Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2016 № 2

 БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Намайг ганцхан жил амар тайван, аз жаргалтай байлгаач

Намайг ганцхан жил амар тайван, аз жаргалтай байлгаач
  • ТӨРСӨН ОН: 1971

  • УЛС: ФРАНЦ

  • ӨМНӨ НЬ: ЗОДООН ЦОХИОН, САДАР САМУУН, ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Манайх Францын зүүн өмнө зүгт байдаг Телланкур гэдэг тосгонд байлаа. Аав франц, ээж итали хүн. Намайг наймтай байхад манайх нүүж, Италийн Ром дахь ядуусын хороололд ирсэн юм. Тэнд хэцүүхэн амьдарч байлаа. Мөнгөнөөс болоод аав ээж хоёр дандаа муудалцдаг байв.

15-тай байхад ээж надад гэрээсээ гарч найз нөхөдтэй бол гэж хэлдэг байлаа. Би гарч яваад их оройтож ирдэг боллоо. Удалгүй муу хүмүүстэй нөхөрлөдөг болов. Нэг өдөр нөхөрсөг байрын нэг хүн надад хар тамхи өгөхөөр нь том хүн шиг байх гээд татаад үзчихэв. Ингээд ёс журамгүй, хар тамхины ертөнцөд хөл тавьсан юм. Хүмүүс намайг олон ч удаа хүчирхийлсэн. Амьдрал надад утгагүй санагдаж үхсэн ч яах вэ гэж боддог байв. Их ч ганцаардсан. 16-тайдаа бүтэн шил виски уугаад гол руу үсэрчихэв. Гурван өдөр ухаангүй хэвтэж билээ.

Амьд явахыг үнэлдэг болсон ч би зодоонч, хууран мэхлэгч болсон. Айлд очиж хар тамхи зарж, бэлгийн харьцаанд орж, үнэтэй юмыг нь хулгайлдаг байв. Гэмт хэргийн томоохон бүлэг надаар Италид хар тамхи заруулдаг байсан. Цагдаа нарт дандаа баригдана. Амьдрал утгаа алдсан. Гэхдээ л би хүн болж төрсөн минь учиртай гэж боддог байсан. Би: «Бурхан минь, намайг ганцхан жил амар тайван, аз жаргалтай байлгаач» гэж залбирдаг байсан.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

24-тэйдөө Англид очиж амьдрахаар болов. Хар тамхи зардаг байсан болохоор айдас түгшүүртэй амьдардаг байлаа. Англи руу явахаасаа өмнө ээж дээрээ очсон юм. Тэгсэн Анунциато Лугара ээжтэй минь Библи ярьчихсан сууж байхыг хараад их гайхлаа. Гэмт хэрэгтэн гэдгийг нь би мэддэг болохоор яах гэж ирснийг нь зориглон асуув. Амьдралаа эрс өөрчилж Еховагийн Гэрч болсноо ярилаа. Англид очоод Еховагийн  Гэрчүүдтэй уулзаарай гэж захихад нь би ч амлав. Гэвч Англид ирээд би хуучин янзаараа амьдарсан юм.

Нэг өдөр Лондонгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд «Харуулын цамхаг» «Сэрцгээ!» сэтгүүл барьсан Гэрчтэй тааралдлаа. Анунциатод амласнаа санаж Библийн хичээл заалгамаар байгаагаа Гэрчид хэлэв.

Огт төсөөлж байгаагүй зүйлээ Библиэс мэдэж авсан юм. Жишээ нь, 1 Иохан 1:9-д «Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, ... биднийг цэвэрлэнэ» гэж байдгийг үзээд сэтгэл хөдөлсөн. Ёс журамгүй амьдралаа бодоод гутарч байсан надад энэ зүйл их хүчтэй нөлөөлсөн. Би шууд л Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явдаг болов. Гэрчүүд намайг халуун дотноор угтан авлаа. Тэд бие биетэйгээ дотно, нэг гэрийн улсууд шиг байсан. Би ийм орчинд байх юмсан гэж дандаа хүсдэг байж билээ.

Хар тамхи хэрэглэхээ больж, садар самуун амьдралаа орхиход тийм ч хэцүү байгаагүй. Харин зан чанараа өөрчлөхөд хэцүү байсан. Би хүнийг хүндэлж харьцаж, санаа тавьж сурах хэрэгтэйгээ ойлгов. Үнэнийг хэлэхэд, одоо ч муухай зан авиртайгаа тэмцдэг. Ехова надад тусалж, би өөрчлөгдөж байгаа. Библи судлаад 6 сарын дараа 1997 онд Еховагийн Гэрч болж баптисм хүртсэн.

ОДОО:

Баптисм хүртсэнийхээ дараа, Барбара гэдэг бүсгүйтэй гэрлэв. Барбара бас Гэрч болоод удаагүй байсан юм. Хуучны найз маань намайг их өөрчлөгдснийг хараад Библи судалж эхэлсэн. Удалгүй найз маань, бас эгч нь Гэрч болов. Бас эмээгийн эгч, 80 гарсан хэдий ч Библи судалж, нас барахаасаа өмнө баптисм хүртсэн.

Би одоо хуралдаа ахлагчаар үйлчилж байна. Эхнэр бид хоёр бүрэн цагаар үйлчилдэг. Лондонд итали хэлтэй хүмүүст Библи заадаг. Өмнө нь яаж амьдарч байснаа бодоод сэтгэл хямрах үед Барбара минь намайг тайвшруулдаг. Би одоо хүсэж мөрөөдөж байснаараа сайхан амьдарч байна. Надад хайр халамжтай Эцэг байна. Намайг ганцхан жил амар тайван, аз жаргалтай байлгаач гэж би Бурхнаас гуйсан. Бурхан надад хүссэнээс минь илүү ихийг өгсөн!

Би одоо хүсэж мөрөөдөж байснаараа сайхан амьдарч байна. Надад хайр халамжтай Эцэг байна