Skip to content

Гарчиг руу орох

Цасан бүрхүүлтэй цагаан талаар аялсан маань

Цасан бүрхүүлтэй цагаан талаар аялсан маань

Захидал задлахад ... Норвегоос

Цасан бүрхүүлтэй цагаан талаар аялсан маань

ӨВЛИЙН нэгэн шинэ өдөр эхэлж, бид цаг агаар ямар байгааг мэдэх гэж цонхоороо харлаа. Цэлмэг тэнгэр сэтгэл сэргээв. Эхнэр бид хоёр хойд туйлын бүсэд багтдаг Норвегийн хойд хэсгийн тэгш өндөрлөгт орших Финмарксвида гэдэг нутагт гурван хоног дэлгэрүүлэхээр явах гэж байв.

Норвег өвөлдөө хүйтэн байдаг болохоор бид хойд зүгийн буйд нутаг руу явахаас үнэндээ жаахан айж байв. Гэхдээ нутгийн гурван Гэрч бидэнтэй хамт явсан нь тун сайн болж, бидэнд их түшигтэй байсан.

Энэ нутагт зам харгуй гэж бараг байхгүй бөгөөд хамгийн сайн унаа бол моторт чарга юм. Бид замын хүнс, хувцас хунар, нөөц шатахуунаа моторт чарга болон чиргүүл чарганд ачаад замд гарлаа. Цавцайн харагдах нүд алдам цэлгэр талд цасан ширхэг нарны гэрэлд гялалзан гялтганаж, байгалийн үзэсгэлэн төгс бүрджээ.

Финмарксвидад цаа буга, хандгай, шилүүс, молтогчин туулай, үнэг, нохой зээх, цөөн тооны баавгай нутагладаг аж. Гэхдээ нутгийн хүмүүстэй уулзах нь л бидэнд хамгийн сонирхолтой байв. Ялангуяа, цаа буга хариулах, ууланд байх жуулчны баазад ажиллах зэргээр амьдралаа залгуулдаг саами хүмүүстэй уулзах юмсан гэж бодож байв.

Бид очсон эхний байшингийнхаа гадна цанаар гулгаж яваа хэсэг залуустай таарав. Тэд бидэнтэй ярилцахаар түр зогсож, ямар хэргээр явааг маань асуув. Бид ч ийм сайхан боломжийг алдалгүй дуртайяа ярилцлаа. Биднийг явах болоход тэдний нэг нь: «За, Библийн ажилд тань амжилт хүсье!» гэж хэлж билээ. Бид дахин моторт чаргандаа сууж, аяллаа үргэлжлүүлэн хөлдсөн нууран дээгүүр явж, цасаар хучигдсан эзгүй талаар дайран өнгөрөв. Замд маань цаа бугын сүрэг таарах болов уу?

Бид явсаар нэгэн жижиг байшингийн гадна ирэхэд гэрийн эзэн биднийг найрсгаар угтлаа. Тэр эрэгтэй энд суурин байдаг цөөхөн хүний нэг. Чиргүүл чарга маань эвдэрснийг анзаараад засахаар болов. Сайхан сэтгэлт тэр хүн яарсан шинжгүй байлаа. Ер нь, тэндхийн хүмүүс цагт хавчигдахын зовлонг мэддэггүй аж. Налгар тайван занд нь бид ч тайвшрав. Чаргыг маань засаж дуусахад бид баярлаж талархснаа хэлээд, Бурхан яагаад зовлон зүдгүүрийг хүлцэн зөвшөөрдөг талаар Библид үндэслэн ярилцлаа. Тэрбээр анхааралтай сонсож, «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийг дуртайяа авсан юм. Тэгээд биднийг явах болоход «Манайд ирсэнд баярлалаа» гэж хэлэн инээмсэглэсээр үдлээ.

Дахиж хэдэн айлаар ороод нар хэвийхэд бид хоноглох байрныхаа зүг хөдөллөө. Гэнэт зам дээр нэг үнэг гараад ирэв. Цагаан цасан дээр алтан шаргал сороо гайхуулан харуулах тэр үнэг хэсэг зогсож биднийг сониучирхсан янзтай харснаа яваад өглөө. Тэгж байтал цас орж эхэлсэн тул замаа олж харахад хэцүүхэн болов. Гэсэн ч явсаар хонох газрынхаа барааг хараад сэтгэл уужрав! Бид хэд байшингаа галлаж, байшин ч аажмаар дулаацлаа. Бүхэл өдөржингөө моторт чаргаар донслон яваад бие ядарсан ч сэтгэл баярлана.

Нэг л мэдэхэд өглөө болжээ. Бид моторт чаргандаа шатахуун нэмээд гол даган уруудаж явсаар өөр нэг байшинд хүрлээ. Тэнд нэг залуутай таарч Библид байдаг сэтгэл сэргээм зүйлийг ярилцав. Залуу ч бидэнд сайхан сэтгэлээр хандаж, буцах дөт замыг зааж өгсөн юм.

Аяллын маань сүүлийн өдөр болов. Стаббурсдален гэдэг байгалийн цогцолбор газарт очиход үзэсгэлэнт байгаль биднийг угтан авлаа. Тэртээ алсад сүндэрлэх уулсын цасан бүрхүүл нарны туяанд гялалзан харагдана. Өмнө маань цаа бугын сүрэг байх нь тэр! Цаанууд туурайгаараа цас малтан, хаг, хөвд зулгаан тогтуун идээшилнэ. Цаахан талд нь сүргээ адгуулж яваа нэгэн саами хүн моторт чарган дээр сууж харагдана. Нохой нь цааг манан бэлчээрт нь тогтоож байлаа. Тэгснээ хэсэг зуур бидний зүг харан, шиншин зогссоноо үүрэгт ажилдаа эргэн оров. Бид тэр хүнд Библийн тухай ярьж, тэр ч бидэнд найрсаг хандаж, яриаг маань анхааралтай чагнаж байлаа.

Бид харих замдаа 300 километр аялж байж уулзсан бүх хүний тухай бодон, ийм алс нутгийн хүмүүст чухал мэдээ дуулгах ажилд өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа олзуурхаж байлаа.

[17-р хуудасны зураг эзэмшигч]

© Norway Post