Skip to content

Гарчиг руу орох

Хаанчлалын тухай мэдээ хүлээж авахад нь бусдад туслагтун

Хаанчлалын тухай мэдээ хүлээж авахад нь бусдад туслагтун

Хаанчлалын тухай мэдээ хүлээж авахад нь бусдад туслагтун

«Агрийп Паулд: „Богинохон хугацаанд чи намайг итгүүлж, христиан болгох нь ээ“ гэв» (ҮЙЛС 26:28, ШЕ).

1, 2. Элч Паул ямар учраас ІІ Херод Агрийп хаан болон захирагч Фестийн өмнө очсон бэ?

 МЭ 58 онд ІІ Херод Агрийп хаан охин дүү Берникетэйгээ хамт ром захирагч Порк Фестийн урилгаар Кайсарид айлчилжээ. Тэд «мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв». Тэгэхэд Фестийн тушаал ёсоор христиан элч Паулыг тэдэн дээр авчрав. Есүс Христийн дагалдагч энэ хүн юуны учир захирагч Фестийн өмнө шүүгдэх болов? (Үйлс 25:13–23).

2 Энэ асуултын хариуг зочдодоо хэлсэн Фестийн үгнээс мэдэж болно. Тэрээр: «Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирэгсэд ээ! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн: „Тэр цаашид амьд байх ёсгүй“ хэмээн надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна. Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн. Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө, ялангуяа, Агрийп хаан таны өмнө авчраад байна. Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг заахгүй байх нь утгагүй хэрэг санагдана» гэж хэлэв (Үйлс 25:24–27).

3. Шашны удирдагчид Паулыг ямар учраас буруутгасан бэ?

3 Паулыг самуун дэгдээсэн хэрэгт хилсээр буруутгаад байсан нь Фестийн үгнээс харагддаг. Ийм хэрэг өдөөсөн хүнд цаазаар авах ял оноодог байжээ (Үйлс 25:11). Гэвч, үнэндээ Паул ямар ч буруугүй байв. Иерусалим дахь шашны удирдагчид түүнд атаархсандаа тийн буруутгажээ. Тэд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг нь эсэргүүцэн, хүмүүсийг Есүс Христийн дагалдагч болоход нь тусалдагт ихэд эгдүүцдэг байв. Паулыг өндөржүүлсэн хамгаалалттайгаар Иерусалимаас боомт хот Кайсарид хүргэсэнд тэрээр Ромын эзэн хаан буюу цезарьт давж заалджээ. Тэндээс түүнийг Ромд хүргэх байв.

4. Агрийп хаан санаанд оромгүй ямар үг хэлсэн бэ?

4 Фестийн ордонд олны өмнө, тэр дундаа, Ромын эзэнт гүрний нөлөө бүхий нутгийг захирагчийн өмнө Паулын байгааг төсөөлөөд үзье. Агрийп хаан түүнд: «Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна» гэлээ. Паулыг үг хэлж байх үед нэг ер бусын явдал болов. Хэлж ярьсан бүхэн нь хаанд нөлөөлж эхэлжээ. Тэгэхэд Агрийп хаан өөрөө: «Богинохон хугацаанд чи намайг итгүүлж, христиан болгох нь ээ» (ШЕ) гэж хэлдэг (Үйлс 26:1–28).

5. Паулын үг Агрийпад нөлөөлсний учир юу вэ?

5 Бодоод үз дээ! Паул өөрийгөө чадварлаг өмгөөлсний дүнд Бурхны Үгийн хүч хаанд нөлөөлжээ (Еврей 4:12, «идэвхтэй» [«хүчтэй нөлөөлдөг», ШЕ]). Паулын үг ямар учраас тийм нөлөөтэй байсан бэ? Паулаас юунд суралцвал шавь бэлдэх ажилд маань тус болох вэ? Хэлсэн үгийг нь задалж үзвэл дараах хоёр зүйл тодорхой байна. Үүнд: 1) Паул үгээ үнэмшилтэй ярьсан, 2) Багажаа чадмаг ашигладаг дархан хүний адилаар, Паул Бурхны Үгийн тухай мэдлэгээ чадварлаг ашиглажээ.

Итгүүлэх аргыг ашиглагтун

6, 7. а) «Итгүүлэх» гэдэг Библийн үг ямар утгатай вэ? б) Библийн сургаалыг хүлээн авахад нь хүмүүст туслахад итгүүлэх арга ямар үүрэгтэй вэ?

6 «Үйлс» номд Паулын тухай бичихдээ «итгүүлэх» гэсэн утгатай грек үгсийг олонтаа ашигласан байдаг. Итгүүлэх арга шавь бэлдэх ажилд ямар ач холбогдолтой вэ?

7 Христиан Грек Судрын эх хэлэнд «итгүүлэх» гэдэг үг «талдаа оруулах» буюу «сургаалын шинжтэй ухуулгаар эсвэл учир холбогдлыг тайлбарлан хүний бодлыг өөрчлөх» гэсэн утга заадаг гэж Библи судлаач эрдэмтэн Вайны нэгэн тольд тэмдэглэжээ («An Expository Dictionary of New Testament Words»). Энэ үг нь мөн итгэл хүлээх гэсэн санаа илэрхийлдэг аж. Тэгэхлээр, хүнээр Библийн сургаалыг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь итгэлийг нь хүлээж, тэрхүү сургаалын үнэнд итгүүлсэн гэсэн үг юм. Гэхдээ Библид юу бичсэн байдгийг хэлээд л шууд итгүүлж, түүний дагуу амьдардаг болгож чадахгүй нь ойлгомжтой. Сонсогч тань хүүхэд юм уу хөрш, эсвэл ажлын газрын хүн, ангийн хүүхэд, хамаатан садангийн хэн нь ч байсан таны ярьж байгаа зүйл үнэн гэдэгт итгэх ёстой (2 Тимот 3:14, 15).

8. Библийн сургаалыг үнэн гэж итгүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

8 Бурхны Үгнээс хэлж ярьж байгаа зүйлээ үнэн гэдэгт хүнийг яаж итгүүлэх вэ? Баттай баримт ашиглах, хүнийг тунгаан бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслах, хичээнгүйлэн гуйх зэрэг аргаар Паул хүмүүсийн бодлыг өөрчлөхийг хичээдэг байсан. Тиймээс ярьж байгаа минь үнэн гэж хэлээд өнгөрөхийн оронд, үгээ бататгах баримт татах хэрэгтэй. Үүний тулд яах вэ? Эхлээд, хувийн үзлээ биш, Бурхны Үгэнд бат үндэслэсэн үг ярьдаг эсэхээ магадлах шаардлагатай. Түүнээс гадна, Библийн үндэстэй, чин сэтгэлийн үгээ бататгах нэмэлт баримт ашиглаарай (Сургаалт үгс 16:23). Жишээ нь, та Бурханд дуулгавартай хүмүүс диваажин дэлхийд амьдрах тухай ярих бол энэ санаагаа Лук 23:43, Исаиа 65:21–25 гэх мэтийн Библийн зүйлээр батжуулах нь зүйтэй. Библид үндэслэсэн энэ санаагаа ямар нэмэлт баримтаар бататгах вэ? Сонсогчийнхоо мэддэг зүйлээр жишээ татвал сайн. Тухайлбал, улайран байгаа тэнгэрийн хаяаг харах, цэцэгсийн анхилам үнэр үнэрлэх, амтат сайхан жимс идэх, дэгдээхийгээ хооллох шувууг ажиглах зэргээр бид ямар ч үнэ хөлс төлөхгүйгээр таашаал эдэлдгийг дурдаж болох юм. Энэ бүхэн нь Бүтээгч биднийг дэлхий дээр баяр жаргалтай амьдраасай гэж хүсдэгийн баталгаа мөн гэдгийг ойлгоход нь туслаарай (Номлогчийн үгс 3:11, 12).

9. Дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн ухаалаг байх хэрэгтэй вэ?

9 Библийн ямар нэг сургаалд итгүүлэх гэж хэтэрхий улайрч, ухаалаг бус хандвал сонсогчийнхоо оюун ухаан, зүрх сэтгэлд хүрэх замыг хаах аюултайг анхаараарай. «Теократ үйлчлэлийн сургуулийн ач тус» * номд: «Эрхэмлэн үздэг итгэл үнэмшлийнх нь худал болохыг нотлох баримтыг түс тас хэлээд, үүнийгээ бататгах гэж Библиэс олон зүйл иш татсан ч хүн ер нь нааштай хүлээж авдаггүй. Жишээ нь, өргөн олноороо тэмдэглэдэг баяр наадмыг хуурамч шашнаас гаралтай гэж үгүйсгээд л энэ талаарх үзэл бодлыг нь өөрчилж дийлэхгүй. Үүний оронд хүнийг тунгаан бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь тусалбал илүү амжилтад хүрдэг» гэж бичжээ. Яагаад ийм арга хэрэгтэй гэж? Дээр дурдсан гарын авлагад: «Тунгаан бодуулж байгаад зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслах арга ашиглавал яриагаа цааш нь өрнүүлж, хүнээр өөрөөр нь бодуулж, дараа дахин ярилцах боломж гардаг. Ингэвэл итгүүлж чадна» гэж тайлбарласан байна (Колоссай 4:6).

Итгүүлэх аргаар зүрхэнд хүрэгтүн

10. Паул Агрийпын өмнө өөрийгөө өмгөөлөхдөө үгээ яаж эхэлсэн бэ?

10 «Үйлс» номын 26-р бүлэгт тэмдэглэсэн, Паулын өөрийгөө өмгөөлөн хэлсэн үгийг илүү нарийн задалж үзье. Яриагаа хэрхэн эхэлснийг нь анхаарна уу. Агрийп охин дүү Берникетэйгээ зохисгүй харьцаатай байсан ч Паул түүнийг магтах бодитой шалтгааныг олжээ. Паул: «Иудейчүүдийн намайг буруутгаж байгаа эдгээр хэргийн талаар, Агрийп хаан, таны өмнө өнөөдөр би өөрийгөө өмгөөлөх гэж байгаа тул би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна. Ялангуяа, та бол иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье» гэж хэлдэг (Үйлс 26:2, 3).

11. Паул Агрийпыг хүндэлж байгаагаа хэрхэн харуулсан бэ? Үр дүн нь юу байсан бэ?

11 Паул Агрийпыг «хаан» хэмээн дуудан, өндөр эрх мэдэлтэйг нь хүлээн зөвшөөрснийг анзаарав уу? Паул үгээ ухаалаг сонгон, Агрийпыг хүндэлж байгаагаа харуулсан (1 Петр 2:17). Цааш нь, иудей албатуудынхаа ээдрээтэй ёс заншил болон хуулийн талаар хааны сайн мэддэгийг хүлээн зөвшөөрөөд, тийм сайн мэдлэгтэй хүний өмнө өөрийгөө өмгөөлөхийг завшаанд тооцож буйгаа хэлдэг. Паул Агрийпыг христиан биш гэж дорд үзээгүй (Филиппой 2:3). Харин ч өөрийг нь тэвчээртэй сонсохыг гуйсан. Ийнхүү Агрийп болон тэнд байсан бусад хүнээр үгээ хүлээн зөвшөөрүүлэх таатай уур амьсгал бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл, хэлэх баримтынхаа дэвсгэр буюу сонсогчид нь санал нийлэн, яриа өрнүүлэх нийтлэг үндэс тавьжээ.

12. Дэлгэрүүлэхдээ ярилцагчийнхаа зүрхэнд яаж хүрэх вэ?

12 Паул Агрийптай хэрхэн ярилцсан шиг, Хаанчлалын тухай мэдээ хүргэхдээ үгийнхээ эхнээс эцэс хүртэл ярилцагчийнхаа зүрхэнд хүрэхийг хичээцгээе. Үүний тулд дэлгэрүүлж буй хүнээ чин сэтгэлээсээ хүндэтгэж, хувь хүний онцлог болон үзэл бодлыг нь үнэхээр сонирхож байгаагаа харуулах хэрэгтэй (1 Коринт 9:20–23).

Бурхны Үгийг чадварлаг ашиглагтун

13. Сонсогчдодоо сайн мэдээний дагуу амьдрах хүсэл яаж төрүүлэх вэ?

13 Элч Паул сонсогчдодоо сайн мэдээний дагуу амьдрах хүсэл төрүүлэхийг эрмэлздэг байсан (1 Тесалоник 1:5–7). Үүний тулд тэдний бэлэгдлийн зүрх буюу дотоод хөдөлгөх хүчнийх нь эх булагт хүрэхийг хичээдэг байв. Паул Агрийпын өмнө өөрийгөө хэрхэн өмгөөлснийг цааш нь үзвэл тэрээр Мосе болон бусад зөнчийн хэлснийг тэмдэглэн, Бурхны үгийг хэрхэн «зөв заасан» нь анхаарал татдаг (2 Тимот 2:15).

14. Паул Агрийптай ярилцахдаа итгүүлэх аргыг хэрхэн ашигласан бэ?

14 Агрийп иудейн шашныг ёс төдий шүтдэг байсныг Паул мэдэж байв. Иудаизмын тухай мэдлэгт нь тулгуурлан, Мессиа үхэж, дахин амилах тухай «эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүйгээ» Паул тайлбарласан (Үйлс 26:22, 23). Тэгээд Агрийпаас: «Агрийп хаан, та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ?» гэж шууд асуув. Энэ үед хаан хүнд байдалд оров. Хэрэв зөнчдийг үгүйсгэвэл иудей шашин шүтдэг хүний хувьд нэр хүнд нь унах байсан. Харин Паулын үгийг зөвшөөрвөл олны өмнө түүнтэй санал нийлсэн болж, христиан гэгдэх байлаа. Тэгтэл Паул асуултдаа өөрөө хариулан: «Итгэдгийг тань би мэдэж байна» гэж хэлсэн нь ухаалаг хэрэг байв. Зүрх нь Агрийпыг юу гэж хэлүүлсэн бэ? «Богинохон хугацаанд чи намайг итгүүлж, христиан болгох нь ээ» (ШЕ) гэж хэлсэн (Үйлс 26:27, 28). Агрийп хаан христиан болоогүй ч, Паулын үг зүрхэнд нь ямар нэг хэмжээгээр хүрсэн нь тодорхой байна (Еврей 4:12).

15. Тесалоник хотод христиан хурал үүсэхэд Паул яаж нөлөөлсөн бэ?

15 Паул сайн мэдээ дэлгэрүүлэхдээ яриад л болчихдоггүй, итгүүлдэг байсныг та анзаарав уу? Бурхны Үгийг ийм аргаар «зөв заадаг» байсан тул зарим хүн түүнийг ердөө сонсоод л өнгөрдөггүй, харин христиан болдог байв. Жишээ нь, Паул Тесалоник хотын синагогт иудейчүүд болон Бурхнаас эмээдэг еврей биш хүмүүст дэлгэрүүлэхэд дараах явдал болжээ. Үйлс 17:2–4-т: «Паул өөрийнхөө заншлаар тэдэн уруу очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Судраас ухуулав. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотолсон. [...] Тэдний зарим нь... итгэцгээв» гэж тэмдэглэжээ. Паул итгүүлж чаджээ. Есүс бол олон зууны тэртээгээс амласан Мессиа байсан гэдгийг тэдэнд Судрын тусламжтайгаар «ухуулан», «тайлбарлан», «нотолсон». Үүний дүнд Тесалоник хотод христиан хурал үүссэн.

16. Яавал дэлгэрүүлэх ажлаасаа илүү их баяр хөөр эдлэх вэ?

16 Та ч гэсэн Бурхны Үгийг үнэмшилтэй тайлбарлах ур чадвараа сайжруулж яагаад болохгүй гэж? Хэрэв тэгвэл Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэх болон заах ажилдаа илүү сэтгэл хангалуун болж, баяр хөөр эдлэх болно. Энэ нь дэлгэрүүлэх ажилд Библийг тогтмол ашиглах зөвлөгөөг хэрэгжүүлсэн Гэрчүүдийн туршлагаас харагддаг.

17. Дэлгэрүүлэх ажилдаа Библи ашиглах нь тустай байдгийг туршлагаасаа хуваалцах юм уу энэ догол мөрийн гол санааг хэлнэ үү.

17 Еховагийн Гэрчүүдийн нэгэн явуулын харгалзагч: «Нэлээд олон ах эгч одоо айлаар дэлгэрүүлэхдээ Библиэ ил бариад явдаг болжээ. Үүний ачаар ярилцсан хүмүүсийнхээ олонхид нь Библиэс уншиж өгөх боломж гардаг. Энэ нь дэлгэрүүлэгч, сонсогчийн аль аль нь дэлгэрүүлэх ажлыг зөвхөн сэтгүүл, номтой биш, харин Библитэй холбон ойлгоход тустай» гэж бичжээ. Дэлгэрүүлэхдээ Библиэ ил барих эсэх нь нутгийн заншил гэх мэтийн хүчин зүйлүүдээс шалтгаалах нь ойлгомжтой. Ямартай ч, бид Хаанчлалын тухай мэдээ хүлээн авахад нь хүмүүст туслахдаа Бурхны Үгийг чадварлаг ашиглан итгүүлэхийг хичээх учиртай.

Дэлгэрүүлэх ажилдаа Бурхны үзэл бодлоор хандагтун

18, 19. а) Бурхан дэлгэрүүлэх ажлыг хэрхэн үздэг вэ? Бурхных шиг үзэл бодолтой болох ёстойн учир юу вэ? б) Давтан уулзалтыг үр дүнтэй хийхэд юу туслах вэ? («Давтан уулзалтыг үр дүнтэй хийх нь» хавсралтыг үзнэ үү.)

18 Сонсогчийнхоо зүрхэнд хүрэх өөр нэг арга бол дэлгэрүүлэх ажилдаа Бурхны үзэл бодлоор хандаж, тэвчээртэй байх явдал юм. Бурхан «бүх хүнийг... үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» билээ (1 Тимот 2:3, 4). Бид ч бас ингэж хүсдэг биз дээ? Түүнээс гадна, Ехова тэвчээртэй байдаг бөгөөд үүнийх нь ачаар олон хүн гэмших боломжтой болдог (2 Петр 3:9). Тиймээс Хаанчлалын тухай мэдээ сонсох дуртай хүн олбол сонирхлыг нь хөгжүүлэхийн тулд дахин дахин очих хэрэгтэй. Үнэний үр соёолон ургахыг үзэхийн тулд цаг гаргаж, тэвчээртэй байх шаардлагатай (1 Коринт 3:6). «Давтан уулзалтыг үр дүнтэй хийх нь» гэсэн гарчиг бүхий хавсралтад хүний сонирхлыг хөгжүүлэхэд тустай зөвлөгөө байгаа. Хүмүүсийн амьдрал ахуй буюу бэрхшээлтэй асуудал, нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байдгийг санаарай. Тэднийг гэрээс нь олж уулзах амаргүй байж болох ч үүний төлөө гаргасан хичээл зүтгэл маань талаар өнгөрөхгүй. Бид хүмүүст авралын тухай Бурхны мэдээ сонсох боломж олгохыг хүсдэг. Тиймээс Хаанчлалын тухай мэдээ хүлээн авахад нь хүмүүст туслахын тулд итгүүлэх чадвараа хөгжүүлэхийн төлөө мэргэн ухаан гуйж, Ехова Бурханд залбираарай.

19 Хаанчлалын тухай мэдээ сонсох чин хүсэлтэй хүн олбол өөр ямар тусламж үзүүлэх вэ? Дараагийн өгүүллээр энэ асуултад хариулъя.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн олон хэлээр эрхлэн гаргасан хэвлэл.

Та санаж байна уу?

• Агрийп хааны өмнө өөрийгөө өмгөөлж хэлсэн Паулын үг ямар учраас тийм нөлөөтэй байсан бэ?

• Яавал сайн мэдээг хүний зүрхэнд хүргэх вэ?

• Хүмүүсийн зүрхэнд хүрч, Бурхны Үгийг үр өгөөжтэй ашиглахад бидэнд юу туслах вэ?

• Дэлгэрүүлэх ажилдаа яаж Бурхны үзэл бодлоор ханддаг болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны хавсралт/зураг]

Давтан уулзалтыг үр дүнтэй хийх нь

• Хүнд чин сэтгэлээсээ санаа тавих

• Библид үндэслэсэн сонирхолтой сэдэв хөндөж ярих

• Уулзах бүрдээ давтан уулзах үндэс тавих

• Уулзсаныхаа дараа ч тэр хүнээ мартахгүй байх

• Сонирхлыг нь хөгжүүлэхийн тулд аль болох хурдан буюу нэг хоёр өдрийн дараа очих

• Библийн хичээл эхлэх зорилгоо ямагт санах

• Хүний сонирхлыг хөгжүүлэхийг Еховагаас гуйж залбирах