Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн тусламжийг авдаг уу?

Та Еховагийн тусламжийг авдаг уу?

Та Еховагийн тусламжийг авдаг уу?

«Эзэн [«Ехова», ШЕ] миний туслагч мөн. Би айхгүй» (ЕВРЕЙ 13:6).

1, 2. Еховагийн тусламжийг авч, удирдамж зааврынх нь дагуу амьдрах нь яагаад чухал бэ?

 ТА өөрийгөө ууланд аялж явна гээд төсөөлөөд үз дээ. Тэгэхдээ, ганцаараа биш, замаа сайн мэддэг хөтөчтэй юм гэнэ. Таныг бодвол туршлагатай, хатуужилтай тэр хөтөч өөрийг тань тэвчээртэй даган явах аж. Заримдаа та түүний нүдэнд бүдэрч байгаа харагдана. Онцгой аюултай газар хөтөч танд туслахаар гараа өгнө. Та тийм тусламжаас татгалзах уу? Амь тань дээсэн дөрөөн дээр байгаа учир татгалзахгүй нь ойлгомжтой!

2 Христианууд бидний хувьд зам маань амаргүй билээ. Бид тэр нарийн замаар хөтөчгүй явдаг уу? (Матай 7:14). Үгүй ээ. Орчлонт ертөнцийн хамгийн сайн Хөтөч Ехова Бурхан өөртэй нь хамт явахыг хүмүүст зөвшөөрдөг гэдгийг Библи хэлдэг (Эхлэл 5:24; 6:9, 10). Замаараа явахад нь Ехова үйлчлэгчдэдээ тусалдаг уу? Тэрбээр: «Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд: „Бүү ай. Би чамд тусална“ гэж айлдаж байна» гэдэг (Исаиа 41:13). Ехова өөртэй нь хамт явахыг хүсэж, эрмэлздэг хүмүүст дээр өгүүлсэн жишээний хөтөч лүгээ адил тусламжийн гараа дуртайяа сунган, найрамдаж нөхөрлөхөд бэлэн байдаг. Түүний тусламжаас татгалзах хүн бидний дунд байхгүй гэж баттай хэлж болно!

3. Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?

3 Бид өмнөх өгүүллээр дээр үед Еховагийн, ард түмэндээ туслахдаа ашиглаж байсан дөрвөн аргын тухай үзсэн билээ. Тэгвэл Бурхан өнөөдөр тийм аргуудыг ашиглан үйлчлэгчдэдээ тусалдаг уу? Тийм тусламж авдаг гэдгээ хэрхэн магадалж болох вэ? Одоо эдгээр асуултыг авч үзье. Үүний дүнд, Ехова бол үнэхээр бидний Туслагч мөн юм байна гэдэгт итгэх итгэл маань улам бэхэжнэ (Еврей 13:6).

Тэнгэр элчүүдээр дамжуулан тусалдаг

4. Өнөөдөр тэнгэр элчүүд өөрсдөд нь тусалдаг гэдэгт Бурхны үйлчлэгчид итгэж болохын учир юу вэ?

4 Еховагийн орчин үеийн үйлчлэгчдэд тэнгэр элчүүд тусалдаг уу? Туслалгүй яах вэ. Тэд өнөөдөр жинхэнэ христиануудыг аюулаас хамгаалахын тулд үзэгдэх дүрээр хувирдаггүй нь лавтай. Тэр бүү хэл, Библи бичигдэж байх үед тэд онцгой зарим тохиолдолд л тийн хувирдаг байв. Гол төлөв өнөөдрийнх шиг үл үзэгдэх байдлаар тусалдаг байсан. Тийм хэдий ч, тэнгэр элчүүд туслахад ямагт бэлэн гэдгийг Бурхны үйлчлэгчид мэддэг байсан учир зоригтой байдаг байжээ (Хаадын дэд 6:14–17). Эдүгээ тэнгэр элчүүд тусалдаг гэдэгт итгэх бүрэн үндэс бидэнд бий.

5. Өнөөдөр сайн мэдээ тунхаглах ажилд тэнгэр элчүүд оролцдогийг Библи хэрхэн харуулдаг вэ?

5 Еховагийн тэнгэр элчүүд бидний оролцдог нэгэн тусгай ажилд онцгой тусалдаг. Юун ажил билээ? Илчлэлт 14:6-д: «Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна» гэж байдаг. Энд тэмдэглэсэн «мөнхийн сайн мэдээ» нь Есүсийн хэлсэн, эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөл болохоос өмнө «бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдах» ёстой «Хаанчлалын [тухай] сайн мэдээтэй» холбоотой нь тодорхой (Матай 24:14). Тэнгэр элчүүд сайн мэдээг биечлэн тунхагладаггүй нь мэдээж. Есүс энэ чухал ажлыг хүмүүст даалгасан билээ (Матай 28:19, 20). Энэ даалгаврыг биелүүлэхэд ариун тэнгэр элчүүд буюу мэргэн ухаантай, хүчирхэг сүнсэн бүтээлүүд тусалдгийг мэдэх нь бидэнд урам зориг нэмдэггүй гэж үү?

6, 7. а) Дэлгэрүүлэх ажилд маань тэнгэр элчүүд тусалдгийг юу харуулдаг вэ? б) Еховагийн тэнгэр элчүүдийн тусламж авахын тулд яах хэрэгтэй вэ?

6 Бидний дэлгэрүүлэх ажилд тэнгэр элчүүд тусалдгийг батлах олон баримт байдаг. Жишээ нь, Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлынхаа үеэр, очихоос нь өмнөхөн жинхэнэ үнэнийг олоход нь туслахыг Бурхнаас гуйж залбирсан хүнтэй тааралдсан тухай бид олонтаа сонсдог. Тийм учралыг зүгээр нэг тохиолдлын чанартай зүйл гэж үзье гэхэд дэндүү олон байдаг. Өнөөдөр тэнгэр элчүүдийн тийм тусламжийн ачаар, «тэнгэрийн дундуур нисэж яваа тэнгэр элчийн»: «Бурхнаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө» хэмээсэн уриалгыг улам олон хүн биелүүлдэг болж байна (Илчлэлт 14:7).

7 Та Еховагийн хүчирхэг тэнгэр элчүүдийн тусламж авахыг хүсэж байна уу? Тэгвэл дэлгэрүүлэх ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулаарай (1 Коринт 15:58). Еховагийн өгсөн энэ тусгай даалгаврыг дуртайяа биелүүлэх аваас тэнгэр элчүүдийн тусламжийг авах нь дамжиггүй.

Тэргүүн тэнгэр элчийн тусламж

8. Есүс тэнгэрт ямар байр суурь эзэлдэг вэ? Энэ нь биднийг тайвшруулдгийн учир юу вэ?

8 Ехова тэнгэр элчийн тусламжийг өөр хэлбэрээр бас өгдөг. Илчлэлт 10:1-д «нүүр нь нар мэт», аймшигтай «хүчит өөр нэгэн тэнгэр элчийн» тухай тэмдэглэсэн байдаг. Үзэгдлээр үзэгдсэн энэ тэнгэр элч бол тэнгэрийн хүч аван өргөмжлөгдсөн Есүс Христ гэдэг нь тодорхой (Илчлэлт 1:13, 16). Есүс үнэхээр тэнгэр элч гэж үү? Тийм гэж хэлж болно. Учир нь Есүсийг «тэргүүн тэнгэр элч» гэдэг шүү дээ (1 Тесалоник 4:16). Есүс бол Еховагийн сүнсэн хөвгүүдийн дотроос хамгийн хүчтэй нь юм. Ехова түүнийг тэнгэрийн дайчдынхаа жанжин болгожээ. Тэрхүү тэргүүн тэнгэр элч бидэнд үнэхээр гайхамшигтай тусламж үзүүлдэг. Ямар байдлаар тусалдаг вэ?

9, 10. а) Биднийг нүгэл үйлдэхэд Есүс хэрхэн «туслагч» болдог вэ? б) Есүсийн жишээ бидэнд хэрхэн тусалдаг вэ?

9 Өндөр настай болсон элч Иохан: «Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн» хэмээн бичжээ (1 Иохан 2:1). Иохан, биднийг «нүгэл үйлдвэл» Есүс «Өмгөөлөгч» буюу «туслагч» (ШЕ) маань болно гэж хэлсний учир юу вэ? Бид өдөр бүр нүгэл үйлддэг ба нүгэл нь үхэлд хүргэдэг шүү дээ (Номлогчийн үгс 7:20; Ром 6:23). Гэвч, Есүс бидний нүглийн төлөө амиа золиос болгон өгсөн. Тэрбээр өршөөнгүй Эцгийн маань дэргэд биднийг өмгөөлөн байдаг билээ. Хүн болгонд хэрэгтэй тийм тусламжийг хэрхэн авч болох вэ? Үүний тулд бид нүглээ гэмшиж, Есүсийн золиосны үндсэн дээр уучлахыг Бурхнаас гуйх хэрэгтэй. Түүнчлэн, нүглээ давтан үйлдэхээс зайлсхийх шаардлагатай.

10 Есүс бидний төлөө үхсэн төдийгүй, дуурайвал зохих төгс жишээ үлдээсэн юм (1 Петр 2:21). Түүний жишээ нь ноцтой нүгэл үйлдэхээс зайлсхийхийн зэрэгцээ Ехова Бурханд таалагдах амьдралаар амьдрахад бидэнд хөтөч, газрын зураг болдог. Тийм тусламж авдагтаа бид баярладаггүй гэж үү? Есүс дагалдагчдадаа өөр туслагч өгнө гэж бас амласан.

Ариун сүнсний тусламж

11, 12. Еховагийн сүнс гэж юу вэ? Түүнд хэмжээ хязгаар бий юү? Энэ сүнс бидэнд яагаад хэрэгтэй вэ?

11 Есүс: «Би Эцгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс... ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй» хэмээн амласан (Иохан 14:16, 17). Энэхүү «үнэний Сүнс» болох ариун сүнс бол бодгаль биш, харин хүч буюу Еховагийн өөрийнх нь үйлдэх хүч юм. Тэр хүчинд хэмжээ хязгаар гэж байхгүй. Уг хүчээр Ехова орчлонт ертөнцийг бүтээж, агуу гайхамшгуудыг үйлдсэн ба үзэгдэл үзүүлж, санаа зорилгоо илчилсэн билээ. Гэвч Ехова өнөөдөр сүнсээ тийм байдлаар ашигладаггүй. Тэгвэл, бидэнд ариун сүнс хэрэггүй гэсэн үг үү?

12 Яалаа гэж дээ! Өнөөгийн энэ «хэцүү цагт» Еховагийн сүнс хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болж байна (2 Тимот 3:1). Энэ сүнс бидэнд сорилтыг давах хүч өгдөг. Бас Еховад болон сүнслэг ах эгч нартаа ойртоход тустай сайхан чанаруудыг хөгжүүлэхэд тусалдаг (Галат 5:22, 23). Тэгэхлээр, бид Еховагийн өгдөг энэ гайхамшигтай тусламжаас хэрхэн ач тус хүртэж болох вэ?

13, 14. а) Ехова үйлчлэгчдэдээ ариун сүнсээ өгөхийг хүсдэг гэдэгт итгэж болохын учир юу вэ? б) Ариун сүнсний бэлгийг жинхэнэ ёсоор хүлээж авахгүй байгааг ямар үйл харуулж болох вэ?

13 Нэгдүгээрт, ариун сүнс гуйж залбирах хэрэгтэй. Есүс: «Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:13). Тийм ээ, Ехова бол төсөөлж л болох хамгийн сайн Эцэг мөн. Хэрэв бид бүрэн итгэлтэйгээр, чин сэтгэлээсээ гуйвал Ехова ариун сүнсээ бэлэг болгон өгөх нь гарцаагүй. Тэгвэл та ариун сүнс гуйн залбирдаг уу? Өдөр болгон гуйх хэрэгтэй.

14 Хоёрдугаарт, бид ариун сүнсний удирдлагын дагуу үйл хийвэл тэр бэлгийг авдаг. Жишээ болгон, нэгэн христиан хүн порно материал үзэх хандлагатайгаа тэмцэж байна гэж бодъё. Тэрбээр мөнөөх бузар зуршлаасаа салахад нь туслахыг Бурхнаас гуйн залбирдаг аж. Бас ахлагчдаас тусламж гуйхад, тэд шийдвэртэй алхам хийхийг, түүний дотор тиймэрхүү бузар зүйл уруу ойртож ч болохгүйг зөвлөжээ (Матай 5:29). Гэтэл, мөнөөх христиан тэдний зөвлөгөөг үл тоомсорлон, урьдах байдлаа үргэлжлүүлсээр байвал юу болох вэ? Ариун сүнсний тусламж гуйн залбирсныхаа дагуу үйл хийж байна гэж хэлж болох уу? Эсвэл, Бурхны сүнсийг гомдоон осолдож, уг бэлгийг авах эрхгүй болж байна уу? (Ефес 4:30). Үнэндээ, бид бүгдээрээ Еховагийн энэхүү гайхамшигтай тусламж буюу ариун сүнсийг тасралтгүй авахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Бурхны Үгийн тусламж

15. Библийг зүгээр нэг жирийн ном гэж үздэггүйгээ хэрхэн харуулж болох вэ?

15 Библи олон зуун жилийн турш Еховагийн үнэнч үйлчлэгчдэд тусалдаг эх булаг байсаар ирсэн. Ариун Судрыг зүгээр нэг жирийн ном гэж үзэхийн оронд тусламжийн хүчирхэг эх булаг гэж үзэх нь чухал. Эндээс тусыг олохын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай. Библийг тогтмол уншиж хэвших хэрэгтэй.

16, 17. а) Бурхны хуулийг уншсанаас хүртэх шагналыг Дуулал 1:2, 3 хэрхэн дүрсэлдэг вэ? б) Нөр хөдөлмөрийн дүр зургийг Дуулал 1:3 хэрхэн харуулдаг вэ?

16 Дуулал 1:2, 3-т Бурханд таалагддаг хүний тухай: «Тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» гэж байдаг. Үүний гол санаа юу вэ? Эдгээр үгийг уншаад, усны дэргэд ургасан саглагар мод бүхий тайван амгалан байгаль орчны зургийг л дүрсэлсэн байна гээд дүгнэчихэд амархан. Тийм газар үдийн хоолны дараа дугхийх хэчнээн сайхан байдаг билээ дээ! Гэвч энэ дуулал бидэнд амралтын тухай сануулах гээгүй юм. Энд огт өөр, нөр хөдөлмөрийн дүр зургийг харуулсан ажээ. Тэгж хэлж болохын учир юу вэ?

17 Энд дүрсэлсэн мод нь голын дэргэд санаандгүй ургасан саглагар мод биш гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол үр жимс өгдөг, «урсгал усны дэргэд» буюу сонгосон газар зориуд «тарьсан» мод юм. Тэр үед, жимсний цэцэрлэгийн эзэд чухал хэрэгтэй моднуудаа сайн услахын тулд усалгааны хэд хэдэн шуудуу татдаг байжээ. Тэгвэл одоо энэ дууллын гол санаа нь тодорхой боллоо! Хэрэв бид сүнслэг утгаар энэ мод шиг цэцэглэж байвал, энэ нь хэн нэгэн бидний төлөө их зүйлийг хийж байна гэсэн үг мөн. Бид үнэний цэвэр усыг шууд хүргэдэг байгууллагатай нэгдсэн билээ. Гэхдээ бидний зүгээс хүчин чармайлт гаргах шаардлагатай. Бид Бурхны Үгийн үнэнийг оюун ухаан, зүрх сэтгэлээрээ хүлээж авахын тулд эргэцүүлэн бодож, судлан шинжлэх цаг зав гаргаж, энэ үнэт усыг өөртөө шингээх хэрэгтэй. Тэгвэл бас сайн үр жимс ургуулна.

18. Асуултынхаа хариуг Библиэс авахын тулд яах хэрэгтэй вэ?

18 Ер салхи оруулахгүй, номын тавиур дээр тахиад байвал Библи ямар ч тус болохгүй. Нөгөө талаар, нүдээ аньж байгаад Библиэ нээн, шаардлагатай асуултынхаа хариуг авна гэвэл бас бүтэхгүй. Учир нь Библи өөрөө тийм ид шидийн хүч агуулдаггүй. Ямар нэгэн шийдвэр гаргах хэрэг гарвал «Бурхны [тухай] мэдлэгийг» нууцлагдсан эрдэнэ хайж байгаа мэт хайх хэрэгтэй (Сургаалт үгс 2:1–5). Судраас өөртөө шаардлагатай зөвлөгөө олохын тулд их төлөв хичээнгүй, нямбай судлах хэрэгтэй болдог. Энэ талаар Библид үндэслэсэн олон ном хэвлэл их тус болдог. Бид Бурхны Үгийн мэргэн ухааны эрдэнэсийг хичээнгүйлэн малтаж, ашиглахдаа, үнэн хэрэгтээ, Еховагийн тусламжийг авч байгаа юм.

Итгэл нэгтнүүдээр нь дамжуулан тусалдаг

19. а) «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн өгүүллүүдийг, итгэл нэгтнүүдээр нь дамжуулан өгч байгаа тусламж гэж хэлж болохын учир юу вэ? б) Танд ямар өгүүлэл, яаж тусалсан бэ?

19 Дээр үед Ехова хүмүүн үйлчлэгчдэдээ гол төлөв итгэл нэгтнүүдээр нь дамжуулж тусалдаг байсан. Тэгвэл одоо яадаг вэ? Яг хэвээрээ. Бид бүгдээрээ шаардлагатай тусламжаа чухам тэр цаг үед нь итгэл нэгтнүүдээсээ авч байсан маань эргэлзээгүй. Жишээ нь, хэцүү үед тайвшруулан, бэрхшээлтэй асуудлыг шийдэж, сорилтыг давахад тусалсан зарим өгүүллийг «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлээс уншсанаа та лав санаж байгаа байх. Ийм тусламжийг Ехова «цагт нь хоол ундыг» өгөхөөр томилогдсон «итгэмжит, ухаалаг боолыг» ашиглан өгдөг юм (Матай 24:45–47).

20. Ахлагчид «хүн бэлгүүд» гэдгээ хэрхэн харуулдаг вэ?

20 Гэхдээ бид тусламжийг, гол төлөв, таньдаг итгэл нэгтнүүдээсээ авдаг. Жишээ нь, хурлын ахлагчид зүрх сэтгэлийг маань хөндсөн илтгэл тавьж, хэцүү цагт дэм болох хоньчны эргэлт хийх юм уу ямар нэг дутагдлаа ухаарч, засаж залруулахад тустай сайн зөвлөгөө өгдөг. Талархуу сэтгэлтэй нэгэн христиан эмэгтэй хурлын ахлагч өөрт нь хэрхэн тусалсан тухай: «Дэлгэрүүлэх ажлын үеэр тэр ахлагч надаас бодол санаагаа хуваалцахыг хүссэн юм. Яг урьд орой нь би чухам энэ тухай Еховагаас гуйн залбирсан билээ. Тэгээд л дараа өдөр нь энэ ах надтай өрөвчхөн сэтгэлийн үүднээс ярилцсан нь тэр. Еховагаас өчнөөн олон жил тусламж авснаа ойлгоход минь тэр ах тусалж билээ. Над уруу энэ ахлагчийг илгээсэнд нь би Еховад их талархаж явдаг» хэмээн бичжээ. Ахлагчид, биднийг мөнх амийн замаар цааш явахад маань туслах зорилгоор Есүс Христээр дамжуулан Еховагийн өгсөн «хүн бэлгүүд» гэдгээ тийнхүү харуулдаг юм (Ефес 4:8, ШЕ).

21, 22. а) Хурлын гишүүд Филиппой 2:4-ийн зөвлөгөөг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрдэг вэ? б) Сайхан сэтгэлийн тусламж жижиг ч гэсэн яагаад чухал бэ?

21 Ахлагчдаас гадна, үнэнч христиан болгон «зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» хэмээсэн Бурхны тушаалыг сахин дагахыг хүсдэг (Филиппой 2:4). Энэ зөвлөгөө христиан хуралд хэрэгжих аваас сайхан сэтгэлийн гайхалтай үр жимс дэлгэрдэг билээ. Нэг жишээ авч үзье. Нэгэн айлд гэнэт давхар давхар гай зовлон тохиолджээ. Эцэг нь охинтойгоо дэлгүүр очоод буцах замдаа авто машины осолд орж, охин нь нас барж, эцэг нь хүнд гэмтсэн байна. Тэрбээр эмнэлгээс гарахдаа хүний гарт орсон байсан ба эхнэр нь хэт цочирдсоноос болоод ганцаараа нөхрөө асрах чадваргүй болсон байлаа. Уй гашууд автсан тэр хоёрыг хурлынх нь нэгэн гэр бүлийн хос гэртээ аваачин хэдэн долоо хоног асарчээ.

22 Итгэл нэгтнүүдийн сайхан сэтгэлийн тусламж тэр бүр гай зовлонтой, эсвэл өөрийгөө золиослох явдалтай холбоотой байдаггүй нь ойлгомжтой. Бидний хүртдэг зарим тусламж өчүүхэн жижиг ч байдаг. Тийм гээд бид түүнийг дутуу үнэлдэг үү? Чухам шаардлагатай үед танд ах эгч нар сэтгэлд дулаахан үг хэлж, анхаарал халамж тавьж байсан тохиолдол байгаа юу? Ехова бидэнд, гол төлөв, тийм л замаар санаа тавьдаг (Сургаалт үгс 17:17; 18:24).

23. Бие биедээ туслах гэсэн сэтгэл зүтгэлийг маань Ехова хэрхэн үздэг вэ?

23 Ехова бусдад туслахдаа намайг ашиглаасай гэж хүсдэг үү, та? Тийм завшаан таны өмнө нээлттэй байдаг. Үнэндээ, Ехова энэ талаарх таны хүчин чармайлтыг үнэлдэг гэдгийг ойлгоорой. Түүний Үг: «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө» гэж хэлдэг юм (Сургаалт үгс 19:17). Бусдын төлөө өөрийгөө зориулбал хамгийн агуу баяр жаргал эдэлдэг (Үйлс 20:35). Бусадтайгаа нийлдэггүй, «адайр» буюу зожиг хүмүүс тийм тусламж өгөхийн баяр жаргал эдэлж, урам авч чаддаггүй (Сургаалт үгс 18:1). Тийм учраас, цуглаанаа алгасалгүй, тогтмол ирж, бие биеэ урамшуулж, бие биеэсээ урам авцгааж байя (Еврей 10:24, 25).

24. Дээр үед Еховагийн үйлдэж байсан сэтгэл хөдөлгөм гайхамшгийг хараагүй ч бид өөрсдийгөө азгүйд тооцох хэрэггүйн учир юу вэ?

24 Еховагийн тусалдаг аргуудын талаар эргэцүүлэн бодох нь таатай биш гэж үү? Бидний амьдарч байгаа энэ үед Ехова санаа зорилгоо гүйцэлдүүлэх гэж сэтгэл хөдөлгөм гайхамшиг үйлддэггүй ч бид өөрсдийгөө азгүйд тооцох хэрэггүй. Хамгийн гол нь Ехова өөрт нь үнэнч байхад шаардлагатай бүх тусламжийг бидэнд үзүүлж байгаа явдал юм. Харин бид хамтдаа итгэлээ хадгалан, төгсгөл хүртэл тэвчих аваас бүхий л түүхийн туршид байгаагүй, Еховагийн хамгийн сэтгэл хөдөлгөм, сүр жавхлант үйлсийг үзэх болно! «Надад... Еховагаас тусламж ирнэ» хэмээсэн 2005 оны жилийн урианы дагуу амьдрахын тулд хайрын сэтгэлээсээ үзүүлдэг Еховагийн тусламжийг авах шийдвэр төгс байж, түүнийг бүрэн дүүрэн ашиглацгаая (Дуулал 121:2, ШЕ).

Та юу гэж бодож байна вэ?

Өнөөдөр Ехова бидэнд шаардлагатай тусламжийг...

• тэнгэр элчээр...

• ариун сүнсээрээ...

• Үгээрээ...

• итгэл нэгтнүүдээр маань дамжуулан хэрхэн үзүүлдэг вэ?

[Догол мөрийн асуулт]