Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 7 сар 

 БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Тэд асуусан болгонд минь Библиэс хариулсан

Тэд асуусан болгонд минь Библиэс хариулсан
  • ТӨРСӨН ОН: 1950

  • УЛС: ИСПАНИ

  • ӨМНӨ НЬ: КАТОЛИК САНВААРТАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Намайг төрөхөд аав ээж хоёр маань Испанийн баруун хойно байдаг Галисиа мужийн нэг тосгонд жижиг аж ахуй эрхэлдэг байсан юм. Бид ах дүү наймуулаа, би айлын дөрөв дэх нь байлаа. Манайхан бие биетэйгээ их дотно байсан. Тэр үед Испанид айл болгоны ядаж нэг хүүхэд шашны сургуульд явдаг байсан. Манайхаас гурван хүүхэд тийм сургуульд оров.

Би 13-тайдаа эгчтэйгээ хамт Мадридийн шашны сургуульд орсон юм. Тэндхийн хүмүүс их хүйтэн хөндий, бие биетэйгээ нөхөрсөг харьцдаггүй байв. Дүрэм журам мөрдөх, залбирах, захирах тушаахаас өөр юм байхгүй. Өглөө эрт босож сүмд цуглан бясалгадаг байв. Би юу ч боддоггүй байсан. Дараа нь дуу дуулж, Мисаг тэмдэглэнэ. Сүмийн бүх ёслолыг латин хэлээр хийдэг болохоор би юу ч ойлгодоггүй байсан. Бурхан надаас тэртээ хол байгаа юм шиг санагддаг байлаа. Өдөр болгон чив чимээгүй. Эгчтэйгээ тааралдвал «Гэгээн Мариад алдар нь байх болтугай» гэж л хэлдэг байсан. Санваартнууд биднийг үдийн хоолны дараа 30-хан минут ярихыг зөвшөөрдөг байв. Аав ээж ах дүү нартайгаа сайхан амьдарч байсныгаа санан ганцаардаж уйлдаг байж билээ.

Би өөрийгөө Бурхантай ойр байдаг гэж бодож байгаагүй ч 17 насандаа санваартан болов. Хий гэснийг нь хийдэг байсан ч өөрийгөө Бурхны сонгосон хүн гэдэгт эргэлзэж байлаа. Эргэлзээд байвал тамд унана гэж санваартан эгч нар хэлдэг байж билээ. Харин би эргэлзсээр л байв. Есүс Христ зожгирч байгаагүй, харин ч хүмүүст тусалж, зааж сургадаг байсныг мэддэг байлаа (Матай 4:23–25). Хорь хүрээд санваартан байхын хэрэг байна уу гэж бодох болсон. Тэргүүн эх: «Чамд салаа зам дээр зогсож байгаа юм шиг санагдаад байгаа бол эндээс эртхэн явсан чинь дээр дээ» гэсэн юм. Намайг бусдадаа нөлөөлчих вий гэж айсан байх л даа. Ингээд би явсан.

Гэртээ харихад аав ээж хоёр минь намайг сайхан угтаж аван их халамжилсан. Гэхдээ манай тосгонд ажил  олдохгүй болохоор нь би Герман руу цагаачилж дүү дээр очсон юм. Дүү маань цагаач испаничуудын коммунист бүлэглэлийн гишүүн байсан. Ажилчид, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцдэг тэр хүмүүст би их амархан дассан учраас өөрөө ч коммунист болов. Тэгээд бүлэглэлийнхээ гишүүнтэй гэрлэсэн юм. Суртал ухуулгын хэвлэл тарааж эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцон хэрэгтэй юм хийж байна гэж санаж явлаа.

Гэвч дараа нь дахиад л урам хугарсан юм. Коммунистууд ухуулан сурталчилдаг юмаа өөрсдөө хийдэггүй юм шиг санагдах болов. 1971 онд манай бүлэглэлийн хэдэн залуу Франкфурт хот дахь Испанийн Консулын газрыг галдан шатаасан юм. Тэгэхэд би ер нь зөв юманд яваад байна уу гэж бодох боллоо. Уг нь тэд Испани улс дахь дарангуйлал болон шударга бус байдлыг эсэргүүцэх гэж ийм юм хийсэн ч бухимдлаа ингэж илэрхийлэх нь надад буруу юм шиг санагдсан.

Анхны хүүхдээ төрөхөд, би коммунистуудын хурал цуглаанд явахаа болино гэдгээ нөхөртөө хэллээ. Хуучин найзуудаас маань хэн нь ч хүү бид хоёр дээр ирээгүй болохоор би их ганцаардаж байв. «Би ер нь юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Нийгмийн байдлыг сайжруулах гэж зүтгэхийн хэрэг байна уу?» гэж бодогдох боллоо.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

1976 онд испани Гэрч хос манайд ирээд Библид үндэслэсэн ном хэвлэл өгье гэхэд нь би авлаа. Хоёр дахь удаа ирэхэд нь би тэднээс зовлон зүдүүр, тэгш бус байдал, шударга бус явдлын тухай асуултаар булж гарав. Асуусан болгонд минь Библиэс хариулахад нь би их гайхаж билээ. Тэгээд шууд л Библи заалгахаар болсон юм.

Анхандаа би зөвхөн мэдлэг эзэмшихийг л боддог байлаа. Харин нөхөртэйгөө хоёул Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын танхимд очиж цуглаанд суудаг болсноос хойш энэ бодол маань өөрчлөгдсөн. Тэгэхэд манайх хоёр хүүтэй байсан юм. Цуглаанд очиход бид дөрвийг Гэрчүүд халуунаар угтан авч, цуглааны үеэр хүүхдүүдийг маань хардаг байв. Би ч Гэрчүүдэд их дуртай болсон.

Цуглаанд очих сайхан байсан ч аль шашин нь зөв бэ гэдгийг мэдэхгүй байлаа. Би Испанид байгаа гэрийнхэн дээрээ очихоор шийдэв. Санваартан авга ах маань намайг Библи судлахаа боль гэж ятгасан. Харин нутгийн Гэрчүүд надад их дэмжлэг болсон. Германд байсан Гэрчүүдийн адилаар асуултад минь Библиэс хариулж байлаа. Би Германд буцаж ирээд Библиэ үргэлжлүүлэн заалгав. Нөхөр маань Библи судлахаа больсон ч би болиогүй. Тэгээд 1978 онд би Еховагийн Гэрч болж баптисм хүртсэн юм.

ОДОО:

Библид байдаг үнэнийг зөв ойлгосныхоо ачаар амьдрал минь утга учиртай болсон. Жишээ нь, 1 Петр 3:1–4-т нөхрөө хүндлэн, «захирагдаж», «Бурханы өмнө асар үнэтэй» зан чанар болох даруу, дөлгөөн зантай болохыг эхнэрүүдэд уриалсан байдаг. Библийн зөвлөгөөг хэрэгжүүлснийхээ ачаар сайн эхнэр, бас сайн ээж болсон.

Би Гэрч болоод 35 жил болж байна. Дэлхий дахины ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн Бурханд үйлчилж байгаадаа баярлаж явдаг. Бас таван хүүхдийн маань дөрөв нь Еховад үйлчилдэгт сэтгэл дүүрэн байдаг.