Skip to content

Гарчиг руу орох

Найдвартайдаа баярлацгаая

Найдвартайдаа баярлацгаая

Найдвартайдаа баярлацгаая

«Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдвар» (ТИТ 1:2).

ДАВТАХ АСУУЛТ

Тослогдсон хүн үнэнчээ батлахад тэнгэрт баяр хөөр болдгийг хаанаас мэдэж болох вэ?

Өөр хонинуудын найдвар биелэх нь тослогдогсдын найдвар биелэхтэй ямар холбоотой вэ?

Найдвараа биелэхийг үзье гэвэл «ариун байдал ба сүсэглэл дотор» хэрхэн явах вэ?

1. Тэвчээртэй байхад Еховагийн өгсөн найдвар ямар ач тустай вэ?

 ЕХОВА бол «найдварын Бурхан». Элч Паул ингэж хэлэхдээ Ехова биднийг «ариун сүнсний хүчээр найдвараар [бялхаахын] тулд итгэл дотор бүх баяр баясгалан болон амар тайвнаар дүүргэдэг» гэжээ (Ром 15:13). Бид найдвараар бялхвал ямар ч нөхцөлд тэвчээртэй байж чадах бөгөөд баяр баясгалантай, амар тайван байна. Ийм найдвар нь тослогдсон болон бусад христиануудын хувьд «сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй» юм (Евр. 6:18, 19). Амьдрал хэмээх далайн шуурган дунд бид энэ найдвараасаа зуурч, салхинд туугдалгүй, итгэлээ сулруулалгүй явж чадна (Еврей 2:1; 6:11-ийг уншина уу).

2. Өнөөгийн христианууд ямар хоёр найдвартай вэ? «Өөр хонинууд» тослогдогсдын найдварын талаар анхаарч судлах хэрэгтэйн учир юу вэ?

2 Төгсгөлийн цагт амьдарч буй христианууд дор бүрнээ ирээдүйн найдвартай. Тослогдсон христиануудын «өчүүхэн сүргээс» үлдсэн гишүүдийн найдвар нь Христтэй хамт хаад, тахилч болж, тэнгэрт мөнх амьдрах юм (Лук 12:32; Илч. 5:9, 10). Тооны хувьд тэднээс илт давуу «өөр хонинууд» Мессиагийн Хаанчлалын албат болж, диваажин дэлхий дээр мөнх амьдрах ирээдүйтэй (Илч. 7:9, 10; Иох. 10:16, ШГ). Одоо дэлхий дээр байгаа Христийн тослогдсон «ах дүүсийг» идэвхтэй дэмжиж байсан цагт аврагдана гэдгээ өөр хонинууд хэзээ ч мартах ёсгүй (Мат. 25:34–40). Тослогдогсод шагналаа авах нь гарцаагүй. Өөр хонинуудын найдвар ч баттай (Еврей 11:39, 40-ийг уншина уу). Эхлээд, тослогдсон христиануудын найдварын тухай ярилцъя.

ТОСЛОГДСОН ХРИСТИАНУУДЫН «АМЬД НАЙДВАР»

3, 4. Бурхан тослогдсон христиануудыг «амьд найдвар уруу ... дахин төрүүлсэн» гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ найдварыг юу гэсэн бэ?

3 Элч Петр тослогдсон христиануудад бичсэн хоёр захидалдаа тэднийг «сонгогдсон» гэжээ (1 Петр 1:2). Тэрбээр өчүүхэн сүрэгт оногдсон гайхалтай найдварын талаар дэлгэрэнгүй бичсэн. Эхний захидалдаа «Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу, мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн. Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. ... та нар ... үүндээ үлэмж баярладаг» хэмээн бичжээ (1 Петр 1:3–6).

4 Тэнгэрийн засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахаар Еховагийн сонгосон цөөн тооны христиан Бурхны сүнсэн хөвгүүд болж «дахин [төрнө]». Тэднийг Христтэй хамт хаан, тахилч болгохоор ариун сүнсээр тосолсон (Илч. 20:6). Тэд дахин төрөхлөөрөө «амьд найдвартай» болно. Петр энэ найдварыг тэдний төлөө «тэнгэрт хадгалагдсан» «мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй ... өв» гэжээ. Тослогдогсод амьд найдвартайдаа «үлэмж баярладаг» нь гайхах зүйл биш юм! Гэхдээ энэ найдвараа биелэхийг үзье гэвэл үнэнч байх шаардлагатай.

5, 6. Тослогдсон христианууд үнэнч байх ёстойн учир юу вэ?

5 Петр хоёр дахь захидалдаа өөрсдийг нь «дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй байхыг» тослогдсон христиануудад уриалжээ (2 Петр 1:10). Тэд итгэл, сүсэглэл, ах дүүсэг энэрэл, хайр гэх мэтийн христиан чанарыг илэрхийлдэг болохын төлөө чармайх ёстой байв. Петр: «Хэрэв та нарт эдгээр чанар байгаа бөгөөд улмаар нэмэгдсээр байвал, эдгээр нь ... та нарыг үр ашиггүй, үр жимсгүй байлгахгүй» гэж бичсэн (2 Петр 1:5–8-ыг уншина уу).

6 Дахин амилсан Христ, Бага Азийн Филаделфи хот дахь христиан хурлын тослогдсон ахлагчдад хандан «Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахь» хэмээн айлджээ (Илч. 3:10, 11). Сонгогдсон хүмүүсийг үхэн үхтэлээ үнэнч байвал «алдрын гандашгүй титэм» өгнө гэж амласан байдаг. Хэрэв тослогдсон христиан үнэнч бус болбол үүнийг авч чадахгүй (1 Петр 5:4; Илч. 2:10).

«ХААНЧЛАЛ РУУ ... ОРОХ» НЬ

7. Иуда захидалдаа гайхамшигтай ямар найдварын тухай дурдсан бэ?

7 МЭ 65 оны орчим Есүсийн дүү Иуда тослогдсон нөхдөдөө захидал бичжээ. Уг захидалдаа тэднийг, «дуудагдсан хүмүүс» гэж нэрлэсэн байдаг (Иуда 1; Еврей 3:1-тэй харьцуулна уу). Эхлээд тэрбээр тослогдсон бүх христиануудын өвөрлөж явдаг авралын найдварын тухай бичье гэж боджээ (Иуда 3). Гэтэл тулгамдсан өөр асуудлуудыг бичих зайлшгүй шаардлага гарсан аж. Гэсэн хэдий ч богинохон захидлынхаа төгсгөлд тослогдсон христиануудын хосгүй найдварын тухай дахин дурдаж «Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд, Бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай» хэмээн бичжээ (Иуда 24, 25).

8. Тослогдсон хүн үнэнчээ баталбал тэнгэрт баяр хөөр болдог гэхийн учир юу вэ?

8 Тослогдсон үнэнч христианууд дор бүрнээ Бурхнаар хамгаалуулахыг, «бүдрэх» буюу үнэнч бус болж сүйрэхгүй байхыг хүсдэг нь ойлгомжтой. Тэд Есүс Христийн тусламжтайгаар төгс сүнсэн бүтээл болон амилж, улмаар үлэмжийн баяр хөөртэйгөөр Бурхны оршихуйд очно гэсэн Библид үндэслэсэн найдвартай. Тослогдсон хүн үнэнч байсаар нас барвал «сүнслэг биеэр», «алдар дотор амилуулагдах» нь зайлшгүй (1 Кор. 15:42–44). «Гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болдог» юм бол Христийн, сүнсээр төрсөн ах дүүсийн нэг нь үнэнч байсаар дэлхий дэх амьдралаа дуусгавал тэнгэрт ямар их баяр хөөр болохыг төсөөлөөрэй (Лук 15:7). Ехова болон үнэнч сүнсэн бүтээлүүд тослогдсон хүнийг шагналаа авахлаар нь хамтдаа «үлэмжийн баяр хөөр» болох ажээ (1 Иохан 3:2-ыг уншина уу).

9. Үнэнч тослогдогсод «хаанчлал уруу хангалттай орно» гэдгийг юу гэж ойлгох вэ? Дэлхий дээр байгаа тослогдогсод энэ найдвараа бодохлоор яадаг вэ?

9 Бас Петр тослогдсон христиануудыг үнэнч байвал шагнал авах тухай бичжээ. Тэрбээр: «Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал уруу хангалттай орох болно» гэсэн (2 Петр 1:10, 11). Петр «хангалттай орох» гэж хэлэхдээ тослогдогсдыг илүү их алдар хүндтэйгээр тэнгэрт очно гэсэн санаа хэлсэн бололтой. Бас тэднийг асар их ивээл хүртэнэ гэсэн санаа хэлэх гэсэн байх. Тослогдогсод үнэнч явснаа эргэн дурсаад хэмжээлшгүй ихээр баярлах болно. Одоо дэлхий дээр байгаа тослогдсон христианууд ийм сайхан ирээдүйгээ бодоод үнэнч хэвээрээ байх урам зоригтой болдог (1 Петр 1:13).

ӨӨР ХОНИНУУДЫН НАЙДВАР

10, 11. а) Өөр хонинууд ямар найдвартай вэ? б) Дэлхийд амьдрах найдвар биелэх нь Христтэй болон «Бурханы хөвгүүдийн илчлэгдэхтэй» ямар холбоотой вэ?

10 Элч Паул сүнсээр төрсөн «Бурханы хөвгүүд», Христийн хамтран «залгамжлагчдын» агуу найдварын тухай бичсэнийхээ дараа тоолж баршгүй үй олон өөр хонинуудад Еховагийн амласан гайхамшигт найдварыг дурдаж ийнхүү бичжээ. «[Хүмүүн] бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн [тослогдогсдын] илчлэгдэх юм. Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм» (Ром 8:14–21).

11 Ехова хүн төрөлхтнийг «эртний могой» Сатан Диаволын савраас аврах «үр» бий болгохоо амлахдаа энэ найдварыг өгсөн (Илч. 12:9; Эх. 3:15, ШЕ). Тэр «үрийн» гол хэсэг нь Есүс Христ байсан (Гал. 3:16). Есүс үхээд, амилснаар хүн төрөлхтөн нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх бат найдвартай болсон. Энэ найдвар биелэх нь «Бурханы хөвгүүдийн илчлэгдэхтэй» нягт холбоотой. «Үрийн» туслах хэсэг болох тослогдогсод тэнгэрт амилсныхаа дараа Христийн хамтаар Сатаны ёс бус тогтолцоог устгана. Тэд ингэж «илчлэгдэнэ» (Илч. 2:26, 27). Энэ нь агуу их гай гамшгийг давах өөр хонинуудын хувьд аврал байх юм (Илч. 7:9, 10, 14).

12. Тослогдогсод илчлэгдэх нь хүн төрөлхтөнд ямар ач тустай вэ?

12 Христийн Мянган жилийн засаглалын үед хүн гэдэг «бүтээл» хэчнээн их тайвшрах бол оо! Тэр үед алдар магтаалыг хүлээсэн «Бурханы хөвгүүд» Христтэй хамт тахилчаар үйлчлэн, Есүсийн золих тахилын ач тусыг хүн төрөлхтөнд хүртээж бас нэг «илчлэгдэнэ». Тэнгэрийн Хаанчлалын албат болсон дуулгавартай хүн төрөлхтөн нүгэл, үхлийн үр дагавраас аажим аажмаар ангижирсаар, «ялзралын боолчлолоос чөлөөлөгдөнө». Мянган жилийн туршид болон эцсийн сорилтын үед Еховад үнэнч хэвээрээ байвал нэр нь «амийн номд» бичигдэж үүрд үлдэнэ. Тэд «Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно» (Илч. 20:7, 8, 11, 12). Энэ бол үнэхээр гайхалтай найдвар!

НАЙДВАРАА АЛДАХГҮЙ БАЙХ НЬ

13. Бид юуны ачаар ирээдүйн найдвартай болсон бэ? Христ хэдийд илчлэгдэх вэ?

13 Петр ариун сүнсээр удирдуулан бичсэн хоёр захидалдаа, тослогдогсод болоод өөр хонинуудад тус тусын найдвараа алдахгүй байхад нь тус болох олон зүйлийг дурджээ. Тэд хийсэн ажлынхаа хариуд бус, Еховагийн нигүүлслийн ачаар ийм найдвартай болсныг тэрбээр онцолж, «Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь» хэмээн бичсэн байна (1 Петр 1:13). Христ үнэнч дагалдагчдаа шагнахын зэрэгцээ ёс бус бүхнийг устгахаар ирэхдээ «илчлэгдэнэ» (2 Тесалоник 1:6–10-ыг уншина уу).

14, 15. а) Найдвараа алдахгүйн тулд юуг анхаарах шаардлагатай вэ? б) Петр юу гэж зөвлөсөн бэ?

14 Бид ирээдүйн найдвараа алдахгүйн тулд «ЭЗЭНий өдөр» удахгүй болно гэдгийг байнга санаж явах шаардлагатай. Тэр өдөр одоогийн «тэнгэр» буюу хүний засаглал, «газар» буюу ёс бус хүний нийгэм болон түүн дээрх «бодисууд» устгагдана. Петр: «Та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно» гэж бичжээ (2 Петр 3:10–12).

15 Одоогийн «тэнгэр», «газрын» оронд «шинэ тэнгэр [Христийн засгийн газар], шинэ газар [дэлхий дээрх шинэ нийгэм]» бий болно (2 Петр 3:13). Петр «хүлээх» буюу найдвараа алдахгүй байхад тус болох зөвлөгөө өгчээ. Тэрбээр: «Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн» хэмээн бичсэн байна (2 Петр 3:14).

НАЙДВАРАА ТОД САНАДГАА ХАРУУЛЪЯ

16, 17. а) «Ариун байдал», «сүсэглэл» гэж юу вэ? б) Бидний найдвар хэрхэн биелэх вэ?

16 Бид найдвараа тод санадгаа яаж амьдарч байгаагаараа харуулах ёстой. «Ямар төрлийн хүмүүс» байхаа анхаарахыг Петр сануулсан. «Ариун байдал» гэдэг нь «харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яван», ёс суртахууны хувьд цэвэр ариун байхыг хэлнэ (2 Петр 3:11; 1 Петр 2:12). Бид «бие биеэ хайрлах» ёстой. Энэ нь дэлхий дахины болон нутгийнхаа итгэл нэгт ах дүүстэй эвтэй байхын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн үг (Иох. 13:35). Еховатай улам дотно болгох үйлсийг «сүсэглэл» гэдэг. Энэ нь утга төгөлдөр залбирах, өдөр бүр Библи унших, бие даан гүнзгий судлах, гэр бүлийн хичээл хийх, «Хаанчлалын ... сайн мэдээ» дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох зэрэг юм (Мат. 24:14).

17 Еховагийн таалалд багтаж, өнөөгийн ёс бус тогтолцоо «устгагдах» үеэр аврагдахыг бид бүгдээрээ хүсдэг. Тэр цагт, «мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдвар» маань хэрхэн биелэхийг үзэх болно (Тит 1:2).

[Догол мөрийн асуулт]

[22-р хуудасны зураг]

Тослогдсон христианууд «амьд найдвар уруу» дахин төрнө

[24-р хуудасны зураг]

Найдвараа алдахгүйн төлөө гэр бүлээрээ хичээцгээе