Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 2

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Иосеф фараонтой уулзахаасаа өмнө сахлаа хуссаны учир юу вэ?

АЖЛАА ХИЙЖ БУЙ ҮСЧНИЙГ ДҮРСЭЛСЭН ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН ХАНЫН ЗУРАГ

Библийн «Эхлэл» номыг үзвэл, фараон еврей хоригдол Иосефыг яаралтай дуудан, зүүднийхээ учрыг тайлбарлуулахыг хүсжээ. Иосеф шоронд их удсан байв. Фараон яаралтай дуудсан ч Иосеф сахлаа хусаж амжжээ (Эхлэл 39:20–23; 41:1, 14). Уг номыг бичигч ийм жижиг сажиг зүйлийг дурдсан нь египетийн зан заншлыг мэддэг байсныг харуулдаг.

Еврейчүүд гэх мэтийн эртний улс үндэстнүүд сахлаа ургуулдаг байжээ. Харин Макклинток Строн нарын бичсэн Библийн нэвтэрхий толийг үзвэл, «египетчүүд бол сахлаа ургуулах нь зохимжгүй гэж үздэг дорны, цорын ганц ард түмэн» гэжээ («Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature»).

Зөвхөн сахлаа хусдаг байсан уу? Египетчүүд фараонд бараалхахдаа сүмд ордог шигээ бэлдэж ёслол үйлддэг байсан гэж нэгэн сэтгүүлд тэмдэглэжээ («Biblical Archaeology Review»). Үүнийг бодож үзвэл, Иосеф толгой болон биеийнхээ бүх үсийг хуссан ч байж болох юм.

«Үйлс» номд Тимотын эцгийг «грек хүн» гэсэн байдаг. Эцэг нь грек гаралтай гэсэн үг үү?

Үгүй ч байж магадгүй. Паул Библийн номуудыг бичихдээ еврей биш бүх хүнийг грек гэж бичин, иудейчүүдийг грекчүүд буюу эллэнчүүдээс ялгадаг байсан (Ром 1:16; 10:12). Нэг шалтгаан нь Паулын дэлгэрүүлж байсан газар нутагт грек хэл, соёл өргөн тархсаных байж болох юм.

Эрт үед ямар хүнийг грек гэдэг байсан бэ? МЭӨ IV зуунд Афины нэрт уран илтгэгч Исократ нэгэнтээ грекийн соёл дэлхийд түгсэн гэж сайрхан ярьж байжээ. Тиймээс тэрбээр: «Грек гэдгээр зөвхөн грек гаралтай хүнийг биш, грек боловсрол эзэмшсэн хүнийг ч хэлдэг» гэж тэмдэглэжээ. Тэгэхлээр Тимотын эцгийг оруулаад Паулын дурдсан грекчүүд гэдэг нь грек гаралтай биш, грек соёлтой хүмүүс байж болох юм (Үйлс 16:1).