Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33

Амилуулах амлалт Бурхны хайр, мэргэн ухаан, тэвчээрийг илчилдэг

Амилуулах амлалт Бурхны хайр, мэргэн ухаан, тэвчээрийг илчилдэг

«Амилна» (ҮЙЛС 24:15).

ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь

ТОЙМ *

1. Ехова яагаад амьтай бүхнийг бүтээсэн бэ?

НЭГЭН цагт Ехова орь ганцаараа байжээ. Гэсэн ч ганцаардан уйтгарлаж байсангүй. Жаргалтай байхад нь хэн нэгний хэрэг байгаагүй ч Бурхан өрөөл бусдад амь хайрлаж, жаргал эдлүүлэхийг хүсжээ. Ийнхүү хайрандаа хөтлөгдөн бүхнийг бүтээх ажилдаа оров (Дуу. 36:9; 1 Ёох. 4:19).

2. Ехова бусад бүх юмыг бүтээж байгааг Есүс болон тэнгэрийн элч нар хараад яасан бэ?

2 Эхлээд Ехова Хүү Есүсээ бүтээв. Дараа нь Хүүтэйгээ хамтарч бусад «бүх юмыг», түүний дотор оюун ухаант олон сая тэнгэрийн элчийг бүтээжээ (Кол. 1:16). Эцэгтэйгээ хамтран ажиллах нь «уран дархан» Есүсийн хувьд баяр бахдал байв (Сур. 8:30, МБОХ, 2000). Тэнгэрийн элч нар ч баярлаж байлаа. Еховаг Есүстэй хамт тэнгэр, газрыг бүтээх үед тэд урд эгнээнд суусан үзэгчид мэт анхааралтай харж байсан. Тэгээд яасан бэ? Дэлхийг бүтээхэд «баярлалдан уухайлсан». Бусад бүх юмыг, тухайлбал хүн хэмээх сор бүтээлийг бүтээхэд ч алга ташин уухайлж байсан нь эргэлзээгүй (Иов 38:7; Сур. 8:31). Энэ бүх бүтээлээс Еховагийн хайр, мэргэн ухаан харагддаг (Дуу. 104:24; Ром 1:20).

3. 1 Коринт 15:21, 22-т бичсэнээр, Есүсийн золиос ямар боломж олгосон бэ?

3 Ехова хүн төрөлхтнийг өөрийн бүтээсэн үзэсгэлэнт гараг дээр үүрд мөнх амьдруулах бодолтой байлаа. Гэвч Адам Ева хоёр халамжтай Эцэгтээ тэрсэлсний гайгаар нүгэл, үхэл дэлхий дээр сүүдэр мэт тусав (Ром 5:12). Ехова яасан бэ? Хүн төрөлхтнийг аврахаа тэр даруй мэдэгдсэн (Эх. 3:15). Адам, Евагийн үр хүүхдийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд Хүү Есүсээ золиос болгохоор шийдсэн ажээ. Ингэснээр өөрт нь үйлчилж, мөнх амьдрах эсэхээ шийдэх боломжийг хүн бүрд олгосон (Ёох. 3:16; Ром 6:23; 1 Коринт 15:21, 22-ыг уншина).

4. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

4 Нас барагсдыг амилуулна гэсэн Бурхны амлалтыг бодохлоор асуух юм олон гардаг. Жишээ нь, яаж амилуулах вэ? Амилсан дотнын хүмүүсээ бид таних уу? Нас барагсдыг амилуулахад хэн хэн, яагаад баярлах вэ? Амилах найдварын талаар эргэцүүлэн бодохлоор Еховагийн хайр, мэргэн ухаан, тэвчээрийг ойлгоод талархдаг болно гэхийн учир юу вэ? Эдгээр асуултыг нэг бүрчлэн авч үзье.

ЯАЖ АМИЛУУЛАХ ВЭ?

5. Бүх хүн нэгэн зэрэг амилахгүй гэж үзэх нь яагаад зүйд нийцэх вэ?

5 Есүс Еховагийн даалгавраар тоо томшгүй олон сая хүнийг амилуулах боловч бүгдийг нь нэгэн зэрэг амилуулахгүй. Яагаад? Дэлхийн хүн ам гэв гэнэт хэтэрхий олон болбол эмх замбараагүй байдал үүснэ. Ехова юмыг хэзээ ямагт зохион байгуулалттай, эмх замбараатай хийдэг. Хүмүүсийг амар тайван амьдруулахын тулд бүхнийг эмх журамтай байлгах хэрэгтэй нь ойлгомжтой (1 Кор. 14:33). Ехова Бурхан Хүүтэйгээ хамт дэлхийг хүн амьдрахад тохиромжтой болгон бэлдэж байхдаа мэргэн ухаан, тэвчээр гаргажээ. Есүс бас эдгээр зан чанарыг Мянган жилийн засаглалын үед илэрхийлнэ. Тэрбээр амилагсдыг угтан авах бэлтгэл ажлыг Хармагедоныг эсэн мэнд давсан хүмүүстэй хамтарч хийнэ.

Хармагедоныг эсэн мэнд давагсад амилсан хүмүүст Бурхны Хаант төрийн тухай ярьж, тушаал зааврыг нь таниулна (6-р догол мөрийг үзээрэй) *

6. Үйлс 24:15-д бичсэнээр, Ехова ямар хүмүүсийг амилуулах вэ?

6 Хамгийн гол нь, Хармагедоныг эсэн мэнд давсан хүмүүс амилагсдад Бурхны Хаант төрийн тухай ярьж, Еховагийн хууль тушаалыг мэдүүлэх шаардлагатай. Яагаад? Амилсан хүмүүсийн ихэнх нь «шударга бус хүний» тоонд багтана (Үйлс 24:15-ыг уншина). Тэд Христийн золиосны ач тусыг хүртэхийн тулд янз бүрийн юмаа өөрчлөх хэрэгтэй. Еховаг огт мэддэггүй сая сая хүнд үнэнийг заана гэдэг ямар их ажил болохыг бодоод үз дээ. Одоогийнх шиг, хүн бүр тус тусын багштай байх уу? Тэднийг хурлуудад хуваарилаад, өөрсдөөс нь хойш амилах хүмүүст заах багш болгон бэлтгэх үү? Хүлээгээд харъя. Юутай ч, Христийн Мянган жилийн засаглалын эцэст «дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» (Ис. 11:9). Энэ хугацаанд бид зав чөлөөгүй ажиллах боловч жаргалтай байх нь ээ!

7. Бурхны үйлчлэгчид нүгэлт хандлагатайгаа тэмцэж яваа амилсан хүмүүст яагаад тусалж чадах вэ?

7 Христийн Мянган жилийн засаглалын үед дэлхий дэх хүүхдүүд нь бүгдээрээ Еховагийн таалалд багтахын тулд өөрчлөгдөх гэж хичээсээр байна. Тэд нүгэлт хандлагатайгаа тэмцэж яваа амилсан хүмүүсийг сайн ойлгох учир Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахад нь тусалж чадна (1 Петр 3:8). Еховад таалагдахын тулд өөрчлөгдсөөр байгаа энэ даруу хүмүүсийг амилагсад хараад тэдэнтэй хамт Еховад үйлчлэхийг хүсэх нь дамжиггүй (Флп. 2:12).

АМИЛСАН ХҮМҮҮСЭЭ ТАНИХ УУ?

8. Дотнын хүмүүс маань амилахад бид таних уу? Яагаад?

8 Амилагсдыг угтан авч буй хүмүүс хайртай хүмүүсээ танина гэж үзэх шалтгаан олон бий. Жишээлбэл, дээр үед хүн амилж байсан явдлыг бодож үзвэл Ехова хүнийг амилуулахдаа үхэхээс нь өмнө ямар байсан, тэр л янзаар нь дахин бүтээх бололтой. Есүс үхэхийг унтахтай, амилахыг нойрноос сэрэхтэй зүйрлэснийг санаарай (Мат. 9:18, 24; Ёох. 11:11–13). Хүмүүс нойрноосоо сэрэхээрээ ямар байдаг билээ? Царай зүс, дуу хоолой, ухаан санаа нь унтахаасаа өмнө ямар байсан, яг тэр хэвээрээ байдаг. Лазарыг жишээ болгон авъя. Тэрбээр нас бараад дөрвөн өдөр болсон учир цогцос нь өмхийрч, муудаад эхэлчихсэн байсан. Гэхдээ Есүс түүнийг амилуулахад дүү нар нь ахыгаа, Лазар ч дүү нараа таньсан (Ёох. 11:38–44; 12:1, 2).

9. Бурхан нас барагсдыг амилуулахдаа тэр даруй төгс болгохгүй гэхийн учир юу вэ?

9 Христийн захиргаан дор амьдрах хүмүүсийн нэг нь ч: «Би өвчтэй байна» гэж хэлэхгүй гэдгийг Ехова амласан (Ис. 33:24; Ром 6:7). Тэгэхээр, Бурхан нас барагсдыг эрүүл бие махбодтой болгон амилуулах ажээ. Гэхдээ тэднийг тэр даруй төгс болгохгүй. Хэрэв төгс болгочихвол хайртай хүмүүс нь танихгүй шүү дээ. Христийн Мянган жилийн засаглалын үед бүх хүн аажмаар төгс болох бололтой. Мянган жил дуусахаар л Есүс Хаант төрийг Эцэгтээ буцааж өгнө. Тэгэхэд Хаант төр хийх ёстой бүх ажлаа, түүний дотор хүн төрөлхтнийг төгс болгох ажлыг хийж дуусгасан байх болно (1 Кор. 15:24–28; Илч. 20:1–3).

НАС БАРАГСДЫГ АМИЛУУЛАХАД ХЭН ХЭН, ЯАГААД БАЯРЛАХ ВЭ?

10. Нас барагсдыг амилуулахад та яах бол?

10 Хайртай хүмүүсээ угтан авахаараа та яах бол? Баярласандаа инээх үү эсвэл уйлах уу? Еховаг магтаж дуулах уу? Ямар ч байсан, нас барагсдыг амилуулсан халамжтай Эцэг Еховаг болон бусдын төлөө гэсэн сэтгэлтэй Хүү Есүсийг улам илүү хайрлах нь тодорхой.

11. Ёохан 5:28, 29-д байдаг Есүсийн үгийг харвал, Бурхны хэм хэмжээний дагуу амьдардаг хүмүүс яах вэ?

11 Хуучин хүнээ тайлж, Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу амьдардаг болсон амилагсад хэчнээн их баярлахыг төсөөл дөө. Учир нь тэд диваажинд мөнх амьдарна. Харин тэрслүү хүмүүст диваажингийн амар амгалан амьдралыг сүйтгэхийг зөвшөөрөхгүй (Ис. 65:20; Ёохан 5:28, 29-ийг уншина).

12. Дэлхий дээрх бүх хүн Еховагийн ивээлээр ямар болох вэ?

12 Хаант төрд захирагдах Бурхны ард түмэн Сургаалт үгс 10:22-т бичсэн үгний үнэнийг биеэрээ үзнэ. Тэнд «ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд тэр харууслыг эс авчирна» гэж байдаг. Тэд Еховагийн агуу хүчний тусламжаар баян болох буюу Христтэй улам адилхан болж, төгс байдал руу ойртоно (Ёох. 13:15–17; Эф. 4:23, 24). Бие махбод нь өдрөөс өдөрт эрүүлжиж, өмнөхөөсөө илүү сайн хүмүүс болцгооно. Тэр үед амьдрал ямар сайхан байх бол оо! (Иов 33:25). Тэгвэл амилах талаар эргэцүүлэн бодох нь одоо ямар ач тустай вэ?

ХАЙР ХАЛАМЖТАЙ ЕХОВАД ТАЛАРХААРАЙ

13. Дуулал 139:1–4-ийг үзвэл Ехова биднийг хэр сайн мэддэг вэ? Үүнийг юугаар батлах вэ?

13 Дээр ярьсанчлан, Ехова хүмүүсийг урьд нь ямар ой той, зан чанартай байсан, яг тэр хэвээр нь амилуулна. Энэ нь юу гэсэн үг болохыг бодоод үз дээ. Ехова танд маш их хайртай учраас таны бодол, сэтгэл, үг яриа, үйл хөдлөл бүрийг ухаан санаандаа хадгалдаг. Тэгээд таныг амилуулах боллоо гэхэд урьд нь ямар ой той, хандлага, зан чанартай байсан, тэр л янзаар тань амилуулна. Ехова хүн нэг бүрийг анхааралтай ажиглаж байдгийг Давид хаан мэддэг байсан (Дуулал 139:1–4-ийг уншина). Ехова биднийг үнэхээр сайн мэддэг гэдгийг ойлгох нь ямар ач холбогдолтой вэ?

14. Ехова биднийг хэр сайн мэддэгийг эргэцүүлэн бодохоор яах хэрэггүй вэ? Яагаад?

14 Ехова биднийг сайн мэддэг гэж бодохоор санаа зовох хэрэггүй болдог. Яагаад? Ехова бидэнд ямар их санаа тавьдгийг бодоорой. Хүн нэг бүрийг үнэтэй гэж үздэг. Тэрбээр бидэнд хамаатай бүх зүйлийг анхаарч байдаг. Ингэж бодохоор сэтгэл уужирдаг! Тиймээс бид ганцаардаж уйтгарлах ёсгүй. Ехова өдөр бүр, хором бүрд дэргэд минь байж, туслах боломжийг эрэлхийлж байдаг (Ш.дэд 16:9).

МЭРГЭН УХААНТАЙ ЕХОВАД ТАЛАРХААРАЙ

15. Амилах найдвар бол Еховагийн мэргэн ухааны баталгаа гэхийн учир юу вэ?

15 Үхлээр айлгах нь Сатаны нэг хүчтэй зэвсэг юм. Сатаны гар хөл бологчид хүмүүсийг анд нөхдөөс нь урвуулах, буруу гэж үздэг юмыг нь хийлгэхийн тулд үхлээр айлгадаг. Харин бид ийм сүрдүүлгээс айдаггүй. Дайсны гарт амиа алдлаа ч Ехова амилуулна гэдгийг бид мэддэг (Илч. 2:10). Еховад үйлчлэхийг маань болиулах гэж яаж ч оролдоод нэмэргүй (Ром 8:35–39). Ехова амилах найдвар өгсөн нь гайхалтай мэргэн ухаантайн шинж юм! Амилуулна гэсэн амлалтаараа Сатаныг хамгийн үр дүнтэй зэвсгээс нь салгаж гарыг нь мухарлахын зэрэгцээ биднийг чин зоригоор «зэвсэглэдэг».

Хэрэгтэй бүхнийг өгнө гэсэн Еховагийн амлалтад та итгэдэг үү? Энэ нь таны шийдвэрээс харагддаг уу? (16-р догол мөрийг үзээрэй) *

16. Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Хариултаасаа юу мэдэж авах вэ?

16 Еховагийн дайснууд таныг ална гэж сүрдүүлбэл та яах вэ? Ехова амилуулна гэдэгт итгэлтэй байж чадах уу? Яг тэр мөчид Еховад найдах уу, үгүй юү гэдгээ яаж мэдэх вэ? Нэг арга нь, «Би өдөр тутмын аар саар асуудлыг шийдэхдээ Еховад найддагаа баталдаг уу?» гэж өөрөөсөө асуух юм (Лук 16:10). Бас «Хаант төрийг эн тэргүүнд тавьдаг хүний бие махбодын хэрэгцээг хангана гэсэн Еховагийн амлалтад итгэдгээ амьдралын хэв маягаараа харуулдаг уу?» гэж асуух нь зүйтэй (Мат. 6:31–33). Эдгээр асуултад «Тийм» гэж хариулж байвал та Еховад найддаг бөгөөд ирээдүйд тулгарах ямар ч сорилтод бэлэн гэсэн үг (Сур. 3:5, 6).

ТЭВЧЭЭРТЭЙ ЕХОВАД ТАЛАРХААРАЙ

17. а) Ехова тэвчээртэй гэдэг нь юунаас харагддаг вэ? б) Тэвчээртэй Еховадаа хэрхэн талархлаа илэрхийлэх вэ?

17 Ехова өнөөгийн бузар муу ертөнцийг устгах өдөр, цагаа товлосон (Мат. 24:36). Тэрбээр үхэгсдийг амилуулах гэж тэмүүлдэг ч цагаасаа өмнө хөдөлж тэвчээргүй загнахгүй (Иов 14:14, 15). Нас барагсдыг амилуулах хамгийн тохиромжтой цагийг хүлээж байгаа (Ёох. 5:28). Тэвчиж байгаад нь бид яагаад талархах хэрэгтэй вэ? Ехова тэвчээртэй учраас өдий төдий хүн, түүний дотор бид «гэмших боломжтой» болсныг бодоорой (2 Петр 3:9). Ехова аль болох олон хүнд мөнх амьдрах боломж олгодог. Тиймээс тэвчиж байгаад нь талархлаа илэрхийлцгээе. Яаж? «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийг шаргуу хайж олоод, Еховад хайрын сэтгэлээр үйлчилдэг болоход нь тусалцгаая (Үйлс 13:48). Тэгвэл тэд бас тэвчээртэй Еховад талархана.

18. Тэвчих нь яагаад чухал вэ?

18 Бид Мянган жилийн эцэст төгс болно. Ехова энэ цагийг тэвчээртэй хүлээнгээ нүглийг маань дуртайяа уучилсаар байна. Тэгэхээр бид Еховаг дуурайн бусдыг уучилж, сайн талыг нь харах учиртай. Нэг Гэрч эмэгтэйг жишээ болгон авъя. Нөхөр нь хүнд хэлбэрийн сэтгэл түгших эмгэгтэй болж, улмаар цуглаанд явахаа больжээ. «Надад маш хэцүү байсан. Хамт хийхээр төлөвлөсөн бүхэн маань талаар болсон» гэж тэр эмэгтэй ярьсан юм. Гэлээ ч энэ бүх хугацаанд тэвчээд л байв. Нөхрөө халамжлахын зэрэгцээ Еховад найдсаар байсан бөгөөд хэзээ ч бууж өгөөгүй юм. Бэрхшээлээ анхаарахын оронд Еховаг дуурайн, нөхрийнхөө сайн талыг анхаардаг байжээ. Тэрбээр: «Миний нөхөр их сайн хүн. Санаа зовох нь аажим аажмаар багасаж байгаа» гэжээ. Хүнд хэцүү юмыг давах гэж хичээж байгаа гэрийнхэн болон хурлынхандаа дэм болохын тулд тэвчээр алдахгүй байх нь хэчнээн чухал вэ!

19. Бид ямар шийдвэр гаргах ёстой вэ?

19 Дэлхийг бүтээхэд Есүс ч, тэнгэрийн элч нар ч баярласан. Тэгвэл Еховад хайрын сэтгэлээр үйлчилдэг төгс хүнээр дүүрэн дэлхийг хараад ямар их баярлах бол оо! Христтэй хамт захирахаар тэнгэрт аваачигдсан хүмүүс ч ажлынх нь үр шимийг хүртэж байгаа хүн төрөлхтнийг хараад баярлах нь дамжиггүй! (Илч. 4:4, 9–11; 5:9, 10). Өвчин эмгэг, уй гашуу, үхэл хагацал үүрд үгүй болж, гунигийн нулимс баярын нулимсаар солигдох тэр цагт амьдарч байгаагаар төсөөл дөө (Илч. 21:4). Тэр болтол хайр халамжтай, мэргэн ухаантай, тэвчээртэй Эцгээ дуурайж явъя гэж бат шийдэцгээе. Тэгвэл ямар ч бэрхшээл тохиолдоход баяр баясгалангаа алдахгүй (Яак. 1:2–4). Нас барагсдыг амилуулна гэж амласан Еховадаа талархаад баршгүй! (Үйлс 24:15).

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

^ д/м 5 Ехова бол хайр халамжтай, мэргэн ухаантай, тэвчээртэй Эцэг юм. Эдгээр зан чанар бүтээсэн бүхнээс нь ч, нас барагсдыг амилуулна гэсэн амлалтаас нь ч харагддаг. Амилахтай холбоотой зарим асуултыг энэ өгүүллээр ярилцаж, хайр халамжтай, мэргэн ухаантай, тэвчээртэй Еховадаа хэрхэн талархлаа илэрхийлэхийг авч үзье.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Олон зууны өмнө нас барсан Америкийн индиан Христийн Мянган жилийн засаглалын үед амилжээ. Хармагедоныг эсэн мэнд давсан Гэрч эрэгтэй Христийн золиосны ач тусыг хэрхэн хүртэхийг баяр хөөртэйгөөр зааж өгч байна.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Илүү цагаар ажиллах боломжгүй өдрүүдээ даргадаа хэлж буй Гэрч эрэгтэй. Тэр өдрүүдэд Еховаг шүтэхтэй холбоотой үйл хэрэгт оролцоно, харин зайлшгүй шаардлагатай бол бусад өдөр илүү цагаар ажиллахад бэлэн гэдгээ тайлбарлаж байна.