Skip to content

Мариа Бурхны эх мөн үү?

Мариа Бурхны эх мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Үгүй. Мариаг Бурхны эх гэсэн сургаал Библид байдаггүй. Бас Христийн дагалдагчид Мариаг a шүтэж, онцгой хүндэтгэл үзүүлэх ёстой гэж Библи заадаггүй. Дараах зүйлүүдийг бодож үзье.

  •   Мариа өөрийгөө Бурхны эх гэж хэзээ ч хэлж байгаагүй. Мариаг «Бурхны Хүүг» төрүүлсэн гэж Библид байдаг бөгөөд Бурхныг төрүүлсэн гэж байдаггүй (Марк 1:1; Лук 1:32).

  •   Мариаг Бурхны эх эсвэл шүтүүлэх зохистой хүн гэж Есүс нэг ч удаа хэлээгүй. Харин ч Есүсийг төрүүлсэн болохоор жаргалтай хүн хэмээн онцгойлж үзсэн нэг эмэгтэйн үзэл бодлыг засаж «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» гэж хэлжээ (Лук 11:27, 28).

  •   «Бурхны эх», «Теотокос» (Бурхныг төрүүлэгч) гэдэг үг хэллэг Библид байдаггүй.

  •   «Тэнгэрийн хатан» гэдэг үг Библид байдаг ч энэ нь Мариаг бус, тэрслүү израйлчуудын шүтдэг байсан охин тэнгэрийг хэлдэг (Иеремиа 44:15–19). Жишээлбэл охин тэнгэр Иштар (Астарте) ба Вавилоны охин тэнгэрийг хэлсэн байж болох юм.

  •   Христийн эртний дагалдагчид Мариаг шүтдэггүй байсан. Бас онцгой хүндэтгэл үзүүлдэггүй байжээ. «Тэд шашны гаж бүлэглэлд орохыг эрс эсэргүүцэхээс гадна Мариаг онцгойлон үзэж түүнийг охин тэнгэр болгон шүтэхэд нөлөөлөх вий хэмээн эмээдэг байсан» гэж нэг түүхч тэмдэглэн үлдээжээ («In Quest of the Jewish Mary»).

  •   Бурхан мөнхөд оршин байдаг гэж Библид байдаг (Дуулал 90:1, 2; Исаиа 40:28). Бурханд эхлэл байхгүй учраас Бурханд эх байдаггүй гэсэн үг. Тэгээд ч Мариа Бурхныг хэвлийдээ багтааж чадахгүй. Яагаад гэвэл «тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй» гэж Библид тодорхой хэлсэн байдаг (Хаадын дээд 8:27).

Мариа «Бурхны эх» биш, харин Есүсийн эх мөн

 Мариа иудей хүн байсан бөгөөд Давид хааны удмын хүн байв (Лук 3:23–31). Мариа бат итгэлтэй, чин үнэнч хүн байсан учраас Бурхны тааллыг олжээ (Лук 1:28). Тэгээд Бурхан түүнийг Есүсийн эх болгохоор сонгожээ (Лук 1:31, 35). Иосеф Мариа хоёр Есүсээс гадна өөр олон хүүхэдтэй байв (Марк 6:3).

 Мариа Есүсийн шавь болсон тухай Библид байдаг ч өөр нарийн ширийн зүйл байдаггүй (Үйлс 1:14).

a Мариаг Бурхны эх гэж заадаг Христийн шашны урсгалууд байдаг. Тэд Мариаг «Тэнгэрийн Хатан» эсвэл Теотокос гэж үздэг бололтой. Теотокос гэдэг грек үг нь «Бурхныг төрүүлэгч» гэсэн утгатай ажээ.