Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 6

Ехова биднийг ямар учраас бүтээсэн бэ?

Ехова биднийг ямар учраас бүтээсэн бэ?

Соломон хаан амьдралын утга учрыг эргэцүүлэн бодсон

ЕХОВАГ мэднэ гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ? Энэ тухай ихийг хэлж болно. Тухайлбал, та олон тэрбум хүний бодсоор явдаг «Би яах гэж амьдарч байгаа юм бэ?» гэдэг асуултын хариуг олох болно. Та ч гэсэн өөрөөсөө үе үе ингэж асуудаг байж болох юм. Эд баялгаараа тухайн үеийнхээ «дэлхийн бүх хаадаас үлэмж агуу» байсан мэргэн ухаант нэгэн хаан амьдралын утга учрыг эргэцүүлэн бодож, дээрх асуултыг мөн тавьжээ (Шастирын дэд 9:22; Номлогчийн үгс 2:1—13). Энэ бол Соломон хаан байсан юм. Тэрээр агуу их эрх мэдэл, хэмжээлшгүй арвин эд баялаг, энгүй гүн мэргэн ухаантай байсан. Соломон эргэцүүлэн бодсоор юу гэж дүгнэсэн бэ? «Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» (Номлогчийн үгс 12:13). Соломоны үзэж туулсан нь ихэнх хүний үзэж туулснаас их учраас түүний дүгнэлтийг анхаарч үзэх хэрэгтэй (Номлогчийн үгс 2:12).

2 «Бурхнаас эмээх» гэж Соломоны хэлсэн нь үл мэдэгдэх сүнсэн хүчний өмнө учраа олохгүй айн дагжина гэсэн үг биш ээ. Харин энэ бол ихэд хайртай хэн нэгийгээ гомдоочих вий гэж эмээх зүй ёсны чанар юм. Хэрэв та хэн нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг бол түүнд таалагдахыг чармайн, түүнийг гомдоохоос болгоомжлох нь лав. Та Еховаг хайрладаг болоод ирэхээр түүнд ч мөн ялгаагүй тэгж хандах болно.

3 Та Библи уншихдаа Бүтээгч маань юуг таалж, юуг таалдаггүйг мэдэхийн зэрэгцээ ямар учраас дэлхийг бүтээсэн санаа зорилгыг нь ойлгоно. Библид Еховаг «газрыг бий болгосон Бурхан» гээд «Тэр, газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн» гэж бичсэн байдаг (Исаиа 45:18). Ехова дэлхийг хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн юм. Харин хүмүүс дэлхийгээ адгуусан амьтантай нь арчлан тордох ёстой байлаа (Эхлэл 1:28). Гэвч Ехова хүмүүсийг зөвхөн арчлан хамгаалагч болгох гэж бүтээх санаа зорилготой байсан уу?

Адам Ева хоёр Бурхантай их онцгой харьцаатай байжээ

4 Үгүй ээ. Үүнээс эрхэм зорилго байсан юм. Анхны хүн Адам, Ехова Бурхан хоёр их онцгой харьцаатай буюу бие биетэйгээ шууд харьцдаг байжээ. Адам Еховаг сонсож, бас санасан бодсоноо Еховад хэлэх боломжтой байв (Эхлэл 1:28—30; 3:8—13, 16—19; Үйлс 17:26—28). Ийм ч учраас Адам эхнэр Евагийнхаа хамт Еховаг илүү сайн мэдэж, харьцаагаа улам гүнзгийрүүлэх хосгүй боломжтой байсан. «Жаргалтай Бурхан» Еховаг сайн мэдэж, түүнийг дуурайсан бол тэд сэтгэл хангалуун амьдрах байсан (1 Тимот 1:11, ШЕ). Ехова «биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг» учраас анхны хүнийг Еден цэцэрлэг хэмээх диваажинд суулгаад мөнх амьдрах боломж өгсөн (1 Тимот 6:17; Эхлэл 2:8, 9, 16, 17).

Хүний эсийн тухай шинжлэх ухааны саяхны нээлт юу харуулж байна вэ?

5 Мөнх амьдрах гэнэ үү? «Үүн шиг дэмий юм гэж хаа байх вэ дээ?» гэж та хэлж магадгүй. Гэхдээ мөнх амьдрах гэдэг үнэхээр дэмий үг гэж үү? Эдүгээ эрдэмтэд эсийн хөгширдөг шалтгааныг оллоо гэж үзэж байна. Генийн материалын хэсэг буюу теломер нь хромосомын төгсгөл болж байдаг бөгөөд эс хуваагдах болгонд богиносдог. Эс 50—100 хуваагдсаны дараа теломер элэгдэж ихэнх эс хуваагдахаа больдог байна. Гэтэл шинжлэх ухаан саяхан теломераз гэдэг ферментийн тусламжтайгаар хүний эсүүд эцэс төгсгөлгүй хуваагдаж болохыг нээжээ. Энэ нээлт нь Ехова уг ферментийн тусламжтайгаар хүнийг мөнх амьдруулна гэсэн үг биш ч гэсэн мөнх амьдрах гэдэг нь дэмий хоосон мөрөөдөл яавч биш гэдгийг нотолж байна.

6 Тийм ээ, Бурхан анхны хүмүүн хосыг мөнх амьдруулахаар бүтээсэн хэмээн Библид бичсэнд итгэж болно. Хүн төрөлхтөн Еховатай тогтоосон харьцаагаа үүрд хадгалах боломжтой байлаа. Тэд тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон харьцаагаа улам бэхжүүлж, түүний хүн болоод дэлхийн талаарх санаа зорилгыг бүрэн ухаарч, гүйцэд биелүүлэх ёстой байв. Тэдний амьдрал уй гуниг, хүнд хүчир дарамт болох ёсгүй байлаа. Адам Ева хоёр төгс үр удамтай болж, газар дэлхийн хүмүүс бүгд жаргах байлаа. Тэдний ажил ямагт сэтгэлд нийцсэн, үр өгөөжтэй байх байв. Хүмүүс амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байж болох байжээ! (Эхлэл 1:28).