Skip to content

Гарчиг руу орох

Та үүнийг мэдэх үү?

Та үүнийг мэдэх үү?

Эрт цагт бусдын талбайд зэрлэг өвс тарьдаг байсан гэдэг нь үнэний ортой юу?

Эзэн хаан Юстинианы бичсэн номын 1468 оны хуулбар. Эртний хууль цаазтай холбоотой нарийн ширийн зүйлийг бичсэн ном судар олон байдгийн нэг нь энэ юм

МАТАЙ 13:24–26-д Есүсийн ярьсан ёгт үлгэр байдаг. «Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов» гэж Есүс ярьжээ. Ийм юм үнэхээр болдог байсан эсэхэд зарим хүн эргэлздэг. Гэхдээ эртний Ромын хууль цаазын бичгийг үзвэл үнэн гэдгийг ойлгоно.

«Бусдад өш хонзон санаж талбайд нь өлөн цагаан тарих нь Ромын хуулиар гэмт хэрэгт тооцогддог байсан. Ийм хэрэг гарах нь цөөнгүй байжээ» гэж Библийн нэг тольд бичсэн байна. Ромын эзэн хаан Юстиниан МЭ 533 онд Ромын хуулийг эмхтгэн хэвлүүлж, уг номдоо сонгодог үеийн (МЭ 100–250 он) хуульчдын хэлсэн үгийг оруулсан гэж хууль судлаач Ааластер Кээр бичжээ. Энэ номд («Digest», 9.2.27.14) бичсэнээр, хуульч Улпиан II зууны Ромын улс төрч Цельсийн шүүсэн хэргийн талаар дурджээ. Нэг хүний талбайд зэрлэг өвс тарьснаас болоод ургац нь сүйджээ. Талбайн эзэн буюу газар түрээслэгч буруутай этгээдээс нөхөн төлбөр авч хохирлоо барагдуулахын тулд шүүхээр эрхээ хамгаалуулсныг уг номд тайлбарласан байна.

Эртний Ромын эзэнт гүрэнд ийм гэмт хэрэг гардаг байсан нь Есүсийн ярьсан зүйл амьдралаас тасархай биш гэдгийг харуулдаг.

Ромын эзэнт гүрэн I зууны Иудей муж дахь еврей эрх баригчдад хэр их эрх чөлөө олгодог байсан бэ?

ИУДЕЙ муж I зуунд Ромын захиргаанд байв. Засгийн газраас томилогдон ирсэн ромчуудын гол анхаарах зүйл нь татвар хураах, ард иргэдийг амгалан тайван байлгах, хэв журам сахиулах явдал байжээ. Цэргүүд тэдний удирдлагаар явна. Хууль бус үйлдлийг таслан зогсоох, үймээн дэгдээсэн хэнийг ч болов залхаан цээрлүүлэх нь Ромын албан тушаалтнуудын гол ажил байлаа. Бусад үед нутгийн удирдлагуудад мужийн хэргийг даатгаж орхино.

Иудейн Зөвлөл хэрэг шийдэж байна

Зөвлөл буюу Иудейн дээд шүүх иудейчүүдийн хуультай холбоотой асуудлыг шийддэг байв. Иудей муж даяар байдаг доод шатны шүүхүүд иргэний болон эрүүгийн хэргийн ихэнхийг Ромын эрх баригчдын оролцоогүйгээр шийддэг байсан бололтой. Харин гэмт хэрэгтнүүдийг цаазлах шийдвэр зөвхөн ромчуудын мэдэлд байв. Гэвч зөвлөлийн гишүүд нэгэн удаа эрх мэдлээ хэтрүүлэн Стефаныг байцаасны эцэст чулуугаар цохиж алсан билээ (Үйлс 6:8–15; 7:54–60).

Тэгэхлээр Зөвлөл нэлээд эрх мэдэлтэй байсан нь тодорхой. Гэхдээ эрдэмтэн Ээмил Шүүрэрийн хэлснээр «Ромын эрх баригчид хүссэн үедээ өөрсдөө шүүж, шийдвэрийг даруй гүйцэтгэж болдог байсан нь Иудейн Зөвлөлийн хувьд хамгийн том хязгаарлалт байжээ. Ялангуяа засгийн газрыг эсэргүүцсэн хэрэг гарахад ингэдэг байсан». Жишээ нь, ийм хэрэг мянгатын дарга Клауд Лусийн үед гарчээ. Тэрээр элч Паулыг Ромын иргэн болохоор нь хамгаалалтдаа авсан байдаг (Үйлс 23:26–30).