Skip to content

Гарчиг руу орох

Есүс хүмүүст хайртай

Есүс хүмүүст хайртай

«Хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» (СУР. 8:31).

1, 2. Есүс хүмүүст маш их хайртайн нэг баталгаа юу вэ?

БУРХНЫ ууган Хүү бол Эцгийнхээ хязгааргүй мэргэн ухааны төгс тусгал төдийгүй Эцэгтэйгээ хамтран ажилласан «уран дархан» юм. «Тэнгэрийг бүтээж» «газрын үндэс суурийг тэмдэглэн тогтоох үед» Есүс ямар их баяр хөөртэй, сэтгэл хангалуун байсан бол оо. Гэхдээ Бурхны ууган Хүү тэр бүгдээс илүүгээр «хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» (Сур. 8:22–31). Тэгэхлээр, хүн төрөлхтний түүх эхэлсэн цагаас л Есүс хүмүүсийг хайрласаар иржээ.

2 Тэрбээр Эцэгтээ хайртай, чин үнэнч гэдгээ батлах гэж, мөн «хүний хөвгүүдийг» ямар их хайрладгаа харуулах гэж «Өөрийгөө хоосолж» дэлхий дээр хүн болж ирсэн. Улмаар «амиа олны төлөө золиос болгон өгчээ» (Флп. 2:5–8; Мат. 20:28). Ямар агуу хайр вэ! Есүсийг дэлхий дээр байхад Бурхан түүнд гайхамшиг үйлдэх хүч өгчээ. Хүмүүсийг хэчнээн их хайрладгийг нь, тун удахгүй дэлхий даяар ямар агуу үйлс бүтээхийг нь үйлдсэн гайхамшгууд нь харуулдаг.

3. Одоо юу үзэх вэ?

3 Түүнчлэн Есүс дэлхий дээр ирээд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагласан (Лук 4:43). Энэхүү Хаанчлал Эцгийнх нь нэрийг ариусгаж, бүх хүнийг зовлонгоос үүрд ангижруулахыг Есүс мэдэж байлаа. Тэрбээр дэлгэрүүлж явахдаа олон гайхамшиг үйлдсэн. Энэ нь хүн бүрд чин сэтгэлээсээ санаа тавьдгийг нь харуулдаг. Үүнийг судалж ойлгох нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? Итгэл бэхжиж ирээдүйд болох зүйлийг илүү бодитойгоор төсөөлдөг болно. Есүсийн үйлдсэн дөрвөн гайхамшгийг авч үзье.

ЕСҮС ЭДГЭЭХ ХҮЧТЭЙ

4. Есүсийг уяман өвчтэй хүнтэй тааралдахад юу болсон бэ?

4 Есүс Галил мужаар хөндлөн гулд явж олон хотоор дэлгэрүүлжээ. Тэгж явахдаа аймшигт уяман өвчинд баригдсан хүнтэй тааралдав (Марк 1:39, 40). Өвчин нь ихэд хүндэрч, тун өрөвдөлтэй болсон тэр хүнийг эмч Лук: «Биеэрээ дүүрэн уяман өвчтэй» хэмээн тодорхойлжээ (Лук 5:12). Тэр хүн Есүсийг «хараад нүүрээрээ унаж “Эзэн, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ” гэж гуйлаа». Өвчнийг нь эдгээх хүч Есүст байгаа гэдэгт эргэлзээгүй ч хүсэлтэй эсэхийг нь мэдэх хэрэгтэй байв. Чин сэтгэлээсээ тийнхүү гуйхад нь Есүс хэрхэн хариулсан бол? Эрэмдэг зэрэмдэг болсон энэ хүнийг ажиглан байхдаа Есүс юу бодсон бол оо? Өвчиндөө шаналсан хүмүүст хүйтэн цэвдэг сэтгэл гаргадаг фарисайчууд шиг байх болов уу? Та яах байсан бэ?

5. Есүс уяман өвчтэй хүнийг эдгээхдээ яагаад «Би хүсэж байна» гэж хэлсэн бэ?

5 Уяман өвчтэй тэр хүн Мосегийн хуулийн дагуу «Бузартсан, бузартсан» гэж хашхирах ёстой байсан ч тэгээгүй бололтой. Ингэлээ гээд Есүс түүнийг буруушаагаагүй. Харин ч тэр хүнийг анхааралтай хараад туслахыг хүсжээ (Лев. 13:43–46). Есүс чухам юу бодсоныг бид мэдэхгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн гайхамшиг үйлдсэн нь тодорхой. Гараа сунган уяман өвчтэй хүнд хүрч, шийдэмгий боловч намуухан дуугаар «Би хүсэж байна. Цэвэрш» гэхэд «тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа» (Лук 5:13). Ийм гайхамшиг үйлдэх хүчийг Ехова Есүст өгсөн билээ. Үүгээрээ хүмүүст ямар их хайртайгаа харуулсан юм (Лук 5:17).

6. Есүсийн үйлдсэн гайхамшгууд юугаараа онцгой байсан бэ? Эндээс Есүсийн талаар юу мэдэж болох вэ?

6 Есүс Христ олныг бишрүүлсэн түмэн гайхамшгийг Бурхны хүчээр үйлдэж байсан. Уямангаас гадна төрөл бүрийн өвчнийг эдгээж, бие махбодын янз бүрийн гажгийг засаж байлаа. «Хэлгүйчүүдийн ярихыг, тахир дутуу хүмүүсийн эрүүл болохыг, хазгар доголонгуудын явахыг, сохруудын харахыг хурсан олон үзээд гайхав» хэмээн Бурхны Үгэнд бичжээ (Мат. 15:31). Есүс хэн нэгний эрхтнийг шилжүүлэн суулгах бус, харин тухайн эд эрхтнийг нь эмчилж эдгээж байсан. Нүд ирмэхийн зуурт, тэр байтугай өвчтөнөөс хол газар байсан ч анагааж байжээ (Иох. 4:46–54). Бишрэл төрүүлэм эдгээр жишээ юу харуулдаг вэ? Тэнгэрт Хаанаар өргөмжлөгдчихөөд байгаа Есүс бүх өвчин эмгэгийг бүрмөсөн арилгах хүчтэй төдийгүй хүсэлтэй ажээ. Хүмүүст ямар сэтгэлээр хандаж байсныг нь бодохлоор «Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөнө» хэмээсэн зөгнөл шинэ ертөнцөд гарцаагүй биелнэ гэсэн итгэл төрдөг (Дуу. 72:13). Есүс зовж зүдэрсэн бүхэнд туслах чин хүслээ заавал биелүүлнэ.

«БОС, ДЭВСГЭРЭЭ АВААД, ЯВ»

7, 8. Есүс Галилаас Иудей рүү явж байхдаа юу хийсэн бэ?

7 Галилд уяман өвчтэй хүнтэй таарснаас хойш хэдэн сар өнгөрчээ. Есүс Галилаас Иудей муж руу явж Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж байлаа. Олон мянган хүн үг сургаалыг нь сонсож агуу хайранд нь уярсан биз ээ. Тэрбээр ядууст сайн мэдээ дэлгэрүүлж, дарлагдсан олонд эрх чөлөөг тунхаглаж, шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээхийг үнэхээр хүсэж байсан (Ис. 61:1, 2; Лук 4:18–21).

8 Тэгж байтал нисан сар болов. Есүс Дээгүүр өнгөрөх баярт оролцохоор Иерусалим руу явлаа. Баяр тэмдэглэхээр хот руу зүглэсэн хүмүүсийн цуваа үл тасарна. Есүс сүмийн чанх хойно байдаг Бетзада гэдэг цөөрмийн тэнд саа өвчтэй хүнтэй тааралджээ.

9, 10. а) Хүмүүс яагаад Бетзада цөөрөмд очдог байсан бэ? б) Цөөрмийн дэргэд Есүс юу хийсэн бэ? Эндээс бид юу сурах хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

9 Бетзада цөөрмийн дэргэд өвчтэй, сохор, доголон олон хүн байлаа. Тэд яагаад энд ирэх болов оо? Ус хөдөлмөгц цөөрөм рүү орсон хүн өвчнөөсөө гайхамшгаар эдгэрдэг гэж итгэдэг байжээ. Цөхрөнгөө барсан, сэтгэл нь түгшсэн, ямар ч итгэл найдваргүй болсон тэр хүмүүс хэчнээн их төөрөлдсөн байж вэ! Есүс ямар ч өвчин эмгэг, гажиг согоггүй төгс хүн мөртлөө яагаад тэнд очсон юм бол? Хүмүүсийг хайрлаж өрөвдөх сэтгэл нь тийш хөтөлжээ. Тэгээд саа өвчин туссан хүнтэй тааралддаг. Тэр хүн Есүсийн наснаас ч олон жил өвдөж шаналсан байлаа (Иохан 5:5–9-ийг уншина уу).

10 Эдгэрэхийг хүсэж байна уу гэж асуухад тэр хүн цөхөрсөн харцаар Есүсийг ширтлээ. Эрүүл болохыг хэчнээн хүсдэг ч цөөрөм рүү оруулж өгөх хүн байхгүй болохоор яах ч арга байдаггүй гэв. Тэгтэл Есүс хачирхалтай тушаал өгчээ. Тэр хүн дэвсгэрээ аваад алхаж явах ёстой болов. Үнэхээр дэвсгэрээ аваад явж эхлэх нь тэр! Энэ бол шинэ ертөнцөд Есүсийн хийх зүйлийн гайхалтай баталгаа юм. Бас энэ явдлаас Есүс хэчнээн өрөвч сэтгэлтэй нь харагддаг. Тэрбээр тусламж хэрэгтэй хүмүүсийг хайдаг байжээ. Үүнийг бодохлоор өнөөгийн ертөнцөд болж буй муу муухай бүхнээс болж сэтгэл нь хямарсан хүмүүсийг хайсаар байх хүсэл бидэнд төрдөг.

«ХЭН МИНИЙ ХУВЦСАНД ХҮРЭВ?»

11. Есүс өвчинд баригдсан хүмүүсийг өрөвдөн хайрладгийг Марк 5:25–34-т хэрхэн онцолсон байдаг вэ?

11 Марк 5:25–34-ийг уншина уу. Нэг эмэгтэй цус алдах өвчин тусаж 12 жил шаналжээ. Өвчнөөс болоод амьдрал нь орвонгоороо эргэж Еховаг ч чөлөөтэй шүтэж чаддаггүй байв. «Олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч» бие нь улам мууджээ. Харин нэг өдөр өөр арга хэрэглэхээр шийдэв. Шахцалдсан олны дундуур явсаар Есүс дээр очоод хувцсанд нь хүрлээ (Лев. 15:19, 25). Өөрөөс нь хүч гарахыг мэдэрсэн Есүс хэн хүрснийг асуулаа. «Тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ». Тэр эмэгтэйг Ехова эдгээснийг Есүс мэдээд «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун» хэмээн аядуу зөөлнөөр хэлжээ.

Есүс бидний зовлонг ойлгож, чин сэтгэлээсээ санаа тавьдгийг үйлдсэн гайхамшгууд нь баталдаг (11, 12-р догол мөрийг үзнэ үү)

12. а) Одоо та Есүсийг хэрхэн тодорхойлох вэ? б) Есүс бидэнд ямар үлгэр дууриал үлдээсэн бэ?

12 Есүс хүмүүсийг, ялангуяа өвчинд баригдсан хүмүүсийг өрөвдөн хайрладаг гэж бодохлоор хэчнээн сэтгэл уужирмаар вэ! Чамайг хэн ч хайрладаггүй, чи ямар ч үнэ цэнэгүй гэж бодуулахыг Сатан хүсдэг. Харин Есүс бидэнд үнэн сэтгэлээсээ санаа тавьж, бэрхшээл зовлонг маань ойлгодгоо үйлдсэн гайхамшгаараа харуулсан билээ. Үнэхээр өрөвч сэтгэлтэй Хаан, Тэргүүн Тахилч байгаа биз? (Евр. 4:15). Өвчиндөө шаналж байгаа хүний сэтгэлийг ойлгох амаргүй. Тэр зовлонг өөрөө амсаж үзээгүй бол бүр ч хэцүү. Есүс огт өвдөж үзээгүй атлаа өвчтэй хүмүүсийг ойлгож өрөвддөг байсан шүү дээ. Бид ч бас Есүсийг дууриан чадах бүхнээ хийх хэрэгтэй (1 Петр 3:8).

«ЕСҮС УЙЛАВ»

13. Лазарыг амилуулсан явдлаас Есүсийн талаар юу мэдэж болох вэ?

13 Есүс шаналж гашуудаж буй хүмүүсийг хараад сэтгэл зүрх нь өмөрдөг байв. Жишээ нь, анд Лазарыгаа нас барахад төрөл төрөгсөд, найз нөхдийг нь хараад «гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлсөн». Одоохон амилуулах гэж байсан хэр нь уйлсан (Иохан 11:33–36-г уншина уу). Уйлахаасаа ч ичээгүй. Үүнийг харсан хүмүүс Есүсийг Лазар болон гэрийнхэнд нь хэчнээн хайртай байсныг ойлгохоор байлаа. Бурхны өгсөн хүчээр найзыгаа амилуулсан нь өрөвч сэтгэлтэйн шинж юм (Иох. 11:43, 44).

14, 15. а) Ехова хүн төрөлхтнийг зовлонгоос нь ангижруулахыг маш их хүсдэгийг юу харуулдаг вэ? б) «Дурсамжийн булш» гэдэг үгнээс юу мэдэж болох вэ?

14 Библид Есүсийг «[Бүтээгчийн] мөн чанарын бодит илэрхийлэл» гэсэн байдаг (Евр. 1:3). Тиймд Есүсийн үйлдсэн гайхамшгуудаас Ехова бас өвчин зовлон, уй гашуу, үхэл хагацлыг арилгахыг хүсдэгийг мэдэж болно. Удахгүй Ехова Есүс хоёр илүү олон хүнийг амилуулна. Энэ тухай Есүс: «[«Дурсамжийн», ШЕ] булшинд байгчид бүгдээрээ ... гарч ирэх цаг ирж байна» гэжээ (Иох. 5:28, 29).

15 Есүс «дурсамжийн булш» гэдэг үг хэрэглэсэн нь тун оножээ. Энэ нь Бурхны ой санамжийг хэлдэг. Орчлонт ертөнцийг бүтээсэн Төгс хүчит Бурхан нас барагсдын онцлог шинж, зан чанар гээд бүх юмыг санаж чадна (Ис. 40:26). Гэхдээ чадвартай учраас л санадаг юм биш, харин хүсдэг учраас санадаг. Лазар нарын хүмүүсийг амилуулсан тухай Библид бичсэн явдал бол шинэ ертөнцөд дэлхий даяар болох гайхамшгийн үлгэр загвар юм.

ЕСҮСИЙН ҮЙЛДСЭН ГАЙХАМШИГ БА ТА

16. Үнэнч христианууд ямар завшаан эдлэх вэ?

16 Ехова Бурхандаа үргэлж үнэнч байвал урьд хожид хэзээ ч болж байгаагүй нэгэн гайхамшгийг үзэх буюу агуу их гай гамшгийг эсэн мэнд давна. Хармагедоны дараа бүр ч олон гайхамшиг болж, хүн болгон эрүүл болно (Ис. 33:24; 35:5, 6; Илч. 21:4). Нүдний шилээ, таягаа, тэргэнцрээ, сонсголын аппаратаа хаяж байгаагаар төсөөл дөө. Хармагедоныг эсэн мэнд давсан хүмүүсийг Ехова эрүүл саруул, эрч хүчтэй болгоно. Тэд Бурхныхаа бэлэглэсэн Дэлхий хэмээх гаригийг диваажин болгон хувиргах их ажилд ханцуй шамлан орно (Дуу. 115:16).

17, 18. а) Есүс яагаад гайхамшиг үйлддэг байсан бэ? б) Бурхны байгуулах шинэ ертөнцөд амьдрахын тулд яагаад хичээж мэрийх ёстой вэ?

17 Есүс өвчтэй хүмүүсийг хэрхэн эдгээж байсныг уншихлаараа «үй олон хүн» урамшин зоригждог (Илч. 7:9). Бурхны ууган Хүү ямар их халуун сэтгэлтэй, хүн төрөлхтөнд хэчнээн их хайртайг үйлдсэн гайхамшгууд нь харуулдаг (Иох. 10:11; 15:12, 13). Эндээс Ехова үйлчлэгч бүрдээ хайртайг мэдэж болно (Иох. 5:19).

18 Хүн төрөлхтөн зовлон шаналал, үхэл хагацлын далайд живж байна (Ром 8:22). Бидэнд Бурхны байгуулах шинэ ертөнц үнэхээр хэрэгтэй. Тэнд бүх хүн цоо эрүүл болно. Өвчнөөсөө ангижирсан хүмүүс нүглийн хүлээснээс чөлөөлөгдсөндөө баярлан Малахи 4:2-т бичсэнээр «хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно». Тиймээс шинэ ертөнцөд амьдрах шаардлага хангахын тулд одоо юу хийх хэрэгтэй байна, тэр бүхнийг Еховад талархах сэтгэл, амлалтад нь итгэх итгэлдээ хөтлөгдөн хийцгээе. Мессиа Хааны хувьд Есүс тун удахгүй хүн төрөлхтнийг зовлонгоос нь үүрд ангижруулна. Дэлхий дээр байхдаа үйлдсэн гайхамшгууд нь ирээдүйн энэ агуу үйлсийн үлгэр загвар байсан гэж бодохлоор хэчнээн сэтгэл сэргэм бэ!