Skip to content

Гарчиг руу орох

Танд зориулсан ном уу?

Танд зориулсан ном уу?

Танд зориулсан ном уу?

«Их ном зохиоход төгсгөл үгүй» хэмээн 3 000 орчим жилийн тэртээ эртний Израилийн мэргэн ухаант Соломон хаан хэлжээ (Номлогчийн үгс 12:12). Дээрх үг өнөө үед хэзээ хэзээнээс илүү тохирдог. Нийтээр хүлээн зөвшөөрсөн сонгодог зохиолуудаас гадна жил бүр олон мянган ном шинээр хэвлэгддэг. Сонгох ном тийм олон байхад Библи унших хэрэгтэйн учир юу вэ?

ОЛОН хүн номыг зугаагаа гаргах юм уу мэдлэгээ нэмэх гэж, эсвэл аль аль шалтгаанаар уншдаг байх. Библи унших тухайд ч бас адилхан байж болох юм. Библи унших нь сэтгэл сэргээдэг, тэр ч байтугай зугаатай байж болно. Гэхдээ Библийн ач тус үүгээр хязгаарлагдахгүй. Энэ ном бол мэдлэгийн хосгүй эх булаг юм (Номлогчийн үгс 12:9, 10).

Библи хүмүүсийн аль эртнээс бодож эргэцүүлсээр ирсэн өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай асуултад хариулдаг. Олон хүн: «Хүн яаж үүссэн бэ? Амьдралын утга учир юу вэ? Яавал жаргалтай амьдрах вэ? Дэлхий дээр амьдрал үргэлжилсээр байх уу? Ирээдүй маань ямар болох вэ?» хэмээн гайхширдаг.

Энэ товхимолд дурдсан баримтууд бүгд Библийг нарийн зөв бөгөөд үнэн гэдгийг тодорхой харуулдаг. Бид өнөөдөр утга учиртай, жаргалтай амьдрахад Библийн практик ач холбогдолтой зөвлөгөө хэрхэн тусалдаг тухай өмнө нь ярилцсан билээ. Өнөөгийн тулгамдсан асуудлуудад Библи үнэн зөв хариу хэлдэг учраас өнгөрсөн ба ирээдүйн тухай зөгнөлийг сайтар анхаарах нь зүйтэй.

Илүү их ач тус хүртэх нь

Олон хүн Библийг уншиж эхэлснээ, ойлгохгүй юм гармагц уншихаа больчихдог. Та бас тэгж байсан бол дараах зөвлөгөө тус болох болов уу.

Зарим хүн Есүсийн амьдралын тухай өгүүлдэг Евангелийг эхэлж уншдаг. Түүний «Ууланд айлдсан номлол» гэх зэрэг мэргэн сургаал хүний зан төрх, үндсэн хэрэгцээнд сайтар тохирдог бөгөөд амьдралаа хэрхэн сайжруулахыг заадаг. (Матай 5—7-р бүлгийг үзнэ үү.)

Библийг зүгээр уншихын хажуугаар сэдэвчилсэн судалгаа хийвэл хэрэгтэй мэдээллээ олж чадна. Энэ нь тухайн сэдвээр Библид юу бичсэн байдгийг задлан шинжилнэ гэсэн үг юм. Сүнс, тэнгэр, дэлхий, амь, үхэл, Бурхны Хаанчлал болон Хаанчлалын зорилго юу болох зэрэг сэдвээр Библид, үнэн хэрэгтээ, юу гэж байдгийг мэдээд та лав гайхна даа. * Еховагийн Гэрчүүд Библийг сэдэвчлэн судлахад зориулсан хичээлийг үнэ төлбөргүй заадаг. Та энэ талаар сонирхож байвал 2-р хуудсан дахь жагсаалтаас аль тохирох хаягаар энэ товхимлыг хэвлэгчдэд захидал бичээрэй.

Олон хүн баримтуудыг шалгаж үзсэнийхээ дараа Библи бол Ехова гэдэг нэртэй Бурхны өгсөн ном юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг (Дуулал 83:18, монгол бичгээр, 1838 он). Та Библийг Бурхнаас эхтэй гэдэгт хараахан итгээгүй байж болох юм. Гэхдээ үүнийг өөрөө шалгаад үзвэл ямар вэ? Ийнхүү судлаад, эргэцүүлж бодоод, хэзээ ч хуучирдаггүй мэргэн ухааны практик ач холбогдлыг биеэрээ амсаж үзвэл Библи бүх хүнд, тэр дундаа танд зориулсан ном юм гэдгийг ойлгоно хэмээн найдаж байна.

[Зүүлт]

^ д/м 9 Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын тусламжтайгаар олон хүн Библийг сэдэвчлэн судалсан.