгэлийн үүднээс харамгүй өгдөг. Энэ нь шүтлэгийн маань салшгүй хэсэг юм.

6. Өгдөг байх нь ямар ач тустай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

6 Зөвхөн аваад байлгүй, харин өгөөмөр сэтгэлээр өгдөг бол өөрсдөд маань тустай (Үйлс 20:35-ыг уншина). Жаахан хүүхэд эцэг эхийнхээ өгсөн халаасны мөнгөөр бэлэг худалдаж аваад эцэг эхдээ өгч байгаагаар төсөөл дөө. Аав ээж хоёр нь ямар их баярлах бол оо! Эсвэл аав ээжтэйгээ хамт амьдардаг эхлэгч хүү, охин нь байрны мөнгө төлөх, хоол хүнс авахад мөнгө нэмэрлэвэл яах вэ? Ингээсэй гэж аав ээж нь хүсээгүй ч бэлэг гэж үзээд авах байх. Хүүхдийнх нь хувьд эцэг эхдээ талархлаа илэрхийлэх нэг арга учраас тэр юм. Үүнтэй адилхан, үнэтэй зүйлээ өгөх нь бидэнд л сайн гэдгийг Ехова мэддэг.

БУРХНЫ ЭРТНИЙ ҮЙЛЧЛЭГЧИД ӨГДӨГ БАЙСАН

7, 8. Библи бичигдэж байх үеийн Еховагийн үйлчлэгчид а) тусгай ажлыг, б) Бурхны ажил хийдэг хүмүүсийг хэрхэн дэмждэг байсан бэ?

7 Үйлчлэгчид нь Еховагийн ажил үйлсийг дэмжиж хандив өргөдөг байсныг бид Библиэс мэдэх билээ. Заримдаа тусгай ажилд зориулж хувь нэмэр оруулдаг байжээ. Жишээлбэл Мосе мөргөлийн асар босгоход зориулж эд зүйлээ хандивлахыг ард түмэндээ уриалсан. Хожим нь Давид хаан сүм барих болоход мөн л ийнхүү уриалж байв (Ег. 35:5; Ш.дээд 29:5–9). Иехоаш хааны үеийн тахилчид хандивын мөнгөөр Еховагийн өргөөг засварласан (Х.дэд 12:4, 5). Нэгдүгээр зуунд Иудей нутаг өлсгөлөнд нэрвэгдэхэд тэндхийн ах дүү нарт тусламж хэрэгтэй болжээ. Итгэл нэгтнүүд нь үүнийг дуулаад чадлынхаа хэрээр тусламжийн бараа илгээсэн (Үйлс 11:27–30).

8 Еховагийн үйлчлэгчид удирдах үүрэгтэй хүмүүсийг дэмжиж мөнгө өгдөг байв. Мосегийн хуулиар, левичүүд өв хөрөнгө өвлөж авдаггүйгээрээ бусад овгоос ялгаатай байжээ. Израйлчууд тэдэнд аравны нэгийг өгдөг байв. Үүний дүнд левичүүд мөргөлийн асарт хийх ёстой ажлаа голлон анхаарч чаддаг байсан (Тоол. 18:21). «Эд хөрөнгөөрөө тусалдаг» өгөөмөр сэтгэлтэй эмэгтэйчүүдийн ачаар Есүс болон элчүүд гол ажлаа анхаарч чаддаг байжээ (Лук 8:1–3).

9. Бурхны үйлчлэгчид эрт цагт юу хандивладаг байсан бэ?

9 Израйлчууд янз бүрийн юмыг хандивладаг байсан нь мэдээжийн хэрэг. Жишээ нь цөлд мөргөлийн асрыг босгоход зориулж Египетээс авч гарсан эд зүйлсийг хандив болгон өргөжээ (Ег. 3:21, 22; 35:22–24). Нэгдүгээр зууны зарим дагалдагч эдлэн газар, байшин гэх мэтийн өмч хөрөнгөө зарж мөнгийг нь элчүүдэд өгсөн. Элчүүд тэр мөнгийг гачигдалтай хүмүүст хуваарилдаг байв (Үйлс 4:34, 35). Зарим дагалдагч Бурхны ажлыг дэмжихийн тулд мөнгө хадгалж, үүнийгээ тогтмол хандивладаг байсан (1 Кор. 16:2). Ийнхүү баян ядуу ямар ч хүн, байгаа юмнаасаа өгч чаддаг байв (Лук 21:1–4).

БИД Ч ӨГДӨГ

10, 11. а) Библи бичигдэж байх үеийн өгөөмөр сэтгэлтэй хүмүүсийг хэрхэн дуурайх вэ? б) Хаант төрийн үйл хэргийг дэмжихийг та юү гэж бодож байна вэ?

10 Тусгай зорилгоор хандив өргөхийг өнөөдөр ч бас уриалдаг. Жишээ нь танай хурлынхан цуглааны танхим барихаар төлөвлөсөн үү? Эсвэл одоогийн танхимдаа засвар үйлчилгээ хийх шаардлагатай юу? Салбарын барилгыг засварлах, чуулганы зардал төлөх, байгалийн гамшигт нэрвэгдсэн ах дүүдээ туслах зэрэгт санхүүгийн тусламж үзүүлж болно. Түүнчлэн байгууллагын төв болон салбаруудад ажилладаг хүмүүсийг дэмжиж хандив өргөдөг. Бидний хандив миссионерууд, тусгай эхлэгчид, дүүрэг хариуцагчдын ажилд тус дэм болдог. Манай байгууллага дэлхий дахинд буй ах дүүгийнхээ төлөө чуулганы болон цуглааны танхим барих төсөл хэрэгжүүлдэг. Танай хурал энэ ажлыг дэмжиж хандив илгээдэг нь дамжиггүй.

11 Еховагийн байгууллагын ажлыг дэмжих боломж бидний хэнд ч бий. Ихэнх хандивын эзэн тодорхойгүй байдаг. Бид цуглааны танхимд буй хандивын хайрцагт мөнгө хийхдээ эсвэл онлаинаар хандив өргөхдөө бусдад мэдэгддэггүй. Бага мөнгө өгсөн юм шиг санагдаж болох юм. Гэхдээ цугларсан хандивын ихэнх нь цөөн хүний их хэмжээгээр өгсөн мөнгөнөөс бус, харин олон хүний бага хэмжээгээр өгсөн мөнгөнөөс бүрддэг. Зарим итгэл нэгтэн маань, ялангуяа ядуу даржин ах дүү нар маань эртний Македон дахь дагалдагчидтай адил өгөөмөр сэтгэл гаргадаг. Македончууд «туйлын ядуу зүдүү» байсан хэр нь хандив өргөх завшаан олгохыг шаргуу гуйсны эцэст өгөөмрөөр өгчээ (2 Кор. 8:1–4).

12. Манай байгууллага хандивын мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ?

12 Удирдах Зөвлөлийн гишүүд хандивын мөнгийг юунд, хэрхэн зарцуулах талаар залбирч байгаад нухацтай ханддаг. Ийнхүү итгэмжтэй, ухаалаг гэдгээ баталдаг (Мат. 24:45). Цугларсан хандивыг төсөвлөсний дагуу зарцуулдаг (Лук 14:28). Библи бичигдэж байх үед хандив хариуцдаг үнэнч хүмүүс хандивыг зөвхөн зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа эсэхийг анхаардаг байжээ. Жишээ авъя. Езраг Иерусалим руу буцах болоход Персийн хаан алт, мөнгө гээд одоогийн ханшаар 100 сая гаруй америк долларын эд зүйл өгдөг. Езра энэ бэлгийг Еховад өргөсөн сайн дурын өргөл гэж үзээд аян замын турш сайтар харж хамгаалах журам тогтоосон. Аюул осол ихтэй замаар аялахдаа тэр журмыг дагаж мөрдсөн учир үнэт эдлэлээ Иерусалимд бүрэн бүтэн авч очжээ (Езр. 8:24–34). Энэ явдлаас хойш олон жилийн дараа элч Паул Иудей дэх итгэл нэгтнүүддээ зориулж хандив цуглуулсан. Хандивыг тарааж буй хүмүүс «Ехова ч, хүмүүс ч хардаг» гэдгийг санаад «ямар ч юмыг хийхдээ шударга» байх ёстой байлаа. Тиймээс Паул энэ талаар ихэд анхаарч ажиллажээ (2 Коринт 8:18–21-ийг уншина). Манай байгууллага Езра Паул нарын жишээг санаж хандивын мөнгийг зарцуулахдаа хянуур ханддаг.

13. Манай байгууллага сүүлийн үед юугаа өөрчилж байгаа вэ?

13 Зарим айл орлого зарлагаа тэнцүүлэх юм уу Еховагийн төлөө илүү ихийг хийхийн тулд зардлаа багасгаж чирэгдэл багатай амьдрах арга хайдаг. Еховагийн байгууллага ч бас адилхан. Сүүлийн жилүүдэд шинэ шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Үүний улмаас заримдаа их мөнгө зарлагадах шаардлагатай болдог. Тийм учраас манай байгууллага зардлаа багасгаж, ажлаа хялбарчлах арга зам хайдаг. Ингэснээр та бүхний өгөөмөр сэтгэлийн хандивыг үр ашигтай зарцуулж олон ажил амжуулах боломжтой болдог.

ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР

Таны хандив дэлхий дахины үйл хэрэгт нэмэр болдог (14–16-р догол мөрийг үзээрэй)

14-16. а) Таны хандивыг юунд зарцуулдаг вэ? б) Энэ нь танд ямар ач тустай вэ?

14 Еховад он удаан жил үйлчилж буй олон хүний хэлснээр, урьд нь хэзээ ч ийм их бэлгийг байгууллагаасаа авч байгаагүй ажээ. Бид jw.org саит, JW телевизтэй болсон. «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» улам олон хэлээр гарч байна. 2014, 2015 онд дэлхийн өнцөг булан бүрд байдаг 14 хотын хамгийн том гэгдэх цэнгэлдэх хүрээлэнгүүдэд «Эхлээд Бурхны Хаанчлалыг хайгтун!» гэсэн сэдэвтэй олон улсын чуулган гурван өдөр болсон. Тэнд очсон хүмүүсийн сэтгэл их хөдөлжээ.

15 Олон хүн Еховагийн байгууллагаас янз бүрийн бэлэг авч байгаадаа талархдаг. Жишээ нь Азийн нэгэн оронд үйлчилдэг эхнэр нөхөр хоёр JW телевизийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд: «Бидний томилогдсон хот их жижигхэн л дээ. Тийм болохоор заримдаа ганцаардаж Еховагийн ажил маш өргөн цар хүрээнд болж байгааг амархан мартдаг. Харин JW телевизийн янз бүрийн хөтөлбөрийг үзэхээрээ олон улсын ах дүүгийн барилдлагатайгаа санадаг. JW телевизтэй болоход эндхийн ах дүү нар маань маш их баярласан. Сар бүрийн нэвтрүүлэг үзэхээрээ Удирдах Зөвлөлийн гишүүдтэй ойр дотно болсон юм шиг санагддаг гэж байнга ярьдаг. Одоо тэд Бурхны байгууллагын нэг хэсэг гэдгээрээ бүр ч их бахархдаг болсон» гэж бичжээ.

16 Одоогийн байдлаар засаж тордож эсвэл шинээр барьж буй цуглааны танхимын тоо дэлхий даяар 2 500 орчим байна. Гондурасын нэгэн хурлын гишүүд өөрийн гэсэн цуглааны танхимтай болохыг мөрөөддөг байжээ. Мөрөөдөл нь биелсний дараа талархлаа илэрхийлж: «Бид Еховагийн орчлонт ертөнц дэх гэр бүлд багтдагаараа маш их бахархаж байна. Бас олон үндэстэнтэй ах дүүгийн барилдлагатай болсондоо үнэхээр баярлаж байна» гэж бичжээ. Библи болон бусад ном хэвлэлийг эх хэлээрээ уншаад, байгалийн гамшгийн үед тусламж аваад эсвэл олон нийтэд дэлгэрүүлж үр өгөөжийг нь хүртээд талархлаа илэрхийлдэг хүн олон байдаг.

17. Ехова байгууллагаа дэмждэгийн баталгаа юү вэ?

17 Еховагийн Гэрчүүдийн хийдэг энэ бүх ажил зөвхөн сайн дурын хандиваар санхүүждэгийг ихэнх хүн ойлгодоггүй. Том компанийн гүйцэтгэх захирал манай байгууллагын хэвлэх үйлдвэрийг үзжээ. Худалдаа арилжаа хийж мөнгө төгрөгөө өсгөхгүйгээр, харин бүх ажлыг хандивын мөнгөөр, сайн дурынхан хийдгийг мэдээд маш их гайхсан гэнэ. Ийм байх боломжгүй гэж тэрээр хэлжээ. Үнэндээ тийм л дээ! Ехова тусалж байгаа учраас л ийм боломж бүрддэгийг бид мэддэг (Иов 42:2).

ЕХОВАД БУЦААЖ ӨГВӨЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

18. а) Хаант төрийн үйл хэргийг дэмжиж хандив өргөвөл ямар ивээл хүртэх вэ? б) Үр хүүхэд, суралцагчаа хэрхэн сургах вэ?

18 Ехова биднийг хүндэлж агуу ажлыг нь дэмжих боломж олгодог. Хаант төрийн үйл хэргийн төлөө хандив өргөдөг хүнийг ивээхээ амладаг (Мал. 3:10). Бас харамгүй өгдөг хүн дэвжин дээшилнэ гэсэн (Сургаалт үгс 11:24, 25-ыг уншина). «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэдэг болохоор бид бусдад өгөхийн хэрээр жаргалтай байдаг (Үйлс 20:35). Энэ үйл хэрэгт хувь нэмэр оруулж их ивээл хүртэж болохыг үр хүүхэд болон Библийн суралцагчдаа хэлж ярьдаг байцгаая. Бас өөрсдөө үлгэр дуурайл үзүүлцгээе.

19. Энэ өгүүллийг судлаад та яахаар шийдсэн бэ?

19 Бидэнд байгаа бүхэн Еховагийнх билээ. Өгсөн юмыг нь буцааж өгдөг маань Еховаг хайрлаж, хийсэн бүхнийх нь төлөө талархдагаа харуулж буй хэрэг юм (Ш.дээд 29:17). Сүм барихад зориулан израйлчууд «бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав» гэж Библид бичжээ (Ш.дээд 29:9). Еховагаас авсан юмнаасаа буцааж өгөөд үргэлж баяр хөөртэй, сэтгэл хангалуун явцгаая.