Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 10 сар 

 БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Өөрийгөө л бодож амьдардаг байлаа

Өөрийгөө л бодож амьдардаг байлаа
  • ТӨРСӨН ОН: 1951

  • УЛС: ГЕРМАН

  • ӨМНӨ НЬ: БАРДАМ ЗАНТАЙ, ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗҮТГЭДЭГ БАЙСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Намайг бүр жаахан байхад манайх Зүүн Германы Лайпциг хотын ойролцоо, Чех, Польш улсын хилээс холгүй байлаа. Зургаан настай байхад аав маань Бразил, дараа нь, Эквадор улсад очиж ажиллахаар болсон тул манайх тийшээ нүүсэн юм.

Намайг 14-тэй байхад Германы дотуур байртай сургуульд шилжүүлэв. Аав ээж хоёр надаас хол, Өмнөд Америкт байсан болохоор би бие дааж сурсан. Би өөртөө хэтэрхий итгэлтэй болов. Хийсэн үйлдэл маань хүнд яаж нөлөөлж байсныг бараг боддоггүй байв.

Аав ээж хоёр намайг 17-той байхад Германд буцаж ирлээ. Бид хамт амьдардаг болов. Гэвч өөрийнхөөрөө байгаад сурчихсан болохоор аав ээжтэйгээ нэг дор байх аргагүй байлаа. Тэгээд 18-тайдаа тусдаа гарсан юм.

Юуны төлөө амьдрах вэ гэсэн бодол намайг их зовоов. Тэгээд хүмүүсийн аж амьдрал, янз бүрийн байгууллагын үйл ажиллагааг ажиглаад, байгаль дэлхийгээ устаж үгүй болохоос нь өмнө судлахад амьдралаа зориулах нь хамгийн зөв юм байна гэж бодох болсон.

Би нэг мотоцикл худалдаж авлаа. Тэрнийгээ унаад Германыг орхин Африкийг зорилоо. Гэвч мотоциклоо засуулах хэрэг гарч Европ руу буцаж явав. Тэгээд би Португал улсын нэг далайн эрэг дээр оччихоод байж байхдаа мотоциклоор биш, усан онгоцоор аялахаар шийдсэн юм.

Атлантын далайгаар аялахаар зэхэж байсан хэсэг залуустай нийлэв. Тэнд би ирээдүйн хань Лоритойгоо учирсан юм. Бид усан онгоцоор Карибын тэнгисийн арлууд руу явлаа. Дараа нь Пуэрто Рикод оччихоод төд удалгүй Европт буцаж ирсэн юм. Лори бид хоёр амьдрахад ая тухтай моторт завь хайж байлаа. Гэтэл бодож төлөвлөж байсан зүйл маань гуравхан сарын дотор талаар болох нь тэр. Би Германд цэргийн алба хаахаар болов.

Германы усан цэргийн флотод зүтгээд 15 сар боллоо. Тэр үед би Лоритойгоо гэрлэсэн юм. Өмнө нь төлөвлөж байснаараа аялж амьдрах бэлтгэлээ базаалаа. Цэрэгт татагдахын өмнөхөн бид аврах завь худалдаад авчихсан байсан юм. Цэргийн алба хааж байхдаа завиа бага багаар  засаж янзлан авсаархан дарвуулт завь болгов. Бид завиндаа амьдраад дэлхийг тойрно гэж бодож байлаа. Цэргийн алба хаачихаад, завиа янзалж дуусгах гэж байхдаа Еховагийн Гэрчүүдтэй танилцаж, Библи заалгадаг болсон юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Би эхэндээ, их юмаа өөрчлөх хэрэгтэйгээ ухаараагүй л дээ. Хамт амьдарч байсан бүсгүйтэйгээ гэрлэчихсэн, тамхиа ч хаячихсан байв (Ефес 5:5). Бурхны гайхалтай бүтээлүүдийг судлахад амьдралаа зориулах учир дэлхийг тойрох гэсэн санаагаа буруу юм биш гэж бодож байлаа.

Гэвч үнэн хэрэгтээ, би зан чанараа өөрчлөх хэрэгтэй байсан. Авьяас чадвар, гаргасан амжилтдаа эрддэг, бардам зантай, өөртөө хэтэрхий итгэлтэй байв. Өөрийгөө л бодож амьдардаг байлаа.

Нэг өдөр Есүсийн «Ууланд айлдсан номлол»-ыг уншсан юм («Матай» номын 5–7-р бүлэг). Аз жаргалын талаар хэлсэн Есүсийн үгийг анх ойлгодоггүй байв. Жишээлбэл, Есүс өлсөж, цангадаг хүмүүс жаргалтай гэж хэлсэн байдаг (Матай 5:6). Өлсөж, цангаж байж яаж жаргалтай амьдарч чадах юм бол гэж бодож билээ. Хүн Бурхныг таньж мэдэх, шүтэх хэрэгцээтэй гэдгийг Библи заалгах тусам ойлгосон. Гэхдээ хүн тийм хэрэгцээтэйгээ даруухнаар хүлээн зөвшөөрч байж л тэр хэрэгцээгээ хангана гэдгийг ухаарсан. «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг [Бурхныг таньж мэдэх хэрэгтэйгээ ойлгодог] хүмүүс жаргалтай» гэж Есүс хэлсэн шүү дээ (Матай 5:3, ШЕ).

Лори бид хоёр Германд Библи заалгаад удаагүй байхдаа Франц руу, дараа нь Итали руу явсан юм. Хаана ч очсон бид Еховагийн Гэрчүүдтэй тааралдаж байсан. Нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж, эв нэгдэлтэй байгааг нь хараад миний сэтгэл их хөдөлж билээ. Еховагийн Гэрчүүд бие биетэйгээ ах дүү шиг харьцдагийг би өөрийн биеэр үзсэн (Иохан 13:34, 35). Яваандаа эхнэр бид хоёр баптисм хүртэж, Еховагийн Гэрч болсон юм.

Баптисм хүртсэнийхээ дараа ч зан чанараа өөрчлөх гэж их хичээсэн дээ. Эхнэр бид хоёр завиндаа суугаад Африкийн эрэг дагуу аялж Атлантын далайг гатлаад АНУ-д очихоор шийдэв. Зах хязгаар нь үл харагдах их усан дунд жижигхэн завиар хоёулхнаа явахдаа, хүн гэгч агуу Бүтээгчийнхээ хажууд ямар өчүүхэн юм бэ дээ гэж бодсон. Цаг зав ихтэй байсан болохоор хамаг цагаа Библи уншиж өнгөрөөдөг байлаа. Ялангуяа, Есүсийн дэлхий дэх амьдрал зүрх сэтгэлийг минь их хөдөлгөсөн. Есүс миний төсөөлж байгаагаас ч хавьгүй илүү авьяас чадвартай, төгс хүн байсан хэрнээ хүний анхаарлыг өөртөө огт татдаггүй байв. Есүс өөрийгөө биш, тэнгэрийн Эцгээ бодож амьдардаг байсан.

Бурхны Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавих хэрэгтэйгээ ухаарсан

Есүсийн жишээг эргэцүүлэн бодох тусам хүссэн юмаа хийх гэж зүтгэн тэрнийгээ зөв юм хийж байна гэж бодох биш, Бурхны Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавих хэрэгтэйгээ ухаарсан (Матай 6:33). Лори бид хоёр АНУ-д очоод цаашид аялахаа болиод тэндээ суурьшиж, Еховад үйлчлэхийг анхаарах болов.

ОДОО:

Урьд нь би өөртөө найддаг байхдаа, юмыг зөв шийдсэн эсэхдээ эргэлздэг байсан. Харин одоо амьдралыг маань удирдаж чиглүүлэх мэргэн ухааны эх булгийг олчихоод байна (Исаиа 48:17, 18). Бас Бурхнаа шүтэж, Бурхны тухай мэдэхэд нь хүмүүст тусалж явна. Амьдрал маань урьдынхаасаа илүү утга учиртай болсон.

Библийн зарчмыг хэрэгжүүлээд эхнэр бид хоёрын харьцаа илт сайжирсан. Бид нэг хөөрхөн охинтой. Охин маань Еховаг мэддэг, хайрладаг болж өссөн нь бас нэг ивээл юм.

Амьдралын маань зам дандаа дардан байгаагүй. Гэхдээ бид Ехова Бурхны тусламжтайгаар тууштай үйлчилж, өөрт нь үргэлж найдаж байя гэж шийдсэн (Сургаалт үгс 3:5, 6).