Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2013 оны 10 сар 

 ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫН НУУЦ

Хоёр дахь амьдралаа сайн авч явах нь

Хоёр дахь амьдралаа сайн авч явах нь

ХЕРМАН: * «Би анхны эхнэртэйгээ 34 жил сайхан амьдарсан. Эхнэр минь хавдраар нас барж би Линда гэдэг эмэгтэйтэй дахин гэрлэсэн юм. Линда намайг өөрийг нь өмнөх эхнэртэйгээ харьцуулдаг гэж боддог. Ядахад, манай найзууд талийгаач эхнэрийг маань байнга сайнаар дурсдаг нь Линдад таагүй санагддаг».

ЛИНДА: «Хермантай гэрлэсний дараа анхны эхнэрийнх нь хаана нь ч хүрэхгүй юм шиг санагддаг байлаа. Эхнэр нь олон хүний хайрыг татсан, аядуу зөөлөн үг яриатай, эелдэг боловсон хүн байсан юм билээ. Заримдаа ч өмнөх эхнэр шиг нь тийм дотно сайн байж чадах болов уу гэж бодогддог».

Херман Линда хоёр бие биетэйгээ учирсандаа баярладаг аж. Анхны нөхрөөсөө бэлэвсэрч үлдсэн Линда одоогийн нөхөр Херманаа «цагаан морь унасан хан хүү» гэдэг. Гэхдээ хоёр дахь амьдрал зохионо гэдэг анх удаа амьдрал зохиохоос илүү адармаатайг тэд хүлээн зөвшөөрдөг. *

Хэрэв та дахин гэрлэсэн бол одоогийн амьдралаа юу гэж үздэг вэ? Нөхрөөсөө салаад 3 жилийн дараа дахин гэрлэсэн Тамара гэдэг эмэгтэй: «Анх гэрлэхэд ханьтайгаа насан туршдаа амьдарна гэж бодож байлаа. Харин хоёр дахиа гэрлэхэд тэгж санагдаагүй. Гэр бүлийн амьдралд цэг тавьж үзсэн болохоор тэр байх л даа» гэж хэлсэн юм.

Гэхдээ хоёр дахь амьдрал зохиогоод жаргалтай, сэтгэл хангалуун яваа хүн олон бий. Тэгэхлээр та ч бас хоёр дахь амьдралаа сайн авч явж  чадна гэсэн үг. Дахин гэр бүлтэй болоход тулгардаг бэрхшээлээс гурвыг авч үзээд тэдгээрийг даван туулахад Библийн ямар зарчим тусалдгийг мэдэж авъя. *

ЮУ БОЛДОГ ВЭ? 1. ӨМНӨХ АМЬДРАЛ БОЛОН ОДООГИЙН АМЬДРАЛЫН ХООРОНД ЗААГ ТАВИХАД АМАРГҮЙ БАЙДАГ.

Өмнөд Африкт амьдардаг Эллэн гэдэг эмэгтэй: «Өмнөх амьдралаа ор тас мартах аргагүй юм байна билээ. Ялангуяа, хуучин нөхөртэйгөө хамт очиж байсан газар очихлоор элдэв дурсамж санаанд ордог. Заримдаа одоогийн нөхрөө өмнөх нөхөртэйгөө харьцуулчихсан явдаг» гэж ярьсан юм. Нөгөө талаас, хань тань өмнөх гэр бүлийнхээ талаар байнга ярьдаг бол танд таагүй санагддаг байж болох юм.

Одоогийн гэр бүлийнхээ харьцааг бэхжүүлж, хоёр биедээ сайхан дурсамж үлдээгээрэй

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?: Та ч, таны хань ч өмнөх амьдралаа, ялангуяа, гэр бүлийн амьдралаа шууд л мартчихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүн одоогийн ханиа өмнөх ханийнхаа нэрээр санаандгүй дуудах явдал гардгийг ч хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү асуудлыг яаж шийдэх вэ? «Нэг нэгнээ ойлгохыг хичээ» гэж Библи зөвлөдөг (1 Петр 3:8, «New Century Version»).

Анхны гэр бүлийнх нь талаар огт яриулахгүй гэж зүтгэх нь ухаалаг хэрэг биш ээ. Ярих шаардлага гараад яривал сэтгэлээсээ сонсоорой. Бас таныг өмнөх ханьтайгаа харьцуулж байна гэж бодох хэрэггүй. Арван жилийн өмнө дахин гэрлэсэн Ян: «Талийгаач эхнэрээ дурслаа гээд Катлин маань уурлаж гомдоод байдаггүй юм. Харин ч өнөөг хүртэл ямар амьдрал туулсныг минь мэдэх боломж гэж үздэг» гэж хэлжээ. Ингэж ярилцдаг бол одоогийн ханьтайгаа харин ч илүү дотно болж болох юм.

Одоо ханилж байгаа хүнийхээ сайн талыг олж харж байгаарай. Хүн болгон адилгүй болохоор одоогийн ханьд тань өмнөх хүнд байсан шиг сайхан зан чанар байхгүй байж болох юм. Гэхдээ өөр бусад талаараа давуу гэдэг нь эргэлзээгүй. Тиймээс одоогийн ханиа «бусадтай харьцуулалгүй», харин юугаараа таны хайр хүндэтгэлийг хүлээдгийг эргэцүүлэн бодож, гэр бүлийнхээ суурийг батжуулаарай (Галат 6:4). Хоёр удаа гэрлэсэн Эдмонд гэдэг эрэгтэй: «Нөхөрлөл болгон өөр байдаг шиг гэр бүл болгон өөр байдаг» гэж хэлжээ.

Нөгөөтэйгүүр, шинээр амьдрал зохиосон хүн өмнөх амьдралынхаа сайхан дурсамжийг ярихаар бол яаж ухаалаг байх вэ? Жаред гэдэг эрэгтэй: «Би одоогийн эхнэртээ ингэж тайлбарласан юм л даа. Өмнөх амьдралыг минь ном гэж үзвэл тэр номыг би өмнөх эхнэртэйгээ бичсэн. Тэр номыг хааяа нэг сөхөж хараад, сайхан дурсамжаа бодож болох байх. Гэхдээ тэр ном бол одоогийн амьдрал биш. Харин одоо чамтайгаа нийлээд өөрсдийн номоо бичиж, жаргалтай амьдарч байна» гэж ярьсан юм.

ОРОЛДООД ҮЗ: Таны өмнөх амьдралын тухай яриа гарахад эвгүй санагддаг эсэхийг нь ханиасаа асуугаарай. Ийм яриа хэзээ тохиромжгүй байдгийг бодож үзээрэй.

ЮУ БОЛДОГ ВЭ? 2. ОДООГИЙН ХАНИЙГ ТАНЬ САЙН МЭДДЭГГҮЙ НАЙЗ НӨХӨДТЭЙ ХАРЬЦАХАД АМАРГҮЙ БАЙДАГ.

Гэр бүлээсээ салаад 6 жилийн дараа дахин гэрлэсэн Хавиер гэдэг эрэгтэй: «Биднийг гэрлэсний дараа манай зарим найз янзыг нь үзээд байна гэж эхнэрт маань санагддаг байсан» гэж ярьжээ. Лео гэдэг эрэгтэйд өөр бэрхшээл тулгарчээ. Тэрбээр: «Зарим хүн бүр миний дэргэд, түрүүчийн нөхрийг нь ямар их хайрладаг байснаа, ямар их үгүйлж байгаагаа эхнэрт маань хэлж байсан!» гэжээ.

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?: Өөрийгөө найзуудынхаа оронд тавиад үзээрэй. Өмнө дурдсан Хавиер: «Олон жил нөхөрлөсөн найзуудын хувьд сайн мэддэг байсан хосынхоо нэгтэй нь харьцахад нэг л эвгүй санагддаг шиг байгаа юм» гэж хэлжээ. Тэгэхлээр, «бүх хүнтэй эвтэй харилцаж», ухаалаг байгаарай (Тит 3:2). Таны амьдралд гарсан өөрчлөлтөд дасан зохицоход найз нөхөд, хамаатан саданд тань цаг хугацаа хэрэгтэйг ойлгоорой. Шинэ гэр бүлтэй болоход найз нөхдийн хүрээ ч өөрчлөгдөж болох юм. Хавиер болон түүний эхнэр хоёр аажмаар хуучин найзуудтайгаа урьдынх шигээ харьцдаг болжээ.  «Бид хоёр, гэр бүлээрээ найзалдаг шинэ найз нөхөдтэй болохыг бодсон. Энэ нь бидэнд их тус болсон» гэж Хавиер туршлагаасаа хуваалцжээ.

Таныг хуучин найзуудтайгаа уулзахад ханьд тань ямар санагддагийг бодож үзээрэй. Жишээ нь, ярианы явцад таны анхны гэр бүлийн тухай сэдэв хөндөгдлөө гэхэд ханиа эвгүй байдалд оруулж, ганцаардуулахгүйн тулд ухаалаг хэрсүү байгаарай. Библийн нэгэн сургаалт үгэнд «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж байдаг (Сургаалт үгс 12:18).

ОРОЛДООД ҮЗ: Ямар нөхцөлд та юм уу таны хань эвгүй байдалд орж болохыг урьдаас бодож үзээрэй. Найзууд тань өмнөх ханийн тань талаар яривал юу гэж хариулахаа урьдаас ярилцаарай.

ЮУ БОЛДОГ ВЭ? 3. ӨМНӨ НЬ ХУУРТСНААСАА БОЛООД ОДООГИЙН ХАНЬДАА ИТГЭХГҮЙ БАЙХ.

«Би дахиад хууртах вий гэхээс айдаг байлаа» гэж эхнэр нь орхиод явсан Эндрью гэдэг хүн илэн далангүй ярьжээ. Хожим нь тэрбээр одоогийн эхнэр Райлитайгаа ханилжээ. Тэрбээр: «Би анхны нөхөр шиг нь сайн нөхөр байж чадах болов уу гэж боддог байлаа. Сайн нөхөр байж чадахгүй бол намайг орхиод явах вий гэж их санаа зовдог байсан» хэмээн ярьсан юм.

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?: Ханьтайгаа сэтгэл санаагаа чөлөөтэй хуваалцаарай. «Илэн далангүй яриа дутвал төлөвлөгөө бүтэлгүйтнэ» гэж Библид байдаг (Сургаалт үгс 15:22, ШЕ). Эндрью Райли хоёр илэн далангүй ярилцсаар бие биедээ итгэдэг болжээ. Эндрью: «Гэр бүлд маань бэрхшээл гарлаа гэхэд салахыг урьтал болгохгүй гэдгээ хэлэхэд Райли ч тийм бодолтой явдгаа хэлсэн юм. Яваандаа, би түүнд бүрэн итгэдэг болсон» гэж ярьжээ.

Хэрэв таны одоогийн хань өмнөх ханьдаа хууртсан бол итгэлийг нь хүлээдэг байхын тулд тодорхой алхам хийгээрэй. Жишээ нь, өмнө нь гэр бүлээсээ салсан Мишель Сабина хоёр өмнөх ханьтайгаа уулзвал бие биедээ хэлж байхаар болжээ. Сабина: «Ингэж шийдсэний ачаар бид бие биедээ итгэж, сэтгэл амар байсан» гэж туршлагаасаа хуваалцжээ (Ефес 4:25).

ОРОЛДООД ҮЗ: Эсрэг хүйсний хүнтэй утсаар ярих, интернетээр харьцах, биечлэн уулзах гэх зэргээр харьцах бол харьцаагаа тодорхой хэмжээгээр хязгаарлаарай.

Хоёр дахь амьдрал зохиогоод жаргалтай амьдарч байгаа хүмүүс олон. Та ч бас хоёр дахь амьдралаа сайн авч явж чадна. Одоо та анх гэрлэж байснаа бодвол өөрийгөө илүү сайн мэддэг болсон биз ээ. Дээр гарсан Эндрью: «Би Райлитайгаа ханилаад сэтгэлийн асар их амар тайвныг мэдэрсэн. Гэрлээд 13 жил өнгөрчээ. Бид одоо их дотно болсон. Бие биеэ алдахыг огт хүсэхгүй байна» гэж ярьсан юм.

^ д/м 3 Нэрсийг өөрчлөв.

^ д/м 5 Ханиа алдах юм уу гэр бүлээсээ салахад харилцан адилгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ өгүүллээр ханиа алдсан юм уу гэр бүлээсээ салсан хүний аль алинд нь хоёр дахь амьдралаа сайн авч явахад тус болох зарчмыг авч үзнэ.

^ д/м 7 Дагавар хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх талаар тустай мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7–9-р сарын дугаараас үзнэ үү.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Би ханийнхаа ямар сайхан зан чанарыг эрхэмлэн үнэлдэг вэ?

  • Өмнөх гэр бүлийн маань тухай сэдэв хөндөгдвөл яриаг хэрхэн залж, одоогийн ханиа хайрлаж хүндэтгэдгээ хэрхэн илэрхийлэх вэ?

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ГЭР БҮЛЭЭРЭЭ ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ

Бие биедээ үнэнч байх нь

Ханьдаа үнэнч байхын тулд завхай явдлаас зайлсхийхээс гадна өөр яах хэрэгтэй вэ?