Skip to content

Гарчиг руу орох

Дийлдэшгүй дайсныг хэрхэн дарах вэ?

Дийлдэшгүй дайсныг хэрхэн дарах вэ?

АДАМ Ева хоёр дуулгаваргүй загнаснаас болж, бүх хүн нүгэлтэй, үхдэг болсон хэдий ч хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүй. Үг нь болох Библид Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүй тухай олон удаа гардаг.

  • «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

  • «Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» (Исаиа 25:8).

  • «Сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно» (1 Коринт 15:26).

  • «Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэл 21:4).

Бурхан үхлийг хэрхэн «залгиж», үгүй хийх вэ? «Зөв шударга хүн ... мөнхөд оршин сууна» гэж Библид тодорхой байдгийг дээр дурдсан. «Газар дэлхий дээр ... нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй» гэж бас бичсэн байдаг (Номлогчийн үгс 7:20). Үхэл хэмээх дайсныг дарахын тулд Бурхан шударга хэм хэмжээгээ зөрчих үү? Яалаа гэж! «Худал хэлдэггүй Бурхан» тэгэхгүй (Тит 1:2). Хайрандаа хөтлөгдөн хүнийг бүтээсэн Бурхан анхны санаа зорилгоо хэрхэн биелүүлэх бол?

БУРХАН «ҮХЛИЙГ МӨНХӨД ЗАЛГИНА» (ИСАИА 25:8).

ЗОЛИОСЫГ ТӨЛЖ, ДАЙСНАА ДАРНА

Ехова Бурхан хайрандаа хөтлөгдөн хүн төрөлхтнийг үхлээс аврахын тулд золиос төлсөн. Золиос гэдэг нь тэнцүү үнэ төлж хохирлыг барагдуулах, шударга ёсны хэм хэмжээнд нийцэх гэсэн ерөнхий утгатай. Бүх хүн нүгэлтэй, үхлийн ялтай учраас Библид «Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй. Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд түүнийг мөнхөд төлж баршгүй» гэж нууж хаалгүй бичжээ (Дуулал 49:7, 8).

Төгс бус хүн үхлээ гэхэд өөрийнхөө л нүглийн шийтгэлийг хүлээнэ. Өөрийгөө болон өрөөл бусдыг аварч, нүглийн төлөөсийг төлж чадахгүй (Ром 6:7). Тиймээс өөрийнхөө биш, бидний нүглийн төлөө, нүгэлгүй, төгс нэгэн амиа золиослох шаардлагатай байв (Еврей 10:1–4).

Чухам үүнийг Бурхан санаачилсан юм. Хүү Есүсээ тэнгэрээс илгээн, дэлхий дээр нүгэлгүй, төгс хүн болгон төрүүлжээ (1 Петр 2:22). Есүс өөрийгөө «олны төлөө амиа золихоор ирсэн» гэж хэлсэн билээ (Марк 10:45). Үхэл хэмээх дайсныг дарж, биднийг мөнх амьдруулахын тулд Есүс амиа өгсөн юм (Ёохан 3:16).

ДАЙСНЫГ ХЭЗЭЭ ДАРАХ ВЭ?

Библид «илүү хэцүү цаг ирнэ» гэж зөгнөсөн нь биелж, бид өнөөгийн ёс бус нийгмийн «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа нь батлагдаж байна (2 Тимот 3:1). «Нүгэлт хүмүүсийг шүүж устгахад» эцсийн өдрүүд дуусна (2 Петр 3:3, 7). Гэвч Бурханд хайртай хүмүүс устгагдалгүй үлдэж, «мөнх амьдрах» ивээл хүртэнэ (Матай 25:46).

Есүс «олны төлөө амиа золихоор ирсэн» (Марк 10:45).

Нас барсан олон сая хүн амилж, мөнх амьдрах боломжтой болно. Есүс Найн хотод явж байхдаа, нас барсан хүнийг амилуулсан. Нэгэн бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг өнгөрөхөд Есүс «өрөвдөж» амилуулжээ (Лук 7:11–15). Элч Паул: «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би Бурханд найддаг» гэж хэлжээ. Бурхан ийм баттай найдвар өгсөн нь хүн төрөлхтнийг гэсэн хайрынх нь тод томруун илрэл юм (Үйлс 24:15).

Олон тэрбум хүн мөнх амьдрах найдвартай. Библид «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж байдаг (Дуулал 37:29). 2000 жилийн тэртээ элч Паул «Үхэл чи хүнийг зовоодог хорон хүчээ алдсан учир ялагдлаа» гэж хэлж байсан. Сэтгэл тайвшруулсан энэ үгний үнэнийг хүн төрөлхтөн ирээдүйд биеэрээ үзнэ (1 Коринт 15:55). Хүн төрөлхтний заналт дайсан үхэл ийнхүү устгагдана.