Skip to content

666 гэж ямар учиртай тоо вэ?

666 гэж ямар учиртай тоо вэ?

Библид ингэж байдаг

 Библийн сүүлчийн номд тэнгисээс гарч ирэх арван эвэртэй, долоон толгойтой араатны нэр буюу дугаарыг 666 гэж бичсэн байдаг (Илчлэл 13:1, 17, 18). «Бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэн, бүх үндэстнийг» захирдаг дэлхий дахины улс төрийн тогтолцоог уг араатнаар төлөөлүүлдэг (Илчлэл 13:7). Улс төрийн энэхүү тогтолцоо нь Бурхны нүдэнд гутамшиг болж бүтэлгүйтэхийг 666 гэдэг тоогоор илэрхийлдэг. Яаж тэр вэ?

  Утгыг нь бодож өгсөн нэр. Бурхны өгсөн нэр болгон утгатай байдаг. Жишээ нь «Эцэг бол агуу (Өргөмжлөгдсөн)» гэсэн утгатай Абрам гэгч нэгэн эрд Бурхан «олон үндэстний өвөг» болгоно гэж амласан. Тэр үедээ «Түмний эцэг» гэсэн утгатай Абрахам гэдэг нэр өгсөн (Эхлэл 17:5). Үүнтэй адилаар, Бурхан арван эвэртэй араатанд яг таарсан нэрийг нь өгчээ.

  Зургаагийн тоо төгс бусын бэлгэдэл. Библид тоог бэлгэдлийн утгаар хэрэглэсэн тохиолдол их бий. Төгс, бүрэн дүүрэн байдлыг долоогоор илэрхийлдэг. Долоогоос нэгээр бага зургаагийн тоогоор дутуу дулимаг, Бурхны нүдэнд өө сэвтэй, алдаа дутагдалтай харагддаг зүйлийг илэрхийлдэг. Бурхны дайснуудын тухай бичихдээ голдуу хэрэглэдэг (Шастирын дээд 20:6; Даниел 3:1).

  Хүч нэмэгдүүлж гурван удаа. Библид заримдаа юмыг гурав давтан хэлж онцолдог (Илчлэл 4:8; 8:13). 666 гэдэг нэр нь хүний засаглал яасан ч амжилт олохгүй гэсэн Бурхны үзлийг улам тод илэрхийлдэг. Зөвхөн Бурхны Хаант төр л тогтоож чадах үүрдийн амар тайван аюулгүй байдлыг тэд яагаад ч бий болгож дөнгөөгүй.

Араатны тэмдэг

 Хүмүүс араатныг «бишрэн» шүтэж, араас нь дагасан учраас «араатны тэмдэгтэй» болсон гэж Библид гардаг (Илчлэл 13:3, 4; 16:2). Үүнийгээ тэд эх орноо, улс орныхоо бэлгэ тэмдгийг, зэвсэгт хүчнээ магтан шүтэж илэрхийлдэг. Шашны нэвтэрхий тольд «Орчин үед үндсэрхэг үзэл нь хүчээ авч буй шашны нэг төрөл болжээ» хэмээн тэмдэглэсэн байдаг («The Encyclopedia of Religion»). a

 Хүмүүс яаж баруун гартаа эсвэл духан дээрээ араатны тэмдэг тавиулдаг вэ? (Илчлэл 13:16) Бурхны израйл үндэстэнд өгсөн «түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга» гэсэн тушаалыг нь бодож үзье (Дэд хууль 11:18). Энэ нь израйлчуудыг гартаа эсвэл духан дээрээ тэмдэг тавиад яваарай гэсэн үг биш, харин үйл хэрэг үзэл бодлоо Бурхны үгээр удирдуулаарай гэсэн үг байв. Яг үүн шиг араатны тэмдэг тавиулсан хүмүүс 666 гэсэн шивээс хийлгэдэг гэсэн үг биш, амь амьдралаа улс төрийн хүчнээр удирдуулдаг гэсэн үг юм. Араатны тэмдэгтэй хүмүүс ийнхүү Бурхны дайсан болдог (Илчлэл 14:9, 10; 19:19–21).

a Бас «Nationalism in a Global Era», 134-р хуудас; «Nationalism and the Mind: Essays on Modern Culture», 94-р хуудсыг үзнэ үү.