Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 101

Есүс алагдсан нь

Есүс алагдсан нь

ЯМАР аймшигтай юм болж байгааг хараач! Есүс үхэж байна. Түүнийг шонд хадчихаж. Гар хөлийг нь хадаасаар хаджээ. Есүст ийм юм хийхийг хэн хүсдэг байна аа?

Есүсийг үзэн яддаг зарим этгээд байдаг ажээ. Хэн хэн гэдгийг чи мэдэх үү? Тэдний нэг нь Сатан Диавол гэдэг муу тэнгэр элч юм. Тэр, Адам Ева хоёрыг Еховад дуулгаваргүй болгож чадсан билээ. Есүсийн дайснуудаар тийм аймшигтай хэрэг хийлгэсэн этгээд бол бас л Сатан юм.

Дайснууд нь Есүсийг шонд хадахаасаа өмнө түүнд тун муу юм хийжээ. Тэд Гетсемани цэцэрлэгт яаж ирээд, түүнийг яаж авч явсныг санаж байна уу? Тэр дайснууд нь хэн байсан бэ? Тийм ээ, шашны удирдагчид байсан. Тэгээд цааш юу болсныг үзье.

Шашны удирдагчид Есүсийг авч явахад элч нар нь зугтжээ. Тэд айсан тул Есүсийг ганцааранг нь дайснуудтай нь орхив. Харин элч Петр Иохан хоёр тийм ч хол явсангүй. Тэр хоёр, шашны удирдагчид Есүсийг яах гэж байгааг мэдэхээр дагалаа.

Тахилчид Есүсийг тэргүүн тахилч байсан хөгшин Аннасынд авчрав. Гэсэн ч тэнд нэг их удсангүй. Тэндээс Есүсийг тэргүүн тахилч Каиафын гэрт хүргэж ирлээ. Шашны удирдагч олон хүн тэнд цуглав.

Каиафын гэрт Есүсийг шүүж эхлэв. Есүсийн тухай худал хэлэх хүмүүсийг энд авчирсан байлаа. Шашны удирдагчид бүгдээрээ: «Есүс үхэх ёстой» гэлээ. Тэгээд нүүр уруу нь нулимж, зодов.

Энэ үед Петр гадаа хашаан дотор байж байлаа. Шөнө хүйтэн байсан тул хүмүүс түүдэг асаажээ. Тэднийг галд дулаацаж байх үед нэг шивэгчин Петрийг хараад: «Энэ хүн ч бас Есүстэй хамт байсан» гэлээ.

— Үгүй, би биш! гэж Петр хариулав.

Хүмүүс Петрийг Есүстэй хамт байсан гэж гурван удаа хэлэв. Гэвч тэр болгонд нь энэ худлаа гэж Петр хэлж байлаа. Петрийг гурав дахь удаагаа ингэж хэлтэл Есүс түүний зүг эргэж харав. Петр худал хэлсэндээ маш их харамсаж, хол очоод уйлжээ.

Баасан гаригийн өглөө эрт тахилчид Есүсийг Зөвлөлийн танхим буюу хурал цуглаан явуулдаг том танхимд авчрав. Энд түүнийг яахыгаа зөвлөлдөөд, Иудей мужийн захирагч Понти Пилатад хүргүүлэв.

Тахилчид Пилатад: «Энэ муу хүнийг албал таарна» гэлээ. Пилат Есүсээс хэдэн асуулт асуусныхаа дараа: «Би энэ хүнээс буруу юм олж харахгүй байна» гэж хэлэв. Тэгээд Есүсийг Херод Антип уруу илгээв. Херод Галилын захирагч боловч Иерусалимд байрлаж байлаа. Тэр ч бас Есүсээс буруу юм огт олоогүй учир Пилат уруу буцаажээ.

Пилат Есүсийг суллахыг хүсэж байлаа. Гэтэл дайснууд нь Есүсийн оронд өөр хоригдол суллахыг шаардав. Тэр нь Бараб гэдэг дээрэмчин байв. Үдийн алдад Пилат Есүсийг гадагш гаргалаа. Тэгээд ард олонд: «Харагтун! Танай хаан!» гэхэд ахлах тахилчид: «Түүнийг аваад яв! Түүнийг ал, ал!» гэж бархиралдав. Тэгэхлээр нь Пилат Барабыг суллахыг зөвшөөрсөнд, тэд Есүсийг алахаар авч явжээ.

Баасан гаригийн үд гэхэд Есүсийг шонд хадсан байлаа. Есүсийн хоёр талд үхлийн ялтай хоёр гэмт хэрэгтэнг бас шонд хадсан байжээ. Есүсийг үхэхийн өмнөхөн тэр хоёрын нэг нь: «Та хаанчлах үедээ намайг санаарай» гэж хэлэхэд Есүс: «Чамайг надтай хамт Диваажинд байна гэж амлая» хэмээн хариулжээ.

Энэ гайхамшигтай амлалт биш гэж үү? Есүс ямар диваажингийн тухай ярьсныг чи мэдэх үү? Хамгийн анх Бурхны бүтээсэн диваажин хаана байсан бэ? Тийм ээ, дэлхий дээр байсан. Тэгэхлээр, Есүс тэнгэрийн хаан болон захирах үедээ энэ хүнийг дэлхийн шинэ Диваажинд аз жаргалтай амьдруулахаар дахин амилуулах юм. Үүнд бид баярлахгүй гэж үү?