Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2014 оны 4 сар 

 ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛЪЯ

Бурхан яагаад зовлон зүдүүрийг хүлцэн тэвчдэг вэ?

Бурхан яагаад зовлон зүдүүрийг хүлцэн тэвчдэг вэ?

Еховагийн Гэрчүүд хүмүүсийн асуултад хэрхэн хариулдгийг дараах харилцан яриагаар жишээ болгон сонирхуулъя. Еховагийн Гэрч Мишээл Солонго гэдэг хүний гэрт иржээ гэж бодъё.

БИДНИЙГ ЗОВЖ БАЙГААД БУРХАН ЯАДАГ ВЭ?

Мишээл: Сайн байна уу, Солонго оо. Чамтай уулзсандаа баяртай байна.

Солонго: Би ч бас ирэхийг тань хүлээж байсан юм.

Мишээл: Түрүүчийн удаа хоёулаа биднийг зовж байгаад Бурхан яадаг бол гэсэн асуултын талаар ярилцсан. Чи энэ асуултыг олон жил боддог байсан, ээжийгээ автын осолд орноос хойш бүр ч их боддог болсон гэж байсан. Ингэхэд, ээж чинь яаж байна даа?

Солонго: Янз янз. Заримдаа сайн, заримдаа муу. Өнөөдөр харин гайгүй л байна.

Мишээл: Ашгүй дээ. Ийм үед өөдрөг байхад хэцүү шүү.

Солонго: Тийм ээ. Заримдаа ч хэдий болтол ээж минь ингэж зовох юм бол гэж бодогдох юм.

Мишээл: Ингэж бодох нь ч аргагүй л дээ. Түрүүчийн удаа, Бурхан зовлон зүдүүрийг арилгах хүчтэй юм бол яагаад өдий болтол зовлон зүдүүрийг байлгаад байгаа юм бэ гэсэн асуултыг ярилцахаар тохиролцсоныг санаж байгаа байх.

Солонго: Тийм, санаж байна.

Мишээл: Энэ асуултын хариуг Библиэс үзэхээсээ өмнө түрүүчийн удаа юу ярилцсанаа жаахан саная.

Солонго: За, тэгье.

Мишээл: Бурхан зовлон зүдүүрийг арилгадаггүйд эрт үеийн үнэнч хүн хүртэл гайхаж байсан тухай бид ярилцсан. Тэглээ гээд Бурхан зэмлээгүй, итгэл нь дутуу байна гэж хэлээгүй.

Солонго: Тийм, наадах чинь харин надад шинэ санагдсан.

Мишээл: Ехова Бурхан биднийг зовоосой гэж хүсдэггүйг бас мэдсэн. Жишээ нь, ард түмэн нь зовоход Бурхан «зовсон» гэж Библид байдаг. * Бурхан биднийг зовоход өрөвддөг гэдгийг мэдэхлээр сэтгэл үнэхээр тайвширна биз дээ?

Солонго: Тийм шүү.

Мишээл: Сүүлд нь, Бүтээгч маань агуу хүчтэй учраас шууд арга хэмжээ авч гай зовлонг арилгаж чадна гэдгийг ярилцсан.

Солонго: Харин наад санааг чинь ойлгоогүй. Бурхан муу муухайг арилгах чадалтай юм бол яагаад арилгахгүй байгаа юм бэ?

ХЭН НЬ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН БЭ?

Мишээл: Энэ асуултад хариу авахын тулд эхлээд Библийн «Эхлэл» номыг үзье. Чи ер нь Адам Ева хоёрын тухай, бас хориотой жимсний тухай сонсож байсан биз дээ?

Солонго: Сонссон, сонссон. Бурхан тэр хоёрыг нэг модны жимснээс идэж болохгүй гэсэн ч үгэнд нь оролгүй идчихдэг байх аа.

Мишээл: Тийм, зүйтэй. Тэгвэл одоо Адам Ева хоёрыг нүгэл үйлдэхэд хүргэсэн үйл явдлыг голлон ярилцъя. Энэ явдал бид яагаад зовдог  вэ гэсэн асуулттай шууд холбоотой. Эхлэл номын 3-р бүлгийн 1-ээс 5-р зүйлийг уншаарай.

Солонго: За. «ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой: «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могойд хандаж: „Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан: «Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ» гэж айлдсан“ хэмээжээ. Тэр могой эмэгтэйд: „Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ“ гэжээ».

Мишээл: Баярлалаа. Энэ зүйлд бичсэн явдлыг дэлгэрэнгүй авч үзье. Эхлээд, Ева гэдэг эмэгтэйтэй могой ярьсныг анхаараарай. Библийн өөр зүйлийг үзвэл тэр могойн цаанаас Сатан Диавол ярьсан болох нь харагддаг. * Сатан нэг модны тухай Бурхан юу гэж тушаасныг Евагаас асуудаг. Адам Ева хоёр тэр модны жимсийг идвэл ямар шийтгэл хүлээх ёстой байсан бэ?

Солонго: Үхнэ гэсэн.

Мишээл: Зүйтэй. Тэгэхэд нь Сатан: «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж хэлсэн нь цаагуураа Бурхныг гүтгэсэн хэрэг байсан. Энэ нь Сатан Бурхныг худалч гэж хэлснээс өөрцгүй!

Солонго: Би ингэж бодож байгаагүй юм байна.

Мишээл: Сатан Бурхныг худалч гэж хэлэн нэг маргаантай асуудал хөндсөн. Тэр асуудлыг шийдвэрлэхэд цаг хэрэгтэй байсан. Яагаад гэдгийг нь чи мэдэх үү?

Солонго: ... Мэдэхгүй.

Мишээл: Тэгвэл нэг жишээ авъя. Нэг өдөр би чам дээр ирээд өөрийгөө чамаас илүү хүчтэй гэж хэлсэн гэж бодъё. Намайг худлаа ярьж байгааг чи яаж батлах вэ?

Солонго: Хэн нь хүчтэй вэ гэдгээ үзэх байх.

Мишээл: Тийм ээ. Хүнд жинтэй юм өргөж үзэхэд хэн нь хүчтэй нь тодорхой болно. Ер нь хэн нь хүчтэй вэ гэдгийг мэдэхэд ядах юмгүй.

Солонго: Тийм ш дээ.

Мишээл: Тэгвэл би өөрийгөө чамаас илүү хүчтэй гэж биш, чамаас илүү үнэнч шударга гэж хэлсэн гэж бодъё. Ингэвэл арай өөр хэрэг болно биз дээ?

Солонго: Тийм.

Мишээл: Хэн нь илүү үнэнч шударга вэ гэдгийг хэн нь илүү хүчтэй вэ гэдэгтэй адил амархан мэдэх аргагүй.

Солонго: Нээрээ тийм амархан мэдэх боломжгүй л дээ.

Мишээл: Чи бид хоёрыг хүмүүс хөндлөнгөөс ажиглаад хэн нь илүү үнэн ярьдгийг мэдэхэд хангалттай цаг хугацаа хэрэгтэй.

Солонго: Яг үнэн. Тэгэх л ёстой.

Мишээл: За одоо тэгвэл «Эхлэл» номыг дахиад харъя. Сатан өөрийгөө Бурхнаас илүү хүчтэй гэсэн үү?

Солонго: Үгүй, тэгж хэлээгүй.

Мишээл: Хэрэв Сатан Бурхнаас илүү хүчтэй гэж маргасан бол худалч болох нь тэр дороо нотлогдох байсан. Харин Сатан өөрийгөө Бурхнаас илүү үнэнч шударга гэж маргасан. Энэ нь Евад «Бурхан та нарт худал хэлсэн байна. Би та нарт үнэнийг хэлж байна» гэж хэлсэнтэй адил.

Солонго: Нээрээ тийм байна.

Мишээл: Энэ маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг мэргэн ухаантай Бурхан мэдэж байсан. Цаг хугацаа өнгөрөхөд хэн нь үнэн ярьж хэн нь худал ярьсан нь тодорхой болно.

ШИЙДЭГДЭХ ЁСТОЙ АСУУДАЛ

Солонго: Тэгвэл Ева үхээд Бурхан үнэн ярьсан нь батлагдсан юм биш үү?

 Мишээл: Тийм л дээ. Гэхдээ Сатан бас нэг маргаантай асуудал хөндсөн. 5-р зүйлийг дахиад нэг хар даа. Сатан Евад өөр юу гэж хэлсэн бэ?

Солонго: Тэр жимснээс идвэл нүд чинь нээгдэнэ гэж хэлсэн.

Мишээл: Тийм, бас «Бурхан шиг болж сайн мууг мэднэ» гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнээс ямар нэг сайн юм нууж байна гэж хэлсэн.

Солонго: Тийм байна.

Мишээл: Энэ бас нэг том маргаантай асуудал.

Солонго: Юу гэсэн үг вэ?

Мишээл: Сатаны Евад хэлсэн үг цаанаа хүн төрөлхтөн Бурхны удирдлагагүйгээр сайн сайхан явна гэсэн утгатай байсан. Ехова энэ маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд Сатанд хэлсэн үгээ үнэн болохыг батлах боломж олгосон. Хэсэг хугацаанд энэ ертөнцийг захирахыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Дэлхий ертөнцөд зовлон зүдүүр өчнөөн их байдаг нь ийм учиртай. Яагаад гэхлээр Бурхан биш, Сатан энэ ертөнцийг захирдаг. * Гэхдээ Библид сэтгэл тайвшруулам сайн мэдээ бий.

Солонго: Ямар мэдээ вэ?

Мишээл: Бурхны тухай дараах хоёр үнэнийг Библи хэлж өгдөг. Нэгдүгээрт, Ехова Бурхан биднийг зовоход хамт байдаг. Жишээ болгож Дуулал 31:7-д бичигдсэн Давид хааны үгийг үзье. Давид амьдралынхаа туршид олон зовлон туулсан. Гэхдээ Бурханд юу гэж залбирсныг нь анхаараарай. Чи энэ зүйлийг унш даа.

Солонго: За. «Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно, Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн».

Мишээл: Давид зовлон үзэж байсан ч гэсэн өөрийнх нь зовж байгааг Бурхан харж байгаа гэдгийг мэдээд тайвширсан. Хүмүүс зовлонг маань ойлгохгүй байлаа ч Ехова ойлгодог гэдгийг мэдэхлээр сэтгэл үнэхээр тайвширна биз дээ?

Солонго: Тэгэлгүй яах вэ.

Мишээл: Бас нэг үнэн нь, биднийг үүрд мөнх зовохыг Бурхан зөвшөөрөхгүй. Сатаны засаглал удахгүй дуусгавар болно гэж Библи хэлдэг. Бурхан бүх муу муухайг, чиний зовлонг бас ээжийн чинь зовлонг арилгана. Бурхан удахгүй бүх зовлонг дуусгана гэдэг яагаад итгэж болохыг дараа долоо хоногт уулзаад ярилцъя. *

Солонго: За, тэгье.

Танд Библийн холбогдолтой ямар нэг асуулт байдаг уу? Та Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшлийн талаар сонирхдог уу? Дараагийн удаа Гэрчүүдтэй таарахдаа тэр асуултаа асуугаарай. Тэд таны асуултад дуртайяа хариулна.

^ д/м 17 Исаиа 63:9-ийг үзнэ үү.

^ д/м 26 Илчлэлт 12:9-ийг үзнэ үү.

^ д/м 55 Иохан 12:31; 1 Ио хан 5:19-ийг үзнэ үү.

^ д/м 61 Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 9-р бүлгээс үзнэ үү. Уг ном www.jw.org сайтад бас бий.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Өнөө үе «эцсийн өдрүүд» үнэхээр мөн үү?

Эргэн тойронд болж байгаа үйл явдал, хүмүүсийн хандлага Библид зөгнөсөн «эцсийн өдрүүд» болсныг баталдаг.