Skip to content

Гарчиг руу орох

Сүр жавхлант Хаан Христийн алдар бадартугай!

Сүр жавхлант Хаан Христийн алдар бадартугай!

«Сүр хүч дотор ялгууснаар мордооч» (ДУУ. 45:4).

1, 2. 45-р дуулал бидэнд ач холбогдолтой гэхийн учир юу вэ?

 СҮР ЖАВХЛАНТ хаан үнэн хийгээд зөв шударгын төлөө дайснаа дарж дархан цолоо мандуулахаар мордлоо. Ялалт байгуулсныхаа дараа хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийнэ. Ард түмэн нь хаанаа үеийн үед санаж, магтан алдаршуулна. Дөчин тавдугаар дууллын гол санаа энэ юм.

2 Гэхдээ 45-р дуулал амар сайхандаа жаргадаг үлгэр төдий юм биш ээ. Энд гардаг үйл явдал бидэнд чухал ач холбогдолтой. Одоогийн болон ирээдүйн амьдралд маань хамаатай. Тиймээс энэ дууллыг анхааралтай авч үзэн нарийвчлан судалцгаая.

«МИНИЙ ЗҮРХЭНД САЙН ҮГ БЯЛХАМ БАЙНА»

3, 4. а) Бидний хувьд «сайн үг» гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ? б) Бид хааны тухай ямар мэдээ тунхагладаг вэ? Хэл маань хэрхэн бийр болдог вэ?

3 Дуулал 45:1-ийг уншина уу. Дуулалчийн зүрх сэтгэлийг бялхаасан «сайн үг» гэдэг нь нэгэн хааны тухай мэдээ юм. «Бялхах» гэж орчуулсан еврей үг нь «оргилох», «буцлах» гэсэн утгатай. Энэ мэдээ дуулалчийн зүрхийг «оргилуулах» буюу урам зоригоор бялхааж, хэлийг нь «чадварлаг зохиолчийн бийр» лугаа адил болгожээ.

4 Бидний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн «сайн үг» гэж юу вэ? Мессиагийн Хаанчлалын тухай сайн мэдээ юм. Энэ мэдээ 1914 онд бүр ч онцгой болсон. Яагаад тэр вэ? Өмнө нь, Хаанчлал ирээдүйд байгуулагдана гэж ярьдаг байсан бол 1914 он гармагц тэнгэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг нь тунхаглах болсон. «Хаанчлалын энэхүү сайн мэдээг» бид «дэлхий даяар» тунхагладаг (Мат. 24:14). Таны зүрх Хаанчлалын тухай мэдээгээр «бялхдаг» уу? Та Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдэг үү? «Шүлгээ Хаанд зориулсан» дуулалчийн адилаар бид бас Хаан Есүс Христийг магтдаг. Мессиагийн Хаанчлалын Хаан хэмээн тунхагладаг. Хаад ноёд, харц ардыг ялгалгүй Хаан Есүст захирагдахыг уриалдаг (Дуу. 2:1, 2, 4–12). Библи гэдэг хосгүй багажийг дэлгэрүүлэх ажилдаа байнга хэрэглэхлээр хэл маань «чадварлаг зохиолчийн бийр» болдог.

Хаан Есүс Христийн тухай сайн мэдээг бид баяртайгаар тунхагладаг

ХААНЫ «УРУУЛ НИГҮҮЛСЛЭЭР ДҮҮРЭН»

5. а) Есүс юугаараа «гойд сайхан» байсан бэ? б) Хааны «уруул нигүүлслээр дүүрэн» гэдгийг юу гэж ойлгох вэ? Бид Есүсийг хэрхэн дууриах вэ?

5 Дуулал 45:2-ыг уншина уу. Библид Есүсийн гадаад төрхийг дүрсэлсэн нь ховор. Төгс хүн болохоор «гойд сайхан» байсан нь лавтай. Хамгийн гол нь Еховад чин үнэнч, итгэмжит байсан учраас жинхэнэ утгаар сайхан залуу байв. Бас Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэхдээ «нигүүлслийн үгсээр» ярьдаг байжээ (Лук 4:22; Иох. 7:46). Та дэлгэрүүлэхдээ Есүсийн жишээг дагаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлтөл ярихыг хичээдэг үү? (Кол. 4:6).

6. Ехова Есүсийг хэрхэн «мөнхөд ерөөсөн» бэ?

6 Есүс чин үнэнч байсан учраас Ехова түүнийг дэлхий дэх даалгавраа биелүүлэхэд нь ивээж, амиа золиос болгон өгснийх нь дараа шагнасан. Элч Паул: «Хүн төрхийг олсон Тэрээр [Есүс] үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ» хэмээн бичжээ (Флп. 2:8–11). Ехова Есүсийг үхэшгүй мөнхийн амьтай болгон амилуулсан нь «мөнхөд ерөөсөн» хэрэг байлаа (Ром 6:9).

ХААНЫГ «АНД НӨХДӨӨС» НЬ АГУУ БОЛГОСОН НЬ

7. Ехова Есүсийг «анд нөхдөөс» нь агуу болгож тосолсон гэдгийг юу гэж ойлгох вэ?

7 Дуулал 45:6, 7-г уншина уу. * Есүс зөв шударгыг хайрлаж, Эцгийг нь гутаах бүхнийг үзэн яддаг. Тийм учраас, Ехова түүнийг Мессиагийн Хаанчлалын Хаан болгон тосолсон. Ингэхдээ «анд нөхдөөс» нь буюу Давидын угсааны хаадаас агуу болгож «баяр баяслын тосоор тосолжээ». Үүнийг юу гэж ойлгох вэ? Юуны өмнө, Ехова өөрөө Есүсийг тосолсон. Хоёрдугаарт, Хаан төдийгүй Тэргүүн Тахилч болгосон (Дуу. 2:2; Евр. 5:5, 6). Гуравдугаарт, тосоор бус ариун сүнсээр тосолсон. Есүс дэлхийгээс захирахгүй, харин тэнгэрээс захирна.

8. Есүс яагаад Хаан байх бүрэн эрхтэй вэ? Есүс зөв шударгаар захирна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

8 Ехова хайртай Хүүгээ 1914 онд тэнгэрт Мессиа Хаанаар өргөмжилсөн. Есүсийн засаглалын «очирт таяг» шударга ёсных учир ямагт зөв бөгөөд шударгаар захирна гэдэгт итгэж болно. Тэрбээр Хаан байх бүрэн эрхтэй. Учир нь «Бурхан бол ... [түүний] сэнтий болой». Өөрөөр хэлбэл, Ехова Есүсийг Хаан болгон томилсон. Түүнээс гадна, Есүсийн сэнтий «мөнхийн мөнхөд» байна. Бурхны томилсон ийм хүчирхэг Хаанд захирагдан Еховад үйлчилдгээрээ та бахархаж байгаа биз дээ?

ХААН «ИЛДЭЭ ЗҮҮСЭН» НЬ

9, 10. а) Христ илдээ хэзээ зүүсэн бэ? Тэр даруй юу хийсэн бэ? б) Ирээдүйд илдээрээ яах вэ?

9 Дуулал 45:3-ыг уншина уу. Ехова өөрийн томилсон Хаанд «Ташаандаа илдээ зүү» хэмээн тушаасан. Ийнхүү Бурхны хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцдэг бүхний эсрэг дайн хийж тэднийг устгах эрх өгсөн (Дуу. 110:2). Есүс хэнд ч, юунд ч ялагдашгүй Дайчин Хаан учраас түүнийг «Хүчит Нэгэн» гэжээ. Тэрбээр 1914 онд илдээ зүүн, Сатан болон чөтгөрүүдтэй тулалдаад тэднийг тэнгэрээс хөөж дэлхий рүү хаясан (Илч. 12:7–9).

10 Энэ нь Хааны байгуулах ялалтын эхлэл байв. Тэрбээр дайснаа бүрмөсөн ялна (Илч. 6:2). Ехова Сатаны ертөнцийн бүх хэсгийг устгаж, Сатан болон чөтгөрүүдийн нөлөөг үгүй хийнэ. Есүс эхлээд хуурамч шашны ертөнц болох Агуу их Вавилоныг газрын хөрснөөс арчина. Энэ «янхныг» устгахдаа улс төрийн хүчнүүдийг ашиглана (Илч. 17:16, 17). Дараа нь Сатаны эрхшээлд байдаг улс төрийн тогтолцоог газартай тэгшилнэ. Есүсийг бас «ёроолгүй гүний тэнгэр элч» гэж нэрлэдэг. Тэрбээр Сатан болон чөтгөрүүдийг ёроолгүй гүнд хаяж бүрмөсөн ялна (Илч. 9:1, 11; 20:1–3). Сэтгэл хөдөлгөм энэ үйл явдлыг 45-р дуулалд хэрхэн зөгнөсөн байдгийг авч үзье.

ХААН «ЗӨВ ШУДАРГЫН ТӨЛӨӨ» МОРДСОН НЬ

11. Христ ямар «үнэний» төлөө мордох вэ?

11 Дуулал 45:4-ийг уншина уу. Мессиа Хаан газар нутаг эзлэх, ард түмнүүдийг эрхшээлдээ оруулах гэж дайлаар мордохгүй, харин зөв зорилгоор дайн хийнэ. Тэрбээр «үнэн, дөлгөөн [«даруу», ШЕ] байдал, зөв шударгын төлөө» мордоно. Ехова орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй цорын ганц Нэгэн билээ. Энэ бол хамгийн агуу «үнэн» юм. Сатан Еховагийн эсрэг тэрслэхдээ захирах эрх нь хууль ёсных эсэх талаар маргаан дэгдээсэн. Тэр цагаас хойш чөтгөрүүд болон хүмүүс энэ агуу үнэнийг үгүйсгэх болжээ. Еховагийн тосолсон Хаан Есүс үнэний төлөөх аян дайнд мордож, Еховаг ганцаараа захирах эрхтэйг батлах цаг дөхчихөөд байна.

12. Хаан «даруу байдлын» төлөө мордоно гэдгийг юу гэж ойлгох вэ?

12 Хаан «даруу байдлын» төлөө мордоно. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэрбээр даруу байж, хэмжээгүй эрх мэдэлтэй Эцэгтээ захирагддагаараа гайхалтай жишээ үзүүлсэн (Ис. 50:4, 5; Иох. 5:19). Тийм болохоор, Хааны үнэнч албатууд бүгдээрээ мөрөөр нь даган, даруухан байж Еховад бүхий л талаар захирагдах ёстой. Ингэсэн цагт Бурхны амласан шинэ ертөнцөд амьдрах эрх олж авна (Зех. 14:16, 17).

13. Христ зөв шударгын төлөө мордоно гэдгийг юу гэж ойлгох вэ?

13 Христ бас «зөв шударгын төлөө» мордоно. Зөв шударга байдал гэдэг нь зөв буруугийн талаарх Еховагийн тогтоосон хэм хэмжээ юм (Ром 3:21; Д.хууль 32:4). Исаиа Есүс Христийн тухай зөгнөхдөө: «Хаан нь үнэн зөвөөр хаанчилна» гэжээ (Ис. 32:1). Есүс төр барих хугацаандаа «зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг» бий болгоно (2 Петр 3:13). Шинэ ертөнцөд оршин суух бүх хүн Еховагийн тогтоосон хэм хэмжээг чанд баримтлах ёстой (Ис. 11:1–5).

ХААН «АЙДАС ТӨРҮҮЛЭМ ЗҮЙЛСИЙГ» ХИЙНЭ

14. Христ баруун гараараа хэрхэн «айдас төрүүлэм зүйлсийг» хийх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

14 Мессиа Хаан илдээ ташаандаа зүүгээд мориндоо мордож урагш давшина (Дуу. 45:3). Тэгээд цаг нь болоход илдээ сугалж, баруун гартаа барина. Дуулалч: «Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана» гэж зөгнөжээ (Дуу. 45:4). Еховагийн оноосон ялыг гүйцэтгэхээр Хармагедоны үеэр ирэхдээ Есүс Христ дайснуудынхаа эсрэг «айдас төрүүлэм зүйлсийг» хийнэ. Гэхдээ Сатаны тогтолцоог яг хэрхэн устгахыг нь бид мэдэхгүй. Ямар ч байсан, Бурхны сэрэмжлүүлгийг тоодоггүй, Хаан Есүст захирагддаггүй хүмүүс тэр үед айж балмагдах нь тодорхой (Дуулал 2:11, 12-ыг уншина уу). Есүс эцсийн өдрүүдийн талаар «Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг [хүмүүс] санаж, айснаасаа ухаан алдана» гээд «Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна» хэмээн зөгнөжээ (Лук 21:26, 27).

15, 16. Христтэй хамт дайлаар мордох «тэнгэр дэх дайчдын» бүрэлдэхүүнд хэн орох вэ?

15 Хаан хүч болон агуу сүр жавхлантайгаар Бурхны дайсныг дарахаар ирэхийг «Илчлэлт» номд бичихдээ «Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь „Итгэмжит бөгөөд Үнэн“ гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг. Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан, Түүнийг дагаж байв. Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна» гэжээ (Илч. 19:11, 14, 15).

16 Христтэй хамт дайлаар мордох «тэнгэр дэх дайчдын» бүрэлдэхүүнд хэн орох вэ? Есүсийг эхний удаа илдээ зүүн Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөх үед «тэнгэр элч нар» хамт байсан (Илч. 12:7–9). Тэгэхлээр Хармагедоны үеэр Христийн дайчдын бүрэлдэхүүнд ариун тэнгэр элчүүд орно гэж үзэх нь зүйд нийцнэ. Өөр хэн орох бол? Есүс тослогдсон ах дүүстээ дараах амлалтыг өгсөн. «Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн, тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно» (Илч. 2:26, 27). Тиймээс Христийн тэнгэр дэх дайчдын бүрэлдэхүүнд тэнгэрийн шагналаа авсан тослогдогсод бас орох ажээ. Үндэстнүүдийг устгах «айдас төрүүлэм зүйлс» хийх тэр үед нь тослогдогсод Есүстэй хамт байна.

ХААН ЯЛНА

17. а) Христийн унасан цагаан морь юуг бэлгэддэг вэ? б) Илд, нум юуг бэлгэддэг вэ?

17 Дуулал 45:5-ыг уншина уу. Илчлэлт 6:2-т «Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв» гэж байдаг. Хааны унасан цагаан морь нь Бурхны сайшаадаг зөв шударга дайныг бэлгэддэг (Илч. 19:11). Хаан Есүс илд зүүж, нум барьжээ. Дайснаа яаж дарахыг нь илд, нумаар бэлгэдсэн байна.

Шувуудыг дуудаж дэлхийг цэвэрлүүлнэ (18-р догол мөрийг үзнэ үү)

18. Христийг «сумнуудаа» хэрэглэхэд юу болох вэ?

18 Дуулалч: «Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ» хэмээн зөгнөжээ. Дэлхий даяар аллага хядлага болно. Иеремиа: «Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна» гэж зөгнөсөн (Иер. 25:33). Яг энэ үйл явдлын талаар өөр нэг зөгнөлд «Наран дээр нэгэн тэнгэр элчийн зогсож байхыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуунд „Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун. Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын махыг, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүх хүний махыг идэх юм“ хэмээн хэлэв» гэсэн байдаг (Илч. 19:17, 18).

19. Христ хэрхэн ялалт байгуулах вэ?

19 Сатаны ёс бус тогтолцоог устгасны дараа Есүс «сүр хүч дотор ялгууснаар мордоно» (Дуу. 45:4). Сатан болон чөтгөрүүдийг ялан дийлж, Мянган жилийн засаглалаа дуустал ёроолгүй гүнд хорино (Илч. 20:2, 3). Тэгэхэд Диавол болон чөтгөрүүд үхсэн мэт болох учир ямар ч хор хөнөөл учруулж чадахгүй. Дэлхийн оршин суугчид Сатаны муу нөлөөнөөс ангид байж, төгс ялалт байгуулсан сүр жавхлант Хаандаа захирагдана. Дэлхий аажмаар диваажин болохыг тэд үзнэ. Гэхдээ үүнээс өмнө Хаан болон хамтран захирагчидтай нь хамт баярлах өөр нэг шалтгаан бий. Тэр баярт үйл явдлыг дараагийн өгүүллээр ярилцъя.

^ Дуулал 45:6 (ШЕ): «Бурхан бол мөнхийн мөнхөд таны сэнтий болой».