Skip to content

Гарчиг руу орох

Энэ ном хэрхэн хадгалагдан үлдсэн бэ?

Энэ ном хэрхэн хадгалагдан үлдсэн бэ?

Энэ ном хэрхэн хадгалагдан үлдсэн бэ?

Эртний гар бичмэлүүдэд гал, чийг, хөгц гээд байгалийн дайснууд байв. Библид ч ийм аюул заналхийлж байсан. Цаг хугацааны шалгуурыг хэрхэн давж гараад, дэлхийд хамгийн түгээмэл ном болсон түүх нь энэхүү номыг эртний судар бичгүүдээс эрс ялгаатай болохыг харуулдаг. Энэ тухай лавшруулан судалбал зүйд нийцэх билээ.

БИБЛИЙГ бичигчид чулуу юм уу бат бөх шавар хавтан дээр үгээ сийлж байсангүй. Харин амархан гэмтэж мууддаг папирус (Египетэд ургадаг ийм нэртэй хулсаар хийдэг) болон илгэн цаасан дээр (амьтны арьсаар хийдэг) бичдэг байжээ.

Тэгвэл тэдгээр эх бичиг яасан бол? Аль дээр үед, ихэнх нь эртний Израильд устаж үгүй болсон. Эрдэмтэн Оскар Парет: «Юм бичих зориулттай энэ хоёр материалын [папирус, илэг] аль алинд хөгц, чийг, янз бүрийн шавьж хорхойн аюул байсан. Цаас байтугай цааснаас бөх арьс хүртэл нар салхинд, чийгтэй өрөөнд байхлаараа яаж мууддагийг бид өдөр тутмын амьдралаас мэддэг шүү дээ» хэмээн тайлбарлажээ.1

Хэрэв эх бичиг нь нэгэнт байхгүй болсон юм бол Библийн үг өгүүлбэр яаж өнөөг хүртэл хадгалагдсан байж таарах вэ?

Нямбай хуулан бичээчдийн ачаар хадгалагдсан нь

Эх Библийг бичиж дуусгасны дараахнаас гараар хувилан олшруулах болжээ. Библийг хуулан бичих нь эртний Израильд бүр мэргэжил болсон байна. Тухайлбал, «Мосегийн хуулийн чадварлаг хуулан бичээч» Езра гэдэг хүний тухай Библид өгүүлдэг (Езра 7:6, ШЕ). Хуулбаруудыг мөн л гэмтэж муудахдаа амархан материал дээр хийдэг байв. Яваандаа хуучирч муудахлаар нь дахин шинээр хийдэг байсан аж. Библийн эх үгүй болоход эдгээр гар бичмэл дараа дараагийн хуулбарын үндэс болдог байжээ. Хуулан бичих ажил олон зууны турш үргэлжилсэн юм. Тийм олон жилийн явцад хуулан бичээчид алдаа гаргаж, Библийн бичвэрийг үндсээр нь өөрчилчихөөгүй байгаа? Өөрчлөөгүй гэдгийг баримт харуулдаг.

Мэргэжлийн хуулан бичээчид ажилдаа туйлын үнэнч, бичиж буй үг өгүүлбэртээ ихэд сүслэн ханддаг нямбай хүмүүс байжээ. «Хуулан бичээч» гэж буудаг софер хэмээх еврей үг нь тоолох, бичиж тэмдэглэх гэсэн утгатай аж. Хуулан бичээчдийн хэр нямбай байсныг масоретүүдийн жишээ харуулдаг. * Эрдэмтэн Томас Хартвелл Хорн: «Тэд... „Таван ном“-ын [Библийн эхний таван ном] голын үсэг, мөн ном бүрийн дунд байгаа өгүүлбэрийг олж тэмдэглээд, нийт Еврей Сударт [еврей] цагаан толгойн үсэг тус бүр хэдэн удаа гардгийг тоолж байжээ» хэмээн бичжээ.

Чадварлаг хуулан бичээчид харьцуулан хянах хэд хэдэн арга хэрэглэдэг байв. Тэд Библийн бичвэрээс ганц ч үсэг гээхгүйн тулд хуулж бичсэн үгээ төдийгүй үсгээ хүртэл тоолдог байжээ. Энэ нь хэчнээн чимхлүүр ажил байсныг бодож үзэгтүн. Ном зохиолд тэмдэглэснээр, тэд Еврей Судрын нийт 815 140 үсгийг тоо ёсоор нь хуулах ёстой байжээ!4 Тийм хичээнгүй ажилладгийн ачаар хуулбар нарийн зөв болдог байв.

Гэсэн хэдий ч хуулан бичээчид алдаа гаргадаг л байсан шүү дээ. Олон зууны турш ахин дахин хуулж байсан ч, Библийн бичвэр зохих байдлаар хадгалагдан үлдсэн гэсэн ямар нэг баталгаа байна уу?

Библид итгэх баттай үндэс

Библи анх байсан тэр л янзаараа өнөөг хүрсэн гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Еврей Судар (бас «Хуучин Гэрээ» гэдэг) болон түүний хэсгийн 6 000 шахам гар бичмэл, мөн 5 000 орчим Грек Судрын (бас «Шинэ Гэрээ» гэдэг) хуулбар одоо байгаа нь үүний баталгаа юм. Тэдгээрийн дотор Библийг хэчнээн нарийн зөв хуулж байсны тод жишээ болдог, 1947 онд олдсон Еврей Судрын хуулбар байдаг. Үүнийг «гар бичмэлийн, орчин үеийн хамгийн агуу олдвор» гэж нэрлэх болжээ.5

1947 оны эхээр, хонио хариулж явсан нэгэн бедуин хүү Сөнөсөн тэнгисийн орчимд агуй байхыг олжээ. Агуй дотор ихэнх нь хоосон шавар ваарнууд байв. Гэтэл сайтар тагласан нэг ваарнаас зотон даавуун баринтагтай, арьсан хуйлмал бичиг гарчээ. Тэр нь Библийн «Исаиа» ном бүтнээрээ байсан аж. Элэгдэж хуучирсан ч сайн хадгалагдсан энэ хуйлмал бичгийг сэргээн засварласан ул мөр байв. Хоньчин хүү гартаа барьж байсан эртний хуйлмал бичгийг хожмоо дэлхий нийтийн анхаарлыг татах юм гэж бодоо ч үгүй биз ээ.

Энэ гар бичмэл юугаараа тийм онцгой байв аа? 1947 оноос өмнө бүтэн Еврей Судрын хамгийн эртний хуулбарыг МЭ X зууных гэж тооцож байлаа. Гэтэл дээрх хуулбар МЭӨ II зууных буюу мянга гаруй жилээр эртнийх ажээ. * Эрдэмтэд энэ гар бичмэлийг бүр сүүлд хийсэн хуулбаруудтай харьцуулбал ямар байхыг ихэд сонирхож байлаа. *

Эрдэмтэд нэгэн судалгаагаараа Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон «Исаиа» номын 53-р бүлгийг түүнээс мянган жилийн хойно масоретүүдийн хийсэн хуулбартай тулгаж үзжээ. Нэгэн номд уг судалгааны дүнг тайлбарлаж: «„Исаиа“ номын 53-р бүлгийн 166 үгэнд ердөө 17 үсэг эргэлзээ төрүүлж байна. Үүнээс 10 үсэг зөв бичгийн дүрэмтэй холбоотой болохоос, утгад нөлөөлөөгүй байна. Дөрөв нь холбоос гэх мэтийн найруулга зүйн ялимгүй өөрчлөлттэй. Үлдсэн гурав нь 11-р зүйлд нэмсэн „гэрэл“ гэдэг үг бүтээдэг ба утгад гойд нөлөөлөөгүй... Тэгэхлээр, мянган жилийн дараах хуулбарт 166 үгнээс бүрдсэн нэг бүлэгт ганцхан л үг (гурван үсэг) эргэлзээ төрүүлж байна. Гэхдээ энэ үг тухайн өгүүлбэрийн утгыг тэгтэл нь өөрчлөөгүй байна» гэжээ («A General Introduction to the Bible»).7

Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон хуйлмал бичгүүдийг олон жил судалж байгаа профессор Миллар Бэроус тэдгээрийн агуулгыг задлан шинжлээд, дараах дүгнэлтэд хүрч: «„Исаиа“ номын саяхан олдсон хуулбар болон масорет бичвэрийн хооронд байдаг ихэнх ялгааг, хуулбарлах явцад гарсан алдаа гэж хэлж болно. Тэдгээрийг эс тооцвол, дундад зууны үеийн хуулбартай үндсэндээ гайхалтай таардаг. Тийм эртний хуулбар тэгж таарсан байдаг нь уламжлалт бичвэр ерөнхийдөө нарийн зөв байдгийг баттай гэрчилдэг» гэжээ.8

Грек Судрын хуулбаруудыг ч мөн «баттай гэрчилж» болно. Тухайлбал, XIX зуунд олдсон, нимгэн илгэн цаасан дээр бичсэн «Синайн кодекс» хэмээх МЭ IV зууны үеийн гар бичмэлийн тусламжтайгаар, үүнээс хэдэн зууны хойно хийсэн Грек Судрын хуулбаруудын нарийн зөв болохыг баталсан. Египетийн Фаюм мужаас олдсон, папирус дээр бичсэн «Иохан» номын тасархайг МЭ II зууны эхний хагаст хамаарахыг тогтоожээ. Энэ нь жинхэнэ эхээсээ 50-иас доошгүй жилийн дараа бичигдсэн хэрэг байв. Эл олдвор хуурай элсэнд олон зууны турш хадгалагдсан байна. Бичвэр нь, нэлээд хожуу хийсэн хуулбаруудын бичвэртэй тохирдог.9

Хуулан бичээчид үнэхээр няхуур нямбай байжээ гэдгийг энэ болон бусад баримт баталдаг. Гэсэн ч тэд алддаг байсан. Ямар ч алдаагүй хуулбар гэж байдаггүй. Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон «Исаиа» номын хуулбарт ч ямар нэг хэмжээгээр алдаа бий. Тийм хэдий ч эрдэмтэд жинхэнэ эхээс зөрсөн ялгааг олоод, засаж чаддаг байв.

Хуулан бичээчдийн алдааг зассан нь

100 хүнд их хэмжээний баримт бичиг гараар хуулах даалгавар өгчээ гэж бодъё. Бүгдээрээ биш юм гэхэд зарим нь алдаа гаргах нь эргэлзээгүй. Гэхдээ тэд бүгд яг ижилхэн алдаа гаргахгүй нь ойлгомжтой. Хэрэв та 100 хуулбарыг бүгдийг нь аваад, хооронд нь маш анхааралтай харьцуулбал алдааг нь олоод, баримтын эхийг огт үзээгүй ч гэсэн уг эх нь ямар байсныг тогтоож чадна шүү дээ.

Үүнтэй адил, Библийн хуулан бичээчид бүгд ижилхэн алдаа гаргадаггүй байжээ. Эдүгээ Библийн гар бичмэл хэдэн мянгаараа байгаа нь харьцуулсан судалгаа хийх боломж олгодог бөгөөд бичвэр судлаачид алдааг нь олж, жинхэнэ эхийг тогтоож, шаардлагатай засвар хийхийн тулд тэмдэглэгээ хийсэн байна. Тийнхүү нарийн судалсны дүнд анх бичсэн хэлээрх эх бичвэрийг сэргээжээ. Еврей, грек бичвэрийг магадлан сэргээсэн эдгээр бүтээлд эх Библид ашигласан гэж олонх эрдэмтний үздэг үгсийг хэрэглэсэн байна. Уг бүтээлүүдийн нэмэлт тайлбарт зарим хуулбарт байж болох хувилбарууд юм уу өөр найруулгыг тоочжээ. Орчуулагчид Библийг орчин цагийн хэлнээ хөрвүүлэхдээ бичвэр судлаачдын эдгээр бүтээлийг ашигладаг.

Тиймд та Библийн орчин үеийн аливаа орчуулгыг уншихдаа, түүний үндэс болсон еврей, грек бичвэр Библийн эхтэй гайхалтай нарийн таардаг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байж болно. * Гараар хуулж ирсэн олон мянган жилийн явцад Библи хэрхэн хадгалагдаж үлдсэн нь үнэхээр гайхалтай. Тийм ч учраас Британийн музейн эрхлэгчээр олон жил ажилласан Фредрик Кеньон: «Библийн бичвэр үндсэндээ тэр хэвээрээ байгаа гэж хэлэх бүрэн үндэс бий. [...] Өөр ямар ч эртний номыг тэгж хэлэх аргагүй» гэжээ.10

[Footnotes]

^ д/м 8 Масоретүүд («уламжлалыг сахигчид» гэсэн утгатай) бол МЭ VI—X зуунд амьдарч байсан, Библийн эхний хэсэг болох Еврей Судрын хуулан бичээчид юм. Тэдний хийсэн хуулбаруудыг «масорет бичвэр» гэдэг.2

^ д/м 14 МЭӨ гэдэг нь «манай эриний өмнөх», МЭ гэдэг нь «манай эриний» гэсэн утгатай.

^ д/м 14 Эмануэл Товын бичсэн нэгэн номд: «Өнөөдөр 1Qlsaa [буюу Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон „Исаиа“ номын хуулбарыг] нүүрстөрөгчийн цацраг идэвхт чанарын аргаар МЭӨ 202—107 оных болохыг тогтоосон (палеографын аргаар тооцвол МЭӨ 125—100 оных)... Энд дурдсан палеографын арга сүүлийн жилүүдэд улам боловсронгуй болсон бөгөөд үсгийн хэлбэр, хэвийг он нь сийлээстэй зоос, бичээс зэрэг эд өлгийн зүйлстэй харьцуулсны үндсэн дээр оныг нарийн тогтоодог. Эл арга харьцангуй найдвартай болох нь батлагдсан» гэж бичжээ («Textual Criticism of the Hebrew Bible»).6

^ д/м 22 Еврей, грек эх бичвэрийг зарим орчуулагч чанд баримталдаг байхад зарим нь тэгтэл дагаж мөрдөөд байдаггүй нь ойлгомжтой.

[8-р хуудасны зураг]

Чадварлаг хуулан бичээчдийн ачаар Библи хадгалагдан үлдсэн

[9-р хуудасны зураг]

Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон «Исаиа» номын хуулбар (зурагт үзүүлсэн) түүнээс мянган жилийн хойно масоретүүдийн хийсэн хуулбартай бараг адилхан