Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Сургаалт үгс 24:16-д «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» гэж байдаг. Энд, дахин дахин нүгэл үйлдсэн ч Бурхны өршөөлийг хүртсэн хүний тухай хэлж байна уу?

Энэ зүйл өөр утгатай. Үнэндээ бол удаа дараа янз бүрийн бэрхшээл, зовлон амссан ч даван туулж чадсан хүнийг хэлдэг.

Сургаалт үгс 24:16-г өмнөх болон дараагийн зүйлтэй нь хамт авч үзье. «Хар санаатан чи, зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт. Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ. Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ. Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ. Чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг» (Сур. 24:15–17).

16-р зүйлд, нүгэл үйлдсэн ч гэмшээд Бурхантай дахин сайн харьцаатай болсон хүний тухай хэлж байна гэж зарим хүн боддог. «Эртний болон орчин үеийн номлогчид энэ зүйлийг [энэ утгаар нь] хэрэглэдэг байжээ» гэж Британийн хоёр санваартан бичжээ. Цааш нь «Сайн хүн ноцтой нүгэл үйлдэж болох юм. Гэхдээ тухай бүрд нь гэмшвэл Бурхны хайр ивээлийг хэзээ ч алдахгүй бөгөөд дахин сэхнэ» гэжээ. Иймэрхүү үзэл бодол нь нүгэл үйлдэх хандлагатайгаа тэмцэх хүсэлгүй хүнийг өөгшүүлдэг. Ийм хүн: «Дахин дахин нүгэл үйлдлээ ч Бурхан дандаа уучилдаг юм чинь» гэж боддог.

Гэхдээ 16-р зүйлд ийм утга байхгүй.

16, 17-р зүйлд гардаг «бүдрэх», «унах» гэж орчуулсан еврей үгийг янз бүрийн утгаар хэрэглэж болдог. Жишээ нь: зам дээр үхэр унах, байшин дээрээс хүн унах, хайрга газар дээр унах гэх мэт шууд утгаар хэрэглэнэ (Д.хууль 22:4, 8; Ам. 9:9). Бас шилжсэн утгаар хэрэглэнэ. Жишээ нь, «Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд Түүний замд Тэр баярладаг. Тэрбээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг» (Дуу. 37:23, 24; Сур. 11:5; 13:17).

Гэхдээ профессор Эдвард Пламтрэгийн юу хэлснийг анхаараарай. «Энэ еврей үг нь нүгэл үйлдэхтэй холбоогүй». Тийм учраас өөр нэг эрдэмтэн 16-р зүйлийг ингэж тайлбарлажээ. «Бурхны ард түмнийг зовоох нь дэмий бөгөөд утгагүй. Учир нь тэд хэзээ ямагт сэхдэг. Харин муу хүмүүс сэхдэггүй!».

Энэ бүхнээс үзэхэд, Сургаалт үгс 24:16-д нүгэл үйлдэхийг хэлээгүй нь тодорхой. Харин дахин дахин зовлон үзэхийг хэлсэн хэрэг юм. Бузар муу энэ ертөнцөд Бурхны үйлчлэгчдэд өвчин эмгэг гэх мэт янз бүрийн бэрхшээл тохиолддог. Тэр битгий хэл, итгэл үнэмшлээсээ болоод засгийн газрын зүгээс ширүүн хавчлагад өртөж мэднэ. Гэхдээ энэ бүхнийг даван туулахад Бурхан тусалж дэмжинэ гэдэгт итгэж найддаг. Та өөрөөсөө «Бурхны үйлчлэгчдийн хувьд бүх юм сайнаар төгсдөгийг би хэр олон удаа харсан билээ?» гэж асуугаарай. Яагаад? «ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог» гэсэн амлалт байдаг шүү дээ (Дуу. 41:1–3; 145:14–19).

«Зөв шударга хүн» бусдын зовохыг хараад баярладаггүй. Харин «Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг» мэддэг учраас сэтгэл тайван байдаг (Ном. 8:11–13; Иов 31:3–6; Дуу. 27:5, 6).