Skip to content

Гарчиг руу орох

«Намайг дага»

«Намайг дага»

«Намайг дага»

«Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» (1 ПЕТР 2:21).

1, 2. Есүсийн багш хүний хувьд үзүүлсэн төгс жишээг дуурайх хэрээс хэтэрсэн юм биш гэж яагаад хэлж болох вэ?

 ЕСҮС ХРИСТ дэлхий дээрх хамгийн агуу Багш байсан. Түүнээс гадна, тэрээр хэзээ ч нүгэл үйлдээгүй төгс хүн байв (1 Петр 2:22). Тэгэхээр төгс бус хүмүүс бидэнд Есүсийн жишээг дуурайн багш байх гэдэг хүрэхийн аргагүй өндөр шаардлага гэсэн үг үү? Огт тийм биш ээ.

2 Есүсийн заах ажлын үндэс нь хайр байсныг бид өмнөх өгүүллээс мэдсэн билээ. Бид бүгдээрээ хайрыг хөгжүүлж чадна. Бурхны Үг бидэнд бусдыг хайрлах хайраа нэмж, гүнзгийрүүлэхийг байнга уриалдаг (Филиппой 1:9; Колоссай 3:14). Ехова хэзээ ч бүтээлээсээ хэрээс нь хэтэрсэн юм шаарддаггүй билээ. Үнэндээ «Бурхан бол хайр» бөгөөд хүнийг «Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн» учраас бидэнд хайрлах чадвар заяасан гэж хэлж болно (1 Иохан 4:8; Эхлэл 1:27). Тиймээс энэхүү өгүүллийн маань гол зүйл буюу элч Петрийн үгийг уншаад, тэр дагуу байж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, бид Христийн мөрийг алдалгүй дагаж чадна. Есүсийн: «Намайг дага» гэж тушаасныг ч дуулгавартай биелүүлж чадна (Лук 9:23). Христийн үзүүлсэн жишээг, тодруулбал, тэрээр заасан сургаалаа, хүмүүсийг хайрласныг хэрхэн дуурайж болохыг авч үзье.

Бурхны тухай мэдлэгийг хайрлах хайраа хөгжүүлэх нь

3. Яагаад зарим хүнд сурах хэцүү байдаг вэ? Сургаалт үгс 2:1–5-д юу уриалдаг вэ?

3 Бусдад заадаг сургаалаа хайрлахын тулд бид эхлээд өөрсдөө сурахад дурлах ёстой. Өнөөгийн нийгэмд сурч мэдэхэд дурлах тийм ч амар биш ээ. Сургалтын чанар муу, бага залууд олсон муу зуршил зэргээс болоод олон хүн сурах дургүй байдаг. Гэхдээ Еховагаас суралцах нь амин чухал юм. Сургаалт үгс 2:1–5-д: «Хүү минь, хэрэв чи миний хэлэхийг хүлээн авч, Миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол, хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, ЭЗЭНээс эмээхүйг чи ухаарна, Бурхны [тухай] мэдлэгийг олж авна» гэж бичсэн байдаг.

4. «Цээжээ... хандуулах» гэдэг юу гэсэн үг вэ? Ингэхийн тулд ямар хандлага бидэнд туслах вэ?

4 Нэгээс дөрөвдүгээр зүйлд, биднийг «хүлээн авч», «нандигнан хадгалаад» зогсохгүй «эрж», «хайхыг» чармайхыг олонтаа уриалсан байгааг анхаараарай. Гэхдээ ямар сэдлээр энэ бүхнийг хийх вэ? «Цээжээ тунгаан бодох уруу хандуулах» гэсэн хэллэгийг авч үзье. Нэгэн лавлах бүтээлд бичсэнээр энэхүү уриалга нь «анхааралтай байхыг хүсэх төдий биш, харин сургаалыг ухан ойлгохыг хүсэн тэмүүлэх хандлагыг шаарддаг» гэж тэмдэглэжээ. Тэгвэл юу биднийг Еховагийн сургаалыг ухан ойлгох хүсэл тэмүүлэлтэй болгох вэ? Бидний хандлага. Өөрөөр хэлбэл «Бурхны [тухай] мэдлэгийг» «цалин цагаан мөнгө», «нууцлагдсан эрдэнэ» мэт үзэх хэрэгтэй.

5, 6. а) Цагийн аясаар юу тохиолдож болзошгүй вэ? Түүнээс хэрхэн зайлсхийх вэ? б) Библиэс сурсан мэдлэгийн эрдэнээ арвижуулах ёстойн учир юу вэ?

5 Тийм хандлагатай болох хэцүү биш ээ. Жишээ нь: Та «Бурхны [тухай] мэдлэгийг» сураад Ехова өөрт нь үнэнч хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах санаа зорилготойг ойлгосон биз ээ (Дуулал 37:28, 29). Үүнийг анх мэдээд, ухаан хийгээд зүрхийг тань итгэл найдвар, баяр хөөрөөр бялхаасан мэдлэгийг жинхэнэ «эрдэнэ» гэж үздэг болсон нь гарцаагүй. Тэгвэл өдгөө хэрхэн үздэг вэ? Цагийн аясаар эрдэнэсийн төлөө талархах сэтгэл тань гундаа юу? Тэгвэл хоёр алхам хийгээрэй. Нэгдүгээрт, талархах сэтгэлээ сэргээх буюу олон жилийн өмнө ч сурсан бай, Еховагийн заасан сургаал бүрийн төлөө яагаад талархдагаа байнга санах хэрэгтэй.

6 Хоёрдугаарт, эрдэнэсээ арвижуулах хэрэгтэй. Хэрэв та газраас эрдэнийн чулуу санаандгүй олбол, аваад халаасандаа хийчихээд сэтгэл ханагар яваад өгнө гэж үү? Эсвэл цаана нь өөр байгаа эсэхийг үзэхээр газар ухах уу? Бурхны Үг эрдэнийн чулуу мэт үнэтэй үнэнээр дүүрэн билээ. Ихийг олсон ч дахиад олж болно (Ром 11:33). Библийн сургаалыг гүнзгий сурч мэдэхийн хэрээр: «Ямар учраас энэ үнэтэй байгаа юм бэ? Еховагийн зан чанар юм уу санаа зорилгын тухай надад илүү гүнзгий ойлгуулдаг уу? Есүсийн мөрөөр явахад туслах ашигтай зөвлөгөө өгдөг үү?» гэх мэтээр өөрөөсөө асууж болно. Энэ мэтийн асуултыг эргэцүүлэн бодох нь Еховагийн заасан сургаалыг хайрлах хайраа хөгжүүлэхэд тусална.

Сургаалыг хайрлах нь

7, 8. Библийн сургаалыг хайрладгаа бусдад харуулах ямар ямар арга байдаг вэ? Жишээ татна уу.

7 Бусдад заахдаа Бурхны сургаалыг хайрладгаа хэрхэн харуулж болох вэ? Бид Есүсийн жишээг дуурайн, бусдад заах болон дэлгэрүүлэхдээ Библид гүнээ найддаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд Бурхны ард түмнийг дэлгэрүүлэх ажилдаа Библи өргөн ашиглахыг уриалж байгаа билээ. Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхдээ, бусадтай хуваалцдаг Библийн зүйлээ та өөрөө бас үнэлдгээ ярилцагч хүнд мэдүүлэх арга хайгаарай (Матай 13:52).

8 Жишээ нь: Өнгөрсөн жил Нью-Йорк хотод террорист халдлага болсны дараа нэг Гэрч эмэгтэй дэлгэрүүлж яваад тааралдсан хүмүүст Дуулал 46:1, 11-ийг уншиж өгдөг байжээ. Тэр эгч эхлээд хүмүүсээс золгүй явдлын уршгийг хэрхэн даван туулж байгааг нь асуугаад хариулахыг нь анхааралтай сонсож, хариу илэрхийлээд, дараа нь: «Энэ хэцүү үед намайг үнэхээр тайтгаруулсан Библийн нэг зүйлийг тантай хуваалцаж болох уу?» гэж хэлдэг байжээ. Цөөхөн хүн татгалзаж, харин олон хүн сайхан яриа өрнүүлсэн байна. Мөн тэрээр залуу хүмүүстэй ярилцахдаа: «Би 50 орчим жил Библи зааж байна. Тэгээд юу мэдсэн бэ? гэвэл, энэ номыг ашиглавал шийдэж болдоггүй бэрхшээл гэж нэг ч байдаггүй юм байна» гэж хэлдэг аж. Хүмүүстэй чин сэтгэлээсээ, урамтай сайхан яривал бид Бурхны Үгнээс мэдсэнээ хайрладаг хийгээд үнэлдэг гэдгээ харуулна (Дуулал 119:97, 105).

9, 10. Итгэл үнэмшлийнхээ тухай хариулахдаа Библи ашиглах нь яагаад чухал бэ?

9 Хүмүүсийг итгэл үнэмшлийн маань талаар асуухад Бурхны Үгийг хайрладгаа харуулах сайхан боломж гардаг. Бид Есүсийн жишээг даган, санаанаасаа зохион хариулдаггүй (Сургаалт үгс 3:5, 6). Харин Библийн тусламжтайгаар хариулдаг. Хариулж чадахгүй юм асуучих вий гэж та айдаг уу? Ийм бэрхшээлийг давах хоёр сайн арга авч үзье.

10 Бэлтгэхийн тулд чадах бүхнээ хий. Элч Петр: «Та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр өгөхөд ямагт бэлэн байн Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна» хэмээн бичсэн (1 Петр 3:15). Итгэл үнэмшлийн тань тухай асуувал хариулахад бэлэн үү? Тухайлбал: Хэн нэгэн таныг Библийг зөрчдөг ёс заншил, үйл ажиллагаанд оролцдоггүйн учрыг асуувал «Миний шашинд харш» гэж хэлээд боллоо гэж бүү бодоорой. Тэгж хариулбал таныг бусдын үгээр үг хийж, шашны сургаалыг сохроор дагадаг хүн байх нь гэж бодох вий. Үүний оронд, «Бурхны Үг буюу Библи үүнийг хориглодог» эсвэл «Миний шүтдэг Бурханд ийм юм таалагдахгүй» гэж хэлээд учир шалтгааныг «ухаалаг» тайлбарлавал сайн (Ром 12:1, ШЕ).

11. Библийн сургаалтай холбоотой асуултад хариулахад бэлэн байхын тулд ямар гарын авлага ашиглаж болох вэ?

11 Хэрэв хариулахад бэлэн биш юм шиг санагдвал, «Судраас тунгаагтун» * номыг ойлгодог хэлээрээ судлах цаг гаргаж болохгүй юу? Хүмүүсийн гол төлөв асуудаг цөөн хэдэн сэдвийг сонгоод Библийн зүйлийг тогтоох хэрэгтэй. «Судраас тунгаагтун» номоо болон Библиэ гар дороо бэлэн байлга. Тэгээд асуултад Библиэс хариу олохын тулд тусгай гарын авлага ашигладгаа хэлээд Библиэ ч, тэр номоо ч ашиглаарай.

12. Хэрэв Библийн холбогдолтой асуултад хариулж мэдэхгүй бол юу хэлж болох вэ?

12 Хий санаа зовох хэрэггүй. Төгс бус хүн бүх юмыг мэдэж чадахгүй. Тиймд танаас хариулж чадахгүй юм асуувал дараах байдлаар хариулж болох юм. «Ийм сонирхолтой асуулт тавьсан нь сайн байна. Үнэнийг хэлэхэд, би үүний хариуг мэдэхгүй юм байна. Гэхдээ Библид энэ асуултын хариу байдаг нь гарцаагүй. Тийм болохоор би таны асуултыг нарийн судлаад дараа ирж хариуг нь хэлье» гэх зэргээр хэлж болно. Ингэж чин сэтгэлээсээ даруухан хариулбал дараа ярилцах таатай нөхцөл бүрдэнэ (Сургаалт үгс 11:2).

Хүмүүсийг хайрлах нь

13. Ямар учраас дэлгэрүүлэх ажилд тааралддаг хүмүүсийг сайнаар үзэх ёстой вэ?

13 Есүс өөрөөс нь сурдаг хүмүүсийг хайрласан. Энэ талаар түүнийг хэрхэн дуурайх вэ? Бид ойр тойрныхоо хүмүүст хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж огт болохгүй. «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайн» хаяанд ирчихээд байгаа бөгөөд олон хүн устгагдана гэдэг үнэн (Илчлэлт 16:14; Иеремиа 25:33). Гэхдээ хэн үхэж, хэн амьд үлдэхийг бид мэдэхгүй. Энэхүү шүүх ажиллагаа ирээдүйд болж, үүнийг Еховагийн томилсон Есүс Христ удирдан явуулна. Үүнийг болоод дуустал бид хүн нэг бүрийг Еховагийн үйлчлэгч болох ирээдүйтэй хэмээн үздэг (Матай 19:24–26; 25:31–33; Үйлс 17:31).

14. а) Хүмүүсийг өрөвддөг эсэхээ хэрхэн шалгаж болох вэ? б) Хүмүүсийг өрөвдөж, санаа тавьдгаа хэрхэн бодитоор үзүүлж болох вэ?

14 Тиймээс бид Есүсийн адилаар хүмүүсийг өрөвдөхийг хичээдэг. Та өөрөөсөө: «Энэ ертөнцийг бүрдүүлдэг шашин, улс төр, худалдаа арилжаа гэсэн хэсгийн худал хуурмаг, заль мэхэнд хууртсан хүмүүсийг би өрөвддөг үү? Хэрэв тэд бидний дэлгэрүүлдэг мэдээнд хайхрамжгүй хандвал яагаад ингэж байгааг нь ойлгохыг хичээдэг үү? Одоо Еховад үнэнчээр үйлчилдэг хүмүүс, бас би ч гэсэн урьд ийм л байсан гэдгээ санадаг уу? Хүмүүст тохируулан сайн мэдээ дуулгах аргаа өөрчилдөг үү? Эсвэл би тэднийг нэгэнт өнгөрсөн хүмүүс гээд үл тоомсорлодог уу?» гэх зэргээр асууж болно (Илчлэлт 12:9). Бидний чин сэтгэлээсээ «өрөвдөж» (ШЕ) байгааг мэдрэхээрээ хүмүүс мэдээг маань хүлээж авах нь илүү болдог (1 Петр 3:8). Өрөвдөх сэтгэл дэлгэрүүлэх ажлынхаа явцад тааралдсан хүмүүст илүү санаа тавих хүсэл төрүүлдэг. Хүмүүсийн асуулт, санааг нь зовоосон зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэгээд давтан уулзахдаа өмнөх уулзалтын үеэр тэдний хэлсэн ярьсан зүйлийг бодсоноо ойлгуулж болно. Хэрэв тэдэнд ямар нэг зүйл яаралтай чухал хэрэгтэй байгаа бол бодит тусламж үзүүлж ч болох юм.

15. Яагаад хүний сайн чанарыг харах ёстой вэ? Хүний сайн чанарыг хэрхэн олж харах вэ?

15 Түүнчлэн бид Есүсийг дуурайн хүний сайн чанарыг хардаг. Ганц бие эцэг эх үр хүүхдээ өсгөх гэж биширмээр хүчин чармайлт гаргаж байж мэднэ. Эр хүн гэр бүлээ тэжээхийн төлөө зүтгэж, нас дээр гарсан хүн сүнслэг асуудлыг ихэд сонирхдог байж болох юм. Тэгвэл бид уулзаж учирсан хүмүүсийн эдгээр чанарыг олж анзаараад, тэднийг зохих ёсоор магтаж сайшаадаг уу? Хэрэв ингэвэл харилцан бие биеэ ойлгох үндэсийг тавьж, Хаанчлалын тухай гэрчлэх боломж гарч мэднэ (Үйлс 26:2, 3).

Хайр илэрхийлэхэд даруу зан зайлшгүй хэрэгтэй

16. Дэлгэрүүлэхдээ «дөлгөөн байдал болон хүндэтгэлтэй» байх нь яагаад чухал бэ?

16 «Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр сургамжилдаг аж» гэсэн Библийн мэргэн зөвлөгөө бусдыг хайрлах сэтгэлд нөлөөлдөг (1 Коринт 8:1). Есүс асар их мэдлэгтэй байсан ч хэзээ бардам ихэрхэг байгаагүй. Тиймээс итгэл үнэмшлийнхээ тухай тайлбарлахдаа маргалдах янзтай ярих, биеэ тоох хандлага гаргахаас зайлсхийгээрэй. Бидний зорилго бол хүний зүрхэнд хүрч, хайрладаг мэдлэгээрээ хүмүүсийг татах явдал билээ (Колоссай 4:6). Петр христиануудыг «хариу өгөхөд... бэлэн байхыг» зөвлөхдөө «дөлгөөн байдал болон хүндэтгэлтэйгээр» хариулахыг дурдсан гэдгийг санаарай (1 Петр 3:15). Хэрэв бид «дөлгөөн байдал болон хүндэтгэлтэй» байвал хүмүүс бидний үйлчилдэг Бурханд илүү татагдана.

17, 18. а) Биднийг Библи заах чадваргүй хэмээн шүүмжилбэл хэрхэн хандах нь зөв бэ? б) Библи судалдаг хүн Библийн эх бичгийн эртний хэл заавал мэдэх шаардлагагүйн учир юу вэ?

17 Мэдлэг боловсролтой гэж гайхуулах хэрэггүй. Таны дэлгэрүүлдэг хэсэгт их сургуульд сурч, эрдмийн цол зэрэг аваагүй хүнийг сонсох дургүй суугч байдаг бол тэднээс болж бүү урам хугараарай. Хүмүүс Есүсийг шашны нэр хүндтэй сургуульд сураагүй хэмээн дургүйцэж байсан ч тэрээр үүнийг үл тоон, тухайн цагийн олны хүсдэг байсан шиг мэдлэгээрээ гайхуулахыг зориогүй юм (Иохан 7:15).

18 Христиан хүний хувьд даруу зан хайр хоёр ямар ч дээд боловсролоос илүү. Агуу их Гэгээрүүлэгч Ехова биднийг үйлчлэх «чадвартай болгодог» (2 Коринт 3:5, 6). Христ шашны ертөнцийн зарим лам хувраг юу ч гэж ярьсан, Бурхны Үгийг заахын тулд Библийн эх бичгийн эртний хэл сурах шаардлагагүй. Ехова хүмүүст онгод оруулж, Библийг ийм ойлгомжтой тодорхой бичүүлсэн болохоор бараг хүн бүр энэ номын эрхэм сургаалыг ойлгож чадна. Библийг хэдэн ч хэлээр орчуулсан сургаал нь хувирч өөрчлөгддөггүй. Тиймээс эртний хэл сурах нь заримдаа тустай ч, заавал шаардлагатай юм биш ээ. Түүнээс гадна хэлний мэдлэг чадвартай гэж онгирч бардамнавал жинхэнэ христиан хүнд зайлшгүй шаардлагатай чанар буюу номд дуулгавартай байдлаа алддаг (1 Тимот 6:4).

19. Бид дэлгэрүүлэх ажил хийхдээ хүмүүст хэрхэн үйлчилдэг вэ?

19 Дэлгэрүүлэх ажил маань даруу байхыг шаарддаг нь гарцаагүй. Хүмүүс биднийг байнга эсэргүүцэж, үл хайхарч, тэр ч байтугай хавчдаг (Иохан 15:20). Гэхдээ энэ ажлыг үнэнчээр биелүүлснээр бид амин чухал үйл хэрэг хийдэг. Хэрэв дэлгэрүүлэхдээ бусдад даруухнаар үйлчилбэл Есүс Христийн, хүмүүсийг хайрласныг дуурайна гэсэн үг. Хонь шиг ганц хүнийг олохын тулд хайхрамжгүй ханддаг юм уу эсэргүүцдэг мянган хүнд дэлгэрүүлэх боллоо гэхэд, хүчин чармайлт гаргах хэрэггүй гэж үү? Хэрэгтэй байлгүй яахав! Иймээс хэзээ ч шантралгүй ажлаа эрчимтэй хийдэг бол ирээдүйд олж учрах хонь шиг хүмүүст үнэнчээр үйлчилж байна гэсэн үг. Энэ ертөнцийн төгсгөл болохоос өмнө ийм олон үнэтэй хүнийг олж, тэдэнд туслахад Ехова Есүс хоёр гарцаагүй санаа тавина (Хаггай 2:7).

20. Жишээ үзүүлэхдээ ямар ямар аргаар зааж болох вэ?

20 Жишээ үзүүлэн заах гэдэг бусдад үйлчлэх чин хүсэлтэйгээ харуулах бас нэг арга юм. Бид «жаргалтай Бурхан» Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн бөгөөд сэтгэлд таатай зам мөн гэж хүмүүст заахыг хүсдэг (1 Тимот 1:11, ШЕ). Тэд бидний биеэ авч явааг, хөршүүд, ангийнхан, ажлынхантайгаа хэрхэн харьцдагийг хараад биднийг жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүс гэж хэлж чадах уу? Тэрчлэн бид суралцагч хүмүүст Еховагийн Гэрчүүдийн хурал бол энэхүү цэвдэг, харгис ертөнцөд хайрын баян бүрд болдог гэж заадаг. Хурлынхаа бүх гишүүнийг хайрлан, бие биетэйгээ эв найрамдалтай байх гэж хичээдгийг маань тэр хүмүүс шууд хардаг уу? (1 Петр 4:8).

21, 22. а) Нөхцөл байдлаа дэлгэрүүлэх ажилтайгаа холбон тооцож үзэх нь ямар боломж олгодог вэ? б) «Харуулын цамхаг» сэтгүүлийн дараагийн дугаарын өгүүллээр юуны тухай хэлэлцэх вэ?

21 Дэлгэрүүлэх чин хүсэл маань нөхцөл байдлаа сайтар тооцож үзэх хүсэл төрүүлдэг. Нөхцөл байдлаа шударгаар дүгнэж цэгнээд олон хүн бүрэн цагаар үйлчлэх, дэлгэрүүлэгч олноор шаардлагатай газар нүүх зэргээр үйлчлэлээ өргөжүүлсэн. Зарим хүн гадаад хэл сурч, нутагт нь ирсэн цагаачдад дэлгэрүүлэхээр шийджээ. Хэрэв танд ийм боломж байвал нухацтай бодож үзээд, залбираарай. Амьдралаа Еховад үйлчлэх үйлчлэлд зориулбал баяр хөөр эдэлж, сэтгэл хангалуун болж, оюун санаа амгалан болдог (Номлогчийн үгс 5:12).

22 Бүгдээрээ Библийн сургаалыг болон хүмүүсийг хайрлах хайраа хөгжүүлэн Есүс Христийн жишээг бүх талаар дуурайя. Энэ хоёр талаар хайраа хөгжүүлж, илэрхийлэх нь Христ шиг багш болох үндэсийг тавихад тустай. Гэхдээ тэр үндэс дээр хэрхэн сүндэрлүүлэн барих вэ? «Харуулын цамхаг» сэтгүүлийн дараагийн дугаарын цуврал өгүүллээр Есүсийн тусгай арга барилын заримаас авч үзье.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан.

Та хэрхэн хариулах вэ?

• Есүсийн багш байсан жишээг дуурайх хэтэрхий өндөр шаардлага биш гэдэгт яагаад итгэж болох вэ?

• Библийн сургаалыг хайрладгаа хэрхэн харуулж болох вэ?

• Их мэдлэгтэй болсон ч даруу байх нь яагаад чухал бэ?

• Хүмүүсийг хайрладгаа ямар ямар аргаар харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]