Skip to content

Үлэг гүрвэлийн тухай Библид юу гэж байдаг вэ?

Үлэг гүрвэлийн тухай Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Үлэг гүрвэлийн талаар Библид байдаггүй. Гэхдээ Бурхан «бүх юмыг бүтээсэн» гэж Библид байдаг учраас үлэг гүрвэл Бурхны бүтээсэн амьтдын тоонд ордог нь ойлгомжтой a (Илчлэл 4:11). Үлэг гүрвэл гэж бичээгүй ч, Библийн дараах зүйлүүдэд дурдсан амьтдын дотор үлэг гүрвэл ч багтдаг гэж хэлж болох юм.

  •   «Далай тэнгисийн аварга том амьтад» эсвэл «тэнгисийн мангас» (Эхлэл 1:21; «New American Bible»).

  •   «Газраар мөлхөгч бүгд» (Эхлэл 1:25).

  •   «Газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь» (Эхлэл 1:25).

Өөр амьтнаас үүссэн үү?

 Олдворуудыг он цагийн дарааллаар нь авч үзвэл үлэг гүрвэл хувьслын онолд байдагчлан аажим аажмаар биш, гэнэт гарч ирсэн. Энэ нь Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэг Библийн сургаалтай тохирдог. Жишээлбэл, Дуулал 146:6-д: Бурхныг «тэнгэр ба газар, далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн» гэж бий.

Хэзээ амьдарч байсан бэ?

 Бурхан усны, эх газрын амьтдыг бүтээлийнхээ 5 болон 6 дахь өдөр буюу урт хугацаанд бүтээсэн гэж Библид байдаг b (Эхлэл 1:20–25, 31). Тэгэхээр үлэг гүрвэлүүд хэдэн мянган жилийн турш бүтээгдэж, оршин байсныг Библи үгүйсгэдэггүй.

Бегемот ба Левиатан үлэг гүрвэл мөн үү?

 Үгүй. «Иов» номонд дурдсан энэ амьтад чухам ямар амьтад байсан нь тодорхойгүй ч бегемотыг усны үхэр, левиатаныг матар гэж үздэг. Энэ нь Библид бичсэн бегемот, левиатаны дүрслэлтэй тохирдог (Иов 40:15–23; 41:1, 14–17, 31). Юутай ч, бегемот болон левиатан нь үлэг гүрвэл байж таарахгүй. Яагаад гэвэл Бурхан Иовд явж эдгээр амьтдыг ажиглан судал гэж хэлсэн. Иовын үед үлэг гүрвэл устаж үгүй болчихсон байсан шүү дээ (Иов 40:16; 41:8).

Яагаад устаж үгүй болсон бэ?

 Энэ тухай Библид байдаггүй. Гэхдээ Библид «[Бурхан] хүссэн учраас» бүх юм бүтээгдсэн гэж байдаг учраас үлэг гүрвэлийг ч тодорхой зорилгоор бүтээсэн байж таарна (Илчлэл 4:11). Бурхан зорилгоо биелүүлснийхээ дараа устаж үгүй болоход нь саад болоогүй.

a Үлэг гүрвэл үнэхээр байсныг чулуужсан олдворууд баталдаг. Бас нэгэн үед жижиг том, төрөл төрлөөрөө хаа сайгүй байсныг баталдаг.

b Библид «өдөр» гэдэг үгээр хэдэн мянган жилийг ч илэрхийлж болдог (Эхлэл 1:31; 2:1–4; Еврей 4:4, 11).