Skip to content

Гарчиг руу орох

«Сүнс ... Бурханы гүн юмсыг ... нэвтэлдэг»

«Сүнс ... Бурханы гүн юмсыг ... нэвтэлдэг»

«Сүнс ... Бурханы гүн юмсыг ... нэвтэлдэг»

«Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу» (1 КОР. 2:10).

1. 1 Коринт 2:10-т Паул ариун сүнсний ямар үүргийг онцолсон бэ? Ямар ямар асуулт урган гарч байна вэ?

 ЕХОВАГИЙН ариун сүнс бидэнд тусалдагт үнэхээр талархмаар! Сударт энэ сүнсийг туслагч, бэлэг, гэрч, бидний төлөө зуучлан гуйгч гэж нэрлэдэг (Иох. 14:16; Үйлс 2:38; Ром 8:16, 26, 27). Элч Паул ариун сүнсний өөр нэг чухал үүргийг онцолж: «Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг» хэмээн бичжээ (1 Кор. 2:10). Үнэхээр ч Ехова сүнсээрээ Библийн гүн гүнзгий ойлголтыг тодорхой болгож өгдөг. Ийм тусламж байгаагүйсэн бол Еховагийн санаа зорилгыг бид хэрхэн ойлгож чадах билээ? (1 Коринт 2:9–12-ыг уншина уу). Гэхдээ үүнтэй уялдаад дараах асуултууд урган гарч байна. Сүнс «Бурханы гүн юмсыг» яаж «нэвтэлдэг» вэ? Нэгдүгээр зуунд Ехова гүн юмсаа хэнээр дамжуулан илчилсэн бэ? Орчин үед Бурхны сүнс гүн юмсыг хэнээр дамжуулан, яаж илчилдэг вэ?

2. Сүнс ямар хоёр аргаар туслах учиртай байсан бэ?

2 Сүнс хоёр аргаар туслах болно гэдгийг Есүс хэлсэн байдаг. Тэрбээр үхэхийнхээ өмнөхөн элч нартаа: «Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно» хэмээн айлджээ (Иох. 14:26). Ариун сүнс багш, сануулагч болох байлаа. Христиануудад ойлгоогүй зүйлийг нь ойлгуулан багш болж, ойлгосон зүйлээ санаад зөв хэрэгжүүлэхэд нь туслан сануулагч болох байв.

Нэгдүгээр зуунд

3. «Бурханы гүн юмс» аажим аажмаар илчлэгдэх байсан нь Есүсийн хэлсэн ямар үгнээс харагддаг вэ?

3 Есүс шавь нартаа цоо шинэ олон сургаал заасан. Гэсэн ч тэдний сурах юм үүгээр хязгаарлагдах учиргүй байлаа. Есүс элч нартаа: «Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана» гэж хэлжээ (Иох. 16:12, 13). Энэ нь Бурхны гүн юмс ариун сүнсний тусламжтайгаар аажим аажмаар илчлэгдэнэ гэсэн үг байв.

4. МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс яаж багш, сануулагч болсон бэ?

4 МЭ 33 оны Пентекостын өдөр «үнэний сүнс» ирж, Иерусалимд цугларсан 120 орчим христиан дээр асгарчээ. Үүний нотолгоо нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдсон (Үйлс 1:4, 5, 15; 2:1–4). Шавь нар «Бурханы агуу үйлсийн тухай» янз бүрийн хэлээр ярьж гарчээ (Үйлс 2:5–11). Нэгэн шинэ ойлголт тодорхой болох цаг нь иржээ. Зөнч Иоел ариун сүнсний ийнхүү асгарахыг зөгнөсөн байсан (Иоел 2:28–32). Энэ зөгнөл санаанд оромгүйгээр биелэхийг хүмүүс нүдээр үзсэн бөгөөд уг үйл явдлыг элч Петр голчлон тайлбарлажээ (Үйлс 2:14–18-ыг уншина уу). Шавь нарын үзэж буй үйл явдал эрт цагт бичигдсэн дээрх зөгнөлийн биелэл юм гэдгийг ариун сүнс Петрт ойлгуулан багшийн үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн, Петр Иоелийн зөгнөлийг төдийгүй Давидын хоёр дууллыг иш татсан нь ариун сүнс сануулагчийн үүрэг гүйцэтгэсний баталгаа юм(Дуу. 16:8–11; 110:1; Үйлс 2:25–28, 34, 35). Тэнд байсан хүмүүсийн үзсэн, сонссон зүйл үнэхээр Бурхны гүн юмс байв.

5, 6. а) МЭ 33 оны Пентекостын өдрийн дараа шинэ гэрээтэй холбоотой, хариулт шаардсан ямар чухал асуултууд урган гарсан бэ? б) Эдгээр асуудлыг хэн, хэрхэн авч хэлэлцсэн бэ?

5 Нэгдүгээр зууны христиануудад тодруулж мэдэх зүйл байсаар байлаа. Жишээ нь, Пентекостын яг тэр өдөр хүчин төгөлдөр болсон шинэ гэрээний талаар олон асуулт гарчээ. Шинэ гэрээ зөвхөн иудейчүүд болон тэдэнтэй нэгдэн Еховаг шүтдэг болсон иудей биш хүмүүст л хамаатай юу? Бусад үндэстнүүд бас үүнд хамрагдаж, ариун сүнсээр тослогдож болох уу? (Үйлс 10:45). Үүний тулд харь үндэстэн эрэгтэйчүүд хөвч хөндүүлэх болон Мосегийн хуулийг сахих шаардлагатай юу? (Үйлс 15:1, 5). Эдгээр нь маш чухал асуулт байлаа. Еховагийн сүнс эдгээр гүн юмсыг «нэвтлэх» ёстой байв. Харин хэнээр дамжуулан илчлэх байсан бэ?

6 Хэлэлцэх шаардлагатай асуудал бүрийг хариуцлагатай үүрэг хүлээсэн эрчүүд авч үзэх ёстой байсан. Хөвч хөндүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр цугласан удирдах зөвлөлийн хуралд Петр Паул Барнаб нар оролцож, хөвч хөндүүлээгүй иудей биш хүмүүст Ехова хэрхэн хандсаныг ярьж өгчээ (Үйлс 15:7–12). Удирдах зөвлөл энэ баримтыг Еврей Судартай тулган, ариун сүнсний тусламжтайгаар авч хэлэлцээд нэг шийдвэр гаргаж, хурлуудад захидлаар мэдэгджээ (Үйлс 15:25–30; 16:4, 5-ыг уншина уу; Ефес 3:5, 6).

7. Гүнзгий утгатай сургаал ямар ямар аргаар илчлэгдэж байсан бэ?

7 Өөр олон асуудал ариун сүнсээр хөтлүүлэн бичсэн Иохан Петр Иаков Паул нарын захидлуудаар тодорхой болсон. Гэхдээ Христиан Судрыг бичиж дууссаны дараа, зөгнөх болон мэдлэгийг гайхамшгаар илчлэх гэх мэтийн сүнсний бэлэг үгүй болсон (1 Кор. 13:8). Тэгвэл ариун сүнс багш, сануулагч байхаа больсон хэрэг үү? Бурхны гүн юмсыг илчлэхэд нь христиануудад туслахаа больсон уу? Зөгнөлөөс үзвэл болиогүй.

Төгсгөлийн цаг үед

8, 9. Төгсгөлийн цаг үед «гэрэлтэх» сүнслэг хэрсүү ухаантан нь хэн байх вэ?

8 Төгсгөлийн цаг үеийн тухай нэг тэнгэр элч: «Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно. ... Мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж зөгнөжээ (Дан. 12:3, 4). Хэрсүү ухаантай нь хэн болж таарах вэ? Хэн гэрэлтэх вэ? Буудай ба зэрлэг өвсний тухай Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэл үүнийг ойлгоход тусална. Тэрбээр «үеийн төгсгөл»-ийн тухай ярьж, «Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно» гэж хэлжээ (Мат. 13:39, 43). Есүс «зөвт хүмүүсийг» «хаанчлалын хөвгүүд» буюу тослогдсон христианууд гэж тайлбарласан​(Мат. 13:38).

9 Тослогдсон христианууд бүгдээрээ «гэрэлтэх» ёстой байсан уу? Нэг талаар, тийм гэж хэлж болно. Учир нь христиан хүн бүр дэлгэрүүлэх, шавь бэлдэх, цуглаан дээр бие биеэ босгон байгуулах үйл хэрэгт гар бие оролцох учиртай. Эдгээр үйл хэргийг манлайлагч нь тослогдсон христианууд байх юм (Зех. 8:23). Харин нөгөө талаар, төгсгөлийн цаг үе болоход Бурхны гүн юмсыг илчлэх ёстой байлаа. Тэдгээрийн тоонд төгсгөлийн цаг болтол «лацдагдсан» Даниелын, дээрх зөгнөл ч ордог (Дан. 12:9). Тэгвэл сүнс эдгээр гүн юмыг хэнээр дамжуулан, хэрхэн илчлэх байв аа?

10. а) Төгсгөлийн цаг үед сүнс гүнзгий утгатай сургаалыг хэнээр дамжуулан ойлгуулдаг вэ? б) Еховагийн агуу сүнслэг сүмийн тухай ойлголтыг хэрхэн тодруулсныг ярина уу.

10 Өнөө үед ямар нэгэн сүнслэг зүйлийг тодруулах болоход ариун сүнс «итгэмжит, ухаалаг боол»-ыг төлөөлдөг Удирдах Зөвлөлд тусалж, урьд нь ойлгоогүй байсан гүнзгий утгатай сургаалыг ойлгуулдаг (Мат. 24:45; 1 Кор. 2:13). Удирдах Зөвлөлийн гишүүд ямар нэгэн тайлбарыг засах хэрэгтэй эсэхийг хамтран хэлэлцдэг (Үйлс 15:6). Тэгээд гаргасан шийдвэрээ бүх хүний тусын тулд хэвлэн нийтэлдэг (Мат. 10:27). Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэмж тодруулах шаардлага гарвал нэрэлхэлгүй дахин тайлбарлаж өгдөг  («Сүнслэг сүмийн учгийг Сүнс хэрхэн тайлсан нь» гэсэн хавсралт үзнэ үү).

Өнөөдөр ариун сүнсний ач тусыг хүртэх нь

11. Ариун сүнс Бурхны гүн юмсыг илчилдэг нь өнөөгийн христиануудад ямар ач тустай вэ?

11 Ариун сүнс Бурхны гүн юмсыг илчилдэг нь үнэнч христиан бүрд ач тустай. Нэгдүгээр зууны христиануудын адил, бид ариун сүнсний тусламжтайгаар ойлгомжтой болдог мэдлэгийг судалж, хожим нь санаж, хэрэгжүүлдэг (Лук 12:11, 12). Хэвлэн нийтэлсэн сүнслэг гүн юмсыг ойлгохын тулд тусгай боловсрол эзэмших шаардлагагүй (Үйлс 4:13). Тэгвэл Бурхны гүн юмсыг ойлгох чадвараа сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ? Хэдэн зөвлөгөө авч үзье.

12. Ариун сүнсийг гуйх ёстойн учир юу вэ?

12 Ариун сүнс гуйж залбирах. Библид үндэслэсэн материалыг судлахаасаа өмнө ариун сүнсний удирдлага гуйж залбирах нь зүйтэй. Ганцаараа байсан ч, судлах цаг бага байсан ч, энэ нь чухал юм. Тийнхүү даруухнаар гуйвал тэнгэрийн Эцэг маань баярлах нь гарцаагүй. Чин сэтгэлээсээ гуйх хүнд Ехова ариун сүнсээ дуртайяа өгнө гэж Есүс хэлсэн байдаг​(Лук 11:13).

13, 14. Цуглаанд бэлдэх нь Бурхны гүн юмсыг ойлгоход ямар ач холбогдолтой вэ?

13 Цуглаанд бэлдэх. Боолын анги бидэнд «цагт нь хоол ундыг» өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд Библид үндэслэсэн материал бэлдэж, цуглаанаар үзэх хуваарь гарган, хөтөлбөр зохиодог. Тэд ямар нэг мэдээ материалыг нийтлэхдээ маш сайн бодож цэгнэсэн байдаг учир христианууд бүгдээрээ тухайн материалыг судлах нь зүйтэй (1 Петр 2:17; Кол. 4:16; Иуда 3). Тэдний өгсөн зөвлөгөөг хичээнгүйлэн дагах нь ариун сүнсээр удирдуулж байгаа хэрэг юм​(Илч. 2:29).

14 Цуглаанд бэлдэхдээ иш татаагүй Библийн зүйлүүдийг уншиж, зүйл бүр гол санаатай ямар холбоотойг бодох нь сайн. Тийнхүү судалдаг болбол Библийг ойлгох чадвар маань аяндаа сайжирна (Үйлс 17:11, 12). Библийн хуудсыг эргүүлж байгаад унших нь утга санааг нь ой ухаандаа шингээн хоногшуулахад тус болох бөгөөд үүнийг сэргээн санахад ариун сүнс бас тусална. Мөн ингэж уншихад аль хуудсанд байдгийг тогтоох боломжтой.

15. Ном сэтгүүлээс сүүлийн үеийн мэдээлэл авч байх хэрэгтэйн учир юу вэ? Үүний тулд та юу хийе гэж бодож байна вэ?

15 Сүүлийн үеийн мэдээлэл авч байх. Манай байгууллагын ном, сэтгүүлд нийтэлсэн зарим материалыг цуглаан дээр ярилцдаггүй ч бидний тусын тулд бэлтгэдэг. Нийтэд зориулсан сэтгүүлийг бэлтгэхдээ ч биднийг бодолцдог. Цаг заваар хомс өнөөгийн ертөнцөд хэн нэгнийг, эсвэл ямар нэг юмыг хүлээх нь олонтаа. Тийм үед, хараахан уншаагүй, эсвэл уншиж дуусаагүй ном хэвлэлээ авч яван, хүлээх зуураа уншиж болно шүү дээ. Иймэрхүү материалыг жирийн хүмүүст зориулан гаргадаг ч маш нарийн судалгааны үндсэн дээр бэлтгэдэг учир сүнслэг зүйлийг ойлгож, илүү өндөр үнэлэхэд тустай​(Хаб. 2:2).

16. Асуулт гармагц тэмдэглэж аваад, дараа нь судлах нь ямар ач тустай вэ?

16 Эргэцүүлэн бодох. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншихдаа, түр зогсоод эргэцүүлэн бодож байгаарай. Санаануудыг ямар эрэмбэ дараатайгаар тайлбарласныг анхаарч уншихад зарим нэг асуулт гарч ирж магад. Тийм асуултуудыг тэмдэглэж аваад, дараа нь гүнзгийрүүлэн судалж болно. Тийнхүү судалгаа хийх явцад илүү гүнзгий ойлголт авах нь олонтаа. Түүнийгээ хувийн «эрдэнийн сандаа» хийгээд, хэрэгтэй үед нь гаргаж болно​(Мат. 13:52).

17. Та гэр бүлийн хичээл хийх юм уу бие даан судлах ямар хуваарьтай вэ?

17 Гэр бүлийн хичээлийн хуваарь гаргах. Удирдах Зөвлөл долоо хоногийн нэг өдрийг сонгоод, оройн цагаар ч юм уу эсвэл өөр тохиромжтой цагт бие даан судлах, гэр бүлээрээ хичээл хийхийг бид бүгдэд уриалсаар байгаа. Цуглааны хуваарь өөрчлөгдсөн нь энэ уриалгыг дагах боломжийг бүрдүүлсэн. Танайх Гэр бүлийн хичээлээрээ юу үздэг вэ? Зарим гэр бүл Библи уншиж, сонирхол татсан асуултуудын талаар судалгаа хийж, Библи дээрээ товч тайлбарыг тэмдэглэж авдаг. Олон гэр бүл судалснаа хэрхэн ажил хэрэг болгох тухайгаа цаг гарган ярилцдаг. Зарим өрхийн тэргүүн гэр бүлийнхээ хэрэгцээнд тохирно гэж үзсэн, эсвэл гэрийнхнийхээ сонирхсон сэдэв юм уу асуулттай холбоотой материалыг сонгодог. Дараа дараадаа өөр сэдвээр ярилцаж болно. *

18. Бурхны Үгэнд байдаг гүнзгий утгатай сургаалуудыг судлахаас зүрхшээх хэрэггүйн учир юу вэ?

18 Сүнс туслагч болно гэж Есүс хэлсэн. Тийм учраас, бид Бурхны Үгэнд байдаг гүнзгий утгатай сургаалыг судлахаас зүрхшээдэггүй. Иймэрхүү сургаал бол Бурхны тухай үнэт «мэдлэг»-ийн нэг хэсэг юм. Тэдгээрийг ойлгож мэдэхийг Библи бидэнд уриалдаг (Сургаалт үгс 2:1–5-ыг уншина уу). Бурхны «Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн» юмсыг эдгээр сургаалаас мэдэж болно. Хэрэв бид Еховагийн Үгийн тухай илүү ихийг мэдэхийг хичээвэл ариун сүнс тусална. Учир нь «Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу» (1 Кор. 2:9, 10).

[Зүүлт]

^ Түүнчлэн, 2008 оны 10 дугаар сарын «Христиан үйлчлэл»-ийн 8 дугаар хуудсыг үзнэ үү (англи).

Хариулна уу

• «Бурханы гүн юмсыг» илчлэхэд сүнс ямар хоёр аргаар тусалдаг вэ?

• І зуунд ариун сүнс гүнзгий утгатай сургаалуудыг хэнээр дамжуулан илчилсэн бэ?

• Орчин үед ариун сүнс сүнслэг зүйлүүдийг хэрхэн тодорхой болгодог вэ?

• Сүнсний ач тусыг хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[22-р хуудасны хавсралт]

 Сүнслэг сүмийн учгийг Сүнс хэрхэн тайлсан нь

Нэгдүгээр зуунд илчлэгдсэн «Бурханы гүн юмсын» дотор асар болон сүмээр төлөөлүүлдэг бэлгэдлийн утгатай илүү агуу зүйл ордог. Паул тэр зүйлийг «жинхэнэ асар» гэж нэрлээд, «Уг асрыг хүн бус, харин Эзэн [«Ехова», ШЕ] босгожээ» гэж бичжээ (Евр. 8:2). Энэ асар нь агуу их сүнслэг сүм юм. Өөрөөр хэлбэл, үүнийг Есүс Христийн золиос болон тахилчийн гүйцэтгэх үүрэгт үндэслэсэн, Бурхантай харьцахад туслах арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.

«Жинхэнэ асар» нь МЭ 29 онд буюу Есүс баптисм хүртэж, Ехова түүнийг төгс тахил болох нэгэн гэж хүлээн зөвшөөрөхөд бий болсон (Евр. 10:5–10). Есүс үхээд, амилсныхаа дараа сүнслэг сүмийн ариунаас ариун газар орж, золиосныхоо үнэ цэнийг «Бурханы оршихуйд» өргөн барьсан (Евр. 9:11, 12, 24).

Библийн өөр зүйлд элч Паул тослогдсон христиануудыг «Эзэн [«Ехова», ШЕ] доторх ариун сүм болохоор өсөж байна» гэж бичсэн байдаг (Ефес 2:20–22). Энэ сүмийг Паулын еврейчүүдэд бичсэн захидалдаа дүрсэлсэн «жинхэнэ асар» гэж ойлгож болох уу? Олон арван жилийн турш Еховагийн үйлчлэгчид тэгж ойлгож байсан. Тослогдсон христианууд дэлхийд байхдаа Еховагийн тэнгэрийн сүмийн «чулуу» болохоор бэлтгэгддэг гэж боддог байжээ (1 Петр 2:5).

Гэвч 1970-аад оны үед боолын ангийн хариуцлагатай гишүүд «Ефес» номд Паулын дүрсэлсэн сүмийг Еховагийн агуу их сүнслэг сүм болж таарахгүй гэдгийг ойлгож эхэлсэн. Хэрэв «жинхэнэ асар» үхээд амилсан тослогдсон христиануудаас бүрдэх байсан бол тэр сүм нь Эзний залран байх үед тэднийг амилж эхэлснээс хойш бий болох ёстой байв (1 Тес. 4:15–17). Гэхдээ Паул асрын тухай тайлбарлан: «Энэ нь одоо үеийн төлөөх билэгдэл байлаа» гэж бичжээ (Евр. 9:9).

Дээрх болон бусад зүйлүүдийг нарийвчлан харьцуулж үзсэнээр сүнслэг сүм нь одоо баригдаж байгаа бус, мөн тослогдсон христианууд дэлхий дээр байхдаа тэр сүмийн «чулуу» болохоор бэлтгэгдэж байгаа биш гэдэг нь тодорхой болсон. Харин ч тослогдсон христианууд сүнслэг сүмийн хашаан дотор болон Ариун газарт үйлчилж, Бурханд өдөр бүр «магтаалын тахил» өргөдөг (Евр. 13:15).

[23-р хуудасны зураг]

«Бурханы гүн юмсыг» яавал илүү сайн ойлгодог болох вэ?