Skip to content

Гарчиг руу орох

Хоньчид оо, Агуу Хоньчдоо дууриагтун

Хоньчид оо, Агуу Хоньчдоо дууриагтун

«Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» (1 ПЕТР 2:21).

1, 2. а) Хонин сүргийн арчилгаа маллагааг тааруулбал ямар үр дүнтэй вэ? б) Есүсийн үед хүмүүс яагаад «хоньчингүй хонин сүрэг мэт» байсан бэ?

 ХОНИН СҮРГЭЭ өсгөж үржүүлэн тарга тэвээрэг авахуулъя гэвэл хоньчин хүн сэтгэл зүтгэл гаргах хэрэгтэй. Хонь маллах арга ухааны тухай бичсэн нэг гарын авлагад «Сүргийг бэлчээрт гаргахаас өөр юу ч хийдэггүй бол хэдхэн жилийн дотор хонь нь турж эцэн, өвчлөх нь ихэсдэг» гэжээ. Харин арчилгаа маллагааг нь тааруулбал мал тарга хүч сайтай байна.

2 Бурхны хонин сүргийг хариулах үүрэгтэй хоньчид хонь нэг бүрийг анхаарч халамжлан, санаа тавьдаг бол хурлын бүх гишүүнд сайнаар нөлөөлнө. «Хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан» олон түмнийг Есүс хараад өрөвдсөнийг та санаж байгаа байх (Мат. 9:36). Яагаад тийм өрөвдөлтэй байсан бэ? Бурхны Хуулийг тэдэнд зааж сургах үүрэгтэй хүмүүс харгис хатуу ханддаг, хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, хоёр нүүр гаргадаг байжээ. Шашны удирдагчид Бурхны хоньдод туслан, хоол тэжээл өгөхийн оронд мөрөн дээр нь «хүнд ачаа» тавьсан аж (Мат. 23:4).

3. Ахлагчид хоньдыг хариулахдаа юу санах хэрэгтэй вэ?

3 Орчин үеийн христиан хоньчид буюу ахлагчид хариуцлагатай үүрэг хүлээдэг. Тэд «Сайн хоньчин» Ехова Есүс хоёрын хонин сүргийг хариулдаг (Иох. 10:11). Есүс өөрийнхөө «үнэт цусаар» хоньдыг худалдан авсан билээ (1 Кор. 6:20; 1 Петр 1:18, 19). Хоньдоо маш их хайрладаг учраас тэднийхээ төлөө амиа дуртайяа өгчээ. Ахлагчид Бурхны хайртай Хүү, «хоньдын Хоньчин» Есүсийн удирдлага дор ажилладаг туслах хоньчид гэдгээ ямагт санах хэрэгтэй (Евр. 13:20).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Ахлагчид хоньдод хэрхэн хандах ёстой вэ? Удирдах үүрэг хүлээсэн хүмүүст хурлын гишүүн бүр дуулгавартай байх учиртай. Харин ахлагчдын талаар Библид «Өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг» бүү ноёл гэж байдаг (Евр. 13:17; 1 Петр 5:2, 3-ыг уншина уу). Ахлагчид Бурхны хонин сүргийг ноёлохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Өөрөөр хэлбэл, хоньдыг хариулахдаа Бурхны өгсөн эрх мэдлийг урвуулан ашиглахгүйн тулд яах вэ?

«ХУРГАНУУДАА ... ЦЭЭЖИНДЭЭ ТЭВЭРНЭ»

5. Исаиа 40:11-ээс Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

5 Зөнч Исаиа Еховагийн талаар «Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө» хэмээн бичжээ (Ис. 40:11). Ехова сул дорой, туслах хүнгүй үйлчлэгчдэдээ санаа тавьдгийг энэ зүйл харуулдаг. Хоньчин хүн хонь нэг бүрдээ юу хэрэгтэйг ойлгож, туслахад бэлэн байдаг шиг Ехова үйлчлэгч нэг бүрийнхээ хэрэгцээг мэддэг бөгөөд анхаарал халамж хэрэгтэй хүнд туслахлаараа баярладаг. Хоньчин дөнгөж төрсөн хургыг, шаардлагатай бол, өвөртөө хийгээд авч явдгийн адилаар «өршөөлийн Эцэг» Ехова хүнд хэцүү үед биднийг «өвөртөө хийгээд авч явна». Бэрхшээл тулгарсан юм уу тусламж зайлшгүй хэрэгтэй үед тайвшруулж тайтгаруулна (2 Кор. 1:3, 4).

6. Ахлагчид Еховаг хэрхэн дууриах вэ?

6 Сүнслэг хоньчдод тэнгэрийн Эцгээсээ сурах юм их бий! Хоньдод юу хэрэгтэй байгааг сайн мэддэг байх ёстой. Итгэл нэгтэнд нь ямар бэрхшээл тулгарч байгааг мэддэг бол хэрэгтэй үед нь тусалж дэмжин, урамшуулан зоригжуулна (Сур. 27:23). Ахлагч хүн хурлынхаа гишүүдтэй сайн ярилцдаг байх хэрэгтэй. Энэ нь хувийн амьдралд нь хөндлөнгөөс оролцохын нэр биш юм. Харин тэдэнд санаа тавьж, хэлэх үгийг нь сонсож, байр байдлыг нь ажиглаад «сул дорой» байвал шууд туслах хэрэгтэй гэсэн үг (Үйлс 20:35; 1 Тес. 4:11).

7. а) Езекиел, Иеремиагийн үеийн хоньчид ямар хандлагатай байсан бэ? б) Ахлагчид ямар сургамж авах хэрэгтэй вэ?

7 Езекиел Иеремиа нарын үеийн сүнслэг хоньчид ямар хандлагатай байсныг бодоод үзье. Хонин сүргийг нь анхаарч халамжлах ёстой атлаа үүргээ зөв зохистой биелүүлээгүй тэднийг Ехова зэмлэн буруушаасан. Харж хандах эзэнгүй болсны улмаас хоньд нь араатан амьтны идэш болж, тарж бутарчээ. Тэдгээр хоньчин «өөрсдийгөө тэжээж», харин Бурхны хоньдыг дарлан мөлждөг байв (Езе. 34:7–10; Иер. 23:1). Бурхан христ шашны ертөнцийн удирдагчдыг мөн энэ шалтгаанаар зэмлэн буруушаадаг. Ахлагчид эндээс ямар сургамж авах хэрэгтэй вэ? Еховагийн хонин сүргийг хайрлан халамжилж, зөв зохистой хариулах нь амин чухал ажээ.

«БИ ... ЖИШЭЭ ҮЗҮҮЛСЭН ЮМ»

8. Ахлагчид итгэл нэгтэндээ зөвлөгөө өгөхдөө Есүсийг хэрхэн дууриах вэ?

8 Хурлын зарим гишүүн төгс бусаасаа болоод Еховагийн шаардлагыг ойлгохдоо удаан байж болох юм. Библийн зарчимд үндэслээгүй шийдвэр гаргах юм уу сүнслэгээр төлөвшөөгүй хүний зан гаргаж мэднэ. Ахлагчид тийм хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Шавь нартаа тэвчээртэй ханддаг байсан Есүсийг дууриах учиртай. Хаанчлалд «хэн нь хамгийн агуу болох тухай» нэг бус удаа маргалдахад нь Есүс тэвчээр алдаагүй. Харин ч даруу байх талаар зааж сурган, хайрын үүднээс зөвлөгөө өгсөөр байсан (Лук 9:46–48; 22:24–27). Тэр байтугай, тэдний хөлийг угааж, даруу байна гэж яахыг хэлдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг. Ахлагчид бас даруу байх ёстой (Иохан 13:12–15-ыг уншина уу; 1 Петр 2:21).

9. Есүс шавь нарынхаа ямар буруу хандлагыг зассан бэ?

9 Сүнслэг хоньчин Бурхны хоньдыг захирах ёстой гэж элч Иаков Иохан хоёр ойлгож байжээ. Тэд Хаанчлалд өндөр байр суурьтай болохыг эрмэлзэж байв. Буруу хандлагатай байгааг нь ойлгуулахын тулд Есүс: «Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ. Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог» хэмээн хэлжээ (Мат. 20:25, 26). Элч нар ах дүүсээ «ноёлох» буюу юу хийхийг нь цаг үргэлж зааж зааварлах гэсэн буруу хандлагаа засах шаардлагатай байсан.

10. Есүс ахлагчдаас юу хүсдэг вэ? Паул хонин сүрэгт хэрхэн ханддаг байсан бэ?

10 Сүнслэг хоньчид сүргийг хариулахдаа Есүсийг дууриах учиртай. Ах дүүсээ ноёлох бус, харин тэдэнд зарц мэт дуртайяа үйлчлээсэй гэж Есүс хүсдэг. Элч Паул ийм хандлагатай байсныг Ефес дэх хурлын ахлагчдад хэлсэн үгнээс нь мэдэж болно. Тэрбээр: «Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн та нартай бүхий л хугацааны турш миний ямар байсныг та нар мэднэ. Би Эзэнд даруу зангаар ... үйлчилж байсан» гэжээ. Паул тэдгээр ахлагчийг даруу байгаасай, итгэл нэгтнүүдийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг байв. Тийм ч учраас «сул дорой нэгэндээ тус болохын» тулд яах ёстойг ахлагчдад өөрийн биеэр үзүүлжээ (Үйлс 20:18, 19, 35). Бас Коринтын христиануудад бичсэн захидалдаа ах дүүсийнхээ итгэлийг захирдаггүй, харин ч баяр баясгалангийнх нь төлөө хамтран ажилладгаа дурдсан байдаг (2 Кор. 1:24). Паул ахлагчдад хөдөлмөрч, даруу байхын сайхан жишээ үзүүлсэн.

«ИТГЭЛТ ҮГИЙГ БАРИМТАЛ»

11, 12. Ахлагчид шийдвэр гаргах гэж буй итгэл нэгтэндээ хэрхэн туслах вэ?

11 Ахлагч хурлынхандаа зөвлөгөө өгөхдөө үргэлж «итгэлт үгийг баримтлах ёстой» (Тит 1:9). Ингэхдээ «дөлгөөн» байх нь чухал (Гал. 6:1). Сайн хоньчин итгэл нэгтнээрээ ямар нэг юм хийлгэх гэж хүчилдэггүй, харин Еховаг хайрлах хайр, Үгийг нь эрхэмлэх сэтгэлдээ хөтлөгдөн зөв шийдвэр гаргахад нь тусалдаг. Чухал шийдвэр гаргах гэж байгаа хүнд Библийн зарчмыг хэлж өгөх юм уу, байгууллагын ном хэвлэлд гарсан өгүүллээс хамт ярилцаж болох юм. Өөрөөр шийдлээ гэхэд Еховатай тогтоосон харьцаанд нь хэрхэн нөлөөлөхийг бодуулах нь зүйтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө Бурхнаас удирдамж заавар гуйн залбирахын чухлыг сануулах нь сайн (Сур. 3:5, 6). Ийнхүү ярилцсаны дараа өөрөөр нь шийдвэр гаргуулах учиртай (Ром 14:1–4).

12 Ахлагчдын өгдөг заавар зөвлөгөө зөвхөн Библид үндэслэх ёстой. Тиймээс Библи хэмээх багажийг чадварлаг ашиглаж, тэнд бичигдсэн зүйлийг дагаж мөрддөг байх нь чухал. Ингэдэг бол эрх мэдлээ урвуулан ашиглахгүй. Ахлагчид туслах хоньчин гэдгээ мартах ёсгүй. Эцсийн эцэст хурлын гишүүн бүр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Ехова Есүс хоёрын өмнө хүлээнэ (Гал. 6:5, 7, 8).

«ХОНИН СҮРЭГТЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛ»

Дэлгэрүүлэх ажилд бэлдэхэд нь ахлагчид гэрийнхэндээ тусалдаг (13-р догол мөрийг үзнэ үү)

13, 14. Ахлагчид итгэл нэгтнүүддээ ямар сайн жишээ үзүүлэх ёстой вэ?

13 Ах дүүсээ ноёлохгүй байхыг элч Петр ахлагчдад зөвлөснийхөө дараа «хонин сүрэгтээ үлгэр дууриал болохыг» уриалсан (1 Петр 5:3). Ахлагчид сүрэгт үлгэр дууриал болохын тулд яах хэрэгтэй вэ? Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг хүсдэг эрчүүдийн хангах ёстой хоёр шаардлагыг авч үзье. Нэгдүгээрт, «хэрсүү» байх учиртай. Ийм хүн Библийн зарчмыг сайн ойлгодог, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэддэг. Бас аливаа асуудалд хүлээцтэй ханддаг, сайн бодож байж шийдвэр гаргадаг. Хоёрдугаарт, «өөрийн гэрийг сайн захирдаг» байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сайн нөхөр, сайн эцэг байна гэсэн үг. Библид «Хэрэв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурханы чуулганыг халамжлах билээ?» гэж байдаг (1 Тим. 3:1, 2, 4, 5). Ийм ахлагчдад хурлынхан нь итгэж найддаг.

14 Ахлагчид Есүсийн адилаар дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцож итгэл нэгтнүүддээ үлгэр дууриал болох ёстой. Есүс Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа салшгүй хэсэг болгоод зогсохгүй, хэрхэн хийхийг шавь нартаа зааж сургасан билээ (Марк 1:38; Лук 8:1). Ахлагчидтай хамт дэлгэрүүлж, энэ чухал ажилд идэвхтэй оролцдогийг нь харж, заах арга барилаас нь суралцахлаараа дэлгэрүүлэгчид урамшин зоригждог. Хэчнээн завгүй ч гэсэн ахлагчид сайн мэдээ дэлгэрүүлэхийн төлөө цаг зав, хүч чадлаа зориулдгийг хурлынхан нь хараад дууриадаг. Цуглаанд бэлдэж, хариулахаас гадна Хаанчлалын танхим цэвэрлэх, засаж янзлах ажилд оролцож итгэл нэгтнүүддээ сайн жишээ үзүүлдэг (Еф. 5:15, 16; Еврей 13:7-г уншина уу).

Ахлагчид дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог (14-р догол мөрийг үзнэ үү)

«ДОРОЙ БУУРАЙ ХҮМҮҮСТ ТУСАЛ»

15. Ахлагчид итгэл нэгтэндээ хоньчны эргэлт хийх хэрэгтэйн учир юу вэ?

15 Хонь нь гэмтэж бэртэх юм уу өвчилбөл сайн хоньчин шархыг нь нэн даруй боож эмчилдгийн адил, сүнслэгээр өвдсөн, зовж шаналж буй итгэл нэгтэндээ ахлагчид цаг алдалгүй туслах учиртай. Өндөр настай, өвчтэй нэгэнд маань бодит тусламж хэрэгтэй ч сэтгэл санааг нь тайвшруулж, урамшуулан зоригжуулах нь бүр ч чухал (1 Тес. 5:14). «Идэр насныхаа дур хүслүүдтэй» тэмцэж яваа охид хөвгүүдэд ч дэмжлэг хэрэгтэй (2 Тим. 2:22). Сүнслэг хоньчдын хийдэг нэг ажил нь хурлынхаа гишүүдийг эргэж тойрон, ямар бэрхшээл тулгарч байгааг нь мэдэж, Библиэс зөвлөгөө өгч, урамшуулан зоригжуулах юм. Ийнхүү хэрэгтэй үед нь цаг алдалгүй тусалбал асуудал даамжрахаас сэргийлж чадна.

16. Хурлынх нь гишүүнд сүнслэг тусламж хэрэгтэй бол ахлагчид хэрхэн туслах вэ?

16 Итгэл нэгтэн маань ноцтой алдаа гаргаж, Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгасан бол яах вэ? Библи бичигчдийн нэг Иаков: «Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно» гэжээ (Иак. 5:14, 15). Хурлын хэн нэгэн нь сүнслэгээр өвдсөн атлаа «ахлагчдыг дуудахгүй» байж мэдэх юм. Ахлагчид үүнийг анзаарсан даруйдаа тусламж үзүүлэх хэрэгтэй. Тэр хүний төлөө хамт залбирч, хүнд хэцүү үед нь тусалж дэмжвэл хоньдыг сүнслэгээр сэргээх үүргээ сайн биелүүлдэг гэсэн үг (Исаиа 32:1, 2-ыг уншина уу).

17. Ахлагчид «хоньдын Хоньчноо» дууриахлаар ямар үр дүнд хүрдэг вэ?

17 Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг бүх хүн «хоньдын Хоньчин» Есүс Христийг дууриахыг хамаг чадлаараа хичээдэг. Тэдний ачаар хонин сүрэг өсөн нэмэгдэж, сүнслэгээр хүчтэй болдог. Энэ бүхний төлөө агуу Хоньчин Еховадаа талархаад баршгүй!