Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2015 оны 1 сар 

 Уншигчдын Асуулт

Бурхныг хэн бүтээсэн бэ?

Бурхныг хэн бүтээсэн бэ?

Нэг эцэг долоон настай хүүтэйгээ ярилцаж байна гэж төсөөлье. Аав нь хүүдээ «Бурхан бүр дээр үед дэлхийг, бас дэлхий дээрх бүх юмыг, нар, сар, оддыг бүтээсэн» гэхэд хүү нь хэсэг зуур бодсоноо «Аав аа, Бурхныг хэн бүтээсэн юм бэ?» гэж асуув.

«Бурхныг хэн ч бүтээгээгүй. Бурхан угаасаа байсан юм» хэмээн аав нь хариулжээ. Тэр үед ингэж хариулахад нь хүүгийн сэтгэл ханалаа ч өсөж том болоод энэ тухай дахиж бодно. «Орчлонт ертөнц хүртэл эхлэлтэй биз дээ? Тэгвэл яагаад Бурханд эхлэл байдаггүй юм бэ? Бурхан хаанаас бий болсон юм бол оо?» гэсэн бодол төрнө.

Энэ тухай Библид юу гэж байдаг вэ? Дээрх жишээнд дурдсан эцгийнхтэй адил хариу бий. Мосе: «Өө, ЭЗЭН, ... уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан» гэж бичжээ (Дуулал 90:1, 2). Үүний нэгэн адил, зөнч Исаиа: «Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч» хэмээн хэлжээ (Исаиа 40:28). Бас «Иуда» номд Бурхныг «бүх цагаас өмнө» байгаа гэжээ (Иуда 25).

Бурхныг «Үеүдийн Хаан» гэж хэлсэн элч Паулын үгтэй дээр дурдсан Библийн зүйлүүд тохирдог (1 Тимот 1:17). Энэ нь цаг хугацааг хэчнээн ухраалаа ч Бурхан үргэлж байсан гэсэн үг. Ирээдүйд ч мөнхөд байна (Илчлэлт 1:8). Үүрд оршин байна гэдэг нь Төгс хүчит Бурхны нэг гол онцлог юм.

Үүнийг ойлгох яагаад амаргүй байдаг вэ? Хүний амьдрал богинохон учраас цаг хугацааг ойлгох ойлголт нь Еховагийнхаас тэс өөр байдаг. Мөнхөд оршдог Бурхны хувьд мянган жил нь нэг өдөртэй адил юм (2 Петр 3:8). Жишээ татъя. Ойролцоогоор 50 өдөр амьдардаг царцаа хүний амьдралын 70, 80 жилийг төсөөлж чадна гэж үү? Яалаа гэж! Бурхны хажууд хүн царцаа шиг өчүүхэн гэж Библид байдаг. Бидний сэтгэх чадварыг ч Бурхныхтай харьцуулахын аргагүй (Исаиа 40:22; 55:8, 9). Хүмүүс бид Еховагийн тухай бүхнийг бүрэн ойлгож чадахгүй нь гайхах хэрэг биш ээ.

Бурхан үүрд оршин байдгийг ойлгох амаргүй байж болох юм. Гэхдээ ингэж үзэх нь зүйд нийцнэ. Жишээ нь, Бурхныг хэн нэгэн бүтээсэн бол тэр нэгэн нь Бүтээгч байж таарна. Гэхдээ Библид Ехова Бурхныг «бүх юмсыг бүтээсэн» гэж тайлбарладаг (Илчлэлт 4:11). Түүнээс гадна, орчлонт ертөнц эхлэлтэйг бид мэднэ (Эхлэл 1:1, 2). Тэгвэл орчлонт ертөнц яаж бий болсон бэ? Орчлонт ертөнцийг бий болохоос өмнө Бүтээгч байсан гэж үзэх нь зүйтэй. Мөн бусад оюун ухаант бодгаль болох цорын ганц Хүү, тэнгэрийн элч нараас ч өмнө Бүтээгч байсан гэсэн үг (Иов 38:4, 7; Колоссай 1:15). Тэгэхлээр, Бурхан анх ганцаараа байсан нь тодорхой байна. Бурхныг бүтээсэн хэн ч, юу ч байгаагүй.

Хүмүүн төрөлхтөн, орчлонт ертөнц оршин байгаа нь Бурхан мөнхөд байдгийн баталгаа юм. Хязгааргүй уудам огторгуйг хөдөлгөж, хуулийг нь санаачилсан Нэгэн үргэлж байсан нь гарцаагүй. Гагцхүү Бурхан л бүгдэд амь өгсөн (Иов 33:4).

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Бурхны тухай үнэн

Бурхан танд хувьчлан санаа тавьдаг болов уу? Түүний зан чанарыг, түүнтэй хэрхэн дотно болж болохыг мэдэж аваарай.