Skip to content

Гарчиг руу орох

Судлах цагаа илүү сонирхолтой, үр бүтээлтэй болгоё

Судлах цагаа илүү сонирхолтой, үр бүтээлтэй болгоё

Судлах цагаа илүү сонирхолтой, үр бүтээлтэй болгоё

Библийг яаж судалбал илүү баяр хөөртэй болох вэ? Библи судлах цагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд яах вэ? Бие даан судалж, их юм мэдэж авахад тус болох гурван чухал аргыг товч үзье.

1 ЗАЛБИРАХ: Эхний арга нь залбирах юм (Дуу. 42:8). Яагаад чухал бэ? Бурхны Үгийг судлахыг шүтлэгийн хэсэг гэж үзэх хэрэгтэй. Тиймээс оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлтгэхэд тусалж ариун сүнсээ өгөхийг Еховагаас гуйх нь зүйтэй (Лук 11:13). Олон жил миссионерээр үйлчилж байгаа Барбара: «Би Библи уншиж, судлахаасаа өмнө байнга залбирдаг. Тэгэхлээр Ехова надтай хамт байж намайг сайшааж байгааг мэдэрдэг» гэж ярьсан юм. Судлахаасаа өмнө залбирвал оюун ухаан, зүрх сэтгэл маань элбэг дэлбэг сүнслэг хоолыг хүлээж авахад бүрэн бэлтгэгдэнэ.

2 ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ: Цаг зав багатайгаасаа болоод зарим хүн Бурхны Үгийг зүгээр уншаад өнгөрдөг. Гэтэл судалж байж л ач тусыг нь хүртэнэ шүү дээ. Еховад 50 гаруй жил үйлчилж буй Карлос илүү үр өгөөжтэй судлахын тулд эргэцүүлэн бодох цаг гаргахын чухлыг ойлгожээ. Тэрбээр: «Одоо би Библиэс өдөрт ойролцоогоор хоёр хуудсыг л уншдаг болсон. Тэгэхлээр уншсан зүйлээ эргэцүүлэн бодох цаг ч их гардаг, сургамжтай зүйлээ ч олж авдаг» гэж ярьсан (Дуу. 77:12). Зав гаргаж байгаад эргэцүүлж боддог бол Бурхны хүсэл тааллыг илүү сайн мэддэг, ойлгодог болно (Кол. 1:9–11).

3 ХЭРЭГЖҮҮЛЭХ: Ер нь аливаа юмны үнэ цэнийг сайн ойлговол үр шимийг нь илүү их хүртэнэ. Библи судлах тухайд ч мөн тийн хэлж болно. Библи тогтмол судлах хэвшилтэй Габриел гэдэг залуу: «Библи судлахлаар өдөр тутмын бэрхшээлээ давж, бусдад туслах чадвартай болдог» гээд, цааш нь «Би сурсан бүхнээ хэрэгжүүлэхийг хичээдэг» гэж ярьсан юм (Д.хууль 11:18; Иош. 1:8). Бурхны өгдөг мэдлэг арвин их ээ. Тэр бүхнийг олж авч, хэрэгжүүлэх боломж бидэнд байна (Сур. 2:1–5).

ДҮГНЭЛТ: Мэргэн ухааны Эх булаг Еховагийн заадаг бүхнийг гүнзгийрүүлэн судлах ямар их завшаантай хүмүүс вэ, бид! (Ром 11:33). Тиймээс та Библи судлахдаа эхлээд Еховад залбирч, оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлтгэхэд туслахыг, ариун сүнсээ өгөхийг гуйгаарай. Дараа нь унших явцдаа үе үе зогсосхийж, эргэцүүлэн бодоорой. Тэгээд, сурсан зүйлээ өдөр бүр хэрэгжүүлээрэй. Энэ гурван аргыг хэрэглэвэл Библи судлах цаг тань илүү сонирхолтой, үр бүтээлтэй байх болно.