Skip to content

Гарчиг руу орох

Үнэний Бурхныг дуурайгтун

Үнэний Бурхныг дуурайгтун

Үнэний Бурхныг дуурайгтун

«Хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дуурайгчид болцгоо» (ЕФЕС 5:1).

1. Үнэний тухайд хүмүүс ямар ойлголттой байдаг вэ? Тэдний үзэл бодолд ямар алдаа байдаг вэ?

 «ҮНЭН гэж юу вэ?» (Иохан 18:38). 2 000 орчим жилийн тэртээ Понти Пилатын увайгүй загнаж асуусан энэ асуулт үнэнийг хайх нь ашиггүй бөгөөд түүнд хүрэх аргагүй гэсэн санаа агуулдаг. Өнөөдөр олон хүн үүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь үнэний мөн чанарыг тодорхойгүй болгож байгаа хэрэг юм. «Үнэнийг хүн болгон өөрийнхөөрөө үздэг», «үнэн бол харьцангуй ойлголт», «үнэн бол хувирч өөрчлөгдөмтгий» гэх зэргээр хүмүүсийн ярихыг та лав сонссон байх. Тийн бодох нь алдаатай. Судалгаа шинжилгээний болон боловсролын зорилго нь бидний амьдарч байгаа ертөнцийн тухай бодит үнэнийг мэдэхэд чиглэдэг. Үнэн бол хувь хүний үзэл бодлын асуудал биш. Жишээ нь: Хүнийг үхсэний дараа биеэс нь үхэшгүй мөнхийн сүнс гардаг, эсвэл үгүй; Сатан байдаг, эсвэл байдаггүй; амьдрал утга учиртай, эсвэл утга учиргүй. Эдгээрийн аль ч тохиолдолд зөвхөн нэг л зөв хариу байна. Нэг нь зөв, нөгөөх нь буруу байхаас бус хоёулаа зөв байж таарахгүй.

2. Ехова ямар ямар асуудлаар үнэний Бурхан бэ? Одоо бид ямар ямар асуулт авч үзэх вэ?

2 Өмнөх өгүүллээр бид Еховаг үнэний Бурхан болох тухай үзсэн. Ехова бүгдийн тухай үнэнийг мэддэг. Еховагийн үйл дандаа үнэн байдаг бөгөөд үүгээрээ өөрийнхөө худалч дайсан Сатан Диаволаас эрс ялгаатай. Түүнээс гадна, Ехова бусдад үнэнийг сэтгэл харамгүй дэлгэдэг. Элч Паул итгэл нэгтнүүддээ: «Хайрлагдсан хүүхдүүд адил Бурхныг дуурайгчид болцгоо» гэж уриалсан (Ефес 5:1). Еховагийн Гэрчүүд бид үнэнийг ярьж, үнэний дагуу амьдрахад Бурхныг хэрхэн дуурайж болох вэ? Ингэх нь яагаад чухал бэ? Үнэний зам мөшгөдөг хүнийг Ехова сайшаадаг гэсэн ямар баталгаа байна вэ? Эдгээр асуултыг авч үзье.

3, 4. Элч Паул, Петр нар «эцсийн өдрүүдэд» болох ёстой зүйлийг хэрхэн дүрсэлсэн бэ?

3 Бид шашны худал хуурмаг, газар авч байгаа үед амьдарч байна. Элч Паулын, Бурхны онгодоор хөтлүүлэн хэлснээр өнөөгийн «эцсийн өдрүүдэд» олон хүн Бурханд үнэнчийн дүр эсгэдэг боловч хүчийг нь үгүйсгэж байна. Зарим хүн «ялзарсан санаа бодолтой» болж, үнэнийг эсэргүүцдэг. Түүнээс гадна, «муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болж» байна. Тийм хүмүүс үргэлж суралцавч «үнэний мэдлэгт» хэзээ ч хүрч чаддаггүй (2 Тимот 3:1, 5, 7, 8, 13).

4 Элч Петр бас онгодоор хөтлүүлэн «эцсийн өдрүүдийн» талаар бичсэн. Түүний зөгнөн хэлснээр хүмүүс үнэнээс татгалзаж байгаа төдийгүй Бурхны Үг болон түүнд бичигдсэн үнэнийг дэлгэрүүлдэг хүмүүсийг элэглэн дооглож байна. Тийн элэглэн дооглогчид «хүсэл тачаалынхаа дагуу», ирээдүйн шүүлтийн өдрийн үлгэр загвар, Усан галав болсон гэдэг үнэнийг үл ойшоодог. Хүссэн зүйлээ бодитой юм шиг болгон хүлээн авснаар тэд өөрсөд дээрээ гамшиг хураана. Тэр гамшиг ёс бус хүмүүсийг устгах Бурхны тогтоосон цагаар болох юм (2 Петр 3:3–7).

Еховагийн үйлчлэгчид үнэнийг мэддэг

5. Зөнч Даниелын хэлснээр «төгсгөлийн цаг үед» юу болох ёстой байсан бэ? Энэ зөгнөл хэрхэн биелсэн бэ?

5 Зөнч Даниел «төгсгөлийн цаг үеийг» (ШЕ) тодорхойлж бичихдээ Бурхны ард түмний тухайд байдал огт өөр болох буюу шашны үнэнийг сэргээнэ гэдгийг зөгнөж хэлсэн. Тэрээр: «Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ» хэмээн бичжээ (Даниел 12:4). Агуу Мэхлэгч, Еховагийн ард түмний толгойг эргүүлж, нүдийг сохолж чадаагүй. Тэд Библийн хуудсаар «нааш цааш яван», жинхэнэ мэдлэг олж авсан. Нэгдүгээр зуунд Есүс шавь нараа гэгээрүүлсэн. Есүс «Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээсэн» (Лук 24:45). Бидний энэ цагт Ехова дээрхийн адилаар үйлддэг. Тэрбээр Үг, сүнс, байгууллагаараа дамжуулан өөрийнхөө аль эртнээс мэддэг үнэнийг ойлгох боломжийг дэлхийд амьдарч байгаа олон сая хүнд олгосон.

6. Бурхны ард түмэн өнөөдөр Библийн ямар ямар үнэнийг ойлгодог вэ?

6 Бурхны ард түмэн болсноороо бид бусдын мэддэггүй олон зүйлийг ойлгодог болсон. Ертөнцийн мэргэдийн, олон мянган жилийн турш тэмцэж байгаа хэрнээ хариуг нь олж авч чадаагүй байгаа асуултуудын хариуг бид мэддэг. Жишээлбэл: Зовлон зүдүүр байдгийн учир; хүн үхдэгийн шалтгаан; хүмүүс дэлхий дахинд энх тайван, эв нэгдэл тогтоож чаддаггүйн учрыг бид мэддэг. Түүнчлэн, ирээдүйд болох зүйлийг, тухайлбал, Бурхны Хаанчлал, диваажин дэлхий хийгээд хүн төгс болж мөнх амьдрах зэргийг мэдэх хувь бидэнд тохиосон билээ. Бид Хамгийн дээд Нэгэн, Еховаг мэддэг болсон. Түүний, сэтгэл татам чанаруудтай танилцахын зэрэгцээ ивээлийг нь хүртэхийн тулд яах ёстойг мэддэг болсон. Үнэнийг мэддэг болсноор худал хуурмагийг ялгах чадвартай болсон. Үнэн биднийг үр жимсгүй үйлсээс хамгаалж, амьдралын хамгийн сайн хэв маягаар амьдрах боломж олгохын зэрэгцээ бидэнд гайхамшигтай ирээдүйд найдах найдвар өгдөг.

7. Библийн үнэнийг хэн ойлгож чаддаг вэ? Хэн ойлгодоггүй вэ?

7 Та Библийн үнэнийг ойлгодог уу? Хэрэв тийм бол энэ нь агуу шагнал мөн. Зохиолч ном зохиол бичихдээ гол төлөв тодорхой бүлэг уншигчдын таалалд нийцүүлж бичдэг. Зарим номыг өндөр боловсролтой хүмүүст зориулсан байхад заримыг нь хүүхдэд, нөгөө заримыг нь аль нэг салбарын мэргэжлийн хүмүүст зориулж бичсэн байдаг. Библийг бүх хүн унших боломжтой ч энэ нь түүнийг уншаад ойлгодог, үнэлдэг тодорхой бүлэг хүнд зориулагдсан ажээ. Ехова түүнийг номхон даруу хүмүүст зориулж туурвисан юм. Тийм хүмүүс эрдэм боловсрол, соёл хүмүүжил, нийгмийн байдал, үндэс угсаанаасаа хамааралгүйгээр Библийн санааг ойлгож чаддаг (1 Тимот 2:3, 4). Гэтэл, хүмүүс хэчнээн ухаантай, өндөр боловсролтой байлаа ч зүрх нь буруу хандлагатай бол тэдний хувьд Библийн үнэн хаалттай байдаг. Бардам ихэмсэг хүмүүс Бурхны Үгийн үнэт үнэнийг ойлгож чаддаггүй (Матай 13:11–15; Лук 10:21; Үйлс 13:48, ШЕ). Тийм номыг ганцхан Бурхан л бүтээж чадна.

Бурхны үйлчлэгчид үнэнч байдаг

8. Есүс тэр чигээрээ үнэн байсны учир юу вэ?

8 Еховагийн Гэрчүүд Еховатай адил үнэнч хүмүүс байдаг. Еховагийн хамгийн гарамгай Гэрч, Есүс Христ заасан сургаал, хэрхэн амьдарсан хийгээд үхсэнээрээ үнэнийг баталсан. Еховагийн үг болон амлалтын үнэнийг Есүс хамгаалсан. Эндээс дүгнэхэд Есүс, өөрийнх нь хэлснээр, тэр чигээрээ үнэн байжээ (Иохан 14:6; Илчлэлт 3:14; 19:10).

9. Үнэнийг ярих талаар Судар юу хэлдэг вэ?

9 Есүс «нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан» бөгөөд «түүний аманд ямар ч худал хуурмаг байгаагүй» юм (Иохан 1:14; Исаиа 53:9). Жинхэнэ христианууд бусдад үнэнч байх талаар Есүсийн үлдээсэн жишээг дагадаг. Паул итгэл нэгтнүүддээ: «Хүн нэг бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биеийнхээ эрхтнүүд юм» хэмээн зөвлөжээ (Ефес 4:25). Түүнээс бүр өмнө зөнч Зехариа: «Нэг нэгэндээ үнэнийг хэл» хэмээн бичсэн байдаг (Зехариа 8:16). Христианууд Бурханд таалагдахыг хүсдэг учраас үнэнч байдаг. Ехова өөрөө үнэнч бөгөөд худал хуурмаг, ямар хортой үр дагаварт хүргэдгийг мэддэг. Тийм учраас, үйлчлэгчдээсээ үнэнийг ярихыг хүсдэг нь зүйн хэрэг юм.

10. Хүмүүс ямар учраас худал хэлдэг вэ? Энэ нь ямар хортой үр дагаварт хүргэдэг вэ?

10 Худал хэлэхийг ажлаа бүтээх тохиромжтой арга гэж үздэг хүн олон байдаг. Хүмүүс шийтгэлээс мултрахын тулд, эсвэл ашиг хонжоо олохын тулд, эсвэл бусдаас магтаал хүртэх гэж худал хэлдэг. Гэхдээ худал хэлэх нь ёс суртахууны доголдол юм. Хамгийн гол нь худалч хүнийг Бурхан сайшаадаггүй (Илчлэлт 21:8, 27; 22:15). Хэрэв хүмүүс бидний үнэнчийг мэддэг бол хэлсэн үгэнд маань болон бидэнд итгэнэ. Гэхдээ, нэг л удаа худал хэлбэл ирээдүйд болох зүйлийн талаар ярьдаг мэдээний маань үнэнд хүмүүс эргэлзэж мэднэ. Африкийн нэгэн зүйр үгэнд: «Нэг удаагийн худал үг мянган удаагийн үнэнийг хүчингүй болгоно» гэж байдаг. Бас өөр нэг зүйр үгэнд: «Худалч хүн үнэнийг хэллээ ч түүнд итгэх нь үгүй» гэж байдаг.

11. Үнэнч байх гэдэг нь үнэнийг ярих төдийгөөр хязгаарлагддаг зүйл бишийн учир юу вэ?

11 Үнэнч байх гэдэг нь үнэнийг ярих төдийгөөр хязгаарлагддаг зүйл биш. Энэ нь амьдралын хэв маяг бөгөөд биднийг хэн болохыг харуулдаг. Бид хүмүүст үнэнийг үгээрээ төдийгүй, үйл хэргээрээ мэдүүлдэг. Элч Паул: «Бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? „Хулгай бүү хий“ гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу? „Бүү завхайр“ гэж ярьдаг та өөрөө завхайрдаггүй юм уу?» хэмээн асуужээ (Ром 2:21, 22). Хэрэв бид бусдад үнэнийг хүргэхийг хүсэж байгаа бол өөрсдөө үнэний дагуу амьдрах ёстой. Бид үнэнч шударгаараа алдартай байвал зааж, сургаж байгаа зүйлийг маань хүмүүс дуртайяа хүлээн авахад хүчтэй нөлөө үзүүлнэ.

12, 13. Үнэнч чанарын талаар нэг сурагч юу бичсэн бэ? Юуны ачаар тэр охин ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахьдаг болсон бэ?

12 Еховагийн залуу үйлчлэгчид үнэнч байхын чухлыг бас ойлгодог. 13 настай Женни охин зохион бичлэг бичихдээ: «Би шударга чанарыг өндөр үнэлдэг. Харамсалтай нь өнөөдөр төгс шударга хүн цөөхөн байна. Би дандаа шударга байна гэж өөртөө амладаг. Үнэнийг хэлснээр надад болон миний найз нөхдөд тэр даруйдаа ач тусаа өгөхгүй ч гэсэн би шударга хэвээрээ л байна. Би үнэнийг ярьдаг шударга хүмүүсийг сонгон найзалдаг» хэмээн бичжээ.

13 Энэ зохион бичлэгийн дараа багш нь Женнид: «Чи хэдийгээр хүүхэд ч гэсэн ёс суртахуун хийгээд ёс зүйн асуудлаар хатуу байр суурь баримталдаг юм байна. Чи их шийдэмгий учраас энэ байр сууриа өөрчлөхгүй гэдгийг чинь би мэдэж байна» хэмээн хэлжээ. Энэ сурагч юуны учир ёс суртахууны талаар тийм хатуу байр суурьтай болсон бэ? Зохион бичлэгийнхээ оршилд Женни «[өөрийнх нь] амьдралын ёс суртахууны хэм хэмжээг» шашин нь тогтоож өгдөг гэж бичжээ. Женни тийн зохион бичиж байснаас хойш долоон жил өнгөрчээ. Багшийнхаа бодож байснаар Женни, Еховагийн Гэрч байж, амьдралдаа ёс суртахууны өндөр хэм хэмжээг мөрдсөөр л байгаа билээ.

Еховагийн үйлчлэгчид үнэнийг илчилдэг

14. Бурхны үйлчлэгчид үнэнийг сахин хамгаалах маш өндөр үүрэг хүлээдгийн учир юу вэ?

14 Үнэнийг ярьж, шударгыг эрхэмлэдэг Еховагийн Гэрч бус хүмүүс байдаг нь эргэлзээгүй. Гэхдээ, бид Бурхны үйлчлэгчдийн хувьд үнэнийг сахин хамгаалах маш өндөр үүрэг хүлээдэг. Бидэнд хүнийг мөнхийн аминд хүргэх чадалтай Библийн үнэн даатгагдсан билээ. Тийм учраас бид энэ үнэнийг бусдад хүргэх үүрэг хүлээдэг. Есүс: «Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана» гэж хэлсэн (Лук 12:48). Бурхны тухай үнэт мэдлэгээр ивээгдсэн хүмүүсээс «ихийг шаардах» нь зүйн хэрэг.

15. Та хүмүүст Библийн үнэнийг хүргэхдээ аль хир жаргал эдэлдэг вэ?

15 Библийн үнэнийг бусадад хүргэнэ гэдэг жаргалтай ажил. Есүсийн нэгдүгээр зууны шавь нар шиг бид «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан» бөгөөд «чөтгөрүүдийн номлолд» автан сохорсон хүмүүст сайн мэдээ буюу найдвар төрүүлдэг баяртай мэдээ тунхагладаг (Матай 9:36; 1 Тимот 4:1). Элч Иохан: «Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан надад байхгүй билээ» хэмээн бичсэн (3 Иохан 4). Иоханы «хүүхдүүдийн» (үнэнтэй танилцахад нь түүний тусалсан хүмүүс байж болох юм) үнэнч байдал нь түүнд асар их баяр баясгалан авчирдаг байлаа. Хүмүүс Бурхны Үгийг талархалтайгаар хүлээн авч байгааг хараад бид ч гэсэн баяр баясгалан эдэлдэг.

16, 17. а) Үнэнийг бүх хүн хүлээж авдаггүйн учир юу вэ? б) Библийн үнэнийг тунхагласнаар та ямар баяр баясгалан эдэлж болох вэ?

16 Үнэнийг бүх хүн хүлээн авахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон нийт таашаахгүй байсан ч гэсэн Есүс Бурхны тухай үнэнийг ярьдаг байсан. Өөрийг нь эсэргүүцсэн иудейчүүдэд Есүс: «Та нар яагаад Надад үл итгэнэ вэ? Бурхны хүн нь Бурхны үгсийг сонсдог. Та нар Бурхных биш учир эдгээрийг сонсдоггүй» хэмээн хэлжээ (Иохан 8:46, 47).

17 Бид Есүсийн адилаар Еховагийн тухай үнэт үнэнийг ярих үүргээсээ ухардаггүй. Ярьсан болгоныг маань сонссон болгон хүлээн авна гэж боддоггүй. Яагаад гэвэл Есүсийн ярьсныг бүх хүн хүлээж аваагүй билээ. Тэглээ ч гэсэн бид зөв юм хийж байгаагаа мэддэг учраас баяртай байдаг. Ехова нигүүлсэнгүй сэтгэлээсээ бүх хүн үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Христианууд үнэнийг мэддэгийн хувьд харанхуй нөмөрсөн ертөнцөд гэрэл болдог. Бид үг болоод үйл хэргээрээ үнэний гэрэл болон гэрэлтсэнээр тэнгэрийн Эцгийг маань алдаршуулахад нь бусдад тусалж болно (Матай 5:14, 16). Бид үнэнийг гуйвуулсан Сатаны хуурамч сургаалаас татгалздагаа ил тод зарладаг бөгөөд Бурхны жинхэнэ, цэвэр Үгийг барьдаг. Бидний мэдэж, хүмүүст хүргэдэг тэр үнэн, хүлээж авсан хүмүүст жинхэнэ эрх чөлөө олгож чадна (Иохан 8:32).

Үнэний замыг мөшгөгтүн

18. Есүс Натанаелыг ямар учраас, мөн хэрхэн таашаадаг байсан бэ?

18 Есүс үнэнд дуртай байсан бөгөөд үнэнийг ярьдаг байсан. Тэрбээр дэлхий дээр үйлчилж байхдаа үнэнч хүмүүсийг таашаадаг байв. Есүс Натанаелын тухай: «Дотроо заль мэхгүй, жинхэнэ израиль хүнийг харагтун» хэмээн хэлжээ (Иохан 1:47). Түүнийг бас Бартоломай гэдэг байсан бололтой. Тэрээр хожим 12 элчийн нэгээр сонгогдсон (Матай 10:2–4). Юутай завшаантай хэрэг вэ!

19-21. Сохор асан хүн үнэнийг зоригтой хэлснийхээ төлөө ямар ивээл хүртсэн бэ?

19 Ио ханы бичсэн Библийн нэг номын нэг бүлэг бүхэлдээ Есүсийн ивээсэн өөр нэгэн үнэнч хүний тухай өгүүлсэн байдаг. Бид тэр хүний нэрийг мэдэхгүй ч төрөлхийн сохор, гуйлгачин байсныг мэддэг. Есүс түүнийг хараатай болгоход хүмүүс мэл гайхдаг. Гайхамшгаар эдгээсэн тухай тэр мэдээ, Есүст итгэсэн хэнийг ч болов синагогоос хөөхөөр үгсэн тохирсон, үнэнийг үзэн яддаг фарисайчуудын сонорт хүрсэн байна. Сохор асны эцэг эх, фарисайчуудын санаа зорилгыг мэдээд, айснаасаа болоод хүү нь хэрхэн хараатай болсон хийгээд энэ гайхамшгийг хэн үйлдсэнийг мэдэхгүй хэмээн худал өчжээ (Иохан 9:1–23).

20 Фарисайчууд эдгэрсэн хүнийг дахин дуудаж ирүүлэв. Мөнөөх хүн гарах үр дагавраас нь эмээлгүйгээр үнэнийг зоригтойгоор хэлжээ. Тэрээр хэрхэн хараатай болсон хийгээд үүнийг Есүс үйлдсэнийг тайлбарлажээ. Тийм нэр хүндтэй, боловсролтой хүмүүс Есүсийг Бурхан илгээсэн гэдэгт итгэхгүй байгаад гайхсан мөнөөх хүн илэрхий зүйлийг хүлээн авахыг тэдэнд зоригтойгоор уриалан: «Хэрэв энэ хүн Бурхнаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан» хэмээн хэлжээ. Эсэргүүцэх аргагүй болсон фарисайчууд мөнөөх эрийг ичгүүргүй амьтан гэж зэмлээд, хөөн гаргасан аж (Иохан 9:24–34).

21 Үүнийг сонссон Есүс хайрандаа хөтлөгдөн, түүнийг хайж олоод, урьдах итгэлийг нь бэхжүүлсэн. Есүс өөрийгөө Мессиа гэдгийг илчлэн хэлжээ. Үнэнийг хэлснийхээ төлөө тэр хүн юутай их ивээл хүртээ вэ! Үнэнийг хэлдэг хүмүүс Бурхны тааллыг олдог нь эргэлзээгүй (Иохан 9:35—37).

22. Үнэний замыг мөшгөх хэрэгтэйн учир юу вэ?

22 Үнэнээр амьдрах нь бидний хувьд нухацтай хандах ёстой зүйл мөн. Учир нь энэ бол хүмүүстэй болон Бурхантай тогтоосон сайн харьцаагаа хамгаалж, бэхжүүлэхийн үндэс юм. Үнэнч байна гэдэг нь шулуун шударга, чин сэтгэлтэй, нөхөрсөг, итгэл хүлээж чаддаг байхыг хэлдэг. Тийм хүн Еховагийн сайшаалыг хүлээдэг (Дуулал 15:1, 2). Харин, үнэнч бус хүн итгэл эвддэг, найдваргүй, худалч байдаг бөгөөд тийм хүнийг Ехова үзэн яддаг (Сургаалт үгс 6:16–19). Тийм учраас үнэний замыг мөшгөх шийдвэр төгс байгтун. Чухамдаа бид үнэний Бурхныг дуурайхын тулд үнэнийг мэдэж, үнэнийг ярьж, үнэний дагуу амьдрах ёстой.

Та хэрхэн хариулах вэ?

• Үнэнийг мэддэгийнхээ төлөө бид талархаж болохын учир юу вэ?

• Үнэнч байх талаар Еховаг хэрхэн дуурайж болох вэ?

• Библийн үнэнийг бусдад хүргэхийн ач тус юу вэ?

• Үнэний замыг мөшгөх нь яагаад чухал бэ?

[Догол мөрийн асуулт]