Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 4 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ | ЯАВАЛ АЖИЛДАА ДУРТАЙ БАЙХ ВЭ?

Яавал ажилдаа дуртай байх вэ?

Яавал ажилдаа дуртай байх вэ?

«Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг» (Номлогчийн үгс 3:13). Бурхан биднийг ажилдаа дуртай байгаасай гэж хүсдэг, бас яавал дуртай байх тухай Библид бичүүлсэн байдаг (Исаиа 48:17). Библид юу гэж байдгийг авч үзье.

АЖИЛ ХӨДӨЛМӨРТ ЗӨВ ХАНДААРАЙ

Та оюуны ажил, биеийн хүчний ажлын алийг нь ч хийдэг байсан «хөдөлмөр бүхэн ашиг авчирна» гэдгийг санаарай (Сургаалт үгс 14:23). Ашиг нь юу вэ? Нэгдүгээрт, хөдөлмөрч байдаг бол хэрэгцээт юмаа авч чадна. Бурхан, өөрийг нь чин сэтгэлээсээ шүтдэг хүмүүсийн хэрэгцээг хангана гэж амласан нь үнэн л дээ (Матай 6:31, 32). Гэхдээ зүгээр сууж болохгүй. Бурхан биднийг шударгаар хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг (2 Тесалоник 3:10).

Ажлыг зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж хэлж болно. Ажилтай байж л нэр төртэй амьдарна. 25 настай Жошуа: «Өөрийгөө болгоод явна гэдэг бол их том амжилт. Хэрэгтэй юмаа авч чадаж байвал ажилтай байхын утга учир тэр дээ» гэжээ.

Хоёрдугаарт, хөдөлмөрч хүн өөрийгөө хүндэтгэдэг. Ажил болгон амархан байхгүй нь үнэн. Гэхдээ залхмаар, ярвигтай ажлын ард гарахлаараа хүн баярладаг. Залхуурч, биеийн амрыг харж суулгүй өндөр хэм хэмжээ баримталсандаа тэр юм (Сургаалт үгс 26:14). Ажлаа хийсэн шиг хийвэл сэтгэл өег байдаг. Эхний өгүүлэлд гарсан Аарон: «Өдөржин ажиллачихаад гэртээ харих ч сайхан шүү. Хааяа ядардаг л даа. Бас хийсэн ажлыг маань хүмүүс анзаараагүй үе ч байдаг. Гэхдээ л ажлаа хийчихсэн гэж бодохлоор сайхан байдаг» хэмээн ярьсан юм.

 АЖИЛДАА ГАРШААРАЙ

Библид «ажилдаа чадмаг» эрэгтэй, «гараа хумхилгүй ажилладаг» эмэгтэйг магтаж бичсэн байдаг (Сургаалт үгс 22:29; 31:13). Хүн гэв гэнэт чадварлаг ажилчин болчихгүй нь ойлгомжтой. Харин ажилдаа гаршчихвал дуртай болно. Тиймээс чадварлаг ажилчин болохыг хичээх хэрэгтэй.

Ажлаа зөв сэдлээр хийвэл хүн ямар ч ажлыг дуртай хийнэ. Өөрөөр хэлбэл, ажилдаа гаршихын тулд яах ёстойгоо дандаа бодно гэсэн үг. 24 настай Уилиам: «Ажлаа сайн хийх гэж хамаг чадлаараа хичээгээд үр дүнг нь үзэхлээр сайхан байдаг шүү. Амарчлах юм уу оромдож хийвэл хэзээ ч тийм сайхан байхгүй» гэжээ.

БУСДАД ЯМАР ТУСТАЙГ БОДООРОЙ

Хэдэн төгрөгний цалин авахаа л бодоод байж болохгүй. Дараах асуултыг өөртөө тавиарай. «Би энэ ажлыг яагаад хийх хэрэгтэй вэ? Хийхгүй бол яах вэ? Буруу хийвэл юу болох вэ? Миний ажил бусдад ямар тустай вэ?»

Ялангуяа, сүүлийн асуулт их чухал. Яагаад гэвэл ажил нь бусдад үр шимээ өгч байгааг мэдэхлээр хүн ажилдаа дуртай болдог. «Өгөх нь авахаасаа илүү жаргал авчирдаг» гэж Есүс хэлсэн (Үйлс 20:35). Танаар үйлчлүүлж байгаа хүмүүс ажлын тань үр шимийг шууд хүртдэг. Бас ажил олгогчид тань тустай. Түүнчлэн, гэрийнхэнд тань болон гачигдалтай хүмүүст тустай.

Ар гэрийнхэнд. Өрхийн тэргүүн хөдөлмөрч бол гэрийнхэндээ ядаж хоёр ач тус хүртээдэг. Нэгдүгээрт, наад захын хэрэгцээт зүйл буюу хоол унд, хувцас хунар, орон байраар хангана. Ингэвэл Бурхны оноосон үүргийг биелүүлж «гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэнэ» (1 Тимот 5:8). Хоёрдугаарт, хөдөлмөрч хүн бусдад үлгэр жишээ болдог. Өмнөх өгүүлэлд гарсан Шэйн ингэж ярьсан юм. «Аав маань ажилч хичээнгүй байхын жишээ үзүүлдэг. Хөдөлмөрч, үнэнч шударга хүн дээ. Бараг насаараа мужаан хийсэн. Аав өөрийн гараар хөдөлмөрлөж, хүмүүст хэрэгтэй юм хийхийн үнэ цэнийг ойлгуулсан».

Гачигдалтай хүмүүст. Христийн дагалдагчид «гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд ... хөдөлмөрлөх» ёстой гэж элч Паул хэлсэн (Ефес 4:28). Хөдөлмөрч хүн өөрийнхөө болон гэрийнхнийхээ хэрэгцээг хангахаас гадна гачигдалтай хүнд туслах бололцоотой болдог (Сургаалт үгс 3:27). Тэгэхлээр ажлаа сайн хийдэг хүн өгөхийн жаргал эдэлдэг байх нь.

 ХИЙХ ЁСТОЙГООСОО ИХИЙГ ХИЙГЭЭРЭЙ

Алдарт «Ууланд айлдсан номлол»-доо Есүс: «Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв» гэж хэлжээ (Матай 5:41). Энэ зарчмыг яаж ажил хэрэг болгох вэ? Хийсэн болоод өнгөрөх биш, хийх ёстойгоосоо ихийг хийгээрэй. Ажлаа аль болох хурдан шуурхай, сайн хийхийг зориорой. Жижиг сажиг гэмээр юмыг ч чанартай хийгээрэй.

Хийх ёстойгоосоо ихийг хийвэл ажилдаа дуртай болно. Таныг албадсан учраас биш, та өөрийн хүслээр хийж байгаа учраас тэр юм (Филемон 14). Сургаалт үгс 12:24-т «Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол лазан гар албадлагын ажилчин болгож орхино» гэж байдаг. Боолын хөдөлмөр эрхэлдэг эсвэл албадлагын ажил хийдэг хүн өнөө цагт бараг байхгүй. Гэхдээ ажилдаа сэтгэл зүтгэл гаргахгүй бол хий гэснийг л хийдэг боолоос өөрцгүй. Сайн дураараа илүүг хийдэг хүн өөртөө эзэн болдог.

АЖИЛДАА ДҮН НУРУУТАЙ ХАНДААРАЙ

Хөдөлмөрч байх хэрэгтэй ч амьдралд ажлаас чухал юм бий. Шаргуу хөдөлмөрлөхийг Библид уриалдаг (Сургаалт үгс 13:4). Гэхдээ ажлын хэнээтэй байхыг буруушаадаг. Номлогчийн үгс 4:6-д «Хоёр гараар хоосон хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг гар тань сул амарч байсан нь дээр» (МБОХ, 2000) гэж байдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Хамаг цаг зав, хүч чадлаа ажилдаа зориулбал үр шимийг нь хүртэхгүй ч байж мэднэ. «Салхины хойноос хөөцөлдөж» байгаатай адил утгагүй болно.

Библийн зарчмыг хэрэгжүүлбэл ажилд дүн нуруутай хандаж сурна. Библид чадварлаг ажилчин болохыг уриалахаас гадна «илүү чухал юм нь юу болохыг магадал» гэж зөвлөдөг (Филиппой 1:10, ШЕ). Илүү чухал юм нь юу вэ? Гэр бүлийнхэн, найз нөхөддөө цаг гаргах чухал. Харин Библи уншиж, эргэцүүлэн Бурхантай дотно нөхөрлөх бүр ч чухал.

Аливаад дүн нуруутай ханддаг бол ажилдаа улам дуртай болно. Уилиам ингэж ярьсан юм. «Хуучин дарга маань ажилдаа их дүн нуруутай ханддаг хүн л дээ. Ажлаа сайн хийдэг болохоор үйлчлүүлэгчидтэйгээ дотно байдаг. Гэхдээ орой тараад ажлаа ардаа орхиж гэр бүлдээ, бас Бурхныг шүтэхэд цаг гаргадаг. Дарга маань миний мэдэх хамгийн жаргалтай хүн!»