Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 4 сар 

 ОНЦЛОХ СЭДЭВ

Бурхан таны төлөө юу хийсэн бэ?

Бурхан таны төлөө юу хийсэн бэ?

«Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» (Иохан 3:16).

Энэ бол хүмүүс хамгийн сайн мэддэг, хамгийн их иш татаж хэлдэг Библийн зүйлүүдийн нэг юм. «Бурхан хүн төрөлхтөнтэй хэрхэн харьцдагийг, авралд хүрэх замыг үүн шиг товч тодорхой хэлсэн Библийн зүйл байдаггүй» гэлцдэг. Тийм учраас зарим оронд энэ ишлэлийг эсвэл зүгээр «Иохан 3:16» гэж бичээд олон нийтийн арга хэмжээн дээр уриа лоозон болгож тавих юм уу машин дээр наадаг. Мөн ханан дээр ч бичсэн харагддаг. Ер нь хаа сайгүй байдаг.

Энэ зүйлийг ингэж энд тэндгүй бичдэг хүмүүс хайрын Бурхан өөрсдийг нь аварна гэж боддог биз ээ. Харин та юу гэж боддог вэ? Бурхан хүнийг хайрладаг гэвэл танд ямар санагдаж байна вэ? Бурхан танд хайртайгаа батлан юу хийсэн гэж та боддог вэ?

«БУРХАН ЕРТӨНЦИЙГ ҮНЭХЭЭР ХАЙРЛАСАН»

Орчлонт ертөнц, амьд байгаль, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн гэж олон хүн боддог. Амьд бие организм маш нарийн бүтэцтэй учир агуу мэргэн ухаантай Нэгэн бүтээсэн байж таарна. Амь өгсөнд нь Бурханд өдөр бүр талархдаг хүн олон бий. Амьд байхад зайлшгүй шаардлагатай агаар, ус, хоол хүнс болон амьдарч ажиллахад хэрэгтэй байгаль дахь түмэн бодисын нарийн уялдааг Бурхан бий болгосныг тэд хүлээн зөвшөөрдөг.

Энэ бүхнийг өгсөнд нь бид Бурхандаа талархдаг. Учир нь тэрбээр Бүтээгч, Тэтгэгч билээ (Дуулал 104:10–28; 145:15, 16; Үйлс 4:24). Амьд байхад маань  хэрэгцээтэй бүхнийг хийж өгснийг бодохлоор бид Бурхны хайрыг мэдэрдэг. Энэ тухай элч Паул: «[Бурхан] амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг. ... Бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог» гэж хэлжээ (Үйлс 17:25, 28).

Бурхан бие махбодын хэрэгцээг маань хангахаас илүү ихийг хийж хайраа илэрхийлдэг. Бурхан биднийг, амьтнаас ялгаатай нь, өөртэй нь дотно харьцаа тогтоох хэрэгцээтэйгээр бүтээж, тэр хэрэгцээгээ хангахад маань тусалдаг. (Матай 5:3). Бурханд дуулгавартай хүмүүс Бурхны «хүүхдүүд» болж гэр бүлд нь багтах ирээдүйтэй (Ром 8:19–21).

Иохан 3:16-д цааш нь, Бурхан Хүүгээ илгээж хайраа илэрхийлсэн хэмээн бичсэн байдаг. Есүс бидэнд өөрийн Бурхан буюу Эцгийнхээ тухай зааж, бидний төлөө амиа өгсөн. Гэхдээ хүн төрөлхтний төлөө Есүс яагаад үхэх ёстой байсан, үүнийг яагаад Бурхны хайр гэдгийг ойлгоход хэцүү байна гэж хэлдэг хүн олон байдаг. Есүсийн нас барсны учрыг болон ач холбогдлыг Библид юу гэж тайлбарладгийг үзэцгээе.

«ЦОРЫН ГАНЦ ХҮҮГЭЭ ӨГСӨН»

Хүн төрөлтөн өвдөж, хөгширч, эцэстээ үхдэг. Гэхдээ энэ нь Ехова Бурхны санаж сэдсэн юм биш байсан. Анхны хүмүүсийг дэлхий дээр сайхан орчинд мөнх амьдруулах санаатай байв. Гэхдээ тэд Бурханд дуулгавартай байх гэсэн болзлыг хангах учиртай байжээ. Хэрэв дуулгаваргүй байвал үхнэ гэж Бурхан хэлсэн (Эхлэл 2:17). Анхны хүн Бурхны эсрэг тэрслэн босож өөрөө ч үхсэн, үр удамдаа ч үхэл тарьсан. «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж элч Паул бичсэн (Ром 5:12).

Гэвч Бурхан «шударга ёсыг хайрладаг» (Дуулал 37:28). Анхны хүний санаатай үйлдсэн нүглийг тоохгүй өнгөрөөх аргагүй ч нэг хүний дуулгаваргүй байдлаас үүдэлтэй зовж зүдрэх, үхэх ялыг Бурхан бүх хүнд үүрд мөнх оноогоогүй. Харин «амийг амиар» гэсэн шударга зарчмыг баримтлан дуулгавартай хүмүүст мөнх амьдрах боломж өгсөн (Египетээс гарсан нь 21:23). Тэгвэл Адамын алдсан төгс амийг хэрхэн олж авах байсан бэ? Адамын алдсан амьтай тэнцүү төгс амийг хэн нэг хүн золиослох шаардлагатай байв.

Есүс амиа золиослон хүн төрөлхтнийг нүгэл ба үхлээс аврахын тулд дэлхийд ирсэн

Адамын үр удмаас нэг ч хүн энэ үнийг төлж чадахгүй. Харин Есүс төлж чадах байв (Дуулал 49:6–9). Нүгэл өвлөж төрөөгүй учир Есүс Адамын адил төгс байсан. Есүс амиа золиослон хүн төрөлхтнийг нүглийн боолчлолоос чөлөөлсөн. Ийнхүү тэрбээр Адам Ева хоёрт нэгэн үе байсан төгс амьтай болох боломжийг хүмүүст олгосон (Ром 3:23, 24; 6:23). Агуу хайрандаа хөтлөгдөн Бурхны авсан  энэ арга хэмжээнээс ач тус хүртье гэвэл бид яах хэрэгтэй вэ?

«ХҮҮД ИТГЭГЧ ХЭН Ч»

Иохан 3:16-д «[Есүст] итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэсэн байдгийг саная. Тэгэхлээр мөнх амийн бэлгийг авахын тулд болзол хангах хэрэгтэй байх нь. «Мөнх амьтай болохын» тулд бид Есүст итгэж дуулгавартай байх шаардлагатай.

«Есүс дуулгавартай байх тухай яриагүй шүү дээ. „Хүүд итгэгч“ хүн бүр мөнх амьдарна гэсэн биз дээ?» гэж та гайхах байх. Тийм ээ, итгэлтэй байх нь чухал. Гэхдээ энэ нь Есүс гэдэг хүн байсан гэдэгт итгэхээс илүү ихийг хэлдэг. Вайны «Хуучин ба Шинэ Гэрээний үгийн тайлбар толь»-ийг үзвэл Иоханы хэрэглэсэн энэ үг эх хэлээрээ «зүгээр нэг итгэх биш, найдах» гэсэн утгыг илэрхийлдэг аж. Бурхны сайшаалыг хүлээхийн тулд хүн Есүсийг аврагч гэж ухамсарлахаас илүү ихийг хийх ёстой. Итгэгч хүн Есүсийн заасныг биелүүлэх гэж чин сэтгэлээсээ хичээх учиртай. Үйл хэргээр батлагдаагүй бол итгэлтэй гэж хэлэх аргагүй. «Үйлсгүй итгэл ... үхмэл» гэж Библид байдаг (Иаков 2:26). Өөрөөр хэлбэл, итгэгч хүн Есүст итгэж итгэлийнхээ дагуу амьдрах учиртай.

Үүнийг элч Паул тайлбарлан «Нэг нь [Есүс] бүх хүний төлөө үхсэн ... гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой» гэж бичжээ (2 Коринт 5:14, 15). Есүсийн золиосонд чин сэтгэлээсээ талархдаг хүн хувиа хичээсэн амьдралаа орхиж өөрийнх нь төлөө амиа өгсөн Есүсийн төлөө амьдрахаар шийддэг. Өөрөөр хэлбэл, Есүсийн заасны дагуу амьдрахыг чухалд үздэг. Ийм хүн юуг үнэ цэнэтэйд тооцдогоо, юу сонгохоо болон бүхий л үйл хэргээ өөрчилдөг. Есүст итгэж, итгэлийнхээ дагуу амьдардаг хүн ямар ивээл хүртэх вэ?

«МӨХӨХГҮЙ, ХАРИН МӨНХ АМЬТАЙ БОЛОХ ЮМ»

Золиосонд итгэж, тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу амьдардаг хүнд Бурхан юу гэж амласныг Иохан 3:16-гийн сүүлд бичсэн. Ийм үнэнч хүн «мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм». Бурхны хайр ивээлийг хүртэх хүмүүс өөр өөр газар мөнх амьдрах аж.

Есүс хэсэг хүмүүсийг тэнгэрт мөнх амьдруулна хэмээн амласан. Тэрбээр үнэнч шавь нарынхаа төлөө байр бэлдэж байгаагаа тодорхой хэлсэн. Тэд Есүстэй хамт цог жавхлантайгаар захирна (Иохан 14:2, 3; Филиппой 3:20, 21). Тэнгэрт амилах хүмүүс «Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно» (Илчлэлт 20:6).

Христийн дагалдагчдаас цөөн тооны хүн л ийм завшаан эдэлнэ. Тийм ч учраас Есүс: «Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм» (Лук 12:32). «Өчүүхэн сүрэгт» хэдэн хүн багтах вэ? Илчлэлт 14:1, 4-т «Харагтун, [тэнгэрт орших] Сион уулан дээр Хурга [амилсан Есүс Христ] зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. ... Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ» гэж бичсэн. Урьд өмнө нь амьдарч байсан өчнөөн тэрбум хүнтэй харьцуулбал 144 000 хүн үнэхээр «өчүүхэн сүрэг» юм. Эдгээр хүмүүс хаан болоод хэнийг захирах вэ?

Үнэнч өөр бүлэг хүмүүс тэнгэрийн Хаанчлалын дор ивээл хүртэх тухай Есүс ярьсан. Тэрбээр Иохан 10:16-д «Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно» гэж хэлсэн байдаг. Эдгээр «хонь» Адам Ева хоёрын анх өвөрлөж байсан найдварын адил, дэлхий дээр мөнх амьдрах  найдвар өвөрлөдөг. Тэднийг дэлхий дээр амьдрах ирээдүйтэй гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

Дэлхий диваажин болно гэж Библид олон удаа дурдсан байдаг. Та Библиэ нээгээд дараах зүйлийг уншаарай: Дуулал 37:9–11; 46:8, 9; 72:7, 8, 16; Исаиа 35:5, 6; 65:21–23; Матай 5:5; Иохан 5:28, 29; Илчлэлт 21:4. Эдгээр нь дайн, өлсгөлөн, өвчин, үхэл гэж байхгүй болох тухай зөгнөл юм. Бас зөв шударга хүмүүс өөрсдийнхөө барьсан орон гэрт амьдарч, газар эзэмшин амар тайван орчинд үр хүүхдээ өсгөх тухай гардаг. * Та ингэж амьдрахыг хүсэхгүй гэж үү? Бурхны энэ амлалт удахгүй биелнэ гэдэгт итгэх үндэс бий.

БУРХАН ИХ ЮМ ХИЙСЭН

Таны төлөө, хүн төрөлхтний төлөө Бурхан их юм хийжээ. Бидэнд амь нас, оюун ухаан, амьд байхад хэрэгтэй юм юм байна. Бас бид тодорхой хэмжээгээр эрүүл байна. Үүнээс гадна Есүсээр дамжуулан өгсөн золиос хэмээх бэлэг нь бол илүү агуу ивээл гэдгийг Иохан 3:16-гаас мэдэж авлаа.

Өвчин, дайн, өлсгөлөн, үхлээс айх аюулгүй таатай сайхан орчинд үүрд мөнх аз жаргалтай амьдарна. Ийм ивээл хүртэх үү, үгүй юү гэдэг нь танаас зуун хувь шалтгаална. Тэгвэл та Бурхны төлөө юу хийж байна вэ?

^ д/м 24 Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 3-р бүлгээс үзнэ үү.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго

Дэлхийг диваажин болгох Бурхны санаа зорилго биелэх болов уу? Хэзээ биелэх бол?