Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Алган дээрх номын сан

Алган дээрх номын сан

2021 ОНЫ 9-Р САРЫН 1

 «Хэдэн жилийн өмнө бид ном хэвлэлээ электрон хэлбэрээр авдаг болно гэж төсөөлөө ч үгүй явлаа». Та үүнтэй санал нэг байгаа биз дээ? Энэ бол Жеффри Жексон ахын 2020 оны Удирдах Зөвлөлийн тайлан мэдээ №6-д дурдсан үг юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ: «Гэтэл одоо “JW Library” гэх мэтийн багаж байгаагүй бол энэ цар тахлыг яаж давах байсан юм бол оо гэж бодож байна. Тэгэхээр Ехова биднийг энэ олон жилийн турш болох гэж буй бүхэнд бэлдэж байсан байна шүү дээ» гэжээ.

 Ехова биднийг хэрхэн бэлдсэн бэ? «JW Library» аппыг хэрхэн хийсэн бэ? Засаж сайжруулахад юу хэрэгтэй болсон бэ?

Их ажлын гараа

 2013 оны 5 дугаар сард Удирдах Зөвлөл шинэчлэгдсэн «Шинэ ертөнц орчуулга»-ыг оруулсан аппликейшнийг хөгжүүлэх үүргийг байгууллагын төвийн MEPS программын хэлтэст даалгажээ. «Үүнээс өмнө манай байгууллага гар утасны аппликейшн гаргаагүй байсан. Тэгээд бид нар ажиллаж байсан төслүүдээ хойш нь тавьж байгаад, баг бүрдүүлээд аппликейшн болон контентуудыг нь бүтээхээр бусад хэлтэстэй хамтран ажилласан. Бид байнга залбирдаг байсан. Ингээд 5-хан сарын дараа, жил тутмын уулзалт болоход Еховагийн тусламжаар апп маань аль хэдийн бэлэн болсон байлаа» гэж MEPS программын хэлтэст ажилладаг Пол Виллис хэлсэн байна.

 Дараагийн нэг асуудал нь хийсэн аппаа илүү олон хэлээр гардаг, илүү олон хэвлэлтэй жинхэнэ номын сан болгох ажил байлаа. 2015 оны 1 дүгээр сар гэхэд одоо англи хэлээр байгаа хэвлэлүүдийн ихэнх нь аппликейшнд орчихсон байсан бөгөөд 6-хан сарын дараа тэдгээр хэвлэлийг өөр олон зуун хэлээр татаж авах боломжтой болсон юм.

 Түүнээс хойш ах дүүс маань шинээр видео нэмэх, цуглаанаар үзэх хэвлэл, видеонуудыг бүгдийг нь нэг таб дотор байршуулах, «Судалгааны лавлах»-ыг Библийн эшлэлээс шууд үзэх боломжтой болгох зэргээр уг аппыг шинэчилсээр байна.

Номын сангаа шинэчлэх нь

 «JW Library»-г өдөр бүр 8 сая, сар бүр 15 сая гаруй төхөөрөмж дээр нээж үздэг. Аппаа тэдгээр төхөөрөмж дээр саадгүй ажиллуулахын тулд яах хэрэгтэй вэ? «Гар утасны апп бүрмөсөн дуусна гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас бид шинэ үйлдэл нэмэх, хэрэглэхэд үр өгөөжтэй, хялбар болгох зэргээр зогсолтгүй ажиллаж байна. Дижитал төхөөрөмжүүдийн үйлдлийн систем үргэлж шинэчлэгдэж байдаг учраас аппаа тэдгээр системээс хоцроохгүйн тулд байнга тохируулах шаардлага гардаг. “JW Library”-д хэвлэл, бичлэг нэмэгдэхийн хэрээр бид бас дотоодынхоо программ хангамжийг засаж сайжруулдаг» гэж Виллис тайлбарлаж байна. «JW Library» аппликейшнд одоогийн байдлаар янз бүрийн хэлээр гарсан 200 000 орчим хэвлэл, 600 000 гаруй аудио, видео бичлэг байна.

 Аппыг байнга шинэчилж байхын тулд компьютерын техник хангамжаас гадна олон зүйл шаардлагатай болдог. Зарим нэг программ хангамжийн лицензийг худалдаж авах хэрэгтэй. Нэг лиценз гэхэд л жилийн 1 500 долларын өртөгтэй. Түүнээс гадна MEPS программын хэлтэс шинэ компьютер, таблет, гар утсан дээр уг аппыг саадгүй ажиллуулахын тулд янз бүрийн үйлдвэрлэгчийн гаргасан төхөөрөмжид жил бүр ойролцоогоор 10 000 доллар зарцуулдаг.

Татаж авбал хандивын мөнгийг хэмнэдэг

 «JW Library» гарснаар ном товхимлыг хэвлэх, хавтаслах, тээвэрлэх зардал эрс багассан. Жишээ болгон «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимлыг аваад үзье. Тус товхимлын 2013 оныхыг 12 сая хувь хэвлэсэн бол, 2020 оныхыг ердөө 5 сая хувь хэвлэсэн. Энэ хооронд дэлгэрүүлэгчийн тоо 700 000 гаруйгаар нэмэгдсэн байхад яагаад ийм өөрчлөлт гарах болов? Олон итгэл нэгтэн маань өдөр тутмын зүйлээ «JW Library»-гаас уншдаг болжээ. a

«Үнэхээр үнэ цэнтэй»

 «JW Library» апп хэрэглэгчдэд бас олон талын ач тустай. Канадад амьдардаг Женевьевт илүү тогтмол судалдаг болоход нь энэ апп их тус болжээ. Тэрбээр: «Нуулгүй хэлэхэд, тавиур дээрээс баахан ном авч тавиад өглөө болгон судална гэж миний хувьд л лав худлаа. Харин энэ аппликейшн дотор бүх юм байгаа болохоор ганц таблетаа шүүрээд авахад л хангалттай. Ингэж тогтмол судалснаар миний итгэл батжаад зогсохгүй, Еховатай илүү дотно болж байна» гэж ярьсан юм.

Женевьев

 Аппликейшн маань ялангуяа КОВИД-19 цар тахлын энэ үед ач тусаа өгсөөр байна. «Цар тахал дэлхий даяар тархсанаас болж би жил гаруй хугацаанд шинээр гарсан хэвлэмэл материал харсангүй. Харин “JW Library” байгаа болохоор бэлгэдлийн хоолоо цаг тухайд нь хүртэж байна. Хайр халамжаар дутаадаггүй Еховадаа баярлалаа» гэж АНУ-д амьдардаг Шарлин хэлжээ.

 Фэй гэдэг филиппин бүсгүйн үгтэй олон хүн санал нийлэх биз ээ. «Миний амьдрал тэр чигээр энэ хүчирхэг аппликейшнтэй холбоотой болсон. Өглөө босоод энийгээ л уншина. Гэрийн ажлаа хийж байхдаа ч энийгээ л сонсоно. Цуглаандаа, Библийн хичээлдээ бэлдэхдээ ч энийгээ ашиглана. Чөлөөт цагаараа видеогоо ч үзчихнэ. Тэр бүү хэл дугаарлаад зогсож байхдаа ч янз бүрийн өгүүлэл юм уу Библиэ эндээсээ уншчихна. Үнэхээр үнэ цэнтэй» гэжээ.

 Апп маань дэлгэрүүлэх ажилд ч үнэ цэнтэй гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, Камерунд амьдардаг нэг Гэрч эмэгтэй дэлгэрүүлж явахдаа хэдэн 7 хоногийн өмнө өөр нэг Гэрчийн ашиглаж байсан Библийн зүйлийг үзүүлмээр санагджээ. Даанч тэр зүйл нь хаана байдгийг санасангүй. Тэрбээр: «Ашгүй би тэр зүйлээс ганц хоёр үгийг санаж байсан болохоор аппаа нээгээд, Библи рүү ороод, хайх хэсэгт нь үгээ бичлээ. Хайсан зүйл маань шууд л гараад ирсэн. Энэ аппын ачаар би мартчихаад байдаг Библийн зүйлүүдээ олох боломжтой болсон» гэж ярьжээ.

 Хандив өргөх янз бүрийн аргыг donate.jw.org-т бичсэн байгаа. Дэлхий дахины ах дүүсийн маань хэрэглэдэг «JW Library» аппыг хөгжүүлж, сайжруулахад таны өгөөмрөөр өргөсөн хандив их хувь нэмэртэй. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархъя.

«JW Library» аппын түүх

  1. 2013 оны 10-р сар—Шинэчлэгдсэн «Шинэ ертөнц орчуулга»-ыг багтаасан апп гарав

  2. 2015 оны 1-р сар—Эхлээд англиар, дараа нь хэдэн зуун хэлээр бусад ном хэвлэлээ унших боломжтой болов

  3. 2015 оны 11-р сар—Сонгосон үгээ тодруулах боломжтой болов

  4. 2016 оны 5-р сар—Цуглааны таб нэмэгдэв

  5. 2017 оны 5-р сар—Тэмдэглэл бичих үйлдэл нэмэгдэв

  6. 2017 оны 12-р сар—«Судалгааны Библи» нэмэгдэв

  7. 2019 оны 3-р сар—Аудио бичлэг татаж авах, видео шууд үзэх боломжтой болов; Библийн тайлбар дээр «Судалгааны лавлах»-ыг нэмэв

  8. 2021 оны 1-р сар—«Үүрд жаргалтай амьдраарай!» номд зориулсан шинэ үйлдлүүд нэмэгдэв

a «JW Library» аппаас ямар нэг материал татах бүрд бага хэмжээний зардал гарч байдаг. Жишээ нь өнгөрсөн жил jw.org сайт болон «JW Library» аппаас хэвлэл, видео үзэх юм уу татаж авахад 1,5 сая доллар зарцуулсан. Гэсэн хэдий ч энэ нь ном сэтгүүл, CD, DVD-г хэвлэх, тээвэрлэхээс хамаагүй хямд тусдаг.