Skip to content

Гарчиг руу орох

Эхлэгчээр үйлчилж Бурхантай дотносъё

Эхлэгчээр үйлчилж Бурхантай дотносъё

«Бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ» (ДУУ. 147:1).

1, 2. а) Хайртай хүнийхээ тухай бодож, бусдад ярихлаар яадаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Ямар асуултуудыг авч үзэх вэ?

 ХАЙРТАЙ хүнийхээ тухай бодож, бусдад ярих тусам бүр ч дотно болдог. Ехова Бурхантай ч ийм маягаар дотносдог. Тэнгэрт түгсэн оддыг харж, гайхамшигт Бүтээгчийнхээ тухай эргэцүүлэн бодсон удаа хоньчин хүү Давидад олон байсан биз ээ. Тэрбээр: «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?» хэмээн бичжээ (Дуу. 8:3, 4). Ехова сүнслэг Израилийн талаарх санаа зорилгоо гайхамшигтайгаар биелүүлж байгааг элч Паул эргэцүүлэн бодоод «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ!» хэмээн дуу алдсан байдаг (Ром 11:17–26, 33).

2 Бид дэлгэрүүлэх ажилд оролцохлоороо Еховагийн тухай бодож, Еховагийн тухай ярьдаг. Энэ нь сайн үр дүнтэй. Хаанчлалын үйл хэрэгт оролцохын хэрээр Бурхнаа улам бүр хайрладгийг эхлэгчээр үйлчилдэг хүмүүс өөрийн биеэр үздэг. Та эхлэгч үү? Эсвэл эхлэгч болох зорилготой яваа юу? Аль нь ч байлаа гэсэн дараах асуултыг бодож үзээрэй. Бүрэн цагаар үйлчилбэл Еховатай дотносдог гэхийн учир юу вэ? Цаашдаа ч эхлэгчээр үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Эхлэгч болъё гэвэл одооноос юу хийх нь зүйтэй вэ? Одоо эхлээд, бүрэн цагаар үйлчилбэл Бурхантай улам дотно болдог гэхийн учрыг ярилцъя.

ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛБЭЛ БУРХАНТАЙ ДОТНОСНО

3. Ирээдүйд Хаанчлал юу хийхийг хүмүүст ярьдаг бол ямар үр дүнтэй вэ?

3 Ирээдүйд Хаанчлал юу хийхийг хүмүүст хэлж ярьдаг бол Еховатай дотносно. Та айлаар дэлгэрүүлэхдээ Библийн ямар зүйлийг хүмүүст үзүүлэх дуртай вэ? Дуулал 37:10, 11; Даниел 2:44; Иохан 5:28, 29; Илчлэлт 21:3, 4-ийг уншуулах дуртай юу? Бид эдгээр зүйлд дүрсэлсэн сайхан ирээдүйн тухай ярих болгондоо өгөөмөр сэтгэлтэй Бурхан маань «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг» өгдгийг өөрсдөө санадаг. Ийнхүү санахлаараа Еховатай бүр ч дотно болдог (Иак. 1:17).

4. Сүнслэгээр ядуу хүн их байгааг харах тусам Бурхан ямар сайхан сэтгэлтэйг улам бүр ойлгодгийн учир юу вэ?

4 Сүнслэгээр ядуу хүн их байгааг харах тусам үнэнийг мэдсэнээ завшаанд тооцдог. Жинхэнэ амжилт, аз жаргалыг олоход туслах удирдамж заавар энэ ертөнцийн хүмүүст байдаггүй. Дийлэнх нь ирээдүйдээ санаа зовдог бөгөөд жинхэнэ найдварын талаар юу ч мэддэггүй. Тэд амьдралын утга учрыг хайдаг ч олдоггүй. Шашин шүтлэгтэй хүмүүс ч Библийн тухай бараг мэддэггүй. Тэд эртний Ниневе хотын оршин суугчидтай тун төстэй (Иона 4:11-ийг уншина уу). Дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын хэрээр Еховагийн ард түмэн болон энэ ертөнцийн хүмүүсийн сүнслэг байдал эрс ялгаатайг тодорхой хардаг (Ис. 65:13). Ехова зөвхөн үйлчлэгчдийнхээ сүнслэг хэрэгцээг хангаад зогсохгүй, бүх хүнийг урьж, сүнслэгээр сэргээрэй, жинхэнэ найдвартай болоорой гэдэг. Үүнийг бодохлоор Ехова ямар сайхан сэтгэлтэйг улам бүр ойлгодог (Илч. 22:17).

5. Бусдад сүнслэг тусламж үзүүлэхлээр өөрийнхөө зовлонг юу гэж боддог вэ?

5 Бусдад үнэнийг заахлаар өөрийнхөө зовлонг мартдаг. Үүнийг байнгын эхлэгчээр үйлчилдэг Триша эцэг эхийгээ салахад ойлгожээ. Тэрбээр: «Миний амьдралд тохиолдсон хамгийн харанхуй үе байлаа» хэмээн дурссан юм. Нэг өдөр сэтгэл нь хямраад гэрээсээ гармааргүй санагдсан аж. Гэлээ ч Библийн хичээл рүүгээ явжээ. Триша хэцүү амьдралтай гурван хүүхэдтэй хичээл хийдэг байлаа. Аав нь хаяад явчихсан, ах нь зэрлэг балмад харьцдаг байв. «Тэдний зовлонгийн дэргэд минийх юу ч биш. Хичээл хийж байхдаа хөөрхөн нүднүүд нь гэрэлтэж, сэтгэл нь хөөрч, инээд алдаж байгааг би ажиглав. Тэр гурван хүүхэд Еховагийн өгсөн бэлэг байсан. Ялангуяа яг тэр өдөр» хэмээн Триша ярьсан.

6, 7. а) Библийн үнэнийг заахад итгэл яагаад батаждаг вэ? б) Библийн зарчмыг ажил хэрэг болгоод өөрчлөгдөж байгаа суралцагчаа харахлаар юу бодогддог вэ?

6 Библийн үнэнийг заахлаар итгэл батаждаг. Заадаг юмаа өөрөө ажил хэрэг болгодоггүй зарим иудейчүүдэд элч Паул: «Бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу?» хэмээн бичжээ (Ром 2:21). Харин эхлэгчид тэднээс тэс өөр! Хүмүүст үнэнийг мэдүүлж, Библийн хичээл заах боломж эхлэгчдэд их олддог. Тэд энэ ажлаа үр бүтээлтэй хийхийн тулд заах хичээлээ бэлдэж, суралцагчдынхаа асуултад хариулах гэж судалгаа хийдэг. Жанин гэдэг эхлэгч эмэгтэй: «Хүмүүст үнэнийг заах тусам Библийн үнэн оюун ухаан, зүрх сэтгэлд минь хоногшиж байгааг мэдэрдэг. Тэгээд итгэл минь улам батаждаг» хэмээн ярьсан юм.

7 Библийн зарчмыг ажил хэрэг болгоод өөрчлөгдөж байгаа суралцагчдаа харахлаар мэргэн ухаантай Бурхнаараа бахархдаг (Ис. 48:17, 18). Улмаар Библийн зарчмыг цаашид ч хэрэгжүүлсээр байя гэж бат шийддэг. Өөр нэг эхлэгч Адрианна: «Хүн өөрийнхөө ухаанд найдахлаар амьдрал нь хөл толгойгоо алдчихдаг. Харин мэргэн ухааны Эх булаг Еховад найдаж эхлэхлээр ач тус нь шууд л харагддаг» гэжээ. Фил: «Өөрийгөө өөрчлөх гээд амжилт олоогүй хүмүүсийг Ехова яаж өөрчилж байгааг харахлаар гайхалтай санагддаг» хэмээн ярьсан юм.

8. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлэхлээр яадаг вэ?

8 Итгэл нэгтнүүдтэйгээ дэлгэрүүлэхлээр сэтгэл сэргэж, урам зоригтой болдог (Сур. 13:20). Ихэнх эхлэгч христиан ах дүүстэйгээ хамт олон цаг дэлгэрүүлдэг. Ийнхүү тэдэнд «хамтдаа зоригжих» боломж илүү их олддог (Ром 1:12; Сургаалт үгс 27:17-г уншина уу). Лиса гэдэг эхлэгч эмэгтэй: «Бие биетэйгээ өрсөлдөх, атаархах явдал ажил дээр дандаа л гардаг. Өдөр бүр хов жив, хараалын үг сонсоно. Бусдаас илүү гарахын тулд юу ч хийхээс буцдаггүй хүн ч байдаг. Христиан гэдгээсээ болоод шоолуулах, муу хэлүүлэх энүүхэнд. Харин итгэл нэгтнүүдтэйгээ дэлгэрүүлэхлээр үнэхээр урамтай! Тэр өдрийнхөө орой гэртээ ирэхдээ хэчнээн ядарсан байлаа ч сэтгэл хөнгөн, баяр баясгалантай байдаг» хэмээн ярьжээ.

9. Ханьтайгаа эхлэгчээр үйлчлэх нь ямар ач тустай вэ?

9 Ханьтайгаа хамт эхлэгчээр үйлчилбэл бие биетэйгээ улам дотносдог (Ном. 4:12). Нөхөртэйгөө эхлэгчээр үйлчилдэг Мадлен: «Нөхөр бид хоёр хэрхэн дэлгэрүүлснээ, Библиэс уншсан зүйлээ дэлгэрүүлэх ажилдаа яаж хэрэгжүүлэхээ ярилцдаг. Хамт эхлэгчээр үйлчлэхлээр жилээс жилд улам дотно болдог» гэж ярьсан. Триша: «Бид хоёр өрөнд орохоос айдаг. Тийм болохоор авч чадахгүй юмаа авъя гэж улайрдаггүй. Бид хоёрын дэлгэрүүлэх ажлын хуваарь ижилхэн учир давтан уулзалт хийхдээ ч, Библийн хичээлд оролцохдоо ч хамт явдаг. Үүний ачаар сэтгэл санаа, сүнслэг байдал маань адилхан байдаг» гэжээ.

Эхлэгчээр үйлчилдэг хүн сэтгэл хангалуун амьдардаг (9-р догол мөрийг үзнэ үү)

10. Хаанчлалыг эн тэргүүнд тавьж, Бурхан тусалж байгааг мэдсэн хүн яадаг вэ?

10 Хаанчлалыг эн тэргүүнд тавьж, Еховагийн тусламж дэмжлэгийг авч, залбиралд хариулж байгааг мэдрэхлээр Еховад улам найддаг болно. Үнэхээр тийм гэдгийг христиан хүн бүр батлан хэлнэ. Еховад найдвал бүрэн цагаар тасралтгүй үйлчилж болдгийг эхлэгчид мэддэг (Матай 6:30–34-ийг уншина уу). Эхнэртэйгээ эхлэгчээр үйлчилдэг Көртийн тухай авч үзье. Тэрбээр дүүргийн харгалзагчийн орлогч аж. Нэг хуралд эргэлт хийхийг түүнээс хүсжээ. Хоёр цаг гучин минут явж хүрэх тэр хуралд очих гэтэл машинд нь хангалттай шатахуун байсангүй. Цалин нь долоо хоногийн дараа буух байлаа. Көрт: «Бид яахаа ч мэдэхгүй байсан» гэж ярьсан. Гэсэн ч Көрт эхнэртэйгээ хоёулаа залбирсныхаа дараа тэр хуралд очихоор шийдэв. Бурхан хэрэгцээг нь хангана гэж найджээ. Тэгээд явах гэж байтал нэг Гэрч эмэгтэй ирж бэлэг өглөө. Тэр нь замд хүрэлцэхүйц мөнгө байв. «Иймэрхүү явдал дахин дахин тохиолдохлоор Ехова тусалж байгааг шууд ойлгодог» гэж Көрт өгүүлсэн юм.

11. Эхлэгч хүн ямар ивээл хүртдэг вэ?

11 Еховад үйлчлэхийн төлөө биеэ дайчилж, түүнтэй дотносохын хэрээр асар их ивээл хүртдэгийг эхлэгчид биеэрээ үздэг (Д.хууль 28:2). Гэхдээ эхлэгчээр үйлчлэх нь дандаа амархан байдаггүй. Адамын дэгдээсэн самуун явдлын үр дагавраас ангид байдаг хүн Бурхны үйлчлэгчдийн дотор нэг ч байхгүй. Зарим христиан бэрхшээл тулгарахад эхлэгчээр үйлчлэхээ нэг хэсэгтээ болихоор шийддэг. Гэвч ихэнхдээ тухайн бэрхшээлийг давж гарах эсвэл бүр тийм бэрхшээлтэй тулгарахгүй байх боломжтой. Эхлэгчээр үйлчлэх хосгүй завшаанаа алдахгүй байхад юу туслах вэ?

ЭХЛЭГЧЭЭР ТАСРАЛТГҮЙ ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД

12, 13. а) Эхлэгчийн нормоо биелүүлэх нь хэцүү байвал яах хэрэгтэй вэ? б) Өдөр бүр Библи унших, бие дааж судлах, эргэцүүлэн бодох цаг гаргах нь яагаад чухал бэ?

12 Ихэнх эхлэгч завгүй байдаг болохоор бүхнийг амжуулахад амаргүй биз ээ. Тиймд ажлаа сайн төлөвлөж, урьдчилж тооцдог байх нь нэн чухал (1 Кор. 14:33, 40). Эхлэгчийн нормоо биелүүлэх нь хэцүү байдаг бол цаг заваа юунд зориулдгаа дахин нэг шалгах хэрэгтэй (Еф. 5:15, 16). «Би амарч зугаацахад хэр олон цаг зарцуулдаг вэ? Онцын шаардлагагүй зүйлд цагаа үрэхгүйн тулд өөрийгөө захирч сурах хэрэгтэй юм биш биз? Ажлынхаа хуваарийг өөрчлөх боломж бий юү?» гэх зэргийг бодож үзэх нь сайн. Бүрэн цагаар үйлчилдэг христианууд иймэрхүү асуултаар өөрийгөө тогтмол шалгаж, засаж өөрчлөх зүйл байвал өөрчлөөрэй.

13 Өдөр бүр Библи унших, бие дааж судлах, эргэцүүлэн бодох нь эхлэгчийн амьдралын салшгүй хэсэг юм. Тиймд эдгээр чухал зүйлд зарцуулах цагаа ач холбогдол багатай юманд зориулахгүйн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй (Флп. 1:10). Жишээ нь, нэг эхлэгч өдөржин дэлгэрүүлээд орой нь гэртээ ирлээ гэж бодъё. Уг нь цуглаандаа бэлдэх зорилготой байв. Гэвч эхлээд шуудангаар ирсэн захидал уншив. Дараа нь компьютерээ асааж и-мэйл уншаад, хариу бичлээ. Интернетэд нэгэнт холбогдсоных, авах гэж байгаа барааных нь үнэ хямдарсан эсэхийг үзнэ. Нэг мэдсэн чинь бараг хоёр цаг өнгөрсөн байлаа. Цуглаандаа бэлдэж эхлээгүй ч байдаг! Үүнийг яагаад засах ёстой вэ? Тамирчин хүн мэргэжлээрээ удаан ажиллая гэвэл тогтмол зөв зохистой хооллох ёстой. Үүнтэй адилаар, эхлэгчээр тасралтгүй үйлчилье гэвэл сүнслэг хоол тогтмол хүртэх хэрэгтэй (1 Тим. 4:16).

14, 15. а) Эхлэгчид эгэл жирийн амьдрах хэрэгтэйн учир юу вэ? б) Бэрхшээл тулгарвал эхлэгч хүн яах нь зүйтэй вэ?

14 Эхлэгчээр баяр хөөртэй үйлчилдэг христианууд эгэл жирийн амьдрахыг хичээдэг (Мат. 6:22). Есүс шавь нартаа нүдээ «цэвэр» байлгахыг захисан билээ. Тэрбээр өөрөө энгийн амьдардаг байсан учир юунд ч сатааралгүй Бурхандаа үйлчилдэг байв. «Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй» гэж хэлж байжээ (Мат. 8:20). Их юмтай байхын хэрээр засаж янзлах, арчилж тордох ажил нэмэгддэгийг Есүсийн мөрөөр явдаг эхлэгчид үргэлж санадаг.

15 Эхлэгч байх нь завшаантай хэрэг боловч бусдаас мундагтаа эхлэгчээр үйлчилж байгаа юм биш, харин Бурхан хайр ивээлээ үзүүлж ийм завшаан олгосныг тэд ойлгодог. Тиймээс цаашдаа ч эхлэгч байя гэвэл Еховад найдах хэрэгтэй (Флп. 4:13). Бэрхшээлгүй юм гэж байхгүй (Дуу. 34:19). Хэрэв ямар нэг хэцүү асуудал тулгарвал эхлэгчээр үйлчлэхээ яаран болихын оронд, Еховагаас удирдлага заавар гуйж, туслахыг нь хүлээгээрэй (Дуулал 37:5-ыг уншина уу). Хайрлаж, санаа тавьж байгааг нь мэдэрвэл тэнгэрийн Эцэгтэйгээ бүр ч дотносох нь дамжиггүй (Ис. 41:10).

ТА ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

16. Та эхлэгчээр үйлчлэхийг хүсэж байгаа бол юу хийх хэрэгтэй вэ?

16 Та бас эхлэгч хүний эдэлдэг ивээлийг хүртмээр байна уу? Энэ хүсэлтээ Еховад мэдүүлээрэй (1 Иох. 5:14, 15). Эхлэгчидтэй ярилцаарай. Эхлэгч болохын тулд шат дараалсан зорилт тавиарай. Кейт Эрика хоёр чухамдаа ингэсэн ажээ. Тэд бусдын л адил бүтэн өдрөөр ажилладаг байсан бөгөөд гэрлэснийхээ дараа байшин, шинэ машин авчээ. «Юм юмтай болсон болохоор сэтгэл хангалуун амьдарна гэж бодож байлаа. Гэвч санаснаар болсонгүй» гэж тэд ярьсан юм. Кейт ажлаасаа халагдсаныхаа дараа туслах эхлэгчээр үйлчилжээ. Тэрбээр: «Дэлгэрүүлэх ажил ямар их баяр баясгалан авчирдгийг туслах эхлэгчээр үйлчлээд л ойлгож билээ» хэмээн дурссан. Кейт Эрика хоёр эхлэгчээр үйлчилдэг гэр бүлийн хоёртой найз болов. Эгэл жирийн амьдрах, эхлэгчээр үйлчлэхийн баяр жаргалыг тэднээс олж харжээ. Кейт Эрика хоёр яасан бэ? «Бид хоёр өмнөө тавьсан сүнслэг зорилгоо жагсааж бичээд хөргөгчин дээрээ наасан. Тэгээд биелсэн зорилго болгоноо тэмдэглэдэг байлаа» хэмээн ярьсан юм. Яваандаа тэд эхлэгч болжээ.

17. Эхлэгч болохын тулд цагийн хуваарь, амьдралын хэвшил гэх зэргээ өөрчлөх нь яагаад ухаалаг вэ?

17 Та эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Яг одоо чадмааргүй санагдвал дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцож, Еховатай улам дотносохыг хичээгээрэй. Залбирч, боломж бололцоогоо тооцож үзсэний дараа цагийн хуваарь, амьдралын хэвшил гэх мэтийн зарим нэг юмаа өөрчилчихвөл эхлэгчээр үйлчлэх боломжтойгоо ойлгож болох юм. Эхлэгч болбол золиосолсон бүхэнтэйгээ харьцуулахын аргагүй баяр баясгалан эдэлнэ. Өөрийнхөө ашиг сонирхлыг бус, Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг бол үргэлж сэтгэл хангалуун явна (Мат. 6:33). Өгөхийн жаргалыг бүр ч ихээр эдэлнэ. Түүнээс гадна, Еховагийн тухай их бодож, их ярихын хэрээр улам хайрладаг болж, зүрхийг нь баярлуулна.