Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 10 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХНЫ ХААНЧЛАЛ—ТАНД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Бурхны Хаанчлал—Есүст яагаад чухал байсан бэ?

Бурхны Хаанчлал—Есүст яагаад чухал байсан бэ?

Есүс дэлхий дээр байхдаа олон зүйлийг заадаг байсан. Жишээ нь, тэрбээр яаж залбирах, яавал Бурхны таалалд нийцэж, жинхэнэ аз жаргалыг олох тухай заадаг байсан (Матай 6:5–13; Марк 12:17; Лук 11:28). Гэхдээ Есүс маш чухал нэг сэдвээр буюу Бурхны Хаанчлалын тухай их ярьдаг байв (Лук 6:45).

«Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлэхэд» Есүс амьдралаа зориулсан гэж өмнөх өгүүлэлд дурдсан билээ (Лук 8:1). Тэрбээр хамаг хүчээ дайчлан Израиль орноор хөндлөн гулд явж, олон зуун километр аялж Бурхны Хаанчлалыг тунхагласан. Есүсийн үйлчлэлийн тухай бичсэн Евангели номд Хаанчлал гэдэг үг 100 гаруй удаа гардаг. Тэдгээрийн ихэнхийг нь Есүс хэлсэн. Харин Бурхны Хаанчлалын тухай Есүсийн хэлж яриагүй юм олон бий (Иохан 21:25)

Есүс дэлхийд байхдаа яагаад Хаанчлалын тухай ингэж их ярьдаг байсан юм бол? Бурхан энэхүү Хаанчлалын Хаанаар өөрийг нь өргөмжилснийг тэрбээр мэдэж байсан (Исаиа 9:6; Лук 22:28–30). Гэхдээ Есүс засгийн эрхийг авах гэж улайрах юм уу өөрийгөө гайхуулахгүй гээгүй (Матай 11:29; Марк 10:17, 18). Тэрбээр өөрийнхөө эрх ашгийн төлөө Хаанчлалыг тунхаглаагүй. Хайртай тэнгэрийн Эцэг, үнэнч дагалдагчдынх төлөө их юм хийх учир Есүс хэзээ ямагт Бурхны Хаанчлалд * анхаарлаа хандуулдаг.

ХААНЧЛАЛ ЕСҮСИЙН ЭЦГИЙН ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ ВЭ?

Есүс тэнгэрийн Эцэгтээ их хайртай (Сургаалт үгс 8:30; Иохан 14:31). Тэрбээр Эцгийнхээ хайрыг, өрөвч, шударга гэх мэт сайхан зан чанаруудыг биширдэг (Дэд хууль 32:4; Исаиа 49:15; 1 Иохан 4:8). Тийм учраас Бурхан хүмүүсийг зовж байгаад огт санаа зовдоггүй, харин ч зовоосой гэж хүсдэг гэсэн худал үгийг сонсоод тэвчдэггүй. «Хаанчлалын сайн мэдээг» идэвхтэй тунхаглаж байсных нь учир энэ юм. Цаг нь болохоор Бурхны Хаанчлал Эцгийнх нь нэр хүндийг өргөх байв (Матай 4:23; 6:9, 10). Яаж тэр вэ?

Ехова хүн төрөлхтний төлөө Хаанчлалаараа их юмыг өөрчилнө. Үнэнч хүмүүсийн «нүднээс нулимс бүрийг нь арчина». Нулимс унагахад хүргэдэг бүхнийг үгүй хийнэ гэсэн үг. «Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэлт 21:3, 4). Хаанчлалаар дамжуулан Бурхан хүн төрөлхтний бүх зовлонг арилгана. *

 Есүс Хаанчлалыг идэвхийлэн тунхагладаг байсанд гайхах хэрэггүй. Эцэг нь хэчнээн их хүчтэй, хэчнээн их өрөвч сэтгэлтэй нь Хаанчлал захирахад харагдана гэдгийг тэрбээр мэдэж байв (Иаков 5:11). Мөн хайртай, үнэнч хүмүүст нь ач тус хүртээнэ гэдгийг ч Есүс мэддэг байсан.

ХААНЧЛАЛ ҮНЭНЧ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ ВЭ?

Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт Эцэгтэйгээ хамт байсан. Тэрбээр Эцэгтэйгээ хамт тоо томшгүй одод түгсэн тэнгэр огторгуй, манай үзэсгэлэнт гариг, түүнд орших араатан амьтад бүхнийг бүтээсэн (Колоссай 1:15, 16). Энэ бүхнээс гадна Есүс хүн төрөлхтнийг хараад «бахдан» баярлаж байв (Сургаалт үгс 8:31).

Есүс хүн төрөлхтөнийг хайрладаг нь хэрхэн үйлчилж байснаас нь харагддаг. Тэрбээр анхнаасаа л «сайн мэдээг ядууст дэлгэрүүлэхийн тулд» дэлхийд ирсэн гэдгээ хэлж байсан (Лук 4:18). Есүс хүмүүст тусална гэж ярихаас илүүг хийж, хүн төрөлхтөнд хайртайгаа харуулдаг байв. Жишээлбэл, үгийг нь сонсохоор асар олон хүн цугларахад Есүс «тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээсэн» (Матай 14:14). Хүсвэл өөрийг нь Есүс эдгээж чадна гэдэгт өвчиндөө шаналсан нэгэн хүн итгэжээ. Есүс хайрандаа хөтлөгдөн «Би хүсэж байна. Цэвэрш» гэж хэлээд түүнийг эдгээсэн (Лук 5:12, 13). Ахынхаа хойноос гашуудаж байгаа Мариаг хараад Есүс «гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж ... уйлдаг» (Иохан 11:32–36). Дараа нь, санаанд оромгүй юм хийжээ. Үхээд дөрөв хоносон Лазарыг амилуулав! (Иохан 11:38–44)

Тухайн үед гайхамшиг үйлдэн өвчтнийг эдгээж, нас барсныг амилуулж байсан нь түр зуурын ач холбогдолтой байсан. Эдгээж, амилуулж байсан хүмүүс нь эрт орой хэзээ нэгэн цагт өвдөж, нас барна гэдгийг Есүс ойлгож байсан. Харин Бурхны Хаанчлал энэ бүх асуудлыг бүрмөсөн шийднэ гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас Есүс зөвхөн гайхамшиг үйлдэх биш, «хаанчлалын сайн мэдээг» идэвхийлэн тунхагласан (Матай 9:35). Бурхны Хаанчлал удахгүй дэлхий дахинд юу хийхийг Есүсийн үйлдсэн гайхамшиг харуулж байлаа. Ирээдүйд юу болох тухай Библиэс үзэцгээе.

  •  Өвчин эмгэг гэж байхгүй болно.

    «Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно. Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна». «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно» (Исаиа 33:24; 35:5, 6).

  • Үхэл хагацал гэж байхгүй болно.

    «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

    «Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» (Исаиа 25:8).

  • Нас барагсад амилна.

    «Булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирнэ» (Иохан 5:28, 29).

    «Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15).

  • Орон гэргүй, ажилгүй хүмүүс гэж байхгүй болно.

    «Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. ... Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө» (Исаиа 65:21, 22).

  •  Дайн дажин гэж байхгүй болно.

    «Тэрбээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог» (Дуулал 46:9).

    «Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» (Исаиа 2:4).

  • Хоол хүнсний хомсдол гэж байхгүй болно.

    «Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг» (Дуулал 67:6).

    «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай» (Дуулал 72:16).

  • Ядуурал гэж байхгүй болно.

    «Гачигдагсад үүрд мартагдахгүй» (Дуулал 9:18).

    «Тэрбээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна. Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд Гачигдагсдын амийг аврах болно» (Дуулал 72:12, 13).

Бурхны Хаанчлалын амласан эдгээр амлалтыг мэдээд та Есүсийн хувьд Хаанчлал хэр чухал байсныг ойлгов уу? Дэлхийд байхдаа Есүс өөрийг нь сонсох хүн бүрд Бурхны Хаанчлалын тухай ярих дуртай байсан. Учир нь Хаанчлал өнөөдрийн бидний амсаж байгаа бүх зовлон бэрхшээлийг арилгах юм.

Бурхны Хаанчлалын амласан бүхнийг биелэхийг та үзмээр байна уу? Яавал Хаанчлалын тухай илүү ихийг мэдэж болох вэ? Ивээл хишгийг нь хүртэхийн тулд та яах ёстой вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээс мэдэж аваарай.

^ д/м 5 Есүс амилаад тэнгэрт байгаа. Хаанчлал одоо ч түүний хувьд чухал (Лук 24:51).

^ д/м 8 Бурхан хүн төрөлхтнийг хэсэг хугацаанд зовохыг зөвшөөрсний учрыг Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 11-р бүлгээс уншина уу. Бас www.jw.org сайтаас татаж авах боломжтой.