Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би хэрцгий хүн байхаа больсон»

«Би хэрцгий хүн байхаа больсон»
  • Төрсөн он: 1973

  • Улс: Уганда

  • Өмнө нь: Догшин, завхай, архичин

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би Угандагийн Гомба дүүрэгт төрсөн. Эндэхийн ихэнх хүн маш ядуу амьдралтай. Манай хот тоггүй байсан учраас харанхуй болохоор керосин дэнлүү асаадаг байв.

 Эцэг эх маань Руандагаас Угандад нүүж ирсэн. Тэд кофе, гадил тарьж, гадил жимсээр вираги гэдэг алдартай ликёр хийдэг байсан. Бас тахиа, ямаа, гахай, үхэр тэжээдэг байв. Манайхны соёлоор бол эхнэр хүн нөхөртөө дандаа захирагддаг бөгөөд үзэл бодлоо хэзээ ч илэрхийлэх ёсгүй байв. Би ч ийм үзэлтэй болсон.

 23 настай байхдаа би Руанда руу нүүсэн. Тэнд үе тэнгийнхэнтэйгээ нийлж бүжгийн клубээр хэсдэг байв. Нэг клубт байнга очдог болсон чинь үнэгүй орох карт өгсөн. Бас зодоон цохион, хүчирхийлэлтэй кино үзэх дуртай болов. Байгаа орчин, зугаа цэнгэлийн нөлөөгөөр би догшин, завхай, архичин хүн болсон.

 2000 оноос би Сколастик Кабагвира гэдэг эмэгтэйтэй амьдарч, гурван хүүхэдтэй болсон. Эхнэр хүн нөхөртэйгөө мэндлэхдээ ч, нөхрөөсөө юм гуйхдаа ч өвдөг сөгддөгийг би багаасаа харсан болохоор Сколастикт ч ийм шаардлага тавьдаг байсан. Бас манай гэрийн бүх юм минийх, яахаа би л мэднэ гэдэг байв. Бараг орой болгон гарч яваад өглөөний 3 цагийн үед ихэнхдээ согтуу ирнэ. Хаалга балбахад хурдан тайлахгүй бол Сколастикийг зоддог байв.

 Тэр үед би нэг хувийн секьюрити компанийн дарга байсан учир дажгүй цалинтай байв. Сколастик намайг өөрчлөгдөнө гэж найдан явдаг сүмдээ хамт явахыг ятгаж байсан. Гэхдээ би ерөөсөө хүсээгүй. Харин ч бүр өөр эмэгтэйтэй нөхөцсөн. Догшин ширүүн ааш авир, завхай байдлаас минь залхаад Сколастик гурван хүүхдээ аваад эцэг эхийндээ очив.

 Настай найз минь надтай ярилцаж хэрхэн амьдарч байгаагаа бодоход тусалсан. Тэрбээр намайг Сколастиктайгаа эргээд нийлэхийг ятгасан. Бас гурван хөөрхөн хүүхэд чинь аавтайгаа амьдрах ёстой гэсэн. Тэгээд би 2005 оноос уухаа больж, нөгөө эмэгтэйгээс салаад Сколастиктайгаа эргээд нийлж, 2006 онд бид албан ёсоор гэрлэсэн. Гэхдээ эхнэртэйгээ догшин ширүүн харьцдаг хэвээрээ л байсан.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 2008 онд Жоэл гэдэг Еховагийн Гэрчийг манайд ирэхэд би ярихыг нь сонссон юм. Тэгээд дараагийн хэдэн сарын турш тэрбээр Бонавантюр гэдэг бас нэг Гэрчтэй манайд ирж бид Библийн тухай ярилцдаг болсон. Би их юм, ялангуяа «Илчлэл» номын тухай асуусан. Үнэндээ Еховагийн Гэрчүүдийн буруу гэдгийг батлахыг хүссэн юм. Жишээлбэл, Илчлэл 7:9-д «Үй олон хүнийг ... [Бурхны] сэнтий болон Хурганы [буюу Есүс Христийн] өмнө зогсож байлаа» гэж бичсэн байдаг. Гэтэл та нар яагаад дэлхий дээр мөнх амьдарна гээд байгаа юм бэ гэж асуусан. Жоэл миний асуултад тэвчээртэйгээр хариулж, Исаиа 66:1-ийг үзүүлсэн. Тэнд Бурхан дэлхийг «Миний хөлийн гишгүүр» гэдэг. Тэгэхээр үй олон хүн Бурхны сэнтийн өмнө, дэлхий дээр зогсож байгаа хэрэг гэдгийг ойлгосон. Бас Дуулал 37:29-ийг би уншсан. Тэнд зөв шударга хүн дэлхий дээр мөнхөд амьдарна гэж байдаг.

 Эцэст нь Библийн хичээл заалгахыг зөвшөөрсөн. Тэгээд Сколастик бид хоёр Бонавантюраар хичээл заалгадаг болсон. Хичээлийн ачаар би амьдралаа өөрчлөх хүсэлтэй болов. Эхнэрээ хүндэлж, надтай мэндлэхдээ эсвэл юм гуйхдаа сөхөрч суу гэж шаардахаа больсон. Бас гэрийнхээ бүх юмыг минийх гэхээ, зодоон цохионтой кино ч үзэхээ больсон. Өөрчилнө гэдэг маш хэцүү байв. Биеэ барьж, даруу байж сурах хэрэгтэй байсан.

Библийн ачаар би сайн нөхөр болсон

 Хэдэн жилийн өмнө том хүү Кристианыгаа Угандад байдаг хамаатан руугаа явуулсан юм. Гэхдээ Дэд хууль 6:4–7-г уншаад хүүхдүүдээ хүмүүжүүлэх нь Бурхны өмнө хүлээсэн эхнэр бид хоёрын үүрэг гэдгийг ойлгосон. Бас Библийн зарчмыг ч хүүхдүүддээ заах ёстой. Тэгээд хүүгээ гэртээ авчраад бид маш их баярласан!

ОДОО

 Ехова ууч сэтгэлтэй Бурхан гэдгийг ойлгосон. Бас өмнө нь юу хийж, ямар байсныг маань уучилсан гэдэгт би итгэдэг. Сколастик надтай хамт Библи заалгадаг болсонд би их баярласан. Бид хоёр Еховад өөрсдийгөө зориулж, 2010 оны 12 сарын 4-нд баптисм хүртэцгээсэн. Сколастик бид хоёр нэг нэгэндээ итгэж, Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлээд аз жаргалтай байна. Ажлаа тараад шууд гэртээ ирдэг болсон учраас эхнэр маань бөөн баяр! Би эхнэрээ хүндэлж сайхан сэтгэлээр ханддаг болсон. Мөн архи уудаггүй, хэрцгий хүн байхаа больсон учир эхнэр маань үнэхээр баяртай байдаг. 2015 оноос би ахлагчаар үйлчилж, хурлынхандаа санаа тавьж байна. Одоо таван хүүхдийн маань гурав нь аль хэдийн баптисм хүртсэн.

 Би Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлсэн ч заасныг нь шууд сохроор дагаагүй. Тэд асуултад хариулахдаа Библид үндэслэдгийг нь хараад сэтгэл хөдөлсөн. Яваандаа Сколастик бид хоёр, өөрсдийгөө Бурхны жинхэнэ үйлчлэгч гэж үздэг хүмүүс тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу амьдрах ёстойг ойлгосон. Намайг өөр лүүгээ татаж, гэр бүлдээ хүлээн авсан Еховад би хязгааргүй их баярладаг. Туулсан амьдралаа эргээд харахад Бурхныг баярлуулахыг хүсдэг чин сэтгэлтэй ямар ч хүн өөрөөс нь тусламж авбал өөрчлөгдөх боломжтойг ойлгосон.