Skip to content

Гарчиг руу орох

Христ ба итгэмжит боолыг үнэнчээр дэмжигтүн

Христ ба итгэмжит боолыг үнэнчээр дэмжигтүн

Христ ба итгэмжит боолыг үнэнчээр дэмжигтүн

«Эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» (МАТАЙ 24:45–47).

1, 2. а) Библид бичсэнээр, хэн бидний Удирдагч вэ? б) Есүс христиан хурлын Тэргүүний үүргээ сайн гүйцэтгэдэг нь хаанаас харагддаг вэ?

 «ТА НАР „удирдагчид“ гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм» (Матай 23:10). Есүс ийн тов тодорхой хэлснийг үзвэл, дагалдагчдыг нь хүн удирдахгүй ажээ. Тэдний Удирдагч ганц байх бөгөөд тэр нь Есүс Христ өөрөө юм. Бурхан түүнд ийм эрх мэдэл олгожээ. Ехова Есүсийг «үхэгсдээс амилуулаад... чуулганы [«хурлын», ШЕ] төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ. Чуулган [«хурал», ШЕ] нь Түүний бие» мөн (Ефес 1:20–23).

2 Есүс христиан хуралд хамаатай «бүх юмсын дээрх Тэргүүн» тул хуралд болж буй бүхнийг хянан захирах эрх мэдэлтэй. Хурал дотор юу ч болж байсан түүний хараанаас нууцлагдах аргагүй. Тэрбээр христиануудын бүлэг бүрийн сүнслэг байдлыг анхааралтай ажигладаг нь МЭ І зууны сүүлчээр элч Иоханд гайхамшгаар үзүүлсэн зүйлээс нь тодорхой харагддаг. Есүс долоон хуралд ажил үйлс, сайн муу талыг нь мэддэгээ таван ч удаа хэлж, тус бүрд нь тохирсон зөвлөгөө өгч, урам хайрласан байдаг (Илчлэлт 2:2, 9, 13, 19; 3:1, 8, 15). Үүнээс үзвэл, Бага Ази, Палестин, Сири, Вавилон, Грек, Итали гээд бусад газрын хурлуудын сүнслэг байдлыг ч сайн мэддэг байсан нь лавтай (Үйлс 1:8). Тэгвэл өнөөдөр ямар вэ?

Итгэмжит боол

3. Христийг Тэргүүнтэй, христиан хурлыг биетэй зүйрлэсэн нь яагаад зөв бэ?

3 Есүс амилаад, тэнгэрт очихоосоо өмнөхөн шавь нартаа: «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн» гээд, «Төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» хэмээн амлажээ (Матай 28:18–20). Тэрбээр шавь нараа удирдаж, үргэлж хамт байх байлаа. Элч Паул Ефес, Колоссай хотын христиануудад бичсэн захидалдаа хурлыг «биетэй», Есүсийг тэр биеийн Тэргүүнтэй зүйрлэжээ (Ефес 1:22, 23; Колоссай 1:18). «Энэ адилтгал нь биеийн эрхтнүүд Тэргүүнтэйгээ салшгүй холбоотой байхыг заахын зэрэгцээ, Тэргүүндээ захирагддагийг харуулдаг. Тэргүүн нь хүсэл тааллаа биелүүлэхийн тулд эрхтнүүдийг багаж хэрэгсэл болгодог» гэж нэгэн бүтээлд бичжээ («The Cambridge Bible for Schools and Colleges»). Христ 1914 онд хааны сэнтийд заларснаасаа хойш ямар бүлэг хүнийг «багаж хэрэгслээ» болгож байгаа вэ? (Даниел 7:13, 14).

4. Малахийн зөгнөсөнчлөн, Ехова Есүс хоёр сүнслэг сүмийг шалгахаар ирэхдээ юу илрүүлсэн бэ?

4 «Эзэн» Ехова «гэрээний элч» буюу Хаан болоод удаагүй Хүү Есүс Христийнхээ хамт «сүм» буюу өөрийг нь шүтэх сүнслэг өргөөг шалгахаар ирэхийг Малахи зөгнөжээ. «Бурхны өргөөг шүүх цаг» 1918 онд эхэлсэн бололтой * (Малахи 3:1; 1 Петр 4:17, ШЕ). Өөрсдийгөө жинхэнэ Бурхны төлөөлөгчид гэж нэрлэгчдийг шалгахад христийн шашны урсгалууд шалгалтыг давж чадаагүй. Учир нь тэд хэдэн зууны турш Бурхныг гутаан доромжилсон сургаал номлож, хүмүүсийг үй олноор нь устгасан дэлхийн І дайныг идэвхтэй дэмжиж байсан. Харин сүнсээр тослогдсон үнэнч христиануудын үлдэгсэд гал мэт шалгалтад тэнцэж, «зөв шударга байдал дотор ЭЗЭНд өргөлүүдийг өргөдөг» хүмүүс хэмээгдэн Бурхны сайшаалыг хүлээжээ (Малахи 3:3).

5. Есүсийн «залран байх үеийн» тухай зөгнөлд гарсан «боолоор» хэн тодорсон бэ?

5 Есүс шавь нартаа өөрийнх нь «залран байх хийгээд энэхүү тогтолцооны төгсгөлийн үеийг» таньж болох олон хэсэг бүхий шинж тэмдэг хэлж өгөхдөө бүлэг хүнийг төлөөлөх нэгэн «боолын» тухай дурджээ. Есүсийн хэлсэн үг Малахийн зөгнөлтэй нягт холбоотой. Есүс: «Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит, ухаалаг боол нь хэн бэ? Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана» гэжээ (Матай 24:3, ШЕ, 45–47). Христ 1918 онд «боолыг» шалгахаар «ирэхдээ» тослогдсон үнэнч дагалдагчдынх нь үлдэгсэд тэрхүү боолын үүргийг гүйцэтгэж байсныг олж тогтоосон. Тэд 1879 оноос «Харуулын цамхаг» сэтгүүл болон Библид үндэслэсэн бусад ном хэвлэл эрхлэн гаргаж, сүнслэг «хоолыг цагт нь» өгч байжээ. Тэгээд тэднийг «багаж хэрэгслээ» буюу «боолоо» хэмээн хүлээн зөвшөөрч, 1919 онд дэлхий дэх хамаг эзэмшил хөрөнгөө хариуцуулжээ.

Христийн хөрөнгийг хариуцсан нь

6, 7. а) Есүс итгэмжит «боолоо» өөрөөр юу гэж нэрлэсэн бэ? б) Есүс «нярав» гэдэг үгээр ямар санаа илэрхийлсэн бэ?

6 Есүс залран байх үеийнхээ шинж тэмдгийг хэлж, дэлхий дээр өөрийг нь төлөөлөх «боолын» тухай зөгнөхөөсөө хэдхэн сарын өмнө «боол» гэдгийг арай өөр үгээр хэлж, ямар үүрэг хариуцлага хүлээхийг нь тодорхой харуулжээ. Есүс: «Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ? Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн түүнд бүх хөрөнгөө хариуцуулах болно» гэж хэлсэн (Лук 12:42, 44).

7 Энэ зүйлд боолыг нярав гэжээ. «Нярав» гэдэг үгийг «гэрийн аж ахуй юм уу өмч хөрөнгө хариуцсан даамал» гэсэн утгатай грек үгнээс орчуулсан аж. «Итгэмжит, ухаалаг нярав» гэдэг нь Библийг тайлбарладаг эрдэмтэн мэргэд биш, харин шим тэжээлтэй сүнслэг хоол ундыг «цагт нь» өгөхийн зэрэгцээ, Эзний «зарц нарыг» нийтэд нь удирдаж, Христэд харьяалагдах, дэлхий дэх бүх юм буюу «хөрөнгийг» нь хариуцах үүрэг хүлээсэн бүлэг хүн юм. Тэгвэл Христийн «хөрөнгө» гэж юу вэ?

8, 9. Боолд хариуцуулсан «хөрөнгө» гэж юу вэ?

8 «Боолын» нэг үүрэг бол Есүсийн дагалдагчдын христиан үйл хэргээ явуулдаг барилга байгууламж, тухайлбал, Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв болон салбарууд, дэлхийн өнцөг булан бүрд байдаг Еховаг шүтэхэд зориулсан Хаанчлалын болон Чуулганы танхимыг хариуцах явдал ордог. Бас итгэлийг маань бэхжүүлэх зорилгоор цуглаан, чуулганы хөтөлбөрийг Библид үндэслэн бэлдэх чухал үүрэг хүлээдэг. Цуглаан, чуулганаар Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг тайлбарлаж, Бурхны Үгийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх зөвлөгөөг цаг тухайд нь өгдөг.

9 «Нярав» бас «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээг» тунхаглаж, «бүх үндэстнийг дагалдагч болгох» хамгийн чухал ажлыг удирдах үүрэгтэй. Үүнд хурлын Тэргүүн Есүсийн, төгсгөлийн цаг үед хийхийг тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг зааж сургах ажил орно (Матай 24:14; 28:19, 20; Илчлэлт 12:17). Дэлгэрүүлэх, заах ажлын үрээр тослогдсон үлдэгсдийн үнэнч хамтран зүтгэгчид болох «үй олон хүн» бий болсон. Христ «бүх үндэстний үнэтэй зүйлс» болох энэ хүмүүсийг итгэмжит боолдоо хариуцуулсан үнэт «хөрөнгөндөө» тооцдог юм (Илчлэлт 7:9; Хаггаи 2:7, ШЕ).

Удирдах зөвлөл бол «боолын» төлөөлөгч мөн

10. І зуунд бүх христианд хамаатай шийдвэрийг ямар бүлэг хүн гаргах эрхтэй байсан бэ? Гаргасан шийдвэр нь хурлуудад ямар ач тустай байсан бэ?

10 Итгэмжит боол хариуцлагатай үүргээ биелүүлэхдээ олон шийдвэр гаргах ёстой болдог. МЭ І зуунд Иерусалимд байсан элч нар болон ахлагчид боолын ангийг төлөөлөн, удирдах зөвлөлийг бүрдүүлж, бүх христианд хамаатай шийдвэр гаргадаг байв (Үйлс 15:1, 2). Тэд гаргасан шийдвэрээ мэдэгдэж, хурлуудад захидал илгээхээс гадна, төлөөлөгчдөө явуулдаг байжээ. Христианууд ч тодорхой заавар зөвлөгөөг нь баярлан хүлээн авч, гаргасан шийдвэрийг нь бүрэн дүүрэн дэмжиж, санаа бодол, хүсэл зорилго нэгтэй байдаг байв (Үйлс 15:22–31; 16:4, 5; Филиппой 2:2).

11. Христ хурлаа хэнээр дамжуулж удирддаг вэ? Тослогдсон христиануудын энэ бүлэгт бид хэрхэн хандах ёстой вэ?

11 МЭ І зууныхтай адил, орчин үед ч бас Удирдах зөвлөлийг сүнсээр тослогдсон цөөн хэдэн ахлагч бүрдүүлдэг. Тэд хурлын Тэргүүн Христийн хүч чадлын бэлэгдэл болсон «баруун мутраар» удирдуулан, Хаанчлалын үйл хэргийг хариуцан явуулдаг (Илчлэлт 1:16, 20). Олон жил Удирдах зөвлөлийн гишүүн байгаад, саяхан дэлхийн амьдралын замаа дуусгасан Альберт Шрөдер намтартаа: «Удирдах зөвлөл лхагва гариг бүр хурал хийхдээ эхлээд Еховагийн ариун сүнсний удирдлага гуйж залбирдаг юм. Ямар ч ажил хийхээр төлөвлөсөн, ямар ч шийдвэр гаргасан, Бурхны Үг Библид үндэслэхийг туйлын их хичээдэг» гэж бичжээ. * Энэ үнэнч тослогдсон христиануудад бүрэн итгэж болно. Элч Паул: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд... та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг» гэж бичжээ. Бид Паулын энэ тушаалыг дагаж, Удирдах зөвлөлд захирагдах хэрэгтэй (Еврей 13:17).

Итгэмжит боолыг зохих ёсоор хүндлэгтүн

12, 13. Боолын ангийг хүндлэх ямар ямар шалтгаан байдаг вэ?

12 Хэрэв бид итгэмжит боолын ангийг зохих ёсоор хүндэлбэл Эзэн Есүс Христийг нь хүндэлж байгаа хэрэг. Энэ бол боолыг хүндлэх ёстойн нэг шалтгаан юм. Паул тослогдсон христиануудад: «Чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн. Та нарыг үнээр худалдан авсан юм» гэж бичжээ (1 Коринт 7:22, 23; Ефес 6:6). Тийм учраас, итгэмжит боол болон Удирдах зөвлөлд үнэнчээр захирагдвал, боолын Эзэн Христэд захирагдаж байгаа хэрэг. Христийн дэлхий дэх хөрөнгийг хариуцдаг нярвыг зохих ёсоор хүндлэх нь «Бурхан Эцгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрдгөө» харуулах нэг арга юм (Филиппой 2:11).

13 Итгэмжит боолыг хүндлэх бас нэг шалтгааныг Библиэс үзье. Дэлхийд амьдарч байгаа тослогдсон христиануудыг «сүмтэй» зүйрлэсэн бөгөөд Ехова сүнсээрээ тэр сүмд оршдог. Тиймээс тэд «ариун хүмүүс» юм (1 Коринт 3:16, 17; Ефес 2:19–22). Ариун сүмтэй зүйрлэсэн тэр хүмүүст Есүс дэлхий дэх хөрөнгөө хариуцуулсан нь гагцхүү боолын анги л христиан хуралд хамаатай эрх эдэлж, үүрэг хүлээдэг гэсэн үг юм. Тийм ч учраас, христианууд бүгдээрээ итгэмжит боол болон Удирдах зөвлөлөөс гаргасан зааврыг дагаж, дэмжихээ ариун үүрэг гэж үздэг. Эзнийхээ даалгасан бүхнийг биелүүлж яваа боолын ангид туслах нь «өөр хонинуудад» үнэхээр нэр төрийн хэрэг юм (Иохан 10:16, ШГ).

Боолын ангийг үнэнчээр дэмжигтүн

14. Исаиагийн зөгнөснөөр, өөр хонинууд боолын ангийн араас явдаг гэж юу гэсэн үг вэ? Тэднийг «хөлсгүй ажилчидтай» зүйрлэсний учир юу вэ?

14 Өөр хонинууд сүнслэг Израилийн тослогдсон гишүүдэд даруухнаар захирагдахыг зөнч Исаиа: «ЭЗЭН ингэж айлдаж байна. „Египетийн бүтээгдэхүүн [«хөлсгүй ажилчид», ШЕ], Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж: «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ“» хэмээн зөгнөжээ (Исаиа 45:14). Орчин үед өөр хонинууд боолын анги болон Удирдах зөвлөлийн зааврыг дагадаг нь тэдний араас явж байгаа хэрэг юм. Мөн, Христийн даалгасан сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг дэлхий даяар хийхэд нь тослогдсон христиануудад туслан, хүч чадлаа харамгүй зориулж, боломж бололцоогоо дайчлан «хөлсгүй ажилчид» гэдгээ харуулдаг (Үйлс 1:8; Илчлэлт 12:17, ШЕ).

15. Исаиа 61:5, 6-д өөр хонинууд болон сүнслэг Израилийн тухай юу гэж зөгнөсөн бэ?

15 Өөр хонинууд боолын анги болон Удирдах зөвлөлийн удирдлага дор Еховад үйлчилдэгтээ баяртай байдаг. Тэд тослогдогсдыг «Бурхны Израилийн» гишүүд гэж үздэг (Галат 6:16). Бэлэгдлийн утгаар «харь хүмүүс», «харийн хөвгүүд» болох тэрхүү өөр хонинууд сүнслэг Израиль буюу Еховагийн «тахилч нар», «Бурхны үйлчлэгчид» гэгдэх тослогдогсодтой нийлж, тэдний удирдлага дор «тариаланч, усан үзэмчид» адил баяр хөөртэй үйлчилдэг (Исаиа 61:5, 6). Өөр хонинууд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, бүх үндэстний хүмүүсийг Есүсийн шавь болгох ажилд хичээл зүтгэлтэй оролцдог. Тэд шинэ тутам олдсон хонь мэт хүмүүсийг хариулж, тэжээхэд нь боолын ангид чин сэтгэлээсээ тусалдаг.

16. Өөр хонинууд итгэмжит, ухаалаг боолыг ямар учраас үнэнчээр дэмждэг вэ?

16 Итгэмжит боолын цаг тухайд нь өгдөг сүнслэг хоол асар их ач тустай байдгийг өөр хонинууд ойлгодог. Тэд Бурхны хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөх, нэрийг нь ариусгах, Хаанчлал гэж юу болох, шинэ тэнгэр, шинэ газар хэрхэн бий болох, хүн үхэхлээрээ яадаг, Эцэг, Хүү, ариун сүнсний тухай үнэн гэх зэргийн Библийн сургаалыг боолын ангийн ачаар мэддэг болсон. Хэрэв итгэмжит, ухаалаг боол байгаагүй бол энэ бүхнийг мэдэхгүй байх байсан. Талархах сэтгэлдээ хөтлөгдсөн өөр хонинууд Христийн тослогдсон «ах дүүсийг» төгсгөлийн энэ цаг үед үнэнчээр дэмжиж байна (Матай 25:40).

17. Удирдах зөвлөл нөхцөл байдлаа харгалзан үзээд ямар арга хэмжээ авдаг вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Тослогдсон христианууд дэлхий дээр цөөхүүлээ болж байгаа учир Христийн хөрөнгийг хариуцах үүргээ хурал болгонд биечлэн очиж биелүүлэх аргагүй болж байна. Тиймээс, Удирдах зөвлөл өөр хонинуудын дундаас төлөвшсөн эрчүүдийг томилж, салбар, муж, дүүрэг, хуралд хариуцлагатай үүрэг хүлээлгэдэг. Христ болон итгэмжит боолыг үнэнчээр дэмждэг хүмүүс энэ христиан хоньчдод хэрхэн хандах ёстойг дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ Энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 3 дугаар сарын 1-ний дугаарын 7−10-р хуудас [w04 3/1 13-18], 1992 оны 12 дугаар сарын 1-ний дугаарын 13-р хуудсыг тус тус үзнэ үү (англи).

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1988 оны 3 дугаар сарын 1-ний дугаарын 10−17-р хуудсанд нийтлэгдсэн (англи).

Давтах асуулт

• Христиануудын Удирдагч хэн бэ? Удирдагч маань хурлуудын нөхцөл байдлыг сайн мэддэг нь юунаас харагддаг вэ?

• «Сүмийг» шалгахад хэн итгэмжит боолын үүрэг гүйцэтгэж байсан бэ? Тэдэнд хариуцуулсан хөрөнгө гэж юу вэ?

• Итгэмжит боолыг үнэнчээр дэмжих ямар ямар шалтгаан байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]