Амьтдыг сүй бэлэг болгон өгч болдог байв

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Эртний израйлчууд яагаад сүй бэлэг өгдөг байсан бэ?

БИБЛИ бичигдэж байх үед хүргэний тал бэрийн гэр бүлд бэлэг өгдөг байсан. Үүнд үнэ цэнтэй эд юм, амьтан, мөнгө ордог байсан. Хүргэн заримдаа эхнэр болох хүний гэрт ажил хийж сүй бэлэг барьдаг байв. Жишээ нь Яаков Рахелтай гэрлэхийн тулд аавынд нь 7 жил ажилласан (Эх. 29:17, 18, 20). Яагаад сүй бэлэг өгдөг байсан бэ?

Библи судлаач Карол Мейер: «[Хөдөө аж ахуй эрхэлдэг] гэр бүлүүдэд эмэгтэй хүний хийх ажил их байсан тул сүй бэлэг өгөх нь тодорхой хэмжээний нөхөн төлбөр болдог байсан байх» гэж бичжээ. Мөн сүй бэлэг өгөхөд ураг бололцож байгаа гэр бүлүүдийн нөхөрлөл бэхэждэг байсан бололтой. Тиймээс хэн нэгэнд нь бэрхшээл тулгарвал хоёр гэр бүлээрээ туслах боломжтой болдог байх нь. Түүнчлэн сүй бэлэг нь тухайн эмэгтэй сүй тавьсныг баталж, эцгийнхээ асрамж хамгааллаас нөхрийнхөө асрамжид шилжиж байгааг харуулдаг байжээ.

Сүй бэлэг өгөх нь эмэгтэй хүнийг зарж, худалдаж авдаг эд юм гэж үзэж байгаа хэрэг биш юм. Нэг номд «Эмэгтэйн гэр бүлд тодорхой хэмжээний мөнгө буюу үүнтэй дүйцэх эд юм өгдөг нь Израйлд ураг бололцохыг арилжаа худалдаа шиг харагдуулж болох юм. Гэхдээ сүй бэлэг нь эмэгтэйн гэр бүлд өгч буй нөхөн олговор болохоос бус, эмэгтэй хүнийг худалдан авч байгаа хэрэг биш юм» гэж бичжээ («Ancient Israel—Its Life and Institutions»).

Өнөөдөр ч зарим улс оронд сүй бэлэг өгдөг. Христийн дагалдагч эцэг эхчүүд «Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй» гэсэн зарчмын дагуу хэтэрхий их хэмжээний сүй бэлэг нэхдэггүй (Флп. 4:5; 1 Кор. 10:32, 33). Ингэж тэд мөнгөнд дурладаггүй, шунахай биш гэдгээ харуулдаг (2 Тим. 3:2). Гэрч эцэг эхчүүд их хэмжээний сүй бэлэг нэхдэггүй учир нөхөр болох хүн нь гэрлэлтээ хойшлуулан байж их ажиллах шаардлага гардаггүй. Эсвэл их хэмжээний сүй бэлгээ бэлдэхийн тулд эхлэгчээр үйлчлэхээ зогсоогоод бүрэн цагаар ажиллах шаардлага гарахгүй.

Зарим улс оронд сүй бэлгийг хуулиар тогтоосон байдаг. Ийм бол Гэрч эцэг эхчүүд хуулиа дагах ёстой. Яагаад? Бурхны хуультай зөрчилдөөгүй бол Христийн дагалдагчид «Дээд эрх мэдлүүдэд ... захирагдах ёстой» гэж Библид байдаг (Ром 13:1; Үйлс 5:29).