Skip to content

Гарчиг руу орох

Еховад үйлчилдэг ба үйлчилдэггүй хүмүүсийн ялгаа

Еховад үйлчилдэг ба үйлчилдэггүй хүмүүсийн ялгаа

«Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг ... ялгадаг болно» (МАЛ. 3:18).

ДУУ: 29, 53

1, 2. Өнөөдөр Бурхны үйлчлэгчдэд ямар аюул тулгардаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ХАЛДВАРТ өвчтэй хүмүүсийн дунд ажилладаг эмч, сувилагч олон. Тэд өвчтөнүүдээ эдгээхийг хүсдэг учраас асарч сувилдаг. Гэхдээ өвчин тусахгүйн тулд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Еховагийн үйлчлэгчдийг тэдэнтэй адилтгаж болно. Бурхны илэрхийлдэг зан чанар, хандлагаас тэс өөр зан чанар, хандлагатай хүмүүстэй хамт ажиллаж, амьдардаг хүн бидний дунд олон бий. Өвчин халддаг шиг тэдний нөлөөнд автах аюул байдаг.

Сатаны ертөнц эдүгээ ёс суртахууны завхралд автжээ. Элч Паул Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа Бурхныг хайрладаггүй хүмүүсийн зохисгүй ааш авирыг тоочин бичсэн байдаг. Төгсгөл ойртох тусам ийм хүмүүс улам олшрох ажээ (2 Тимот 3:1–5, 13-ыг уншина). Бурхны үйлчлэгчид тэднийг хараад цочирдож болох юм. Тэгсэн атлаа нөлөөнд нь автаж болзошгүй (Сур. 13:20). Энэ өгүүллээр, Бурхныг мэддэггүй хүмүүсийн болон Бурхны үйлчлэгчдийн зан чанарын ялгааг үзнэ. Түүнээс гадна Бурхны тухай мэдэхэд нь хүмүүст туслахын зэрэгцээ муу ааш авиртай хүмүүсийн нөлөөнд автахгүйн тулд яах хэрэгтэйг ярилцана.

3. 2 Тимот 3:2–5-д гардаг хүмүүс нь хэн бэ?

3 «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ» гэж элч Паул бичжээ. Тэрээр цааш нь өнөөгийн хүмүүсийн нийтлэг 19 зан чанарыг жагсаасан. Эдгээр нь Ром 1:29–31-д тоочсон зан чанаруудтай төстэй. Гэхдээ Тимотод бичсэн Паулын захидалд Грек Судрын өөр хаана ч байхгүй үг хэллэг гардаг. Бурхны таалалд нийцдэггүй зан чанарыг тоочихоосоо өмнө Паул: «Учир нь хүмүүс ...» гэж бичсэн. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь тийм зан авир гаргана гэсэн үг юм. Гэхдээ бүгдээрээ биш. Христийн дагалдагчид тэс өөр хүмүүс байх юм (Малахи 3:18-ыг уншина).

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

4. Бардам ихэмсэг хүн ямар байдаг вэ?

4 Паул хүмүүсийг аминч, мөнгөнд дуртай болно гэснийхээ дараа сагсуу, их зантай, бардам ихэмсэг болно гэж бичжээ. Ийм хүмүүс царай зүс, бие бялдар, авьяас чадвар, эд хөрөнгө, нийгэмд эзлэх байр суурь гэх мэтээрээ бахархаж өөрийгөө бусдаас илүү гэж боддог. Тэд өөрсдийгөө магтуулах, бишрүүлэхийг маш их хүсдэг. Нэгэн эрдэмтэн ихэмсэг бардам хүний тухай бичихдээ «Сэтгэл зүрхэндээ байдаг бяцхан тахилын ширээнийхээ өмнө зогсоод өөртөө мөргөдөг» хэмээжээ. «Хэтэрхий бардам байх муухай. Бардам хүмүүс хүртэл бусдын бардамнахыг хараад дургүйцдэг» гэж зарим хүн ярьдаг.

5. Бурхны үнэнч үйлчлэгчид хүртэл хэрхэн бардам болсон бэ?

5 Ехова «ихэмсэг харц» буюу бардам занг үзэн яддаг гэж Библид бичжээ (Сур. 6:16, 17). Бурхантай ойр дотно болоход бардам зан саад болдог (Дуу. 10:4). Энэ бол Сатаны зан юм (1 Тим. 3:6). Харамсалтай нь, Еховагийн үнэнч үйлчлэгчид хүртэл бардам болсон гашуун түүх бий. Иудагийн хаан Уззиа олон жил үнэнч байсан. «Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж, тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм» гэж Библид бичжээ. Үнэнч хаан Хезекиа бас хэсэг зуур бардам болсон (Ш.дэд 26:16; 32:25, 26).

6. Бардам болох шалтгаан Давидад байсан уу? Гэвч яагаад бардам болоогүй вэ?

6 Зарим хүн гоо үзэсгэлэн, нэр алдар, хөгжмийн авьяас, бие бялдрын хөгжил, өндөр байр суурь гэх мэтээс болоод бардам болдог. Давидад энэ бүхэн цогцолсон хэр нь насан туршдаа даруу байжээ. Голиатыг ялсных нь дараа Саул хаан түүнд охиноо эхнэр болгон өгөх гэхэд «Би хэн билээ? Миний амьдрал, миний эцгийн гэр бүл ч Израильд юу билээ? Би яаж хааны хүргэн болох вэ?» гэжээ (1 Сам. 18:18). Давид яагаад даруу байж чадсан бэ? Ехова Давидад санаа тавихын тулд «өөрийгөө даруу болгож» ийм сайхан зан чанар, авьяас билиг өгч, эрх мэдэлтэй болгосон билээ (Дуу. 113:5–8). Өөрт нь байгаа сайн сайхан бүхнийг Ехова өгсөн гэдгийг тэрээр мэддэг байсан (1 Коринт 4:7-той харьцуулаарай).

7. Ямар байвал даруугийн шинж вэ?

7 Бурхны орчин үеийн үйлчлэгчид Давид шиг даруу байхыг хичээдэг. Орчлонт ертөнцийн хамгийн дээд Нэгэн Ехова даруу байдаг гээд бодохоор сэтгэл хөдөлдөг (Дуу. 18:35). «Өрөвч сэтгэл, сайхан сэтгэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» гэсэн зөвлөгөөг ажил хэрэг болгохыг бид хичээдэг (Кол. 3:12). Мөн бусдыг хайрладаг хүн «онгирдоггүй, бардамнадаггүй» гэдгийг мэддэг (1 Кор. 13:4). Хэрэв бид даруу байвал хүмүүс Еховад татагдана. Энэ нь эхнэр хүн «үгээрээ биш, харин биеэ авч явах байдлаараа» нөхрийгөө талдаа оруулдагтай адил юм (1 Петр 3:1).

БУСДАД ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?

8. а) Эцэг эхдээ дуулгаваргүй байхыг өнөөдөр зарим хүн юү гэж үздэг болсон бэ? б) Хүүхдүүдэд зориулсан ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

8 Эцсийн өдрүүдэд хүмүүсийн хоорондох харьцаа ямар болохыг Паул бичжээ. Жишээ нь, хүүхдүүд эцэг эхдээ захирагдахгүй болно гэсэн. Үүнийг байх л ёстой зүйл гэж үзэн, тэр ч байтугай ихэнх ном зохиол, кино, зурагтын нэвтрүүлгээр хөхүүлэн дэмжиж байгаа нь нийгмийн хамгийн жижиг хэсэг болох гэр бүл тогтворгүй болоход нөлөөлж байна. Хүн төрөлхтөн үүнийг аль эртнээс мэддэг байсан. Тухайлбал, эртний Грект эцэг эхдээ гар хүрсэн хүн иргэний эрхээ бүгдийг нь хасуулдаг байжээ. Түүнчлэн Ромын хуулиар бол, эцгийгээ зодох нь хүн алсантай адил ноцтой хэрэг байв. Еврей, Грек Судрын аль алинд эцэг эхээ хүндлэх тушаал бий (Ег. 20:12; Эф. 6:1–3).

9. Эцэг эхдээ дуулгавартай байхын тулд хүүхэд яах хэрэгтэй вэ?

9 Бусдын нөлөөнд автаж дуулгаваргүй болохгүйн тулд хүүхэд яах хэрэгтэй вэ? Эцэг эх нь өөрийнх нь төлөө юу хийснийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тэгвэл эцэг эхдээ талархаж, дуулгавартай байя гэж боддог болно. Бас бүх хүний Эцэг Ехова Бурхан дуулгавартай байгаарай гэж хүүхдүүдэд хэлдгийг бодоорой. Хэрэв чи эцэг эхийнхээ талаар сайнаар ярьдаг бол найзууд чинь бас эцэг эхээ хүндэлнэ. Эцэг эх нь хүүхдээ хайрладаггүй бол чин сэтгэлээсээ дуулгавартай байх амаргүй. Харин аав ээжийнхээ хайрыг мэдэрсэн хүүхэд хэчнээн хэцүү байсан ч үгэнд нь орж баярлуулахыг хүсдэг. Залуу Гэрч Оостин: «Би буруу юм хийчихдэг болсон байв. Тэгэхэд аав ээж маань тохирсон дүрэм гаргаж, шалтгааныг нь тайлбарлаж өгөөд, бүх юмыг надтай илэн далангүй ярилцдаг болсон. Миний л төлөө энэ бүхнийг хийж байгааг нь би ойлгосон учраас үгэнд нь орох хүсэлтэй болсон» гэж ярьсан юм.

10, 11. а) Нэг нэгнээ хайрладаггүй хүмүүс ямар байдаг вэ? б) Христийн жинхэнэ дагалдагчид ямар байдаг вэ?

10 Хүмүүс нэг нэгнээ хайрлахаа больсныг харуулах зан авирыг Паул цааш нь жагсаажээ. «Эцэг эхдээ захирагддаггүй» гэсний дараа талархдаггүй гэж бичсэн нь тун оносон юм. Яагаад гэвэл талархдаггүй хүн бусдын сайхан сэтгэлийг үнэлдэггүй. Хүмүүс бас үнэнч бус болох ажээ. Түүнчлэн эвлэршгүй буюу бусадтай найрсаг харьцаатай байх дургүй болно гэсэн. Доромжлогч, урвагч болох учраас сэтгэл шархлуулам үгээр нэгнийгээ, тэр байтугай Бурхныг доромжилно. Худлаа ярьж бусдын нэр хүндийг гутаадаг гүжирдэгчид гарна гэж бас бичсэн байна. *

11 Хүн хүнээ хайрлахаа больсон өнөөгийн нийгэмд бусдыг чин сэтгэлээсээ хайрладгаараа Еховагийн үйлчлэгчид эрс ялгардаг. Түүхийн аль ч цаг үед ийм л байсан. Мосегийн хуулийн хамгийн чухал тушаал нь Бурхныг хайрлах, хоёр дахь чухал тушаал нь хөршөө хайрлах гэдгийг Есүс онцолжээ. Энэ нь агапи хайр юм (Мат. 22:38, 39). Мөн жинхэнэ дагалдагчид нь нэг нэгнээ хайрлах хайраараа танигдана гэж Есүс хэлсэн (Ёохан 13:34, 35-ыг уншина). Христийн жинхэнэ дагалдагчид дайснаа ч хайрлах учиртай (Мат. 5:43, 44).

12. Есүс хүмүүст хайртайгаа хэрхэн баталсан бэ?

12 Есүс хүмүүст үнэхээр их хайртай хүн байжээ. Тэрээр нэг хотоос нөгөө рүү явж, Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг түгээхийн зэрэгцээ сохор, доголон, дүлий, уяман өвчтэй хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулж байв (Лук 7:22). Түүгээр ч барахгүй өөрийг нь үзэн яддаг хүн олон байсан ч бүгдийн төлөө амиа өгсөн. Ийнхүү хайр халамжтай Эцгээ төгс дуурайдгаа баталжээ. Дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүд Есүсийг дуурайн бусдад хайраа илэрхийлдэг.

13. Бусдад хайраа илэрхийлэх нь ямар ач холбогдолтой вэ?

13 Бидний хайрыг мэдрэхээрээ хүмүүс тэнгэрийн Эцэгт маань татагддаг. Жишээлбэл, Тайландад нэг эрэгтэй бүсийн чуулганд сууж байхдаа Гэрчүүд нэг нэгнээ хэрхэн хайрладгийг хараад сэтгэл нь хөдөлжээ. Гэртээ эргэж ирээд 7 хоногт 2 удаа Библийн хичээл заалгах хүсэлт гаргасан байна. Тэрээр бүх хамаатандаа дэлгэрүүлж, чуулганаас хойш 6-хан сарын дараа анх удаа Библиэс унших даалгавар биелүүлжээ. Бусдыг хэр зэрэг хайрладгаа мэдье гэвэл «Би гэрийнхэн, хурлынхан, дэлгэрүүлж явахад таардаг хүмүүст чадах ядахаараа тусалдаг билүү? Тэдэнд Еховагийн үзэл бодлоор хандахыг хичээдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай.

ХОНЬ, ЧОНО

14, 15. Хүмүүс яаж араатан шиг авирладаг вэ? Зарим хүн хэрхэн өөрчлөгдсөн бэ?

14 Эцсийн өдрүүдэд амьдардаг хүмүүс, дээр дурдсанаас гадна өөр янз бүрийн зохисгүй авир гаргадаг учир Христийн дагалдагчид тэднээс хол явах шаардлагатай. Жишээ нь тэд сайныг үзэн яддаг. Бас биеэ хянадаггүй, хэрцгий авиртай. Зарим нь бодлогогүй буюу ямар нэг юм хийхдээ бусдад яаж нөлөөлөхийг ч боддоггүй.

15 Урьд нь араатан шиг авиртай байсан ч өөрчлөгдсөн хүн олон бий. Үүнийг Библид зөгнөсөн байдаг (Исаиа 11:6, 7-г уншина). Энэ зүйлд чоно, арслан гэх мэтийн зэрлэг араатнууд хурга, тугал зэрэг гэрийн тэжээвэр амьтадтай эвтэй найртай амьдрах тухай бичжээ. Яагаад гэдгийн учрыг дараа нь тайлбарласан. «Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» гэснийг анхаараарай (Ис. 11:9). Амьтад Еховагийн тухай мэдлэгтэй болохгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ зөгнөл бэлгэдлийн утгаар хүмүүст хамаатай. Зан чанар нь өөрчлөгдөнө гэсэн үг.

Библийн зарчмыг баримталдаг хүн өөрчлөгддөг! (16-р догол мөрийг үзээрэй)

16. Библи хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?

16 Чоно шиг зэрлэг авиртай байсан олон хүн өнөөдөр бусадтай эвтэй найртай харьцдаг болжээ. «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Библи хүнийг өөрчилдөг» буланг jw.org саитаас олоод тийм хүмүүсийн тухай уншиж болно. Тэд Еховаг мэдэж аваад үйлчлэгч нь болжээ. Сүсэгтэй хүний дүртэй ч, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдардаггүй хүмүүсээс огт өөр юм. Харин ч «шударга сайн, үнэнч байхыг сургадаг Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөж» явна (Эф. 4:23, 24). Хүмүүс Бурхны тухай судалж мэдэхээрээ тогтоосон хэм хэмжээнд нь нийцүүлэх шаардлагатайгаа ойлгодог. Тэгээд итгэл үнэмшил, үзэл бодол, үйл хэргээ өөрчлөхөөр шийддэг. Ингэж өөрчлөгдөх нь амаргүй. Гэхдээ Бурхны хүсэл таалалд нийцүүлэх гэсэн чин хүсэлтэй учраас Бурхан тэдэнд агуу хүчээрээ тусалдаг.

«ИЙМ ХҮМҮҮСЭЭС ХОЛ БАЙ»

17. Муу зан чанартай хүмүүсээс хэрхэн хол байх вэ?

17 Бурханд үйлчилдэг хүн, үйлчилдэггүй хүний ялгаа улам бүр тодорч байна. Бурханд үйлчилдэггүй, муу зан чанартай хүмүүсийн нөлөөнд автахаас бид болгоомжлох ёстой. 2 Тимот 3:2–5-д дурдсан хүмүүсээс хол байх нь зүйтэй. Мэдээж тэднээс бүрмөсөн холбоогоо таслах аргагүй. Хамт ажиллаж, сурч, тэр бүү хэл хамт амьдардаг. Гэлээ ч тэдэнтэй адилхан үзэл бодол, зан чанартай болохоос сэргийлж болдог. Яаж? Библи судлаарай. Түүнчлэн Еховад үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүстэй дотносон нөхөрлөөрэй. Тэгдэг бол Еховатай тогтоосон андын холбоо улам батажна.

18. Үг яриа, үйл хөдлөл маань бусдад хэрхэн сайнаар нөлөөлж болох вэ?

18 Бид Еховагийн тухай мэдэхэд нь хүмүүст туслах үүрэгтэй. Дэлгэрүүлэх боломжийг хайх хэрэгтэй. Цагийг нь олоод зөв ярихад туслахыг Еховагаас гуйгаарай. Еховагийн Гэрч гэдгээ хэлж байгаарай. Биеэ зөв авч явааг маань хүмүүс хараад биднийг биш, Бурхныг алдаршуулна. «Бурхны хүсэл таалалд нийцдэггүй болон энэ ертөнцөд байдаг муу муухай бүхнийг хүсэхгүй байж, өнөө үед ухаалаг, гэм зэмгүй, Бурханд үнэнч байх ёстойг» бид заалгадаг шүү дээ (Тит 2:11–14). Бурхны таалалд нийцүүлж биеэ авч явдаг бол хүмүүс ажиглана. Тэр битгий хэл, зарим нь: «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэж хэлж магадгүй (Зех. 8:23).

^ д/м 10 «Гүжирдэгч» гэдгийг грекээр диаболос гэдэг. Энэ бол хар санаа өвөрлөн Бурхныг гүтгэсэн Сатаны өөр нэр юм.