Skip to content

Гарчиг руу орох

АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ

Сэтгэл хангалуун, өгөөмөр байх

Сэтгэл хангалуун, өгөөмөр байх

ЭД ХӨРӨНГӨ БОЛ АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР ГЭДЭГ ҮГИЙГ ТА БИД ХЭР ОЛОНТОО СОНССОН БЭ? Сая сая хүн энэ үгэнд итгэн мөнгөний араас улайран зүтгэдэг. Гэвч мөнгө төгрөг, эд хөрөнгө хүнийг жинхэнэ ёсоор жаргалтай болгож чаддаг уу? Бодит амьдрал дээр ямар байдаг вэ?

«Гол хэрэгцээгээ хангасан бол их мөнгөтэй байлаа гээд тийм ч жаргалтай байхгүй» гэж нэгэн сэтгүүлд бичжээ («Journal of Happiness Studies»). Мөнгөтэй байх нь буруу биш ээ. Гэхдээ «Мөнгөний хойноос улайран зүтгээд байвал жаргалыг олж чадахгүй» гэж бас нэг сэтгүүлд бичжээ («Monitor on Psychology»). Энэ үг хэдэн мянган жилийн өмнө Библид бичсэн «Мөнгөнд дурлах нь бүх муу муухай юмны нэг үндэс юм. ... Зарим хүн мөнгөнд дурласны гайгаар түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» гэсэн үгтэй утга дүйдэг (1 Тимот 6:9, 10). Ямар «түмэн зовлонд» унагадаг вэ?

ЭД МӨНГӨНДӨӨ САНАА ЗОВОН НОЙР ХУЛЖДАГ. «Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ» (Номлогчийн үгс 5:12).

ХҮССЭНЭЭР БОЛООГҮЙ УЧРААС УРАМ ХУГАРДАГ. Их мөнгөтэй болох гэсэн хүсэл хэзээ ч ханадаггүй учраас урам хугалдаг. «Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй» (Номлогчийн үгс 5:10). Түүнээс гадна, эд хөрөнгөнд дурладаг хүн жинхэнэ ёсоор жаргалтай болгодог олон чухал зүйлээ буюу гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх, Бурхантай дотно болгодог үйл хэрэгт оролцох үнэтэй цагаа алддаг.

МӨНГӨӨ АЛДСАНААС ЭСВЭЛ БИЗНЕС БҮТЭЛГҮЙТСЭНЭЭС БОЛЖ СЭТГЭЛ ГУТАРДАГ. «Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй. Энэ бодлоо орхи. Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу» (Сургаалт үгс 23:4, 5).

ЯАВАЛ ЖАРГАЛТАЙ БАЙХ ВЭ?

СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙ. «Учир нь бид дэлхийд юу ч авчраагүй, дэлхийгээс юу ч авч явж чадахгүй. Тэгэхээр хоол хүнс, хувцас хунар байвал бид сэтгэл хангалуун байх юм» (1 Тимот 6:7, 8). Аливаад дургүйцэн гомдоллодоггүй хүмүүс ихэнхдээ сэтгэл хангалуун байдаг. Тийм хүн бусдад атаархдаггүй. Байгаагаасаа илүүг хүсдэггүй болохоор сэтгэлийн зовлон, стрессээс ангид байдаг.

ӨГӨӨМӨР БАЙ. «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» (Үйлс 20:35). Өгөөмөр хүн бусдыг баярлуулах тусам жаргалтай болдог. Тийм хүн бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, харамгүй хариу барих жинхэнэ анд нөхөдтэй болдог. Энэ бүхнийг мөнгөөр авах боломжгүй шүү дээ (Лук 6:38).

ЭД ЗҮЙЛИЙГ БИШ ХҮНИЙГ ЧУХАЛД ҮЗ. «Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, хайр буй газрын өвсөн хоол нь дээр» (Сургаалт үгс 15:17). Энэ юү гэсэн үг вэ? Хүнийг хайрлана гэдэг эд баялгаас илүү үнэ цэнтэй. Бас аз жаргалтай байхад хайр ихээхэн чухал болохыг бид дараа үзнэ.

Өмнөд Америкт амьдардаг Сабийна Библийн зарчмын үнэ цэнийг ойлгосон юм. Нөхөр нь хаяад явахад хоёр охиноо тэжээнэ гэдэг чамгүй хүнд ачаа үүрэх болжээ. Өглөө 4 цагт босож давхар ажил хийдэг байв. Цаг наргүй ажилладаг байсан ч Библи судлахаар болсон байна. Тэгээд яасан бэ?

Гэв гэнэт их мөнгөтэй болоогүй ч амьдралыг өөрөөр харах болжээ. Тухайлбал, тэрээр Бурхны тухай мэдээд илүү жаргалтай болсон байна (Матай 5:3). Мөн жинхэнэ анд нөхдийг итгэл нэгтнүүдийнхээ дундаас олжээ. Бас сурч мэдсэнээ бусадтай хуваалцахын баяр хөөр эдэлж байна.

«Мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг» (Матай 11:19). Тэгэхлээр, сэтгэл хангалуун, өгөөмөр байж хүнийг эд зүйлээс чухалд үзэх нь ухаалаг хэрэг байгаа биз!