Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Үнэнч үйлчлэгчдийнх нь үхэл Еховагийн «мэлмийд үнэ цэнэтэй» гэдгийг юу гэж ойлгох вэ?

▪ Дуулалч ариун сүнсээр удирдуулан «Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог» хэмээн дуулжээ (Дуу. 116:15). Өөрийг нь үнэнээр шүтдэг хүн бүрийн амь Еховад маш их үнэ цэнэтэй байдаг. Гэхдээ 116-р дууллаас иш татсан дээрх үгийг ганц нэг хүний үхэлд хамааруулан ойлгож болохгүй.

Еховад үнэнч байсаар нас барсан христиан хүнийг дурсаж илтгэл тавихад Дуулал 116:15-ыг иш татах нь зохимжгүй байдаг. Яагаад? Дуулалчийн хэлсэн энэ үг илүү өргөн утгатай. Бурхны хувьд үнэнч үйлчлэгчид нь бөөнөөрөө үгүй болно гэдэг байж болшгүй зүйл ажээ (Дуулал 72:14; 116:8-ыг үзнэ үү).

Үнэнч үйлчлэгчдээсээ нэгийг нь ч үлдээлгүй устгахыг Ехова хэзээ ч зөвшөөрөхгүйг Дуулал 116:15 баталдаг. Үүнийг хүнд хэцүү сорилт, хавчлагыг давж гарсан Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүхээс мэдэж болно.

Ехова хязгааргүй хүч чадалтай, санаа зорилгоо заавал биелүүлдэг учраас ард түмнийг нь газрын хөрснөөс бүрмөсөн арчихыг дайсандаа яасан ч зөвшөөрөхгүй. Эс бөгөөс дайснууд нь Бурхнаас илүү хүчтэй болж таарна. Ийм юм гэж хэзээ ч байхгүй! Үнэнч хүмүүсийг дэлхий дээр оршин суулгах зорилго нь биелэхгүй байна гэдэг огт боломжгүй зүйл юм (Ис. 45:18; 55:10, 11). Түүнээс гадна, Еховаг шүтдэг нэг ч хүн агуу их сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд үлдэхгүй болчихно! «Шинэ тэнгэрийн» удирдлага доорх «шинэ газар» буюу манай гариг дээр орших зөв шударга хүний нийгмийн үндэс байхгүй болно (Илч. 21:1). Дэлхий дээр амьдрах харьяат албат үгүй бол Христийн Мянган жилийн засаглал хий хоосон зүйл болно (Илч. 20:4, 5).

Ард түмнийг нь тэр чигээр нь устгахыг Ехова дайсандаа зөвшөөрвөл Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн гэдэг байр суурь нь ганхаж, нэр төр нь гутаагдана. Ехова өөрийгөө хүндэтгэж, ариун нэрээ эрхэмлэдэг учраас үнэнч үйлчлэгчдээ газрын хөрснөөс бөөнөөр нь хэзээ ч үгүй болгохгүй. Тэгээд ч Бурхан шударга учраас өөрт нь үнэнчээр үйлчилж байгаа ард түмнээ бүхэлд нь хамгаалахгүй байна гэж байхгүй (Д.хууль 32:4; Эх. 18:25). Хэрэв дайснууд нь Еховагийн ард түмнийг бүрмөсөн устгавал «Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй» хэмээсэн Үгтэй нь зөрчилдөнө (1 Сам. 12:22). Үнэхээр ч Ехова «Өөрийн ард түмнийг хаяхгүй, Өөрийн өвийг ч орхихгүй» билээ (Дуу. 94:14).

Еховагийн ард түмэн дэлхийгээс хэзээ ч устаж алга болохгүй гэхлээр тайвширмаар байгаа биз! Тиймээс Бурхандаа цаг үргэлж үнэнч байж, «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм» хэмээсэн амлалтад нь итгэцгээе (Ис. 54:17).

[22-р хуудасны товчлол]

Бурхан ард түмнээ хэзээ ч устгуулахгүй