Skip to content

Гарчиг руу орох

«Гадны хүний дуунаас» сэрэмжлэгтүн

«Гадны хүний дуунаас» сэрэмжлэгтүн

«Гадны хүний дуунаас» сэрэмжлэгтүн

«Тэд гадны хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана» (ИОХАН 10:5).

1, 2. а) Есүс өөрийг нь нэрээр нь дуудахад Мариа яасан бэ? Урьд нь Есүсийн хэлж байсан ямар үг энэ үйл явдлаар батлагдсан бэ? б) Бид юуны ачаар Есүсээс салаад явчихдаггүй вэ?

 ДАХИН АМИЛСАН Есүс хоосон булшны гадаа зогсож байгаа эмэгтэйг харав. Тэрбээр түүнийг сайн мэдэх ажээ. Тэр эмэгтэй бол Магдалын Мариа байлаа. Хоёр жил орчмын өмнө Есүс Мариагаас чөтгөрүүдийг хөөж гарган, түүнийг эдгээсэн аж. Тэр цагаас хойш Мариа, Есүс болон түүний элч нарыг дагалдан, өдөр тутмынх нь хэрэгцээнд санаа тавьж яваа нэгэн билээ (Лук 8:1–3). Харин энэ удаад Мариа уй гашууд автан, цурхиран уйлж байв. Учир нь Есүс түүний нүдэн дээр алуулсан төдийгүй оршуулаад орхисон цогцос нь алга болсон байлаа! Есүс түүнээс: «Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ?» гэж асуув. Түүнийг Цэцэрлэгч байна гэж бодсон Мариа: «Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү. Би Түүнийг авах гэсэн юм» гэв. Тэгтэл Есүс: «Мариа» гэлээ. Мариа хандаж байгаа байдлаар нь Есүсийг дор нь таньж, баяртайгаар: «Багш!» хэмээн дуу алдаад, тэврэн авчээ (Иохан 20:11–18).

2 Сэтгэл хөдөлгөм энэ үйл явдал Есүсийн урьд нь хэлсэн зүйлийг батлан харуулдаг. Тэрбээр өөрийгөө хоньчинтой, дагалдагчдаа хонин сүрэгтэй зүйрлэхдээ, хоньчин нь хонио нэрээр нь дууддаг бөгөөд хонь нь түүний дууг таньдаг гэж хэлжээ (Иохан 10:3, 4, 14, 27, 28). Үнэндээ, хонин сүрэг хоньчноо таньдгийн адил Мариа өөрийнх нь Хоньчин болох Христийг таньжээ. Өнөөдөр ч гэсэн Есүсийн дагалдагчид Хоньчноо таньдаг билээ (Иохан 10:16). Хонин сүрэг сонор чихнийхээ ачаар хоньчноосоо салаад явчихдаггүйн адил бид сүнслэг ойлголтынхоо ачаар Сайн Хоньчин Есүс Христийнхээ мөрийг алдалгүй дагадаг (Иохан 13:15; 1 Иохан 2:6; 5:20).

3. Хонины хашааны тухай Есүсийн жишээтэй холбоотой ямар ямар асуулт гарч ирдэг вэ?

3 Гэхдээ, дээрх жишээний дагуу бол хүний дууг таньж чаддаг хонь анд нөхрөө төдийгүй дайснаа ч таньдаг ажээ. Бидэнд зальтай эсэргүүцэгчид бий учраас энэ бол маш чухал юм. Тэр эсэргүүцэгчид хэн бэ? Тэд яадаг вэ? Бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Эдгээрт хариу авахын тулд хонины хашааны тухай жишээгээр Есүс өөр юу хэлснийг авч үзье.

Үүдээр нь ордоггүй хүн

4. Есүсийн хэлснээр хонинууд хэнийг дагадаг, хэнийг дагадаггүй вэ?

4 Есүс: «Үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. Сахиул тэр хүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг түүний дууг сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг гадагш дагуулж гарна. Тэр өөрийнхийгөө бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг. Тэд гадны хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана» гэж айлджээ (Иохан 10:2–5). Есүс «дууг» гэж гурван удаа хэлснийг анхаараарай. Хоёр удаа «хоньчны дууг» гээд, харин гурав дахь удаагаа «гадны хүний... дууг» гэжээ. Есүс «гадны хүн» гэж хэнийг хэлсэн бэ?

5. Бид «Иохан» номын 10-р бүлэгт дурдсан «гадны хүнд» зочломтгой ханддаггүйн учир юу вэ?

5 Библид «харь [буюу гадны] хүмүүст зочломтгой ханд» гэж байдаг ч Есүсийн хэлсэн гадны хүн гэдэг нь бидний зочлон хүндлэх учиртай тэр хүмүүс биш юм (Еврей 13:2). Есүсийн жишээн дэх гадны хүн бол урилгатай зочин биш ажээ. Тэр бол «хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар давж ордог хүн» юм. Тэр бол «хулгайч, дээрэмчин» аж (Иохан 10:1). Бурхны Үгэнд анх хэн хулгайч, дээрэмчин болж тэмдэглэгдсэн бэ? Сатан Диавол. Энэ тухай баримт «Эхлэл» номд байдаг.

«Гадны хүний дуу» анх сонсогдсон нь

6, 7. Сатаныг Есүсийн жишээний «гадны хүн» бөгөөд хулгайч гэх нь яагаад зөв бэ?

6 Дэлхийд анх «гадны хүний дуу» хэрхэн сонсогдсон тухай Эхлэл 3:1–5-д бичсэн байдаг. Тэнд тэмдэглэснээр, Сатан могой ашиглан ярьж, анхны эмэгтэй Евагийн толгойг эргүүлж амждаг. Энд Сатаныг яг «гадны хүн» гэж хэлээгүй нь үнэн хэдий ч үйл хэрэг нь түүнийг «Иохан» номын 10-р бүлэгт тэмдэглэсэн Есүсийн жишээний «гадны хүнтэй» олон талаар адил болгодог. Тэдгээрээс заримыг авч үзье.

7 Есүсийн хэлснээр «гадны хүн» хонины хашаанд байгаа олз уруугаа тойруу замаар дөхөж очдог. Түүнтэй адилаар, Сатан олз уруугаа өөрөө шууд очоогүй, могойг ашигласан. Энэ зальжин аргаас нь Сатаны жинхэнэ нүүр царай буюу зальтай, хорон санаатан гэдэг нь харагддаг. Түүнээс гадна, «гадны хүн» хонийг хууль ёсны эзнээс нь хулгайлах гэж хашаанд ордог. «Гадны хүн», үнэн хэрэгтээ, зөвхөн хулгайлах бус, бас «алж, сүйтгэх» зорилго өвөрлөдөг (Иохан 10:10). Тэгвэл, Сатан тийм хулгайч ажээ. Сатан Еваг мэхэлсэн нь түүний Бурханд үнэнч байдлыг сэм хулгайлсан хэрэг байлаа. Түүнээс гадна, хүн төрөлхтөнд үхэл тарьсан билээ. Тийм учраас тэрбээр алуурчин мөн.

8. Сатан Еховагийн хэлсэн үг болон санааг хэрхэн мушгин гуйвуулсан бэ?

8 Сатан Еховагийн хэлсэн үг болон санааг мушгин гуйвуулснаар хуурамч зангаа илчилсэн. Тэрбээр: «Та нарт... бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж Евагаас асуусан. Энэ нь: «Бурхан яаж тийм тэнэг шаардлага тавьж чадаж байна аа?» гэж хэлэн, гайхаж байгаа дүр эсгэсэн хэрэг байлаа. Тэрбээр цааш нь: «Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэнэ... гэдгийг Бурхан мэддэг билээ» хэмээн хэлжээ. «Бурхан мэддэг билээ» гэснийг нь анхаараарай. Сатаны энэ үг: «Бурхны юу мэдэж байгааг болон түүний муу санааг би мэдэж байна» гэсэн агуулгатай байв (Эхлэл 2:16, 17; 3:1, 5). Ева Адам хоёр энэхүү «гадны хүний дууг» дагасан нь харамсалтай. Ингэснээр тэр хоёр өөрсдөдөө болон үр удамдаа гай зовлон удсан юм (Ром 5:12, 14).

9. Өнөөдөр «гадны хүний дуу» сонсогдоход гайхах ёсгүйн учир юу вэ?

9 Сатан өнөөдөр Бурхны ард түмнийг мэхлэхдээ дээрхтэй адил арга ашигладаг (Илчлэлт 12:9). Тэр бол «худал хуурмагийн эцэг» бөгөөд түүн шиг Бурхны үйлчлэгчдийн толгойг эргүүлэхийг хичээж байгаа хүмүүс бол Сатаны үр хүүхэд юм (Иохан 8:44). Өнөөдөр эдгээр «гадны хүний дуу» сонсогддог зарим эх булгийг авч үзье.

Өнөөдөр «гадны хүний дуу» хэрхэн сонсогддог нь

10. «Гадны хүний дуу» сонсогддог нэг эх булаг нь юу вэ?

10 Худал сургаал. Элч Паул: «Та нар янз бүрийн, хачин жигтэй [«гадны», ШЕ] сургаалуудад сэтгэл бүү татагд» гэж хэлсэн (Еврей 13:9). Ямар сургаалууд вэ? Хүний «сэтгэл татах» чадвартай гэснээс үзэхэд сүнслэг дүн нурууг маань ганхуулж болохуйц сургаалын талаар хэлсэн нь тодорхой. Тийм «гадны сургаалыг» хэн хэлдэг вэ? Паул нэгэнтээ христиан ахлагчдад хандан: «Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» хэмээн хэлжээ (Үйлс 20:30). Тийм ээ, өнөөдөр Паулын үеийнх шиг, христиан хурлын гишүүн байсан зарим хүн «гажууд зүйлс» буюу хагас дутуу үнэн, эсвэл илэрхий худал зүйл ярин хонин сүргийг мэхлэхийг оролддог. Элч Петрийн хэлснээр тэд «худал хуурмаг үгс» буюу үнэн мэт боловч, үнэн хэрэгтээ, хуурамч мөнгө шиг ямар ч үнэгүй үг ашигладаг (2 Петр 2:3).

11. Тэрслэгчдийн арга болоод зорилгыг 2 Петр 2:1, 3 хэрхэн илчилдэг вэ?

11 Петр тэрслэгчдийн аргыг илчлэн, тэд «хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна» гэж хэлсэн (2 Петр 2:1, 3). Тэрслэгчид Есүсийн хэлсэн жишээний, «хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар давж ордог» хулгайч шиг, бидэн уруу нууцаар дөхөж ирдэг (Галат 2:4; Иуда 4). Тэдний зорилго юу вэ? Цааш нь Петр: «Тэд... та нарыг ашиглана» гэж хэлсэн. Тийм ээ, тэрслэгчид өөрсдийгөө зөвтгөн юу ч гэж ярьсан хорон санаатнуудын жинхэнэ зорилго бол «хулгайлан, алж, сүйтгэх» явдал юм (Иохан 10:10). Тийм «гадны хүнээс» сэрэмжлэгтүн!

12. а) Нөхөрлөдөг хүмүүсээс маань «гадны хүний дуу» хэрхэн сонсогдож болох вэ? б) Өнөөдрийн «гадны хүний» арга барил Сатаныхтай юугаараа адилхан бэ?

12 Хор хөнөөлтэй нөхөрлөл. Нөхөрлөдөг хүмүүсээс маань «гадны хүний дуу» сонсогдож мэднэ. Ялангуяа, муу нөхөрлөл залууст их хөнөөл учруулдаг (1 Коринт 15:33). Сатан анхны хосоос залуу нь бөгөөд туршлагагүй Еваг сонгосныг санагтун. Ехова эрх чөлөөг чинь дэндүү хааж боосон гэж Сатан Евад итгүүлсэн. Гэтэл, үнэн хэрэгтээ, эсрэгээр байсан билээ. Ехова хүмүүн бүтээлээ хайрлаж, тэдний сайн сайхны төлөө санаа тавьдаг байлаа (Исаиа 48:17). Өнөөдөр «гадны хүн», дээрхийн адил, христиан эцэг эхчүүд эрх чөлөөг тань хэтэрхий хааж боож байна хэмээн залуус та нарт итгүүлэхийг оролдож байна. Тийм «гадны хүн» та нарт хэрхэн нөлөөлж болох вэ? Нэгэн христиан охин: «Ангийнхаа хүүхдүүдийн нөлөөгөөр итгэл минь хэсэг хугацаанд тодорхой хэмжээгээр суларч билээ. Танай шашинд утгагүй хязгаарлалт байдаг гэж тэд дандаа ярьдаг байлаа» хэмээн дурсжээ. Гэтэл, үнэн хэрэгтээ, эцэг эх тань та нарт хайртай шүү дээ. Тиймээс, танай ангийн хүүхдүүд эцэг эхдээ итгэхгүй байхыг ятгавал Ева шиг мэхлэгдчихгүй байхыг хичээгээрэй.

13. Давид ямар ухаалаг байр суурь баримталж байсан бэ? Бид түүнийг хэрхэн дуурайж болох вэ?

13 Дуулалч Давид хор хөнөөлтэй нөхөрлөлийн тухайд: «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай ч хамт явахгүй» гэж хэлсэн (Дуулал 26:4). «Гадны хүний» өөр нэг онцлог шинжийг анзаарав уу? Сатан өөрийгөө таниулахгүйн тулд могой ашигласан шиг тэд өөрсдийнхөө хэн болохыг нуудаг. Өнөөдөр, ёс суртахуунаар ялзарч доройтсон зарим хүн Интернетийн тусламжтайгаар өөрсдийнхөө жинхэнэ нүүр царай, санаа зорилгыг нуудаг. Эвдэрч завхарсан томчууд Интернетийн «чаатлах өрөө» ашиглан өөрсдийгөө өсвөр насны хүүхэд гэж танилцуулан, та нарыг урхидаж ч мэднэ. Хүүхдүүд ээ, сүнслэгээр сүйрчихгүйн тулд туйлын болгоомжтой байгаарай (Дуулал 119:101; Сургаалт үгс 22:3).

14. Заримдаа «гадны хүний дуу» хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сонсогддог вэ?

14 Худал зэмлэл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл заримдаа Еховагийн Гэрчүүдийн талаар үнэн зөв мэдээлэл дамжуулдаг ч заримдаа «гадны хүний» ташаа дуу хоолойг тараах зэвсэг болох нь байдаг. Жишээ нь, нэг оронд мэдээллийн хөтөлбөрөөрөө Гэрчүүдийг Дэлхийн ІІ дайны үед Гитлерийн дэглэмийг дэмжиж байсан хэмээн худал мэдээ тараажээ. Өөр нэг оронд Гэрчүүдийг бусад шашны байшин барилгыг эвдэн сүйтгэдэг хэмээн зэмлэсэн мэдээ тараажээ. Зарим оронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Еховагийн Гэрчүүдийг үр хүүхдээ эмчлүүлэхээс татгалздаг, итгэл нэгтнүүдийнхээ ноцтой нүглийг хурууныхаа завсраар хараад өнгөрүүлдэг гэх зэргээр зэмлэдэг (Матай 10:22). Тэглээ ч гэсэн, биднийг таньж мэддэг, чин сэтгэлтэй хүмүүс тийм зэмлэл худал гэдгийг ойлгодог.

15. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан болгонд итгэх нь яагаад буруу вэ?

15 «Гадны хүний дуугаар» тарсан зэмлэлтэй тааралдвал яах вэ? Сургаалт үгс 14:15-д: «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн алхмууддаа хянамгай ханддаг» хэмээн зөвлөсөн байдгийг анхаарвал сайн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан болгонд итгэх нь буруу. Бид мэдээжээр бүх мэдээлэлд хар санаддаггүй ч «бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг» мэддэг (1 Иохан 5:19).

«Бурхнаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд онгод оруулсан үгсийг шалгагтун»

16. а) Хонинууд хэний дууг таньдаг тухай жишээ Иохан 10:4-т байдаг Есүсийн үгийг хэрхэн баталдаг вэ? б) Библи биднийг юунд уриалдаг вэ?

16 Тэгвэл нөхөр дайсан хоёрынхоо хэнтэй нь харьцаж байгаагаа яаж мэдэх вэ? Хонин сүрэг нь «түүний дууг таньдаг тул» хоньчныхоо араас дагадаг гэж Есүс хэлсэн шүү дээ (Иохан 10:4). Хонинууд хоньчны гадаад байдлыг бус, дууг нь таньж, дагадаг. Библи бичигдсэн газар нутгийн талаар өгүүлсэн нэг номд, нэгэн зочин хонинууд хоньчныг дуугаар нь бус, өмссөн хувцсаар нь таньдаг хэмээн батлахыг оролдоход нь хоньчин няцааж, дуугаар нь л таньдаг гэж хариулсан тухай өгүүлсэн байдаг. Хоньчин үүнийгээ батлахын тулд нөгөө хүнтэй хувцсаа сольж өмсжээ. Тэгээд хоньчны хувцсыг өмссөн зочин хоньдыг дуудахад тэд түүн уруу ирээгүй байна. Хонинууд түүний дууг таниагүй аж. Гэтэл, хоньчин зүсээ хувиргасан байсан ч гэлээ түүнийг дуудахад хонинууд нь тэр даруй иржээ. Тэгэхлээр, зарим хүн хоньчин шиг харагдаж болох хэдий ч энэ нь хонинуудын хувьд түүнийг үнэхээр хоньчин мөн гэж үзэх нотолгоо биш юм. Хонинууд дуудаж байгаа хүний дууг хоньчны дуутай харьцуулан шалгадаг гэж хэлж болно. Бурхны Үг биднийг дээрхтэй адил үйлдэхийг буюу «Тэднийг Бурхнаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд онгод оруулсан үгсийг шалгахыг» сануулдаг билээ (1 Иохан 4:1, ШЕ; 2 Тимот 1:13). Тэгж шалгахад бидэнд юу туслах вэ?

17. а) Еховагийн дууг хэрхэн таньдаг болох вэ? б) Еховагийн дууг таньдаг болсноор бид ямар боломжтой болох вэ?

17 Еховагийн дуу буюу мэдээг хэдийчинээ сайн таньдаг байна, «гадны хүний дууг» төдийчинээ сайн ялгаж чаддаг байх нь ойлгомжтой. Энэ чадварыг яаж хөгжүүлэхийг Библи зааж өгдөг. Библид: «Ард чинь дуугарах: „Энэ бол зам. Үүгээр алхагтун“ гэсэн үгийг та нарын чих сонсоно» гэж байдаг (Исаиа 30:21). Ард маань дуулддаг «үг» Бурхны Үгнээс гардаг. Бид Бурхны Үгийг унших болгондоо Агуу Хоньчин Еховагийнхаа дууг сонсох шиг болдог (Дуулал 23:1). Тийм болохоор, Библийг хэдийчинээ сайн судална, Бурхны дууг төдийчинээ сайн таньдаг болно. Тэгж сайн таньдаг болбол «гадны хүний дууг» тэр дор нь ялган таньж чадна (Галат 1:8).

18. а) Еховагийн дууг таних гэдэгт өөр юу юу ордог вэ? б) Матай 17:5-д бичсэнээр бид Есүсийн дууг дагах хэрэгтэйн учир юу вэ?

18 Еховагийн дууг таних гэдэгт өөр юу юу ордог вэ? Дууг сонсохоос гадна, сонссоныхоо дагуу үйлдэх хэрэгтэй. Исаиа 30:21-ийг дахин санацгаая. Бурхны Үг: «Энэ бол зам» гэж тунхагладаг. Тийм ээ, бид Библи судалж, Бурхны зааврыг сонсдог. Цааш нь: «Үүгээр алхагтун» хэмээн тушаадаг. Өөрөөр хэлбэл, Ехова биднийг сонссоныхоо дагуу амьдраасай гэж хүсдэг. Тийнхүү, бид сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлснээр Еховагийн дууг зүгээр нэг сонсоод орхичхолгүй, түүнд захирагддагаа харуулдаг (Дэд хууль 28:1). Еховагийн дууг дагана гэдэг нь бас Есүсийн дууг дагана гэсэн үг юм. Учир нь Ехова өөрөө тэгэхийг тушаасан билээ (Матай 17:5). Тэгвэл, Сайн Хоньчин Есүс бидэнд юу хэлсэн бэ? Тэрбээр биднийг шавь бэлдэн, «итгэмжит, ухаалаг боолд» итгэж найдахад сургасан (Матай 24:45; 28:18—20). Түүний дууг дагана гэдэг нь бидний хувьд мөнх амь гэсэн үг юм (Үйлс 3:23).

«Тэд... түүнээс зугтана»

19. «Гадны хүний дуунд» бид хэрхэн хандах хэрэгтэй вэ?

19 Тэгвэл, «гадны хүний дуунд» бид хэрхэн хандах хэрэгтэй вэ? Хонинууд хэрхдэг шиг үйлдэх хэрэгтэй. Есүс: «Тэд гадны хүнийг ер дагахгүй, харин... түүнээс зугтана» гэж хэлсэн (Иохан 10:5). Өөрөөр хэлбэл, бидний хандлага хоёр хэсгээс тогтдог. Нэгдүгээрт, бид гадны хүнийг «ер дагахгүй» байх учиртай. Тийм ээ, бид «гадны хүнийг» шийдвэртэй эсэргүүцдэг. Үнэн хэрэгтээ, энэ зүйлд Библи бичиж байх үеийн грек хэлний хамгийн хүчтэй үгүйсгэх санаа илэрхийлэх үгийг ашигласан ажээ. Хоёрдугаарт, бид «түүнээс зугтаж», зай барьдаг. Сайн Хоньчны дуутай үл нийцэх сургаал заадаг хүмүүст ийн хандах нь цорын ганц зөв зам мөн.

20. а) Хар санаатай тэрслэгчид, б) хор хөнөөлтэй нөхөрлөл, в) хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан ташаа мэдээ зэрэгтэй учирвал яах хэрэгтэй вэ?

20 Тийм учраас, бид тэрс үзэлтэй хүмүүстэй учрахдаа Бурхны Үгийн: «Та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжилж... Тэднээс холдогтун» хэмээсэн зөвлөгөөг дагахыг хүсдэг (Ром 16:17; Тит 3:10). Түүнчлэн, залуу христиануудын нөхөрлөл хор хөнөөл учруулахаар байвал залуу Тимотод Паулын өгсөн: «Идэр насныхаа дур хүслүүдээс зугт» хэмээсэн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг. Түүнээс гадна, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал зэмлэл гарсан байхтай тааралдвал цааш нь Тимотод өгсөн: «[„Гадны хүний дууг“ сонсож байгаа хүмүүс] үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүхний дотор саруул ухаантай бай» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг (2 Тимот 2:22; 4:3–5). «Гадны хүний дуу» хэчнээн аядуу зөөлөн юм шиг санагдлаа ч бид итгэлийг маань эвдэн бусниулж болох бүхнээс зугтдаг (Дуулал 26:5; Сургаалт үгс 7:5, 21; Илчлэлт 18:2, 4).

21. «Гадны хүний дууг» сонсдоггүй хүмүүс ямар шагнал хүртэх вэ?

21 Сүнсээр тослогдсон христианууд «гадны хүний дуунаас» татгалзахдаа Лук 12:32-т бичигдсэн Сайн Хоньчны үгийг дагадаг. Есүс тэдэнд: «Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм» хэмээн хэлсэн. Түүнчлэн, «өөр хонинууд» Есүсийн: «Миний Эцгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» хэмээн хэлэх үгийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна (Иохан 10:16, МБОХ, 1996 он; Матай 25:34). Хэрэв бид «гадны хүний дууг» үл сонсвол ирээдүйд хүртэх шагнал маань ямар гайхамшигтай вэ!

Та санаж байна уу?

• Хонины хашааны тухай хэлсэн Есүсийн жишээний «гадны хүний» дүр Сатаныхтай хэрхэн тохирдог вэ?

• Өнөөдөр «гадны хүний дуу» хэрхэн сонсогддог вэ?

• «Гадны хүний дууг» яаж ялган таньж болох вэ?

• «Гадны хүний дуунд» бид хэрхэн хандах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]