Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Үнэртэй усны харшилтай итгэл нэгтнүүддээ хэрхэн туслах вэ?

Ер нь сүрчиг хэрэглэдэг хүн хаа сайгүй байдаг. Гэтэл үнэртэнд хэт мэдрэг хүмүүс үнэртэй усны үнэр авч чаддаггүй. Итгэл нэгтнүүдийн маань дунд тийм хүн бас бий. Тэд цуглаан, чуулганы үеэр үнэртэй ус түрхэхийг хориглосон шаардлага тавихыг ахлагчдаас хүсдэг.

Цуглаанд очоод бусдынхаа тав тухыг санаатайгаар алдуулдаг христиан гэж байдаггүй. Бүх хүн цуглаандаа тав тухтай суугаад ач тус хүртэх учиртай (Евр. 10:24, 25). Тиймд харшлын хурц хэлбэрээс болоод цуглаанд суухад хэцүү байдаг бол энэ талаар ахлагчидтай ярилцаж болно. Цуглаанд ирэхдээ үнэртэй ус түрхэж болно, болохгүй гэж Библид байдаггүй. Бас энэ талаар дүрэм журам зохиох учиргүй. Гэхдээ харшилтай итгэл нэгтнүүдийнхээ зовлонг ойлгоход тус болох мэдээллийг хурлын бусад гишүүнд өгч болох юм. Жишээлбэл, ахлагчид хэвлэлд өмнө нь гарч байсан тохирох өгүүллийг Үйлчлэх цуглааны «Орон нутгийн хэрэгцээ» гэсэн хэсгээр авч үзэх юм уу зарлал хэлэх эсэхээ тухайн байдлаас хамааран шийднэ. Гэхдээ байн байн зарлаад байж болохгүй. Цуглаанд ирсэн шинэ хүмүүс, зочин гийчид хурлын дотоод асуудлыг мэдэхгүй. Хэрэв тэд анхилуун үнэртэн түрхсэн бол зарлал сонсоод эвгүй байдалд орно. Бид тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэхийг огтхон ч хүсэхгүй.

Зарим хурлын Хаанчлалын танхимд номын сан гэх зэргийн тусдаа өрөө байдаг. Хэрэв цуглааны хөтөлбөрийг шууд сонсгох боломжтой бол хурц хэлбэрийн харшилтай хүмүүсийг ахлагчдын зөвлөлийн шийдвэрээр тэнд суулгаж болох юм. Ийм арга хэмжээ аваад ч асуудлыг шийдэж чадахгүй бол яах вэ? Өндөр нас, хүнд өвчний улмаас гэрээсээ гарч чаддаггүй итгэл нэгтнүүдийн адилаар цуглааны хөтөлбөрийг утсаар сонсгох юм уу бичлэг хийж өгч болно.

Бүсийн чуулганд суухдаа энэ талаар онцгой анхаарахыг сүүлийн үед «Христиан үйлчлэл»-д их бичиж байгаа. Агааржуулагчтай хэдий ч битүү танхимд ихэнх чуулганыг явуулдаг учир хурц үнэртэй ус аль болох түрхэхгүй байхыг уриалдаг. Харшилтай хүмүүст зориулсан тусгай өрөө чуулганы танхимд гаргах боломжгүй учраас, ялангуяа, бүсийн чуулганы үеэр үнэртэй ус хэрэглэхдээ онцгой анхаарахыг зөвлөдөг билээ. Энэ зөвлөгөө чуулганд хамаатай бөгөөд цуглааны үеэр дагах шаардлагагүй.

Бид энэ ертөнцөд амьдарч байгаа цагт төгс бусынхаа үр дагаврыг амссаар байх болно. Тиймээс нэгнийхээ зовлонг ойлгохыг хичээж, бие биедээ санаа тавьцгаая! Жишээлбэл, үнэртэй усанд дуртай нэгэн нь цуглаанд очихдоо харшилтай ах дүүсээ бодоод үнэртэн түрхэхгүй байвал ямар вэ? Бусдыгаа хайрладаг хүн өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьж чаддаг.

Понти Пилат гэдэг хүн байсныг батлах түүхийн баримтууд бий юү?

Энэ чулуун дээр Пилатын нэрийг латинаар сийлжээ

Понти Пилат бол Есүсийг байцааж, цаазлахад гар бие оролцсон хүн гэдгээрээ Библи уншигчдын дунд алдартай (Мат. 27:1, 2, 24–26). Бас тэр үеийн түүхийн баримтуудад Понти Пилатын нэр олонтоо гардаг. Түүний талаар «Ромын Иудей мужийн бусад захирагчийнхаас илүү олон удаа, илүү дэлгэрэнгүй» бичсэн байдаг гэж Библийн нэг тольд дурджээ («The Anchor Bible Dictionary»).

Иудейн түүхч Иосефын бичсэн номд Пилатын нэр хамгийн олон удаа гардаг. Иудей мужийг захирч байхад нь тохиолдсон хүнд хэцүү явдлын гурвыг Иосеф номдоо дэлгэрэнгүй бичжээ. Дөрөв дэхийг нь Иудейн түүхч Фило нэмж бичсэн байдаг. Тиберийн засаглалын үед Понти Пилат Есүсийг цаазлах тушаал өгснийг Ромын эзэн хаадын түүх шастирыг бичсэн Тацит гэдэг зохиолч баталжээ.

Археологичид Израилийн Кайсарид байдаг эртний Ромын театрт 1961 онд малтлага хийж байхдаа Пилатын нэрийг латинаар сийлсэн чулуун хавтан олжээ. Чулуун дээрх бичгийн (доор үзүүлсэн) тал нь байхгүй ч бүтнээр нь уншвал «(Энэ) Тибериумыг Иудейн захирагч Понти Пилат эрхэмсэг бурхдад зориулав» гэж байсан болов уу. Тибериум нь Ромын эзэн хаан Тиберийд зориулсан сүм байсан бололтой.

Эмэгтэй дэлгэрүүлэгч эрэгтэй дэлгэрүүлэгчийн дэргэд Библийн хичээл удирдахдаа толгойдоо юм өмсөх хэрэгтэй юү?

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 7 дугаар сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Уншигчдын асуулт» буланд эмэгтэй дэлгэрүүлэгч эрэгтэй дэлгэрүүлэгчийн дэргэд Библийн хичээл заахдаа толгойдоо юм өмсөх ёстой гэж бичжээ. Тэр эрэгтэй баптисм хүртсэн ч бай, үгүй ч бай, ингэх зайлшгүй шаардлагатай гэсэн байна. Харин энэ талаар нарийвчлан судалж үзвэл өөрчлөх шаардлага гарч байна.

Эмэгтэй дэлгэрүүлэгч тогтмол хийдэг Библийн хичээлээ баптисм хүртсэн эрэгтэйн дэргэд удирдахаар бол толгойдоо юм өмсөх ёстой. Ийнхүү эрэгтэй хүнд оногддог үүргийг биелүүлж байгаа учраас Еховагийн тогтоосон тэргүүллийн зарчимд хүндэтгэлтэй хандаж толгойдоо юм өмсөх учиртай (1 Кор. 11:5, 6, 10). Хэрэв тэр эрэгтэй Библийн хичээл удирдах шаардлага хангасан эсвэл удирдах чадвартай бол Библийн хичээлийг удирдуулж болно.

Харин баптисм хүртээгүй эрэгтэй дэлгэрүүлэгчийг хичээлдээ оролцуулж байгаа бол яах вэ? Нөхөр нь биш бол толгойдоо юм өмсөх шаардлагагүй. Гэхдээ толгойдоо юм өмсөөгүйгээс болоод сэтгэл нь өвдөөд байвал өмсөх эсэхээ өөрөө шийдэж болно.